Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Самбуу, 

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн  Э Б-эд холбогдох 223400000030 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

                                                                                         

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн Сүхбаатар аймгийн Асгат суманд 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаанчин мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймаг Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн дэнжийн 5 дугаар гудамж 25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  , дугаарын регистртэй, М овгийн Э.Б,

                                   Холбогдсон хэргийн талаар:

                                /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Сайхан-Уртын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2,9057 метр куб 36 ширхэг бөөрөнхий нойтон хус модыг бэлтгэж, 56-76АРХ улсын дугаартай Киа Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 146641 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Э.Б “Би зөвшөөрөлгүйгээр хуул бусаар мод бэлтгэсэн нь үнэн. Би ажилд явж байгаад ирсэн чинь гэрт мод байхгүй байсан. Тэгээд би зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Сайхан-Уртын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2,9057 метр куб 36 ширхэг бөөрөнхий нойтон хус модыг бэлтгэж, 56-76АРХ улсын дугаартай Киа Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 146641 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000000030 дугаартай хэрэгт авагдсан

 

          Иргэний нэхэмжлэгч С.Буянгийн өгсөн: “Би тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаагаа мэдэж байгаа. Борнуур сумын засаг дарга Н.Ундрахбилэгийн захирамжаар тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би үнэлгээний байгууллагаас тогтоосон үнэлгээг нэхэмжлэж байна” гэх мэдүүлэг/хх-50 тал/,

           

            Гэрч Б.Мөнхзулын өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирсэн Э.Б гэх хүнд ой мод бэлтгэх эрхийн 22-021553 дугаарын бичиг олгосон. Уг мод бэлтгэх эрхийн бичиг дээр түлээний зориулалттай цэвэрлэгээний ажлаар 4м3 унасан, гишүү мөчир, ёзоор гэх мэт мод бэлтгэх ёстой гэдгийг тухайн иргэнд тайлбарлаж хэлж гаргасан. Би 2021 оны 12 дугаар сарын 07 өглөө иргэн Э.Бэд галын түлээний зориулалтаар “Хус ” бэлтгэх эрхийн бичгийг нэг хоногийн хугацаатай олгосон. Энэ нь тухайн өдрөө хүчин төгөлдөр байна. Үүнээс хойш мод бэлтгэх бүртээ ойд мод бэлтгэх эрхийн бичиг авч байж мод бэлтгэх ёстой. Иргэн Э.Бийн энэ үйлдэл нь зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзэж байна. Би тэр модыг харсан. 2-3 метрээр тайрсан, бүдүүн нарийн нийлсэн 36 ширхэг нойтон “Хус” мод байсан. Миний өгсөн ойд мод бэлтгэх эрхийн бичгээр бол түлээний зориулалтаар мод бэлтгэх байсан боловч иргэн Э.Б нь хэрэглээний зориулалтаар нойтон мод бэлтгэсэн байсан” гэх мэдүүлэг/хх-53-54 тал/,

            Экологи эдийн засгийн үнэлгээ/хх-63-64 тал/, “Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн гаргасан Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл, бензин хөрөөний үнэлгээний тайлан/хх-69-85 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Э.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас экологи эдийн засагт 146641 төгрөгийн хохирол учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Э.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймаг Борнуур суманд ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй талаар хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 35 настай талаархи баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 766.971 төгрөгийг шүүгдэгч Э.Бээс гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2234000000030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн нойтон цагаан хус 36 ширхэг, 56-76 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2511750 төгрөгийг шүүгдэгч Э.Б-ээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1.Шүүгдэгч М овогт Э. Б-г зохих зөвшөөрөлгүйгээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 700/долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000/долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд/3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

6.Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Э.Бээс экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон хохирлын үнэлгээ 766971 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цахилгаан гинжит хөрөө, 36 ширхэг модыг тус тус улсын орлогод болгосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 56-76 улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 2511750 төгрөгийг шүүгдэгч Э.Бээс гаргуулж улсын орлогод оруулж, 56-76 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны төлөөлөгчид буцаан олгосугай.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ