Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 180

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч С.Г, хариуцагч Л.Ц, З.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан “Ю” ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Л.Ц З.Ц нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийв.

            Гомдол гаргагч: “Ю” ХХК /РД:56196../

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Л.Ц, З.Ц

            Гомдлын шаардлага: Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Л.Ц, З.Ц нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0290925 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдолдоо: “Гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай “Ю” ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагдаж гадаад худалдаа, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, НӨАТ төлөгч аж ахуйн нэгж болно.

            Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2017 оны 11 дүгээр сард дуудаж, манай байгууллагын 2016 оны санхүүгийн баримтыг шаардсан. Шаардсан санхүүгийн баримт бичиг, нотлох баримттай нь тайлбарлаж, танилцуулсан.

            Татварын албанаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичсэн, гарын үсэг зурахыг” мэдэгдэхэд бид НӨАТ-ын падаан нь үнэхээр манайхаас гарсан бодит зардал байсан тул бид “хүлээн зөвшөөрөхгүй байна” гэдгээ хэлж “бараа худалдаж авсан хуулийн этгээдийн лангуу, агуулахын хаягийг хэлж, тайлбарлаад байхад хүлээж аваагүй. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр буюу нэг жилийн хугацаа өнгөрсний дараа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0290925 тоот шийтгэлийн хуудсыг шуудангийн хаягаар илгээсэн.

            Шийтгэлийн хуудсанд 27.272.727 төгрөгийн НӨАТ-ын татвар, 13.636.363 төгрөгийн алданги, торгууль нийт 40.909.091 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:          1. Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.

             Татварын улсын байцаагч нарын төлбөр төлүүлэх болсон хуулийн үндэслэл нь: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалт.

            Тодруулбал, хяналт шалгалтын актад: “Д” ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23103766 тоот падаанаар 39.315.636 төгрөгийн, 23103767 тоот падаанаар 143.636.363 төгрөгийн, 23103765 тоот падаанаар 89.775.272 төгрөгийн нийт 272.727.272 төгрөгийн хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д "Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасан заалтыг зөрчсөн гэж ташаа дүгнэсэн.

            Тус хуулийн заалтаар бол бэлтгэн нийлүүлэгчид 1 дүгээрт НӨАТ төлсөн нь нэхэмжлэл, 2 дугаарт НӨАТ-ын падаан болон 3 дугаарт бусад нягтлан бодох баримт тусгагдсан бол албан татварыг хасч тооцохоор хуульчилсан.

            Албан татварыг хасч тооцох нь үндэслэлтэй байсан гэж дараах нотлох баримтын талаар. Үүнд:

            1.2 Бараа материал худалдах, худалдан авах гэрээ “Д" ХХК нь болон “Ю” ХХК нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дээрх гэрээ байгуулагдсан байдаг.

            Гэрээний нөхцөл, зорилго нь худалдагч болох “Д” ХХК нь худалдан авагч болох “Ю” ХХК-ийн захиалгын дагуу стандартын шаардлага хангасан, доголдолгүй, дотоод заслын бараа материалыг нийлүүлэх, борлуулах, мөн гэрээний дагуу төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулах нөхцөлтэй. /Гэрээний 1.1, 2.1-д/ Тус гэрээний дагуу “Д” ХХК-иас бараа материал худалдан авч, хариуд нь төлбөрийг төлж барагдуулсан.

            1.3 Төлбөрийн баримт

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т ““төлбөрийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийн таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ” гэж хуульчилсан.

            Бараа, материал худалдан авахдаа “Д” ХХК-д төлбөрөө төлөөд, төлбөр тооцоо хийгдсэнийг гэрчлэх НӨАТ-ын төлбөрийн баримтыг гаргуулж авсан. Гэрээний дагуу үнийн дүнд НӨАТ орсон байгаа. /Гэрээний 2.1/ худалдаж авсан болно.

            Дээрх төлбөрийн баримт нь хуульд заасны дагуу “дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гарсан...” баримтаар нотлогдож байх тул татварын улсын байцаагч нарын төлбөр ногдуулсан шийтгэл нь нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гэж үзэж байгаа.

            1.4 Худалдаж авсан бараа, материалын төлбөр төлсөн кассын баримт

            Дээрх гэрээт ажлын явцад НӨАТ-ын падаанаар бараа материал худалдан авч, худалдан авагчид төлсөн төлбөр нь кассын баримтаар нотлогдож байгаа бөгөөд төлж барагдуулж, төлбөрийн баримтаар баталгаажуулж, хууль ёсны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ” гэж заасны дагуу тухайн баримтуудыг нэгтгэн гурван НӨАТ-ын падаан бичүүлэн авсан болно.

            1.5 Хоёр тал татварын тайландаа тайлагнаж, бичилт хийсэн.

            Манайх болон “Д” ХХК аль аль нь тухайн худалдан авалтын талаар татварын тайландаа орлого, зарлага талдаа бичиж баталгаажуулсан. Үүнийг татварын цахим сайтаас “Д” ХХК-ийн болон манай татварын тайлангаас харах боломжтой.

            Эцэст нь дүгнэж хэлэхэд, “Ю” ХХК тухайн үед У х Ш-Л зочид буудлын худалдааны төвийн дотор засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэн биелүүлэх туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба тус ажлын бараа, бүтээгдэхүүнийг зарим хэсгийн “Д” ХХК-ийн гэрээний дагуу бодит худалдан авалт хийж, ажлаа дуусгасан.

            Тодруулбал, манайх “Д” ХХК-иас авсан бараагаа, Ш-Л зочид буудлын худалдааны төвийн ажилдаа ашигласан. Хууль, журмын дагуу татварын тайландаа тусгаж, тайлагнасан байдаг. Түүнээс хууль зөрчсөн.

            Иймд Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу хэрэглэсэн, татварын хянан шалгалт хийж нийт 40.909.091 төлбөр төлүүлэх шийдвэр гаргахдаа нотлох баримт болох нэхэмжлэл, падаан, болон бусад баримтад үндэслээгүй Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Л.Ц, З.Ц нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 029095 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.Ц, З.Ц бид Татварын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/3058 тоот албан бичиг, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, хяналт шалгалтын 24171100648 тоот томилолтыг үндэслэн 56196.. дугаарын регистртэй “Ю” ХХК-ийн 2016 оны татварын ногдуулалт төлөлтөд хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн.

            2016 онд 52408.. тоот регистрийн дугаартай “Д” ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23103766 тоот падаанаар 39,315,636.36 төгрөгийн, 23103767 тоот падаанаар 143,636,363.64 төгрөгийн, 23103765 тоот падаанаар 89,775,272.73 төгрөгийн, нийт 272,727,272.73 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны шивэлт хийлгэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй.” гэж заасан заалтыг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.4-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.”, Татварын ерөнхий хуулийн 74 дугаар зүйлийн 74.1-т “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг тусгасан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.”, 74.1.4-д “Тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өгөх”, Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 4-д “3өрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.” гэж заасныг үндэслэн 272,727,272.73 төгрөгийн зөрчилд 27,272,727.30 төгрөгийн нөхөн татвар, 8,181,818.20 төгрөгийн торгууль, 5,454,545.50 төгрөгийн алданги ногдуулсан.

            Бид татварын хяналт шалгалт хийхдээ Цагдаагийн ерөнхий гарзын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10д/5595 тоот албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/3058 тоот албан бичгийн хавсралтад “Д” ХХК-ийн НӨАТ-ын хуурамч падаанаар татвар төлөх орлогоо бууруулсан татвар төлөгчийн мэдээлэлд “Ю” ХХК орсныг үндэслэсэн. Мөн Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр тогтоолд "Д” ХХК нь нэр бүхий аж ахуй нэгжүүдэд нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж олгосон гэдгийг нотлох баримтад үндэслэн тогтоосон байдаг.

            “Ю” ХХК нь барилгын материал худалдан авсан. Төлбөрийг бэлэн мөнгөөр хийсэн гэсэн тайлбар өгсөн бөгөөд худалдан авалтын падаан, гэрээ, кассаас бэлэн мөнгө гарсан баримт, “Д” ХХК-ийн бэлэн мөнгө хүлээн авсан баримт авчирч өгсөн, худалдаж авсан бараа материалыг бараа материалын журналд хэрхэн бүртгэсэн, хэрхэн тооцуулсан талаарх холбогдох санхүүгийн баримт авчирч өгөөгүй болно.

            “Ю” ХХК-ийн нягтлан бодогч Ц.Ч бидний бичгийн 0290925 тоот шийтгэлийн хуудсыг зөвшөөрөхгүй гэдгээ утсаар мэдэгдсэн тул 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шуудангаар хүргүүлсэн.

            Тус компани татварын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн маргаан таслах зөвлөлд хандсаныг зөвлөл хянан хэлэлцээд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 017 тоот тогтоолоор татварын улсын байцаагчийн бичсэн 0290925 тоот шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй байна гэж үзэж хэвээр баталсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.Ц, З.Ц нар Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10д/5595 дугаар албан бичиг[1], Татварын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07/3058 дугаар албан бичиг[2], хяналт шалгалт хийх томилолтыг[3] үндэслэн “Ю” ХХК-ийн 2016 оны татварын ногдуулалт, төлөлтөд шалгалт хийж, “2016 онд “Д” ХХК-иас 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23103766 тоот падаанаар 39,315,636.36 төгрөгийн, 23103767 тоот падаанаар 143,636,363.64 төгрөгийн, 23103765 тоот падаанаар 89,775,272.73 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны шивэлт хийлгэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулсан” гэж дүгнээд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0290925 дугаар шийтгэлийн хуудсаар 272,727,272.73 төгрөгийн зөрчилд 27,272,727.30 төгрөгийн нөхөн татвар, 8.181,818.20 төгрөгийн торгууль ногдуулж, 5,454,545.50 төгрөгийн алданги тооцжээ.

            “Ю” ХХК нь “Ш.У.Х” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд ажил гүйцэтгэхтэй холбогдуулан “Д” ХХК-иас 2016 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд 16 удаа бэлэн мөнгөөр бараа, материал худалдан авсан бөгөөд энэхүү бараа, материалын төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтад тооцох ёстой гэж маргасан.

Шүүх “Ю” ХХК нь “Д” ХХК-иас бодитоор бараа, материал худалдан авсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Хэдийгээр гомдол гаргагч болон “Д” ХХК-иудын зүгээс тайлбар, кассын зарлагын болон орлогын ордерууд, падаан, Бараа материал худалдах, худалдан авах гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн ч бараа материал болон хариу төлбөрийг бодитоор харилцан  шилжүүлсэн гэдэг нь, мөн тухайн бараа, материалыг “Ш.У.Х” ХХК-ийн барилгын ажилд ашигласан гэдэг нь хангалттай нотлогдохгүй байна.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн “2016 оны 01 дүгээр сараас 05 дугаар сарын хооронд 16 удаа бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийсэн..., өглөө 08 цагаас орой 20 цаг хүртэл том машин явуулахгүй, ачаа зөөлгөхгүй байсан бөгөөд өглөө 07 цагт ачаагаа аваад ирдэг учраас бэлэн мөнгөөр тооцоо хийж байсан..” гэх тайлбарыг үндэслэл бүхий, бодит тайлбар гэж үзэхээргүй байна.

Шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой бөгөөд гомдол гаргагч бараа материал худалдан авсан, төлбөрийг шилжүүлсэн, тухайн бараа материалыг ашигласан тухайгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд Бараа, материал худалдах, худалдан авах гэрээний үүрэг бодитоор биелэгдсэн бол энэ талаарх нотлох баримтыг зөвхөн гомдол гаргагч шүүхэд гаргаж өгөх боломжтой ба энэхүү боломжийг шүүх  хязгаарлаагүй.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”,  18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэж заасан боловч нэхэмжлэгч “Ю” ХХК энэхүү үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4-д “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.1-д “Хуульд заасны дагуу нөөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхгүй байна”  гэж тус тус заасны дагуу хариуцагч татварын улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Ю” ХХК-ийг оролцуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч нар тус компанийн баримт, материалыг тухайн компанийн нягтлан бодогчоос гаргуулан авсан, түүнтэй утсаар холбогдож байсан, гомдол гаргагч ийнхүү ямар асуудлаар шалгагдаж байгаагаа мэдэж байсан зэргээс дүгнэхэд гомдол гаргагчийн ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлаагүй байна. “Д” ХХК нь бусад аж ахуй нэгжид бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын 42 падаан хуурамчаар бичиж татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэх үйлдэл нь Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг хаагдсан байна. Энэхүү эрүүгийн хэрэг маргаан болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагч зохих ёсоор оролцож байсан, өөрийнх нь үйлдэл нь шалгагдаж байгаа гэдгийг хангалттай мэдэж байжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “...уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ” гэж зааснаар худалдан авалтуудаа нэгтгэн 3 падаан бичсэн гэж гомдол гаргагч тайлбарладаг. Гэтэл хуулийн дээрх заалт нь нэг өдөрт хийгдсэн хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээний төлбөрийг хамтатган падаан үйлдэх тухай зохицуулалт учраас гомдол гаргагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.  

Мөн “Бараа, материал худалдах, худалдан авах гэрээний дагуу “Д” ХХК нь олсон орлогоосоо татвар төлсөн бөгөөд давхардуулан “Ю” ХХК-д татвар ногдуулж байна” гэх гомдол гаргагчийн тайлбарын тухайд. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, төсвөөс буцаан олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршдог бөгөөд үүнийг хоёр компанид давхардуулан татвар ногдуулсан гэж үзэх боломжгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Татварын ерөнхий хууль /2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан “Ю” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн татварын улсын байцаагч Л.Ц, З.Ц нарын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0290925 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтас 51 дүгээр хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтас 52 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтас 45 дугаар хуудас