Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00066

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00070 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 608 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.Б-

          Хариуцагч: З.Б-од холбогдох

          8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн төлөөлөгч Б.Бямба-Оюун, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

      Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би З.Б-од 8 сая төгрөг зээлүүлж, үндсэн зээл болон зээлийн хүүд нэг ч төгрөг буцааж аваагүй. З.Б- анх авахдаа 8%-н хүүтэй зээлж авсан. Энэ мөнгийг 2016-12-21-ны өдрөөс 2018 оны хооронд цувуулан төлж барагдуулна гэсэн гэрээний үүргийг биелүүлээгүй.Иймд үндсэн зээл 8 сая төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: З.Б- би Д.Б-аас ямар ч мөнгө аваагүй. Энэ 8 сая төгрөгийг миний эхнэр Д.Болорчулуунаас нэхэмжилж уг хэрэг нь нотлох баримтгүй гэж хэрэгсэхгүй болсон. Мөн энэ 8 сая төгрөгөөр намайг цагдаад өгсөн, шалгагдаж байгаа. Шаардлагатай нотлох баримтыг тухай бүрт гаргаж өгнө. Манай эхнэрээс 32 сая төгрөг авахаар шүүхэд хандсан. Тэр дунд 8 сая төгрөг байсан. Эцэст нь хэрэг хэрэгсэхгүй болсон. Одоо надаас 8 сая төгрөг авахаар давхар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 101/ШШ2019/00070 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан З.Б-оос 8,000,000 төгрөг гаргуулж Д.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод үлдээж,  З.Б-оос 142,950 төгрөг гаргуулж Д.Б-д олгож шийдвэрлэсэн байна. 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 608 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээжээ.

        Хариуцагч хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч нь З.Б-ын эхнэр Б.Болорчулууны төрсөн дүү Б.Дархисүрэнтэй 2006 оноос хойш Израйль улсад хамтран амьдарч байгаад Монголд ирж 2013 оноос Д.Б- болон Б.Дархисүрэн нар манай гэрт амьдардаг байсан.Энэ үед Б.Болорчулуун 2013-07-р сард 7,000 ам.доллар /1ам.доллар=1,447.51 төгрөг/ буюу тухайн үеийн ханшаар 10,130,000 төгрөгийг Д.Б- болон Б.Дархисүрэн нараас зээлсэн бөгөөд Б.Болорчулуун 7,000 ам.долларт өдөрт 100-500 мянган хүртэлх төгрөгийг Д.Б-, Б.Дархисүрэн нарт төлдөг байсан. Гэвч Д.Б- нь үндэслэлгүйгээр хүү, алданги тооцож Б.Болорчулуунаас шаардаж, 2013-10-28-ны өдөр 15 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5%-н хүүтэй зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү зээлийн гэрээтэй холбоотойгоор миний Тоёото маркийн УНИ 52-88 улсын дугаартай машиныг баталгаа болгож, 2013-10-28-ны өдөр худалдах-худалдан авах гэрээг 8 сая төгрөгөөр байгуулсан. Б.Болорчулуун нь Д.Б-, Б.Дархисүрэн нараас зээлсэн 7,000 ам.долларыг нэг дахин нугалж 2013-12-р сард багтаан төлсөн. Нэхэмжлэгч нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4-р шүүхийн 2014-04-11-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 181.3-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож ял эдлэж байгаад 2016-12-02-ны өдөр суллагдсан. Түүнээс хойш хамтран амьдрагч Б.Дархисүрэнтэй таарамжгүй, хоёр охидыг нь зоддог, байнга мөнгө нэхэж зовоодог байсан тул Б.Дархисүрэн түр зуур холдуулахын тулд 2016-12-21-ний өдрийн баримт /хх-3 тал/-д гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Б- нь Б.Дархисүрэнгээс байнга мөнгө нэхэж хэрүүл маргаан хийгээд байсан тул Б.Дархисүрэн нь нэхэмжлэгчтэй уулзахгүйн тулд өмнөөс нь хариуцагч намайг зураад өгөөч гэсэн тул зурсан.Түүнээс биш би Д.Б-аас 2016-12-21-ний өдөр 8 сая төгрөг зээлээгүй, мөнгө авч байгаагүй. Гэтэл шүүх хариуцагчийг “З.Б- миний бие Д.Б-аас 8 сая төгрөг авсан, уг мөнгийг 2017, 2018 оны хооронд цувуулан төлж барагдуулна” гэх агуулга бүхий баримтад гарын үсэг зурсан байх тул мөнгөн хөрөнгийг хариуцагчид хүлээлгэж өгсөн гэж үзэж Иргэний хуулийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Түүнчлэн, шүүх баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй ИХШХШТХ-ийн 40.1., 40.2.-т заасныг зөрчсөнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Д.Б- 2018-05-03-ны өдөр шүүхэд хандаж, З.Б-оос 8,000,000 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...хариуцагч зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй...” гэсэн үндэслэл заасан байна. 

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...8,000,000 төгрөгийг эхнэр Д.Болорчулуунаас нэхэмжилж уг хэрэг хэрэгсэхгүй болсон...би мөнгө зээлж байгаагүй...” гэжээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээсэн байна.

        Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... өөрийн хамтран амьдрагч  Б.Дархисүрэнгээсээ байнга мөнгө нэхэж зовоодог байсан... 2016-12-21-ний өдрийн баримтад гарын үсэг зураад өг гэж Б.Дархисүрэн гуйсан учир би зурсан.... түүнээс биш би 8 сая төгрөг зээлээгүй, мөнгө авч байгаагүй.... гэжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Нэхэмжлэгч нь 2016-12-21-ний өдрийн гэрээг үндэслэн 8 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг үгүйсгэх баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шаардлага, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг. 

       З.Б- нэхэмжлэлийг үгүйсгэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байх бөгөөд  шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

     Хариуцагч мөнгө хүлээн авсан тухай 2016-12-21-ний өдрийн баримтыг нэхэмжлэгчийн дарамт шахалтаар хийсэн гэх боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай хяналтын гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцэхгүй юм.

    Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2019/00070 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 608 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 142,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ