Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/119

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч М.Отгонбаатар,

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О  овогт Б ийн Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “....-д төсөл хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 1, ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ...... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, О  овогт Б ийн Б  /РД:..../.

 

Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Б  нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хүлэг-112-аас ирсэн бусдад зодуулсан гэх дуудлагын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер И.М , цагдаа жолооч ажилтай М.Б  нар нь ...тоотод очин шалгах явцад тэрээр гуйлгачин цагдаа, юу ч мэдэхгүй байна, ажилгүй болгоно гэх зэргээр эсэргүүцэх, дүрэмт хувцаснаас нь татах, чангаах, М.Б н нүүр хэсэг рүү мөргөх, цээж хэсэг рүү цохих зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэв.

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Б.Б ын өгсөн: ...2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө 00 цаг өнгөрч байсан байх, 3 найзын хамт бааранд сууж байгаад гэртээ харьсан. Ингээд гэрийнхээ орцонд ...8 дугаар давхарт хоёр залуутай маргалдахад тэр залуу намайг цохисон. Би цагдаад дуудлага өгөөд цагдаа ирэхэд нөгөө хоёр залуу алга болсон. ...Үүнээс болоод дуудлагаар ирсэн цагдаа уурласан ба цагдаагийн алба хаагч нартай үл ойлголцож маргалдсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул зарим үйлдлээ хянаж чадаагүйгээс цагдаагийн алба хаагч нартай маргалдсан зүйл байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө эргүүлийн офицер д/ч И.М гийн хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 04:00 цагийн үед .... орцонд бусдад зодуулсан гэсэн дуудлага ирсний дагуу очиж шалгахад тус байрны орцноос нэг залуу орилж гарч ирээд би зодуулчихлаа, энэ миний гадуур хувцас гээд газар байгаа хувцас руугаа заасан. Бид хувцсаа авчих гэсэн чинь авахгүй, би зодуулсан гээд байсан. Тэгээд бид хоёрыг дагуулаад цахилгаан шатаар тус байрны 10 дугаар давхарт гараад нэг айлын хаалгыг шууд нүдэхээр нь яах гэж байгаа юм гэж асуухад намайг зодсон хүн энд байгаа гэсэн ба нүдсэн айл нь биш байсан. Мөн 8 давхар руу буугаад 2-3 айлын хаалга нүдсэн. Бид одоо болно, цагдаагийн хэлтэс дээр очоод өргөдөл өгчих гэсэн боловч юу яриад байгаа юм, та нар намайг зодсон хүнийг олж өг пизда, гуйлгачин нар минь гэж орилсон. ...үг ойлгохгүй, цахилгаан шатны хаалга болон хана өшиглөөд орилохоор нь бид орцноос гаргасны дараа мөн орилж хашхираад, тавьсан шаардлага эсэргүүцсэн. Ингээд авч явах үед миний зүүн талын хавирга хэсэг рүү нэг удаа цохиод, толгой, уруул руу мөн толгойгоороо мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

 Хохирогч И.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө цагдаа жолооч, д/а М.Б н хамт .... орцонд бусдад зодуулсан гэх дуудлага ирсний дагуу очиж шалгахад тус байрны орцноос нэг залуу орилж гарч ирээд би зодуулчихлаа гэсэн. Тэр залуу намайг зодсон хүн энд байгаа гээд цахилгаан шатаар хамт 9, 10 давхарт гартал тэнд ямар нэгэн хүн байгаагүй. Үүний дараа олон айлын хаалга нүдэж эхлэхэд нөгөө айлууд уурлаад байсан. Тухайн хүнд ингэж хамаагүй айлын хаалга нүдэж болохгүй, бусдын амгалан тайван байдал алдагдуулаад байна, хэлтэс дээр очоод гомдол гаргаад шалгуул” гэсэн боловч үл тоон бид хоёр руу дайрч, хэл амаар доромжилж эхэлсэн. Энэ үед та нарыг ажилгүй болгоно, лаларын писда нарыг ална шүү гэх зэргээр доромжилж дайрч байсан. Тэгээд гадагш гараад явж байх үедээ жолооч Билгүүндалайг гараараа цохиж, мөн толгой хэсэг рүү нь мөргөсөн. Ингээд тавьсан шаардлага биелүүлэгүй болохоор нь авч явж эрүүлжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн мэдэгдэл танилцуулсан тэмдэглэл, албан тушаалын тодорхойлолт, Нийслэлийн Цагдаагийн газрын зарим алба хаагчдыг ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 62-75 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Б  нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хүлэг-112-аас ирсэн бусдад зодуулсан гэх дуудлагын дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер И.М , цагдаа жолооч ажилтай М.Б  нар нь ...тоотод очин шалгах явцад тэрээр гуйлгачин цагдаа, юу ч мэдэхгүй байна, ажилгүй болгоно гэх зэргээр эсэргүүцэх, дүрэмт хувцаснаас нь татах, чангаах, М.Б н нүүр хэсэг рүү мөргөх, цээж хэсэг рүү цохих зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн болох нь:

Шүүгдэгч Б.Б ын: ...Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул зарим үйлдлээ хянаж чадаагүйгээс цагдаагийн алба хаагч нартай маргалдсан зүйл байгаа. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Хохирогч М.Б н: “...дуудлага ирсний дагуу очиж шалгахад тус байрны орцноос нэг залуу орилж гарч ирээд ...би зодуулсан гээд байсан. ...Бид одоо болно, цагдаагийн хэлтэс дээр очоод өргөдөл өгчих гэсэн боловч юу яриад байгаа юм, та нар намайг зодсон хүнийг олж өг пизда, гуйлгачин нар минь гэж орилсон. ...цахилгаан шатны хаалга болон хана өшиглөөд орилохоор нь бид орцноос гаргасны дараа мөн орилж хашхираад, тавьсан шаардлага эсэргүүцсэн. Ингээд авч явах үед миний зүүн талын хавирга хэсэг рүү нэг удаа цохиод, толгой, уруул руу мөн толгойгоороо мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 Хохирогч И.М гийн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө цагдаа жолооч, д/а М.Б н хамт .... орцонд бусдад зодуулсан гэх дуудлага ирсний дагуу очиж шалгахад тус байрны орцноос нэг залуу орилж гарч ирээд би зодуулчихлаа гэсэн. Тэр залуу ...бид хоёр руу дайрч, хэл амаар доромжилж эхэлсэн. Энэ үед та нарыг ажилгүй болгоно, лаларын писда нарыг ална шүү гэх зэргээр доромжилж дайрч байсан. Тэгээд гадагш гараад явж байх үедээ жолооч Билгүүндалайг гараараа цохиж, мөн толгой хэсэг рүү нь мөргөсөн. Ингээд тавьсан шаардлага биелүүлэгүй болохоор нь авч явж эрүүлжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн мэдэгдэл танилцуулсан тэмдэглэл, албан тушаалын тодорхойлолт, Нийслэлийн Цагдаагийн газрын зарим алба хаагчдыг ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 62-75 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б  нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

Шүүгдэгч нь хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б ыг Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч нар нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгож, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б  нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О  овогт Б ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.