Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0234

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

2014 оны 06 сарын 17 өдөр                    Дугаар 234                                     Улаанбаатар хот

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Татварын ерөнхий газрын татварын улсын
байцаагч С.М, Л.Б нарт
холбогдох захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.М, Л.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...татварын улсын байцаагч С.М, Л.Б нар манай компанийн 2006-2010 оны уйл ажиллагаанд татварын шалгалт хийгээд 10.857.599.5 мянган төгрөгийн зөрчил илрүүлсэн гэж дүгнэн нөхөн татвар, хүү, торгууль алдангийн 1.360.569.1 мянган төгрөгийн төлбөрийг хариуцуулан төлүүлэхээр 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 210061 тоот актыг тогтоосон... Актын 5-т: ...манай компанийг Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7.3.1, 7.3.4 дэх заалтыг нэгэн зэрэг зөрчсөн гэжээ. Байцаагч нар асуудлыг хүндрүүлэхийн тулд татварын хуулийн 2 заалтыг нэгэн зэрэг зөрчсөн гэж дүгнэн акт тогтоосон байхад түүнд хяналт тавьж өөрчлөх эрх бүхий дээд байгууллага болох Татварын маргаан таслах зөвлөл нь хууль бус үйл ажиллагааг нь өөгшүүлэн дэмжжээ.

Актын 6-д: ...Татварын маргаан таслах зөвлөл асуудлыг авч хэлэлцээд төлбөр хүлээн авсан субъект нь хувь хүн бус хуулийн этгээд байх тул гэрээний заалтын дагуу татвараас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж дүгнэжээ. Зөвлөх үйлчилгээний төлбөрийг ХБНГУ-ын хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагад төлсөн, энэ нь “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх тухай” Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын хэлэлцээрийн 7-д “Аж ахуйн үйл ажиллагааны ашиг” заасны дагуу орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөх ёстой... Татварын байцаагчийн актаар 2006 онд татвар ногдох орлогыг бууруулсан 123.524.2 мянган төгрөгийн зөрчилд 18.528.6 мянган төгрөгийн нөхөн татвар, 9.264.3 мянган төгрөгийн хүү. бүгд 27,792.9 мянган төгрөгийн төлбөр, 2006-2008 онд хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй байсан зөрчилд оногдуулсан 202.321.0 мянган төгрөгийн хүүгийн төлбөр, нийт 230.113.9 мянган төгрөгийн төлбөрийг хариуцуулсан байна.

Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1.4-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлнө”, 3.1-д “2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12 цагаас өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль үйлчлэнэ” гэсэн заалтууд болон манай компаниас Өршөөлийн хуулийн дагуу гаргасан мэдүүлгийг үндэс болгон дээрх 230.113.9 мянган төгрөгийн төлбөрийг актаар тогтоогдсон төлбөрөөс хасч тооцно уу. Татвар төлөгчийн тайлбарласны дагуу өрийн төлбөрийг хувьцаагаар сольсны орлогод оногдуулсан татвар хүү, торгууль 979.340.2 мянган төгрөг, гадагш шилжүүлсэн орлогод хууль бусаар оногдуулсан татвар 4.982.7 мянган төгрөг, хугацаанд нь төлөөгүй гэх татварт оногдуулсан хүүгийн 230.113.9 мянган төгрөг, нийт 1.214.437.0 мянган төгрөгийн төлбөрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул татварын улсын байцаагчийн 210061 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Н.О нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Сүүлийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн зөвшөөрч байгаа тул актын Тогтоох хэсгийн 5, 6 дахь хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч С.М, Л.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Актын 5-т: Төлбөр барагдуулах гэрээг үзэхэд “Ж" ХХК /эрх шилжүүлэгч/, Голомт банк /эрх хүлээн авагч/ хоёрын хооронд “Эрх шилжүүлэх тухай” гэрээ хийгдэж уг гэрээ хэрэгжиж зээлдэгчийн өр барагдсан. Зээлийн өр төлөгдөж 6515903.3 мянган төгрөгийг орлогоор хүлээн зөвшөөрч НӨАТ-ын тайланд тайлагнасан. Үндсэн зээл нь төлөгдөж, зээлийн хүүгээ зардлаар хүлээн зөвшөөрч тайлагнасан. Нэхэмжлэгчийн энэ орлогод НӨАТ ногдох нь а/ Татвар ногдох зүйлд хамаарах эсэх нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйл, мөн зүйлийн 6.1, б/ энэ орлогод НӨАТ ногдох эсэх нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйл, 7.1, 7.1.1, 7.3, 7.3.1, 7 3.4 дэх заалтуудаар батлагдаж байна.

Актын 6-д: ХБНГУ-ын хуулийн этгээдээр зөвлөх үйлчилгээний ажлын хөлс болох 24913.5 мянган төгрөгийн татвар ногдох орлогод 4982.7 мянган төгрөгийн татвар төлүүлэхээр акт тогтоосон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх тухай Монгол улс, ХБНГУ-ын хоорондын хэлэлцээрийн 14 дүгээр зүйлд заасан заалтад хамаарагдахгүй. Түүнчлэн хугацаандаа төлөгдөөгүй нийт 2301 13.9 мянган төгрөгийн төлбөр нь Татварын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1,4-д “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө захиргааны зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлнө”, 3.1-д “хуулийн үйлчлэх хугацаа 2007 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 цагаас өмнө Эрүүгийн хуулийн 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зөрчил гаргасан этгээдэд энэ хууль үйлчилнэ” гэсэн хуулийн заалтад тус тус хамаарагдахгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, С.Бнар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Дахин тооцооллоор өршөөлд хамруулах тайлангаар тайлагнасан сүүлийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын /1992 он/ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, 7 г/, Татварын ерөнхий /1992 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.3.1, 7.3.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1,2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.М, Л.Б нарын 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 210061 дүгээр актын Тогтоох хэсгийн хоёр, дөрөв дэх хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК 210061 дүгээр актын Тогтоох хэсгийн тав, зургаа дахь хэсгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу шинжээчдийн багийн ажлын хөлс болох 2.400.0 төгрөгийг нэхэмжлэгч “Ж" ХХК, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын хэлтсийн татварын улсын байцаагч С.М, Л.Б нарт тэнцүү хувиарлан гаргуулж, шинжээчээр ажилласан “Татварын мэргэшсэн зөвлөхийн “Т” нийгэмлэгт” олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн ерөнхий захирал Б.Амгалан давж заалдах гомдолдоо: Татварын улсын байцаагчийн татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан 210061 тоот актын Тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.3, 7.3.1, 7.3.4-т заасныг зөрчсөн тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2-т заасныг үндэслэн 6515903.3 мянган төгрөгийн нөхөн татвар, 1954.8 мянган төгрөгийн хүү, 325795.1 мянган төгрөгийн торгууль ногдуулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн заалтыг зөрчөөгүй бөгөөд ямар нэгэн бараа, бодитой оршин байгаа эрхийг шилжүүлээгүй. Тухайн хуулинд “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг ойлгоно гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ нь бараа биш юм. “Ж” ХХК, Голомт банкны хооронд байгуулсан “Хувьцаа түүгээр гэрчлэгдэх эрхийг төлбөрт тооцож шилжүүлэх тухай" гэрээнд “Энэхүү гэрээний зорилго нь эрх шилжүүлэгчийн эзэмшилд байгаа улсын бүртгэлийн 9011061020 дугаартай, 2729326 тоот регистр бүхий “Ж” ХХК-ийн нийт хувьцааны 85 хувь буюу 85 ширхэг хувьцааг эрх шилжүүлэгчээс эрх хүлээн авагчид зээлийн төлбөрт тооцон шилжүүлэн өгөх. Эрх хүлээн авагчаас эрх шилжүүлэгчийн авсан зээл, хүүгийн төлбөрийн үлдэгдэлд тооцож, дээрх хувьцааг шилжүүлэхэд оршино. Мөн эрх шилжүүлэгч ба эрх хүлээн авагч уг газарт барилгын төсөл хамтран хэрэгжүүлэх, хуримтлагдсан зээлийн төлбөрийг шийдвэрлэх зорилгоор энэхүү хувьцаа, түүгээр гэрчлэгдэх эрхийг төлбөрт тооцож шилжүүлэх гэрээг байгуулж байгаа болно” гэж тус тус заасан бөгөөд энэ нь Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Компанийн хувьцаанаас бусад үнэт цаас болон өрийг хувьцаагаар сольж болох бөгөөд үүнийг өрийг хувьцаагаар солих гэнэ”, мөн хуулийн 25.4-т “Өрийг хувьцаагаар солих тухай төсөлд солигдох өр, гаргах хувьцааны хэмжээ, үнэ, зорилго, хэрэгжүүлэх нөхцөл журам, компанийн дүрэмд оруулах өөрчлөлт зэргийг зааж өгсөн байна” гэсэн заалтад бүрэн нийцсэн бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.4-т “үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, хүлээн авах, тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ" гэсэн заалтад хамаарч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бүрэн үндэстэй байна.

Мөн актын 2 дахь хэсэгт 2006 онд гадагш шилжүүлсэн 24913.5 мянган төгрөгийн зургийн хөлс болон хуулийн зөвлөгөө авсны төлбөрт 4982.5 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй. Мэргэжлийн үйлчилгээ болон зөвлөх үйлчилгээний төлбөрийг ХБНГУ-ын хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагад төлсөн бөгөөд энэхүү төлбөр нь “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх тухай Монгол улс, ХБНГУ- ын хоорондын хэлэлцээр”-ийн 7 дугаар зүйл “Аж ахуйн үйл ажиллагааны ашиг" гэсэн зүйлийн заалтын дагуу орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөх ёстой гэжээ.

ХЯНАВАЛ:

“Ж” ХХК анх “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн байцаагч С.М, Л.Б нарын тогтоосон 210061 тоот актын Тогтоох хэсгийн хоёр, дөрөв дэх хэсгийг бүхэлд нь, тав, зургаа дахь хэсгийн зарим хэсгийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тав, зургаа дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, дээрх актын Тогтоох хэсгийн 2, 4 дэх хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэжээ.

1. “Ж” ХХК нь Голомт банктай 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/01996060256 дугаартай “Зээлийн гэрээ”, ЗБ/01991000256-А дугаартай “Барьцааны гэрээ”, ЗБ/01991060256-Б дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”, ЗБ/01990060256-В дугаартай “Барьцааны гэрээ”-нүүдийг тус тус байгуулж, дээрх гэрээний дагуу “Ж" ХХК-ийн төлөх 6.515.000.000 төгрөгийн төлбөрт “Ж" компанийн хувьцааны 85 хувийг Голомт банкинд төлбөрт шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, “Ж” ХХК нь Голомт банкинд төлөх төлбөрийн хэмжээгээр ашиг олсон учраас нэхэмжлэгч компани орлогоо дээрх орлогоо хүлээн зөвшөөрч, орлогын тайлангаар тайлагнажээ. Дээрх байдалд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.

“Ж” ХХК нь “Ж” ХХК-ийн хувьцааг 100 хувь өмчилдөг бөгөөд 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулсан байна. /хэргийн 2-р хавтас, 54-55 дахь тал/

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Компанийн хувьцаанаас бусад үнэт цаас болон өрийг хувьцаагаар сольж болох бөгөөд үүний өрийг хувьцаагаар солих гэнэ” гэж заасныг иш татаж байгаа боловч төлбөр төлөгч “Ж” ХХК-ийн тухайд хуулийн дээрх заалт хамааралгүй байна.

Учир нь, төлбөр төлөгч “Ж” ХХК-ийн хувьцааны эзэмшлийн тухайд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд өөрийн охин компанийн хувьцааг шилжүүлэх замаар төлбөрөө хааж байгааг Нэмэгдсэн өртгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.4 дэх хэсэгт заасан “хувьцаа шилжүүлэх үйлчилгээ" гэж дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч “тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх нь бараа биш” гэж тайлбарлаж байгаа боловч “Ж” ХХК-ийн гэрээний агуулга болон үр дүнг харьцуулан дүгнэж үзэхэд “тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг шилжүүлэх замаар орлого олсон" гэж дүгнэж болохуйц байгааг дурдах нь зүйтэй.

2. “Ж” ХХК-д тогтоосон 210061 тоот актын Тогтоох хэсгийн хоёр дахь хэсэгт гадагш шилжүүлсэн 24.913.500 төгрөгийн зургийн хөлс болон хуулийн зөвлөгөө авсны төлбөрөөс суутган авч төсөвт төлөөгүй зөрчлийг анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч болон хариуцагч талууд 24.913.000 /зургийн хөлс 17.560.000, хуулийн зөвлөгөө 7.353.500/ төгрөгийг шилжүүлсэн, мөн уг төлбөрийг хүлээн авагч ХБНГУ-ын хуулийн этгээд гэдэгтэй маргахгүй байна.

Өөрөөр хэлбэл, энэ нь маргаангүй үйл баримт байна.

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх тухай Монгол улс, ХБНГУ-ын хоорондын хэлэлцээр”-ийн “Аж ахуйн үйл ажиллагааны ашиг” гэсэн 7 дугаар зүйлийн дагуу орлогын албан татвараас бүрэн чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа бол, хариуцагч дээрх үйлчилгээ нь мөн гэрээний 14 дүгээр зүйлд заасан “Бие даасан хувийн үйлчилгээ" гэдэгт хамаарна, гэхдээ төлбөр авагч нь хувь хүн бус хуулийн этгээд байгаа тул энэ заалтанд хамаарахгүй гэж маргажээ.

Зургийн хөлс, хуулийн зөвлөгөө үзүүлсэн үйлчилгээ гэдэг нь тус гэрээний 14 дүгээр зүйлийн 2-т заасан “мэргэжлийн үйлчилгээ” гэдэгт хамаарч байх бөгөөд дээрх тохиолдолд хэлэлцэн тохирогч улсууд аж ахуйн нэгжийг бус, ийм үйлчилгээ үзүүлсэн хувь мэргэжилтний татварын асуудлыг зохицуулсан байна. Уг гэрээнд “хуулийн этгээд” гэж заагаагүй тул татвар ногдуулсан нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1,87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэсгийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.