Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0018/Э |
Дугаар | 2022/ШЦТ/40 |
Огноо | 2022-01-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/40
2022 01 03 2022/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Э.Булганчимэг,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт С ын Б т холбогдох ... дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын өдөр 08-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 5, ах, дүү, эхнэр, хүүхдийн хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдсэн байдал:
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1660 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, М овогт С ын Б /РД:..../.
Холбогдсон хэргийн талаар. /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны гадна хохирогч Б.Э ийг зодож, түүний эрүүл мэндэд “баруун 10 дугаар хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-аас: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй” гэв.
Шүүгдэгч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр би хоёр найз болох Э, П-ын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” байрны гадаа найз Э тэй таарсан. Тухайн үед надад хандаж “Болдоогийн бацаан байна” гэж хэлэхээр нь би Э рүү “би чиний бацаан биш шүү” гэж хэлээд зүүн гараараа баруун хавирга хэсэгт нь нэг удаа, баруун шанаа руу нь нэг удаа цохисон. . ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Хохирогч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лакс” бааранд найзуудтайгаа орсон. ...Тухайн бааранд ууж байгаад хүнтэй утсаар ярих гээд гарсан. Тэр үед Б гэх 10 жилийн ангийн хүүхдийн дүү Б гэх залуу зогсож байхаар нь чи Б ын дүү юу гэж асуухад миний хажууд тулж ирээд би чиний дүү биш гэх мэт үг хэлэхээр нь би “чи надаас дүү биз дээ” гэж хэлээд маргалдсан. ...намайг газар унагаагаад өшиглөөд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,
Гэрч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тамхи татахаар гарах үед Б ахын ангийн хүүхэд байна гэж хэлээд Б очиж уулзсан ба П бид хоёр очиж уулзсан зүйл байхгүй. ...Тухайн үед бид гурав буцаж ороод ууж идсэн. Баар хаах гээд гарах гэхэд чи намайг зодсон биз дээ гээд байсан. Цагдаа ирээд Б г авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б , Э нар тамхи татах гээд гарах явцдаа ахынхаа найз гэх залуутай маргалдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №7998 дугаартай “...Б.Э ийн биед баруун 10-р хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч С.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар /хх-ийн 73-77 дугаар хуудас/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/ тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч С.Б нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны гадна хохирогч Б.Э ийг зодож, түүний биед “баруун 10 дугаар хавирганы хугарал, хоёр нүдний зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч С.Б-ын: “...би Э рүү “би чиний бацаан биш шүү” гэж хэлээд зүүн гараараа баруун хавирга хэсэгт нь нэг удаа, баруун шанаа руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
Хохирогч Б.Э ийн: “...намайг газар унагаагаад өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,
Гэрч А.Э-ын: “...Баар хаах гээд гарах гэхэд чи намайг зодсон биз дээ гээд байсан. Цагдаа ирээд Б г авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б , Э нар тамхи татах гээд гарах явцдаа ахынхаа найз гэх залуутай маргалдсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №7998 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Б нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Б нь хохирогчид 550.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар хэн аль нь мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Б-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт С ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.