Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 980

 

Х.Ц-холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Дагвадорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.О-өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Х.Ц-өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 794 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.О- нарын гаргасан давж заалдах гомдлоор Х.Ц-холбогдох 1803004540255 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овгийн Х-ын Ц, 19”” оны “” дүгээр сарын “”-ний өдөр “”””””” хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт “”””””””””””””””””  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:”””””””””””””””/;

 

Х.Ц- нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 11 дүгээр байрны хойд замд 2018 оны 5 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим 11-95 УБВ улсын дугаартай Тоёото приус маркийн автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундааны... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч О.А-мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч Х.Ц-үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овгийн Х Ц- согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас О.А-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Х.Ц- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Ц-оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, уг хэрэгт “Тоёото приус” маркийн 11-95 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай мөрдөгчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Х.Ц-олгож, шүүгдэгч Х.Ц-898209 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Х.Ц- цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тооцож, уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Ц-урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Ц- давж заалдах гомдолдоо: “...Миний бие хэргийн зүйлчлэл болон өөрийн гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй, маш их харамсаж байгаагаа дахин дахин илэрхийлье.

Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, өөрийн гэм буруугаа ойлгож байгаа бөгөөд хэрэг болсноос хойш хохирогчийг эргэж тойрч, эмчилгээнд нь тусалж, өөрийн чадах чинээгээр хохирол мөнгийг төлж байгаа бөгөөд цаашид ч төлөх болно. Надад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснээр хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх, түүнийг эмчилгээгээ бүрэн гүйцэд хийлгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд миний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон өөрийн бага насны буюу 11 сартай охин Юмжүртэйгээ хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Би залуу хүн, цаашид хүний дайтай сайхан амьдарч, ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байна. Иймд надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Миний охин 2018 оны 10 дугаар сард өвдөгний үе суулгах мэс засалд орох тул шүүгдэгч Х.Ц- нь бидэнд учруулсан хохирол төлбөрийг төлж байгаа бөгөөд цаашдын хохирол төлбөрийг саадгүй төлөхөө амласан тул бид түүнд гомдол саналгүй гэдгээ хэлсээр байтал анхан шатны шүүхээс түүнд 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулснаас болж охин О.А-гийн эмчилгээний төлбөрийг хариуцан төлөх хүнгүй болж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан бидний эрх зөрчигдөж байна. Иймд Х.Ц-хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Х.Ц-өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй, шүүгдэгч Х.Ц- нь өөрийн гэм буруугаа хүлээж, маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн.

Хохирогч Анужингийн эмчилгээ сайн хийгдэж, түүний биеийн байдал хэвийн түвшинд байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “Шүүгдэгч Х.Ц-гомдол саналгүй, миний охины эрүүл болох болон цаашид эмчилгээ хийлгэх асуудал нь Х.Ц-хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэнээр биелэгдэх боломжтой тул түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгөөч” гэх саналаа шүүх хуралдаанд албан ёсоор гаргасан.

Иймд Х.Ц-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан гэмтлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, өөрийн гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэх заалтын дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 794 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч X.Ц-оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.О-өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Отнончимэгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Х.Ц-үйлдэл тогтоогдож байсан боловч хэргийг яаж шийдвэрлэсэн талаар хохирогчид ашигтай байсан эсэхийг анхан шатны шүүх бүрэн гүйцэд дүгнэж үзээгүй.

Хохирогч О.А- нь 2018 оны 10 дугаар сард өвдөгний мэс засал хийлгэх шаардлагатай байсан боловч төлбөр мөнгөнөөс болж хойшлогдсон. Эрүүгийн хуулийн зорилго нь хорих ялаар хязгаарлагдахгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулж, дараагийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онцлогтой.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр шүүгдэгч Х.Ц-хорихоос өөр төрлийн ял оногдуулж, ажил хөдөлмөр эрхлүүлж, хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэх талд шүүх анхаарч өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Ц- нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас О.А-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 1 жилийн хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нь хууль ёсны үндэслэлтэй. Хорих ял оногдуулсан байхад тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хэзээнээс эхлэн тоолохыг анхан шатны шүүх заагаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл ялыг хэзээнээс тоолох талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.              

           

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Х.Ц- нь 2018 оны 5 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн орчим Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундааны... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин согтуурсан үедээ 11-95 УБВ улсын дугаартай Тоёото приус маркийн автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж, 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байтал зам тавьж өгнө” гэж  тус тус заасныг зөрчсөнөөс явган зорчигч О.А-мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлж, гэмтсэн талаараа мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч О.А-гийн мэдүүлэг /хх 23/,

хохирогчийн мэдүүлгийг нотлон мэдүүлсэн гэрч Г.Соёмбо /хх 51-52/, Б.Батмягмар  /хх 54-55/, Ч.Тэргүүнбилэг /хх 57-58/ нарын мэдүүлэг,

“...О.А-гийн биед зүүн дунд чөмөгт ясны доод булууны ил хугарал, зүүн гуяны доод хэсгийн шарх, баруун умдаг ясны дээд, доод салааны зөрүүтэй хугарал, баруун умдаг ясны их бие сэлтэрсэн хугарал, умдаг ясны сифриз үений салалт, суудал ясны хугарал, баруун атгаал ясны далд хугарал, духанд шарх, зугаралт, бугалга, шуунд цус хуралт, сарвуу, өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №6542 дугаартай дүгнэлт /хх 63-64/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн,  анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй, түүнчлэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Х.Ц-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцжээ.

 

Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.О-“...Х.Ц- нь бидэнд учруулсан хохирол төлбөрийг төлж байгаа бөгөөд цаашдын хохирол төлбөрийг саадгүй төлөхөө амласан тул бид түүнд гомдол саналгүй гэдгээ хэлсээр байтал анхан шатны шүүхээс түүнд 1 жилийн хорих ял оногдуулснаас болж охин О.А-гийн эмчилгээний төлбөрийг хариуцан төлөх хүнгүй болж байгаа бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бидний эрх зөрчигдөж байна. Иймд Х.Ц-хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдол, шүүгдэгч Х.Ц-үйлдсэн гэмт хэргийг нийгмийн аюул шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгахад гарах эмчилгээний зардлуудыг төлж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна гэж үзэв.

 

Энэ нь “Нэгдсэн Үндэстний байгууллага”-ын хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм /Токиогийн дүрэм/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хорихоос өөр төрлийн арга хэмжээнүүдийг сонгох бололцоотой нөхцөлд шүүхийн байгууллага шийдвэр гаргахдаа эрх зүйн зөрчил үйлдэгчийг засан хүмүүжүүлэх шаардлага, нийгмийн болон хохирогчийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг анхааралдаа авбал зохих бөгөөд хохирогч этгээдтэй шаардлагатай тохиолдолд зөвлөлдөж байгууштай.” гэсэн зөвлөмжид нийцэх ба Монгол Улсын Эрүүгийн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хуульд харшлахгүй юм.

 

Ингэхдээ Х.Ц-гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Х.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.О- нарын давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 794 дугаартай шийтгэх тогтоолын:

 

 тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Х.Ц- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Х.Ц-тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Х.Ц-гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Х.Ц- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн “...гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах...” үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй...” гэсэн,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х.Ц-оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай...” гэсэн тус тус нэмэлт заалтуудыг оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 8 дахь заалтыг тус тус  хүчингүй болгож, шүүгдэгч Х.Ц- 41 /дөчин  нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Х.Ц- нэн даруй сулласугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                   Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                     Д.ОЧМАНДАХ