Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт П ийн Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, ... ХХК-д оператороор ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, ..... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б  овогт П ийн Б  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар.  

Шүүгдэгч П.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... төвийн 5 давхарт байрлах ... технологи ХХК-д операторчоор ажиллаж байхдаа байгууллагаас түүнд ашиглуулахаар итгэмжлэн өгсөн 2.790.000 төгрөгийн үнэлгээ бүхий Макбүүк загварын зөөврийн компьютерыг барьцаат зээлийн газар барьцаанд тавьж, зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б гаас: ....Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй... гэв.

 

Шүүгдэгч П.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн үед найз Н ын гэрээс ганцаараа гараад М н гэр рүү машин унаад явж байх үед 3, 4 дүгээр хорооллын байран дундах туслах замаар явж байхдаа машин мөргөсөн. ...Тэгээд уг машины эзэнд 1.600.000 төгрөг өгөхөөр болж ярьж тохирсон. Миний хувьд 1.600.000 төгрөгийг шууд өгөх боломжгүй байсан тул найзуудтайгаа холбогдож хохирлын мөнгийг цуглуулж өгсөн. Тэгээд маргааш нь манай найзууд надаас мөнгөө нэхэж эхэлсэн. Би менежер М ийн эзэмшлийн зөөврийн компьютер Макбүүкийг гэрээсээ аваад модны 2-ын “...” гэх нэртэй ерөнхий боловсролын сургуулийн эсрэг талд нь байрлах “... гэх нэртэй ломбарданд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд зөөврийн компьютер Макбүүкийг 1.600.000 төгрөгөнд тавьсан. Би дээрх 1.600.000 төгрөгийг мөнгө зээлж авсан хүмүүсдээ тарааж өгсөн. Би дээрх зөөврийн компьютер Макбүүкийг ломбарданд тавьсан тухай ажлын газрын менежер М д хэлээгүй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үдээс хойш гэртээ байхад М  надруу залгаж Макбүүкийг авч яваагүй юу гэж асуухад нь би авч яваагүй, ажил дээр үлдээсэн гэж хэлээд утсаа салгасан. Би тэр үед сандраад бас айснаасаа болоод менежер М д ломбарданд тавьсан тухайгаа хэлж чадаагүй өнгөрөөсөн. Намайг гэртээ байхад М  надруу дахин залгаж цагдаатай ярьчих гээд утсаа цагдаад өгсөн ба цагдаа надад ажил дээрээ ирнэ үү, мэдүүлэг авна гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө ломбарданд тавьсан Макбүүкээ 1.760.000 төгрөгийг төлж авсан. Тэгээд би 11 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ ирээд М ийн Макбүүкийг эргүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 11-13 цагийн хооронд Б  надруу залгаад ажлын макбүүк алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би орой 18 цагийн үед “...” төвийн 5 давхарт байрлах оффис дээрээ ирээд ажил дээр байсан хүмүүсээс Макбүүк авсан эсэх талаар асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Би Б  руу фэйсбүүк чатаар холбогдож “авсан хүн байдаггүй, авахаар бол уг нь асууж авдаг л хүмүүс байна даа, камер шүүж үзэхээс” гэсэн утгатай мессеж бичихэд Б  над руу “тэгээрэй, санаа зовж байна, камер шүүгээрэй” гэж хариу бичсэн. Би “цагдаа дуудлаа шүү" гэхэд Б  “тэг тэг, найз нь гэрчээр мэдүүлэг өгье” гэх утгатай зүйл ярьсан. Тэгэхээр нь би үнэхээр алга болсон юм байна бодож 102-т дуудлага өгсөн. Цагдаа нар 19 цагийн орчимд ирсэн ба бүх нөхцөл байдлыг тодорхой болгож, хэн авсан талаар надад мэдэгдсэн. Уг Макбүүкийг Б  авсан байсан. Энэ талаар надад урьдчилж мэдэгдээгүй. Цагдаагийн газар ирж Б  мэдүүлэг өгсөний дараа надад бүх учраа хэлж өгсөн. Тэгээд алга болсон гэх Макбүүкийг ломбарданд тавьсан байсан. Бүтэнсайн өдөр Б  надтай холбогдоод Макбүүкийг ажил дээр авчирсан гэж хэлсэн. Дээрх Макбүүкийг 2021 оны 9 эсвэл 10 дугаар сард зайлшгүй ажпын шугамаар хэрэглэх нөхцөл бүрдэж, компанийн удирдлагуудад би хүсэлт тавьсаны үндсэн дээр 2 ширхэг ягаан, саарал өнгөтэй Макбүүкийг худалдан авч байсан. Хэн нэгний хувьдаа ашиглах гэж авсан Макбүүк бол биш юм. Дээрх 2 Макбүүк нь манай гүйцэтгэх захирал Бүүвэй эсвэл миний нэр дээр бүртгэлтэй байгаа, яг хэн дээр байгааг мэдэхгүй байна. Тэгэхээр уг Макбүүк нь “... технологи” ХХК-ийн эзэмшлийн Макбүүк мөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

            Дамно ХХК-ийн ...зах зээлийн үнэлгээгээр нийт 2.790.000 төгрөгөөр үнэлэгдэв... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

... ХХК-ийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хөрөнгө бүртгэх тухай гүйцэтгэх захирлын тушаал, үндсэн хөрөнгийн тайлан /хх-ийн 22-24, 46-49 дүгээр хуудас/,

... ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/, 

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч П.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Б гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч П.Б нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... төвийн 5 давхарт байрлах ... технологи ХХК-д операторчоор ажиллаж байхдаа байгууллагаас түүнд ашиглуулахаар итгэмжлэн өгсөн 2.790.000 төгрөгийн үнэлгээ бүхий Макбүүк загварын зөөврийн компьютерыг барьцаат зээлийн газар барьцаанд тавьж, зарцуулах эрхгүй этгээд болохоо мэдсээр байж хувьдаа авч завшсан болох нь:

Шүүгдэгч П.Б гийн: ...Би менежер М ийн эзэмшлийн зөөврийн компьютер Макбүүкийг... “... гэх нэртэй ломбарданд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн орчимд 1.600.000 төгрөгөнд тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Хохирогч Б.М ийн: “...Уг Макбүүкийг Б  авсан байсан. Энэ талаар надад урьдчилж мэдэгдээгүй. ...Макбүүк нь “...” ХХК-ийн эзэмшлийн Макбүүк мөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

... ХХК-ийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хөрөнгө бүртгэх тухай гүйцэтгэх захирлын тушаал, үндсэн хөрөнгийн тайлан /хх-ийн 22-24, 46-49 дүгээр хуудас/,

... ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч П.Б нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 66 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

 

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ “... ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгууллан ажилладаг байсан байх бөгөөд компаниас нь өөрт нь ашиглуулахаар өгсөн макбүүк буюу зөөврийн компьютерийг өөрийн зээлийг төлөхийн тулд хувьдаа авч завшсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Б гБусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч П.Б нь хохирогч Б.М д Air загварын макбүүкийг буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч П.Б г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч П.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт П ийн Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б г 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.