Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Төгөлдөр,

Шүүгдэгч Б.У  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б ийн У т холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б  овогт Б ийн У  /РД:...../.

 

Холбогдсон хэргийн талаар.   

Шүүгдэгч Б.У  нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээр байрлуулсан С.Д ийн эзэмшлийн ... улсын дугаартай “Lexus HS250” загварын тээврийн хэрэгслийг зогсоолд тэгшхэн байрлуулсангүй гэж урд буфер, буферны зайн мэдрэгч, зүүн талын толь зэргийг өшиглөж гэмтээн 747.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У аас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.

 

Шүүгдэгч Б.У ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрчин хотхоны гадна өөрийнхөө ...  улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг байршуулах гэтэл 2 машин багтах зайн дээр 1 тээврийн хэрэгслийг хөндлөн тавьсан байсан. Тэгэхээр нь тухайн тээврийн хэрэгсэл дээр байсан холбогдох дугаар руу залгахад эмэгтэй хүн авсан ба би машинаасаа хол байна, хүнд хэлье гэсэн. Тэр үед тухайн эмэгтэйн цаанаас эрэгтэй хүн наадах чинь хэн юм, яадаг пизда вэ гээд тухайн эмэгтэйг утсаа салгахаар нь би тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын буфер рүү баруун хөлөөрөө, жолоочийн эсрэг талын толь руу баруун хөлөөрөө тус бүр нэг удаа өшиглөөд, өөрийнхөө машиныг өөр газар байрлуулаад гэр рүүгээ орсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хохиролгүй болгосон учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед би ажлаа тараад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 61 дүгээр байрны гадна талын зогсоолд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Lexus HS250” загварын автомашинаа байршуулаад ...найз залуутай уулзахаар хороолол руу найзынхаа машинтай явсан. Тэгээд 23 цагийн үед ...  дугаараас нэг эрэгтэй хүн залгаад машинаа шахаад өгөөч гэж хэлэхээр нь би машинаасаа хол байна, хүнд хэлээд холдуулаад өгье гэж хэлээд тасалсан. 10 минутын дараа дахиж залгаад ууртайгаар нөгөө хүндээ хэлсэн юм уу, машинаа ав л даа гээд уурлахад хажууд сууж байсан найз Ганзориг тэр залуутай яриад хэрэлдээд байхаар нь би болиулаад утсаа авсан. ...2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 12 цагийн үед манай эгч над руу залгаад машины толь хугалсан байна, ирээд үзээрэй гэж хэлсэн. Тэгээд очиж үзэхэд зүүн талын толь хугарсан, урд талын буферны будаг нь арилсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Гэрч С.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Маргааш өглөө нь харахад Д ийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын толь нь хугарсан, урд буфер нь зурагдсан байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Дамно ХХК-ийн ...зах зээлийн үнэлгээгээр нийт 747.800 төгрөгөөр үнэлэгдэв... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.У ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ...  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.У ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.У  нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны гадна талын автомашины зогсоол дээр байрлуулсан С.Д ийн эзэмшлийн ... улсын дугаартай “Lexus HS250” загварын тээврийн хэрэгслийг зогсоолд тэгшхэн байрлуулсангүй гэж урд буфер, буферны зайн мэдрэгч, зүүн талын толь зэргийг өшиглөж гэмтээн 747.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.У ын: ...би тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын буфер, толь руу баруун хөлөөрөө тус бүр нэг удаа өшиглөсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Хохирогч С.Д ийн: “...манай эгч над руу залгаад машины толь хугалсан байна, ирээд үзээрэй гэж хэлсэн. Тэгээд очиж үзэхэд зүүн талын толь хугарсан, урд талын буферны будаг нь арилсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

Гэрч С.Ц ийн: ...Маргааш өглөө нь харахад Д ийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын толь нь хугарсан, урд буфер нь зурагдсан байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.У  нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 46 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.У ыгБусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Б.У  нь “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг болохыг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.У  нь хохирогч С.Д д хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.У ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Б.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.У  нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Б ийн У ыг Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.