Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овогт Г.Б-д холбогдох эрүүгийн 2234000010041 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймаг Заамар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эх, ах, хоёр дүүгийн хамт Төв аймаг Заамар сумын 2 дугаар баг, Дулаан гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, .......... регистрийн дугаартай, Г овогт Г.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багт оршин суух иргэн Б.Отгонцэцэгийн гэрт төрсөн ах болох Т.Амартүвшинийг үл ялих зүйлээр шалтаглан зүүн гуя, цавь хэсэгт хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багт оршин суух иргэн Б.Отгонцэцэгийн гэрт төрсөн ах болох Т.Амартүвшинийг үл ялих зүйлээр шалтаглан зүүн гуя, цавь хэсэгт хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000010041 дугаартай хэрэгт авагдсан

 

            Хохирогч Т.Амартүвшингийн өгсөн: “Би Төв аймгийн Заамар сумын Бат-Өлзийт 4 дүгээр багт байдаг өөрийн ээж төрсөн дүү болох Б.Отгонцэцэг эгчийн гэрт өөрийн эцэг өөр эх нэгтэй дүү болох Г.Б, хөдөө мал маллаж байдаг танил ах Д.Даваасүрэн, мөн Отгонцэцэг эгчийн хүүхэд болох хэлгүй, дүлий О.Алтангэрэл гэх залуу нарын хамт 18 цагийн үед ороод хараа нэртэй 0,75 литрийн архи 3 шилийг хувааж уугаад дуусах үед Д Даваасүрэн ах согтоод тасраад унтаад өгсөн гэтэл манай эгч Д.Отгонцэцэг нь одоо та нар гэр гэртээ харьцгаа гээд бид нарыг гэрээсээ хөөсөн гэтэл би дүү Г.Бийн хамт өөдөөс явахгүй барихгүй гэж хэрэлдэх үед эгч Отгонцэцэг нь уурандаа ухаан балартаж орон дээр унахад Г.Б нь ухаан оруулах зорилгоор үнэртэй ус үнэртүүлэн ухаан оруулан арай гайгүй болгосон тэгээд удалгүй нэг харахад Г.Б нь хэлгүй дүлий О.Алтангэрэл гэх залууг нөгөө талын орон дарсан ноцолдож байхаар нь би Г.Бийг хэлгүй дүлий хүн зодож байна гэж бодоод орноос татаж босгоод цээжин тус газарт нь 3-4 удаа гараар цохиод чи хэлгүй дүлий хүнийг зодлоо ээжийг нь тайван байлгасангүй гэж хэлэхэд миний өөдөөс ямар нэгэн юм хэлээгүй карманаасаа хутга гаргаж ирээд намайг хатгасан тэгээд удалгүй гаднаас эмч цагдаа ороод ирсэн. Миний зүүн гуяны зузаан булчин хэсэгт бага зэрэг зүсэгдсэн. Мөн цавь хэсэгт 1 см, төмсөг хэсэгт 1-2 см хэртэй зүсэгдсэн байсан уг зүсэгдсэн шархууд нь цааш нэвтэрсэн зүйлгүй өнгөц байсан. Бид хоёрт өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг/хх-7-8 тал/,

           

            Гэрч Г.Бийн өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Заамар сумын төвийн 4-р багт байдаг ээж Тунгалагийн төрсөн дүү болох Отгонцэцэгийн гэрт 18 цагийн үед өөрийн төрсөн ах Т.Амартүвшин, Отгонцэцэг эгчийн хүү болох хэлгүй дүлий О.Алтангэрэл хөдөө байдаг танил ах Д Даваасүрэн нарын хамт Хараа нэртэй 0,75 литрийн архи з шилийг хувааж уугаад байж байтал Д Даваасүрэн ах согтоод тасраад унтаад өгсөн 2021 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн үед Б.Отгонцэцэг эгч гэнэт та гэр гэртээ харьцгаа би унтаж амармаар байна гэж уурлаад хойшоо орон дээрээ унаад таталт өгөөд ухаан алдахад нь би үнэртэй ус үнэртүүлээд ухаан орсон гэтэл Б.Отгонцэцэг эгчийн хүүхэд хэлгүй дүлий Алтангэрэл нь уйлаад ээжийг тэврээд амьсгал авхуулахгүй байхаар нь би түүнийг салгаж аваад нөгөө талын орон дээр нь дараад хэвтэж байтал миний төрсөн ах Т.Амартүвшин нь ирээд намайг татаж босгоод хэлгүй дүлий хүүхэд зодоод байгаа юм уу гээд миний цээж хэсэгт гараараа 3 удаа цохихоор нь өөрт байсан саарал өнгөтэй эвхдэг тонгоргон хутгыг гаргаж ирээд уурандаа ах Т.Амартүвшингийн зүүн гуяны булчин хэсэгт 1 удаа, дараа нь цавинд нь 2 удаа хатгасан хатгахдаа хутганы үзүүр хэсгийг 1 см урттай гаргаж гараараа барьж байгаад хатгасан тэгээд байж байтал удалгүй гаднаас эмч цагдаа нар хүрээд ирсэн. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Отгонцэцэг эгчийн гэрийн гадаа хэвтэж байхаар нь олоод хурган ишиг засахад эвтэйхэн хутга байна гэж бодоод хармаандаа хийсэн байсан юм. Саарал өнгөтэй жижиг эвхдэг тонгоргон хутга байсан ардаа нарийн сураар оосор хийсэн байсан. Би Б.Отгонцэцэгийн хүү О.Алтангэрэлийг зодож цохисон зүйл огт байхгүй О.Алтангэрэл нь хэлгүй дүлий хөгжлийн бэрхшээлтэй 27 настай залуу байдаг юм. Бид хоёрт ер авлага ес хонзон байхгүй. Хутгалах болсон шалтгаан нь намайг зодох гээд байхаар нь айгаад өөрийн айлгах зорилгоор хутгаар хатгасан юм Намайг О.Алтангэрэлийг зодож байна гэж бодсон байх би О.Алтангэрэлийг ор дээр дараад ээж дээрээ битгий очоод бай чи амьсгалуулахгүй байна гэж хэлээд тайвшруулж байсан юм. Надад ямар нэгэн гэмтэл бэртэл үүсээгүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг/хх-10-11 тал/,

 

            Гэрч Д.Даваасүрэнгийн өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Заамар сумын төвийн 4-р багт байдаг Б.Отгонцэцэгийн гэрт 18 цагийн үед Т.Амартүвшин, Б.Отгонцэцэг эгчийн хүү болох хэлгүй дүлий О.Алтангэрэл, Б хамт хараа нэртэй 0,75 литрийн архи 3 шилийг хувааж уугаад 23 цагийн үед би согтоод тасраад унтаад өгсөн байсан гэтэл 2021 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 02 цагийн үед Б.Отгонцэцэг эгч намайг сэрээгээд босоорой гэр рүүгээ яв Г.Б нь ах Т.Амартүвшинг хутгалчихлаа гэхээр нь босоод харахад Г.Б гэрт байгаагүй Т.Амартүвшингийн гуянаас цус гоожсон байсан намайг одоо цагдаа ирнэ та гэртээ харь гэхээр нь би гэрээс нь гараад шууд гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх-13 тал/,

 

            Гэрч Б.Отгонцэцэгийн өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Заамар сумын төвийн 4-р багт байдаг гэртээ хэлгүй дүлий Алтангэрэлийн гаднаас манай гэрт 18 цагийн үед манайд байдаг танил Д.Даваасүрэн нар орж ирээд танай гэрт 1 шил архи уучхаад явлаа гээд байхаар нь би зөвшөөрсөн тэгээд түүний дараа хараа нэртэй 0,75 литрийн архи 2 шилийг хувааж уугаад 23 цагийн үед Д.Даваасүрэн согтоод тасраад унтаад өгсөн тэгэхээр нь би 2021 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 02 цагийн үед Д Даваасүрэнгээ сэрээгээд босгоод гэр гэр рүүгээ явцгаа гээд уурлахад Г.Б Т.Амартүвшин нар миний өөдөөс хэрэлдээд унтаад явна гээд уурлуулсан тэгээд би уурандаа ухаан балартаад унасан тэгээд эмч ирээд тариа хийгээд ухаан сэргэтэл Т.Амартүвшинг дүү Г.Б нь хутгалчихлаа гэхээр нь босоод харахад Г.Б гэрт байгаагүй Т.Амартүвшингийн гуянаас цус гоожсон байсан Т.Амартүвшингээс асуухад Б намайг хутгалсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг/хх-15 тал/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6 дугаартай “1.Т.Амартүвшингийн биед зүүн гуя, цавь, шодой, хуйхнагт шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.4.Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хх-21 тал/,

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Б гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Амартүвшингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Г.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Төв аймаг Заамар суманд ам бүл 5, эх, ах, хоёр дүүгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 25 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Т.Амартүвшин нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн/хх-8 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асууудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2234000010041 дугаартай хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр саарал иштэй нийт урт нь 15 см, ажлын хэсэг нь 7 см урттай, иш хэсэг нь 8 см урттай хутгыг устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г овогт Г.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- 700/долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000/долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр саарал иштэй нийт урт нь 15 см, ажлын хэсэг нь 7 см урттай, иш хэсэг нь 8 см урттай хутгыг устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бид урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ