Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 29

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч Н.Хаянхярваа, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0165/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямсүрэнгийн Хаянхярваад холбогдох эрүүгийн 201626020810 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 18-270А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ХД87060914 регистрийн дугаартай, Боржигон овогт Нямсүрэнгийн Хаянхярваа.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Н.Хаянхярваа нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хюндай сервисийн автобусны буудлын орчимд автобусан дотор иргэн Д.Баттулгын халааснаас түүний эзэмшлийн Iphone-5s gold маркын гар утсыг хулгайлан авч иргэн Д.Баттулгад 300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.Хаянхярваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шүүхийн хэлэлцүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Улсын яллагчийн уншиж сонсгосон яллагдагчаар татах тогтоолд үнэн зөв бичигдсэн байна. Эгчийн бие муу байсан болохоор мөнгөний хэрэгцээ гараад гар утсыг хулгайлсан. Тэгээд эд зүйлийг газар дээр нь буцааж өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс : 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Хаянхярваагийн өгсөн:

“… 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд Лабораторын автобусны буудал дээрээс Зүүн салаа чиглэлийн автобусанд суугаад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байралдаг Хюндай сервисийн автобусны буудал дээр буух гэж байхдаа миний зүүн талд зогсож байсан хөх өнгийн өвлийн куртиктэй 27 орчим насны туранхай эрэгтэй хүний куртикны баруун талын халааснаас Iphone-5s gold маркын шаргал өнгийн гар утсыг нь хулгайлж аваад автобуснаас буухад намайг цагдаа бариад авсан. Би автобус нь дотор явж байхдаа хажуудаа зогсож байсан үл таних 27 орчим насны эрэгтэй хүний баруун халааснаас Iphone-5s gold маркын шаргал өнгийн гар утсыг хулгайлж авсан. Миний хулгайлсан гар утас нь Iphone-5s gold маркын шаргал өнгийн, өнгөгүй гэртэй гар утас байсан. Ил харагдах содон тэмдэггүй гар утас байсан. Миний хулгайлсан гар утсыг цагдаа хурааж аваад эзэнд нь буцаан өгсөн. Би хулгай хийх үедээ 10-р хороолол орох гэж автобусаар явж байсан. Тэгэхэд үл таних эрэгтэй хүний халаасанд Iphone-5s gold маркын гар утас харагдаад байхаар нь түүнийг нь хулгайлаад авчихсан юм. Би Д.Баттулгаас хулгайлсан гар утсаа тэр өдрөө эргүүлэн өгч хохиролыг нь барагдуулсан …” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 20-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Баттулгын өгсөн:

“... 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр17 цагийн орчим Баянхошуунаас автобусанд суугаад 10 дугаар хороолол орох гэж явж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хюндай сервисийн орчимд явж байхдаа халааснаасаа Iphone-5s gold маркын гар утсаа хулгайд алдсан. Би гар утсаа хулгайд алдсанаа Цамбагаравын тэр хавьд автобус дотор явж байхдаа мэдсэн. Тэгээд өөрийн гар утас руугаа залгахад цагдаа байна маргааш халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирж гар утсаа аваарай гэж хэлсэн. Тэгээд маргааш нь очиж гар утсаа авсан. ... Би гар утсаа куртикныхаа баруун талын халаасанд авч явж байсан. ... Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэх ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнх-Эрдэнийн өгсөн:

“... 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд би ажил үүргээ гүйцэтгээд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хюндай сервисийн автобусны буудал дээр явж байхад манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг Н.Хаянхярваа нь Зүүн салаа чиглэлийн автобуснаас буугаад ирхээр нь би Н.Хаянхярваатай уулзаж, биед нь үзлэг хийхэд түүний биеээс Iphone-5s gold маркын цагаан шаргал өнгийн гар утас гарч ирсэн. Тэгээд асуухад Н.Хаянхярваа нь автобусан дотор байхдаа хулгайлж авсан гэдгээ хэлсэн. Би Н.Хаянхярваагийн хулгайлсан гар утсыг нь хураан авч хохирогч Д.Баттулгад хүлээлгэн өгсөн юм ...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,

 

- Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 8-р хуудас/,

- Эд зүйл, бичиг баримт түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7-р хуудас/,

            - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Н.Хаянхярваа нь нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хюндай сервисийн автобусны буудлын орчимд автобусан дотор иргэн Д.Баттулгын халааснаас түүний эзэмшлийн Iphone-5s gold маркын гар утсыг хулгайлан авч, иргэн Д.Баттулгад 300,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Хаянхярваагийн өгсөн:

“…2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд Лабораторын автобусны буудал дээрээс Зүүн салаа чиглэлийн автобусанд суугаад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байралдаг Хюндай сервисийн автобусны буудал дээр буух гэж байхдаа миний зүүн талд зогсож байсан хөх өнгийн өвлийн куртиктэй 27 орчим насны туранхай эрэгтэй хүний куртикны баруун талын халааснаас Iphone-5s gold маркын шаргал өнгийн гар утсыг нь хулгайлж аваад автобуснаас буухад намайг цагдаа бариад авсан. Эгчийн бие муу байсан болохоор мөнгөний хэрэгцээ гараад гар утсыг хулгайлсан …” гэх,

мөрдөн байцаалтад хохирогч Д.Баттулгын өгсөн:

“...2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр17 цагийн орчим Баянхошуунаас автобусанд суугаад 10 дугаар хороолол орох гэж явж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хюндай сервисийн орчимд явж байхдаа халааснаасаа Iphone-5s gold маркын гар утсаа хулгайд алдсан. ... Тэгээд өөрийн гар утас руугаа залгахад цагдаа байна маргааш халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газарт ирж гар утсаа аваарай гэж хэлсэн. Тэгээд маргааш нь очиж гар утсаа авсан....” гэх,

мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнх-Эрдэнийн өгсөн:

“... 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд би ажил үүргээ гүйцэтгээд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хюндай сервисийн автобусны буудал дээр явж байхад манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй байдаг Н.Хаянхярваа нь Зүүн салаа чиглэлийн автобуснаас буугаад ирэхээр нь би Н.Хаянхярваатай уулзаж, биед нь үзлэг хийхэд түүний биеэс Iphone-5s gold маркын цагаан шаргал өнгийн гар утас гарч ирсэн. Тэгээд асуухад Н.Хаянхярваа нь автобусан дотор байхдаа хулгайлж авсан гэдгээ хэлсэн. Би Н.Хаянхярваагийн хулгайлсан гар утсыг нь хураан авч хохирогч Д.Баттулгад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл, бичиг баримт түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Хаянхярваагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар зүйлчилж, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж  ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Хаянхярвааг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй боловч хохирогч Д.Баттулга нь шүүгдэгчид холбогдуулан гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээ бичгээр илэрхийлсэн болно /хх-ын 38-р хуудас/.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг  анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг  арилгасан нөхцөлд  хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Н.Хаянхярваад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 290, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямсүрэнгийн Хаянхярвааг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан шүүгдэгч Н.Хаянхярвааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Н.Хаянхярваа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

                

              4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хаянхярваад авсан бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

              5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Хаянхярваад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ