Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2047

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01650 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.А,

Хариуцагч Х ХХК, Р.Э нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт учирсан хохирол 38 222 861 төгрөг гаргуулах, өөрийн эзэмшлийн газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Б.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч М.Амгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Ц.Монгол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Баяндавааны адагт байрлах өөрийн эзэмшлийн газарт Б.А миний бие 6x8 харьцаатай байшинг, гарааш болон шатны берандын хамт 26 600 000 төгрөгөөр 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 20 хоног буюу 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд бариулах Барилгын ажил гүйцэтгэх гэрээг түлхүүр гардах нөхцөлтэйгөөр Х ХХК-ийн захирал Р.Э, түүнийг төлөөлж Д.Ганцогттой 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан болно. Хариуцагч Х ХХК болон Р.Э, Д.Ганцогт нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч Б.А надад их хэмжээний хохирол учруулсан. Гэрээний хугацаанд барилга барьж дуусаагүйгээс гадна чанар муутай, ашиглах ёстой материалаас өөр материал ашигласан, барилгын стандарт, норм дүрмийн дагуу бариагүйгээс цаашид ашиглах боломжгүй, баталгаат хугацаандаа буюу хэн ч амьдраагүй байхад л барилга нь аль хэдийнээ муудаж эхнээсээ салж унан, эвдэрсэн. Үүнийг баримтаар нотлон эрүүгийн журмаар шалгуулсан боловч иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Нийслэлийн прокурорын газраас 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хэрэгсэхгүй болгосон тухай 5/768 тоот гомдлын хариу ирүүлсэн болно.

Иймд хариуцагч нар нь 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээг ноцтой зөрчин үүргээ биелүүлээгүйгээс 38 222 861 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын тооцоо, дээрх зөрчлийн талаар мэргэжлийн байгууллагуудад өргөдөл гомдол хүргүүлж авсан хариу, бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа тул хариуцагчдаас дээрх хохирлыг гаргуулж миний хохирлыг барагдуулж, ашиглалтын шаардлага хангахгүй чанаргүй барилгыг хариуцагч Д.Ганцогтоор  буулгуулж, нэхэмжлэгч Б.А миний Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 208 тоот захирамжийн дагуу эзэмшиж буй газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х ХХК-д холбогдуулан Б.Аийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Гэрээгээр нийт 26 600 000 төгрөгийн үнэтэйгээр 6x8 харьцаатай нэг давхар хувийн сууцыг модон материалаар канад загвараар барьж угсарч өгөхөөр болсон. Хувийн сууцыг барих стандартыг хангаагүй гэсэн шаардлага гаргаснаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэг давхар модон хийцээр байшин барих ямар стандартыг зөрчсөн талаар нотолсон баримт гаргаагүй байна.

Бид захиалагчийн зөвшөөрсөн зургийн дагуу л барьсан бөгөөд захиалагчаас албан ёсоор ямар нэгэн барилгын зураг, баримталбал зохих норм, стандартыг хариуцагчид гүйцэтгэхийг даалгаж хүлээлгэн өгөөгүй атлаа одоо ийм шаардлага гаргах үндэслэлгүй юм. Талууд гэрээндээ байшинд ашиглах материалын нэр, чанар, байдлын талаар тусгайлан заагаагүй бөгөөд хариуцагч тал нь гэрээний нийт үнэд нийцүүлэх үүднээс зах зээлд өргөн ашиглаж байсан барилгын материалыг худалдан авч барилгад ашигласан. Дээрх материалуудыг чанарын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн ямар ч байгууллагын дүгнэлт хэрэгт нотлох баримтаар огт байхгүй тул материалын хувьд чанаргүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбартай санал нийлэхгүй байна.

Баталгаат хугацаанд барилга салж нурж унасан мэтээр нэхэмжлэлд дурдсан тухайд суурин газраас алслагдмал хүн амьдраагүй нөхцөлд гадны аливаа механик гэмтэл үүссэн байх бүрэн боломжтой, өөрөөр хэлбэл ямар ч хараа хяналтгүй удаан хугацаагаар байснаас эвдрэл, гэмтэл үүссэн нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруугаас шалтгаалсан байж болох тул хариуцагч хариуцлага хүлээхгүй.

Мөн тухайн үед захиалагчтай холбоотойгоор 10 орчим асуудлаар үл ойлголцол үүссэний улмаас барилгыг гэрээний хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй болно. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр өөрсдийн дур зоргоор байшин бариагүй нэхэмжлэгч эзэмшлийн газраа эзэмшиж, ашиглахад нь аливаа саад учруулаагүй бөгөөд газар дээрх үл хөдлөх эд хөрөнгөө зарах эсвэл нураах эсэх нь зөвхөн нэхэмжлэгчийн эрхийн асуудал. Хариуцагчийн зүгээс байшинг барих гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, нэхэмжлэгчийг ямар нэгэн байдлаар хохироосон зүйл байхгүй тул ямар ч төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээхгүй юм.

Хувийн орон сууц нь Барилгын тухай хуульд заасан хэм хэмжээний хүрээнд зохицуулагдах асуудал биш бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний үнийн 3/1-тэй тэнцэх мөнгийг нэмж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн хууль бус шаардлага гэж үзэж байна. Тухайн сууцанд амьдрах эсэх нь өмчлөгчийн эрх ба түүний бүрэн бүтэн байдлыг хариуцах нь мөн өмчлөгчийн үүрэг, энэ үүргээ тухай бүрд хэрэгжүүлээгүйгээс үүссэн аливаа эрсдэлийг хариуцагч хүлээхээр гэрээгээр тохиролцоогүй болно. Мөн бидний байгуулсан гэх гэрээний хөөн хэлэлцэх хуулийн хугацаа 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагч Р.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Х ХХК-ийн захирлын ажлыг гүйцэтгэж байгаагүй, өөрийн найз Д.Ганцогтын хүсэлтээр үүсгэн байгуулж өгсөн. Одоо Д.Ганцогт өөрийн компаниа нэр дээрээ авсан бөгөөд барилгаа барьсаар байгаа. Миний нэр дээр уг компани байсан болохоос биш гэрээ хэлэлцээр, байшин, барилга барих, захиалга авах ажлын хөлс авах зэргийг Д.Ганцогт өгдөг байсан.Уг компанийн бичиг баримт, тамга тэмдэг Д.Ганцогтод байгаа.

Нэхэмжлэгч Б.Атой уулзаж байгаагүй, царайг нь хараагүй, байшинд нь очиж үзээгүй, хаана ямар хэмжээтэй ямар өнгөтэйг нь мэдэхгүй, мөн мөнгө авсан удаа байхгүй тул түүний өмнө үүрэг хариуцлага хүлээх ёсгүй гэж үзнэ.

Нэхэмжлэлд дурдсан байшинг эхлэх үед миний бие хөдөө ажиллаж байсан. Тухайн жил ажилласан ажлын хөлсөө Д.Ганцогтоос бүрэн авч чадаагүй. Миний бие бусдын адил бригад ахлан барилга барьдаг. Д.Ганцогт эхнэр дүүгийн хамт захиалагчтай уулзаж танилцуулах гэрээ байгуулах зэрэг ажлыг хийдэг байсан. Д.Ганцогтоос 2012 оны 10 дугаар сард холбоо тасалсан ба одоо хүртэл хамтран ажиллаагүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 34 422 861 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Аид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг, хариуцагч Р.Эд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 649 051 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Хариуцагч Х ХХК-аас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд тэмдэгтийн хураамж 330 064 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Аид олгож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38415 дугаар захирамж хэвээр байхыг дурдаж, хариуцагч Х ХХК-аас шинжээчийн ажлын хөлс 600 000 төгрөгийг Улаанбаатар хотын банк, Бэсгэ ХХК-ийн 2611037182 тоот дансанд тушаахыг үүрэг болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Энэхүү хэргийн шүүх хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд болж шүүхээс “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 228 дугаар зүйлийн 228.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар Х ХХК, Д.Ганцогт нараас 34 422 861 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Аид олгохоор шийдвэрлэсэн талаар шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шүүх хуралдааныг хаасан. Энэ талаар тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01650 тоот шүүх хуралдааны тэмдэглэлд ч бичигдсэн байдаг бөгөөд шүүх хуралдааны бүхий л явцыг дүрс бичлэг хийж баталгаажуулсан.

Гэтэл шүүгч нь дээрх шүүхийн шийдвэрт хариуцагч нарын нэг болох Д.Ганцогтыг орхигдуулсан байна. Нэхэмжлэгч би хариуцагч Д.Ганцогтоос 38 222 861.78 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаагүй. Өөрөөр хэлбэл шүүгч нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрээсээ өөр шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргасан байх бөгөөд уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч хэсэгт Д.Ганцогтыг нэмэх, тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “хариуцагч Х ХХК-аас 34 422 861 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Аид олгох” гэсэн хэсгийг “хариуцагч Х ХХК, Д.Ганцогт нараас 34 422 861 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Аид олгох” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “Х” ХХК, Р.Э нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт учирсан хохирол 38 222 861 төгрөг гаргуулах, өөрийн эзэмшлийн газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргажээ. /хх1-1-3/

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр  “Х” ХХК-д холбогдуулж иргэний хэрэг үүсгэсэн /хх1-101/ ба тус компанийн захирал  Д.Ганцогтод нэхэмжлэлийн хувийг гардуулжээ. /хх1-112/

Хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 111/ барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх 9-15/ зэргээс үзвэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Ганцогт нь ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч Б.Атой компанийг төлөөлөн байгуулсан байх тул түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасанд нийцнэ.

Харин шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон иргэн Д.Ганцогт, Р.Э нарт хэрэг үүсгээгүй атлаа дээрх хоёр этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулснаас  /хх1-102, 113/ гадна шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38415 дугаар захирамжаар “Х” ХХК, Р.Э, Д.Ганцогт нарын эд хөрөнгө болон мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилэхээр шийдвэрлэсэн нь /хх1-107,108/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй бөгөөд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ.

Улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны 01650 дугаар тэмдэглэлд /хх 57-60/ хариуцагч Х ХХК, Р.Э, Д.Ганцогт нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцсэн тухай, мөн Х ХХК, Д.Ганцогт нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн талаар тэмдэглэгджээ.

Гэтэл мөн өдрийн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч “Х” ХХК, Р.Э нар гэж бичигдсэн, харин тогтоох хэсэгт хариуцагч гэх Д.Ганцогтоос төлбөр гаргуулсан заалтгүй, тэмдэглэлд тусгагдсанаас зөрүүтэй байна.

Дээрх байдлуудаас үзвэл шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулиар тогтоосон журмын дагуу оролцуулж, эрх үүргийг эдлүүлж, мэтгэлцүүлсэн гэж үзэх боломжгүй, улмаар тэдэнд холбогдох шаардлагыг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэсэн байдал тодорхойгүй, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01650 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЭНХТӨР

                                    ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ