Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/08

 

     

   2021           12          24                                      2022/ШЦТ/08                                        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч М.Нарантуяа,

Хохирогч О.Б,

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш  овогт О ийн М-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.... ХХК-д уурхайн өрөмдөгч ажилтай, ам бүл 5, хүргэн ах, нагац эгч, нагац эгчийн хоёр охины хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод оршин суух, урьд:

            -Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Ш  овогт О ийн М  /РД:.../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.М  нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт .... цалингийн зээл авч, маргаашийн дотор мөнгийг эргүүлэн өгнө гэж О.Б ийг хуурч, бодит байдлыг нуух замаар, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлэн 5.594.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                    /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М аас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Шүүгдэгч О.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүхбаатарын талбайн урд байдаг Хас банкны зээлийн эдийн засагчтай О.Б ийг уулзуулахад зээл гарах боломжтой гэж хэлсэн. Маргааш нь очоод эдийн засагчтай уулзахад танай ажилладаг компани чинь ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлсөн ч хуулийн этгээдийн нийгмийн даатгалаа төлөөгүй тул зээл гаргаж өгөх боломжгүй гэж хэлсэн. Би О.Б т 100.000 төгрөг буцааж өгсөн. Би тухайн үед .... ББСБ-аас 2.000.000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд Батчимэгээс авсан мөнгөөрөө уг зээлийг төлчихсөн байсан. Ингээд Батчимэгээс мөнгө авч өрүүдээ төлж өгчхөөд Хас банкнаас цалингийн зээл гарах боломжгүй гэсэн хариу гарсны дараа дахин .... ХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахин 89 Покер нэртэй утасны аппликейшнээр покер тоглоод бүгдийг нь алдчихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,

 

Хохирогч О.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Анх 5.594.000 төгрөгийг М  надаас авсан. Бас нотариатын мөнгө нэмэгдээд 5.600.000 төгрөг болсон. Үүнээс ээж нь надад 3.200.000 төгрөгийг гаргаж өгсөн. Өөрөө маргааш үлдсэн мөнгөө өгнө гэж хэлээд алга болсон. Тэгээд би айгаад цагдаад гомдол өгсөн. Ингээд 14 хоногийн дараа цагдаа ярьсан болохоор өөрөө надтай ярьсан. Одоо нийт 2.400.000 төгрөгийг төлөөгүй байна... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би О.М-д Сүхбаатарын талбайн урд байрлах “Blue Sky” барилгын баруун талын авто зогсоол дээр 5.594.000 төгрөгийг өөрийн эх болох Б.Оюунчимэгийн Хаан банкны .... дугаарын данснаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед шилжүүлж өгсөн. О.М  надад 2021 оны 10 дугаар сарын 25-ны үед 100.000 төгрөг өгсөн. ...Миний мөнгийг өгөлгүй зугтааж явсан, дахиад зээл аваад эсвэл буцааж өгөх боломжтой байсан байж тухайн мөнгийг өгөлгүй 2021 оны 10 дугаар сарын 25-нд уулзахад дахиж зээл аваад покер тоглоод мөнгө үрчихсэн байсан. Энэ явдалд би гомдолтой байгаа бөгөөд ярьж тохирсондоо мөнгөө өгөөгүй, өгөх боломжтой байсан хэрнээ өөр зүйлд зарцуулж, бооцоотой тоглоод алдчихсанд гомдолтой байна. Миний мөнгө болох 5.594.000 төгрөгийг М аас нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Дд /Хас банкны ажилтан/-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...О.М  нь цалингийн зээлийн хүсэлт гаргасан бөгөөд бид зээлийг судалж үзнэ, бичиг баримт дутуу байсныг гүйцээгээд аваад ир гэж явуулсан. 2-3 хоногийн дараа нэг эмэгтэйн хамт ирсэн бөгөөд дахин бичиг баримт дутуу байна, гүйцээгээд аваад ир, бид зээлийг судалж байгаа гэж хэлээд явуулсан. Тэгээд дахиж ирээгүй. Хамт ирсэн эмэгтэйд нь харилцагчийн нууцлалыг задруулахгүй гэж хэлээд явуулсан байгаа. Тухайн эмэгтэйэнэ хүний зээл гарах бол надад хэлээд өг, би мөнгөө авах ёстой юм гэж хэлээд надад утасны дугаараа өгөөд явсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.М ын Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 44-45, 48-54 дүгээр хуудас/, дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 55 дугаар хуудас/,

 

Хохиролд 3.200.000 төгрөг хүлээн авсан, үлдэгдэл 2.400.000 төгрөгийг нэхэмжилсэн тухай хохирогч О.Б ийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч О.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар /хх-ийн 24-28 дугаар хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/, шүүгдэгчийн Хас банк-нд эзэмшдэг дансны хуулга /хх-ийн 76-89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.М  нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Мери тауэр-ын доор байрлах Хас банкин дотор цалингийн зээл авч, маргаашийн дотор мөнгийг эргүүлэн өгнө гэж О.Б ийг хуурч, бодит байдлыг нуух замаар, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлэн 5.594.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.М  нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.М ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч О.М  нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Мери тауэр-ын доор байрлах Хас банкин дотор цалингийн зээл авч, маргаашийн дотор мөнгийг эргүүлэн өгнө гэж О.Б ийг хуурч, бодит байдлыг нуух замаар, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлэн 5.594.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч О.М ын: “...Би тухайн үед Магна профит Энд Инвестмэнт ББСБ-аас 2.000.000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд Батчимэгээс авсан мөнгөөрөө уг зээлийг төлчихсөн байсан. Ингээд Батчимэгээс мөнгө авч өрүүдээ төлж өгчхөөд Хас банкнаас цалингийн зээл гарах боломжгүй гэсэн хариу гарсны дараа дахин Магна профит Энд Инвестмэнт ХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахин 89 Покер нэртэй утасны аппликейшнээр покер тоглоод бүгдийг нь алдчихсан юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,

Хохирогч О.Б ийн: ...Би О.М ад Сүхбаатарын талбайн урд байрлах “Blue Sky” барилгын баруун талын авто зогсоол дээр 5.594.000 төгрөгийг өөрийн эх болох Б.Оюунчимэгийн Хаан банкны 5749240399 дугаарын данснаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед шилжүүлж өгсөн. ...Миний мөнгийг өгөлгүй зугтааж явсан, дахиад зээл аваад эсвэл буцааж өгөх боломжтой байсан байж тухайн мөнгийг өгөлгүй ...бооцоотой тоглоод алдчихсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

Гэрч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...О.М  нь ...2-3 хоногийн дараа нэг эмэгтэйн хамт ирсэн. ...тухайн эмэгтэйэнэ хүний зээл гарах бол надад хэлээд өг, би мөнгөө авах ёстой юм гэж хэлээд надад утасны дугаараа өгөөд явсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.М ын Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 44-45, 48-54 дүгээр хуудас/, дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч нь хохирогчийг цалингийн зээл аваад маргаашийн дотор эргүүлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан, мөн уг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.М ыг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч О.М  нь хохирогч О.Б т нийт 5.594.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд 3.200.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэх хохирол болох 2.394.000 төгрөгийг шүүгдэгч О.М аас гаргуулж хохирогч О.Б т олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.М ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн;

Шүүгдэгч О.М  нь “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

Шүүхээс шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.М  нь  шүүхэд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Ш  овогт О ийн М ыг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М ыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М аас 2.394.000 /хоёр сая гурван зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж .... тоотод оршин суух хохирогч О.Б /РД:..../-т олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М ад авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.