Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

 

 

    2022        01            17                                     2022/ШЦТ/85   

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Хохирогч Л.Б ын  өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан,

Шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч  овогт Х ын Х-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, .... ХХК-д барилгын заслын инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч  овогт Х ын Х  , /РД:...../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .... бааранд хохирогч Л.Б-ыг найзыг нь цохисон, нулимсан гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х-аас: ...2021 оны 9 дүгээр сарын 27-нд би найзтайгаа 23 цаг 30 минутын үед ...Лакс бааранд очсон. Тэгээд ширээн дээр архи уугаад сууж байхад нэг ах хүн болгонтой муудалцаад байсан. Удалгүй намайг нойл ороход надтай бас муудалцаад салсан. ...Тухайн залуу манай ширээн дээр ирчихсэн манай найзтай муудалцаад байж байсан. Тэгэхээр нь би очиход тэр залуу манай найзыг цохихоор нь би  хохирогчийг нэг удаа цохиж, нэг удаа өшиглөсөн... гэв.

 

Шүүгдэгч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Хохирогчоос эмчилгээний зардлаа баримтаар гаргаж өгвөл төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 23 цаг 10 минутад найз Батсайханы хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  гэх бааранд орж үйлчлүүлсэн. ...Хажуу талын ширээн дээр сууж байсан Б , тэдний найзууд нь ирж ганц нэг татаад яваад байсан. Удалгүй тэдний нэг нь надтай маргалдаж, миний хүзүүний гинжийг сонирхохоор нь үзүүлэхгүй гэхэд гэнэт толгой руу зүүн нүдний хэсэгт цохисон. Толгой манараад нүд харанхуйлсан. Тухайн үед архи юм уу пивоны шилээр цохих шиг болсон. Тэгээд тонгойгоод сууж байхад дахин толгой руу гараараа 3-4 удаа, мөн хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний хүзүүнд байсан монетон гинж кулоны хамт алга болсон. ...Эмчилгээний зардал болон тухайн үед алдсан гинж, мөн ... ХХК-д ажилладаг болохоор ажилдаа явж чадахгүй ажилгүй байх үеийн цалин хөлсөө төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Тухайн орчинд эргүүл шалгалтаар явж байхад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  шөнийн цэнгээний газрын урд сандал дээр согтуу эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай, толгой орчмоос нь их хэмжээний цус гарч бохирлогдсон байсан. Уг асуудлыг шалгаад хохирогч болон зодсон гэх хүнийг олж тогтоосон. Зодсон гэх хүн нь их хэмжээний согтолттой байсан тул эрүүлжүүлсэн. Зодуулсан хүн нь энэ намайг зодсон гээд хажууд байгаа хүнээ заагаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2021 оны 9 дүгээр сарын 27-ны орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  гэх нэртэй бааранд найз Х   болон М  нарын хамт орж үйлчлүүлсэн. ...Бидний сууж байсан ширээн дээр нэг ах ирээд хэрүүл өдөөд байсан. Х бүжиглэж байгаад буцаж ирэхэд нөгөө ах Х  тай юм яриад сууж байснаа Х   руу нулимаад намайг шууд гараараа цохисон. Би цохиулаад ухаан алдсан мэт буйдан дээр унасан. Хэсэг хугацааны дараа баарны хамгаалагч нар сэрээсэн. Тэгээд найзыгаа асуухад эрүүлжүүлэх рүү явсан гэхээр нь шууд харьсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №9695 дугаартай “...Л.Б-ын биед баруун зулай, дагзны хуйх, зүүн зовхинд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн ...хохирогч Л.Б ын монетон гинжийг 865.200 төгрөгөөр, кулоныг 290.000 төгрөгөөр, нийт үнийг 1.155.200 төгрөгөөр тогтоосон... хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Б аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 53-54 дүгээр хуудас/, өвчний түүх /хх-ийн 73-81 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Х.Х  ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 88 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-89 дүгээр хуудас/, .... ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 90 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: ...шүүгдэгч Х.Х нь хохирогч Л.Б ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. ...шүүгдэгч эрүүлжүүлэхэд ороход ямар нэгэн гинж хураагдаагүй байдаг. ...эд зүйлийг дэрэмдсэн эсэх ажиллагаа явуулахад ийм үйл баримт тогтоогдоогүй... гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэсэн байдаг. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг заасан байдаг ба хуульд зааснаар энэ гэмт хэрэг нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч тухайн бааранд найзын хамт орсон ба орохдоо гинж зүүсэн байсан талаар хэлдэг. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаанд тодруулаагүй байна. Зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлээр буруутгасан нь үндэсгүй. Маргаан хохирогчийн зүүсэн гинжнээс үүссэн байх тул хэргийг прокуорт буцааж өгнө үү... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхээс ....Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргах зүйлгүй. Мөн хохирлыг нөхөн төлнө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоосон гэж үзэж байна. Гинжийг тухайн үед зүүж явсан эсэх нь тогтоогддоггүй. Тухайлбал эргүүлийн цагдаагийн баримтаар хохирогч тухайн өдөр намайг дээрэмдсэн биш намайг зодсон гэж мэдүүлсэн байдаг. Мөн 2021 оны 10 дугаар сарын 06-ы өдөр гэнэт хохирогч миний гинж алга болсон гэж мэдүүлдэг. Энэ асуудалтай холбоотой зөвхөн хохирогчийн мэдүүлгээс өөр баримт байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байдаг ба энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Иймд гэм буруутайд тооцож хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдэж өгнө үү... гэх дүгнэлтийг;

Шүүгдэгч Х.Х  аас “...гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ...хохирлыг төлж барагдуулна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Х  ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Х.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... бааранд хохирогч Л.Б ыг найзыг нь цохисон, нулимсан гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

үүгдэгч Х.Х  ын: ...Үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. . ...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

-хохирогч Л.Б ын: “...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 23 цаг 10 минутад ......  гэх бааранд орж үйлчлүүлсэн. ...тэдний нэг нь надтай маргалдаж ...гэнэт толгой руу зүүн нүдний хэсэгт цохисон. Толгой манараад нүд харанхуйлсан. Тухайн үед архи юм уу пивоны шилээр цохих шиг болсон. Тэгээд тонгойгоод сууж байхад дахин толгой руу гараараа 3-4 удаа, мөн хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний хүзүүнд байсан монетон гинж кулоны хамт алга болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

-гэрч Х.А ийн: ...эргүүл шалгалтаар явж байхад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  шөнийн цэнгээний газрын урд сандал дээр согтуу эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай, толгой орчмоос нь их хэмжээний цус гарч бохирлогдсон байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

-гэрч Г.Б ын: ...2021 оны 9 дүгээр сарын 27-ны орой ......  гэх нэртэй бааранд ...бидний сууж байсан ширээн дээр нэг ах ирээд хэрүүл өдөөд байсан. Х  тай юм яриад сууж байснаа Х руу нулимаад намайг шууд гараараа цохисон. ...буйдан дээр унасан. Хэсэг хугацааны дараа баарны хамгаалагч нар сэрээсэн. Тэгээд найзыгаа асуухад эрүүлжүүлэх рүү явсан гэхээр нь шууд харьсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №9695 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас ...энэ гэмт хэрэг нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, ...бааранд хамт орсон найз гинж зүүсэн байсан талаар хэлдэг. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаанд тодруулаагүй тул шалгаж тодруулах зайлшгүй шаардлагатай тул хэргийг прокуорт буцааж өгнө үү... гэх дүгнэлтийн тухайд:

Шүүх мөрдөгчийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж үзсэн ба хэрэгт авагдсан:

Гэрч Х.А-ийн мэдүүлэгт “...бааранд ороход сандал дээр сууж байсан, ...зодуулсандаа гомдолтой байна гэж байсан. Гинж алга болсон талаар хэлээгүй. Согтолт ихтэй байсан. ...дуудлагын дагуу очиход 03 цаг 20 минут болж байсан...” гэх,

Гэрч С.Б-ийн мэдүүлэгт: “...ирж суусан эрэгтэйн хүзүүнд ямар нэгэн гоёл чимэглэл зүүлт байгаагүй...” гэх,

Хохирогч Л.Б ын “...23 цаг 10 минутын орчим найз Батсайханы хамт ...орж үйлчлүүлсэн.  ...15 орчим минутын дараа Батсайхан гэрүүгээ явсан...” гэх мэдүүлгүүд болон эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл болон бусад бичгийн баримтууд хороондоо агуулгын хувьд зөрүүгүй, хохирогч, шүүгдэгч нарын хооронд гинжнээс болж маргаан үүссэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар Б мэдэх боломж байгаагүй /цаг хугацааны хувьд/ зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй болно.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл байвал хохирогчийн өмгөөлөгч нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт уг хүсэлтээ гаргаж шийдвэрүүлэх хуулийн зохицуулалтай болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Б нь эмчилгээний зардалд 820.000 төгрөгийн баримтыг /хх-54/ хэрэгт ирүүлсэн байх тул уг хохирлыг шүүгдэгч Х.Х  аас гаргуулж хохирогч Л.Б-д олгох нь зүйтэй байна.

Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлт гаргасан байх хэдий ч хаана ямар ажил хийдэг, хэзээ уг ажилд томилогдсон, хэдэн төгрөгийн цалинтай, ямар хугацаанд ажилгүй байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан уг хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гансүхээс ...Миний үйлчлүүлэгч Эрүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн. Иймд шүүхээс бага торгуулийн ял оноож өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Х-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Х.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч  овогт Х ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-аас 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Б  нь ажилгүй байсан хугацааны цалингийн талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.