Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2048

 

О.О, А ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01731 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.О, А ХХК,

Хариуцагч М ХХК, У ТӨХК-д холбогдох,

 

М ХХК болон О.О нарын хооронд байгуулсан 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс түүний зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг У ТӨХК-д даалгуулах, О.О нь дулааны төвийн шугамнаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг эзэмших эрхтэйг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй,

М ХХК-ийн 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.5, 4.12 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг цуцлах сөрөг нэхэмжлэлтэй,

А ХХК-ийн М ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийн насос, ЦТП-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Жинхэнэ уянга ХХК-ийн Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д өөрийн хөрөнгөөр суурилуулсан дулааны ялтсан бойлерийг ашиглах, хамгаалах эрхэд саад учруулж буй О.Огийн үйлдлийг таслан зогсоож, уг хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

Зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гүндалай,

Нэхэмжлэгч О.Огийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг,

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив,

Хариуцагч У ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

П.Алтанцэцэг,

            Гуравдагч этгээд Далай омбо ХХК, Эх газрын эрдэнэс ХХК, Сипоко ХХК, Гантулга бор ХХК, Бөхбат ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Пүрэвдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.О шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гүндалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.О болон М ХХК-ийн хооронд 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээ байгуулагдаж, үүний дагуу хамтран ажиллах болж, манайх газраа өгч, М ХХК нь дулааны шугам татах асуудлыг шийдэж, Зайсанд ЦТП буюу дулаан дамжуулах төвийг барьсан. Гэтэл хариуцагч М ХХК гэрээний 4.3, 4.7 дахь заалтыг зөрчиж бидний зөвшөөрөлгүй гуравдагч этгээдээс хөрөнгө оруулалт авч, дулаан дамжуулсан байсан. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 793 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 523 дугаар тогтоолоор М ХХК нь О.Отэй байгуулсан 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнийхээ 4 дүгээр зүйлийн 4.3, 4.7 дахь заалтуудыг зөрчсөнийг тогтоосон боловч хариуцагч нь гэрээний заалтаа биелүүлэхгүй өнөөдрийг хүрлээ.

Ямар гуравдагч этгээдүүд дулаан авсныг бид тогтоох боломжгүй байна, яагаад гэвэл бид УБДС ТӨХК руу албан бичиг явуулсан, шүүхээс мөн УБДС ТӨХК руу албан бичиг явсан. Гэтэл дулаан авсан гэх гуравдагч этгээдүүдийн нэр зөрүүтэй, зарим нь огт мэдэгдэхгүй байгаа. Бид 01 тоот гэрээнд заасны дагуу бидний хэн аль нь зөвшөөрөл авалгүй дулаан ашиглаж байгаа этгээдүүдийг гуравдагч этгээд гэж үзэж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа Эй Ди энд би ХХК, Эм Си Эс проперти ХХК, Ханбэлчир ХХК, Сипоко ХХК зэрэг компаниуд гэж нэр зааж байсан боловч ингэх боломжгүй юм байна гээд шаардлагаа гуравдагч этгээдүүд гэж өөрчилсөн. Гэхдээ 2 талын зөвшөөрлийг авсан Жинхэнэ уянга ХХК, Эс Девелопмент ХХК, Сипоко ХХК, ИНЭЛ ХХК, Америк сургууль зэрэг компаниуд байгаа, бусад нь зөвшөөрөл аваагүй.

Гэрээний нэг тал болох М ХХК гэрээний зарим заалтыг ноцтой зөрчиж, дур мэдэн дангаараа бусдад дулаан өгсөн явдлыг таслан зогсоолгож, цаашид дахин давтан гаргуулахгүй байх болно. Бидний байгуулсан гэрээний 4.3, 4.7-д тодорхой заасан байгаа. Хэрэв дулааныг хамаагүй өгөх юм бол хоёр тал өөрсдөө дулаанаар гачигдахад хүрэх юм. М ХХК гэрээний дээрх заалтыг удаа дараа зөрчсөөр ирсэн бөгөөд түүнийг анхан шатны шүүх 3 удаа, Улсын Дээд шүүх 2 удаа тогтоож, таслан зогсоох арга хамжээг авах үүргийг тус компанид өгсөөр ирсэн. Улсын Дээд шүүхийн 523 дугаар тогтоолоор “...М ХХК Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны тухай 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот гэрээний 4.7 дахь заалтыг зөрчиж, гуравдагч этгээдэд дулаан өгсөн болох нь тогтоогджээ” гэж дүгнэсэн. М ХХК нь аль ч шүүхийн ямар ч шийдвэрийг биелүүлэхгүй байна. Бид тухайн гэрээг хийх үед тусгай зөвшөөрөл авч байгаагүй, авах ч шаардлага байгаагүй. Хоёр тал ЦТП-г өөрсдийн хэрэгцээндээ ашиглахаар барьж байгуулсан бөгөөд гуравдагч этгээд, бусдад дулаан дамжуулах гэж тохиролцоогүй.

Бид хүчин төгөлдөр гэрээний дагуу шаардаж байгаа учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. Харин бие даасан шаардлага нь хууль болон гэрээнд заагаагүй шаардлага байна. Манай нэхэмжлэлд хамаагүй. Жинхэнэ уянга ХХК нь манайхаас зөвшөөрөл аваагүй байж байгаад сүүлд бид тохиролцож, манайд 100 000 000 төгрөг төлж, манайхаас дулаан авах зөвшөөрлийг өгчихсөн байгаа. Энэ мэтээр бид хэрэв тохиролцож чадвал манайх зөвшөөрлийг өгөхгүй гээгүй, өгнө хамгийн гол нь манайхаас зөвшөөрөл аваагүй олон гуравдагч этгээд байна гэжээ.

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх М ХХК-тай 2008, 2009 онд 4 төрлийн гэрээ байгуулсан. Гэрээнүүдээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсрах ажлыг 1 734 442 700 төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Манайх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, дулааны шугам сүлжээ, ЦТП-ийн тоног төхөөрөмжийг угсарч бүрэн хүлээлгэн өгсөн. Одоо тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа. Гэтэл захиалагч буюу хариуцагч нь манайд төлөх мөнгөө төлөөгүй байна.

“Бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажил гүйцэтгэх тухай” 2008 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 08/32 тоот гэрээний 5.4, “Тоног төхөөрөмж нийлүүлэх тухай” 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09/26 тоот гэрээний 5.3-т тодорхой заасан. Иймд Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан Systherm фирмийн 11630 kW ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийн насос, ЦТП-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Манай шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцач М ХХК нь маргахгүй бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул манайхтай холбоотой нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч М ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний нөхцөл биелэгдээгүй гэж үзэж байгаа. О.О нь гэрээний 3.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 178 тоот техникийн нөхцөл нь хүчингүй болсон, гэрээний 3.2-т заасан ЦТП-ийн барилгын зургийг хийлгээгүй, гэрээний 3.3-т заасан ЦТП-ийн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах үүргээ огт биелүүлээгүй, энэ нь гэрээгээр хүлээсэн 4 үүргийн 3-ыг биелүүлээгүйг харуулдаг. Харин манай компани 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдөр "Жи Ди энд Би" ХХК, "Эм Си Эс" ХХК, иргэн Л.Ганбаяр, "Зайсан максим" ХХК, "Ханбэлчир" ХХК нарын хамтаар Эрчим хүчний ерөнхий газрын ерөнхий хэлтсээс дулааны хэрэглээ 7.0 Гкал/ц, үүнээс халаалт 4.5 Гкал/ц, хэрэглээний халуун ус 2.5 Гкал/ц хүчин чадалтай байх 07/2009 тоот техникийн нөхцөл өвч Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талаар байрлах төв шугамаас дулааны шугам салбарлан татах, шугам сүлжээ барьж байгуулах, ЦТП буюу дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмж, барилга зэргийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан. Энэхүү техникийн нөхцөл нь дээр дурдсан хуулийн этгээдүүд болон иргэний нэр дээр гарсан тул уг ажлыг хийхэд хоорондоо гэрээ байгуулан гүйцэтгэсэн байгаа.

Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээний 4.5-д "талууд оруулсан хөрөнгө оруулалтаа мөнгөн дүнгээр илэрхийлэхгүй бөгөөд хөрөнгө оруулалтын талаарх маргаан болон харилцан мөнгөн дүнгийн нэхэмжлэл гаргахгүй" гэж заасан, түүнчлэн 4.12-т "...гэрээнд заасан асуудлаар шүүхэд маргаан гаргаж хандахгүй" гэж заасан байхад нэхэмжлэгч тал нь хэдэн ч удаа шүүхэд нэхэмжлэл гаргав. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээний 2 дугаар зүйлд зааснаар дулааны шугам сүлжээ, ЦТП-ийн тоног төхөөрөмжийг суурилуулах үүрэг нь манай компанид байсан бөгөөд бид энэ үүргээ давуулан биелүүлсэн. Харин нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, үүгээр зогсохгүй гэрээний 1-д заасан зорилго биелэгдээгүй тул бид гэрээнээс татгалзан гарсан юм. Нэгэнт гэрээнээс татгалзан гарсан, О.Отэй холбогдох тооцоог хийж дуусгасан тул нэхэмжлэгч нь манай компанийн бусад этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэл гаргах эрхгүй.

Сөрөг нэхэмжлэлдээ, 01 тоот гэрээний 4.5, 4.12 дахь заалтууд нь Үндсэн хууль, Иргэний хуульд нийцэхгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. 01 тоот гэрээний 3.1-д заасан ЦТП-ийн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах үүргээ огт биелүүлээгүй, энэ нь гэрээгээр хүлээсэн 4 үүргийн 3-ыг биелүүлээгүйг харуулдаг. Иймд талуудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээг цуцалж өгнө үү. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Зайсанд байрлах Хөх тэнгэр цогцолбор хотхоныг барьж ашиглалтанд оруулсан. Уг хотхоны дулаан, цэвэр бохир усны асуудлыг шийдвэрлэх, дулааны шугамыг төвийн шугамтай холбох ажлыг хийлгэхээр "А" ХХК-тай 2008 оны 08 дугаар сарын 12-ны өдөр "Бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж хотхоны гадна дулааны шугам сүлжээг угсрах ажлыг, 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдөр "Тоног төхөөрөмж нийлүүлэх тухай" гэрээг байгуулж Швед улсад үйлдвэрлэгдсэн Systherm фирмийн 11630 kW ялтаст дулаан солилцуурын иж бүрдлийг дагалдах тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэх, угсрах ажлыг, 2009 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж ялтсан дулаан солилцуур угсрах ажлыг, 2009 оны 07 дугаар сарын 28-ны өдөр "Тоног төхөөрөмж нийлүүлэх тухай" гэрээг байгуулж 90 кВт-ын хүчин чадалтай иж бүрдэл 3 ком насос, инвектор, конпенсатрыг дагалдах тоног төхөөрөмж, туслах материалын хамт нийлүүлэх ажлыг тус тус хийж гүйцэтгүүлсэн.

Ажил 1 734 442 700 төгрөгийн өртөгтэй байсан. Манайх 516 398 210 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1 218 044 490 төгрөгийг төлөөгүй, төлж чадахгүй байгаа учир дээрх тоног төхөөрөмж, угсрагдсан зүйлийг "А" ХХК-ийн өмч болохыг тогтоохыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Манай 2 компанийн хооронд ажил гүйцэтгэх гэрээнүүдтэй холбоотой маргаан нь энэ хэргийн нэхэмжпэгч О.О, хариуцагч "У" ТӨХК болон "Жинхэнэ-Уянга" ХХК-иудад огт хамааралгүй гэжээ.

Хариуцагч У ТӨХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Эрчим хүчний газрын Техникийн нөхцөл олгох комиссын 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 07/2009 тоот техникийн нөхцөл, зургийн дагуу гадна дулаан шугам, тоног төхөөрөмжийн монтаж угсралтын үеийн техник ашиглалт аюулгүй ажиллагааны дүрэм, барилгын норм дүрмийн дагуу хийж байгаа эсэхэд манай байгууллагын инженер, техникийн ажилчид ажил үүргийнхээ дагуу хяналт тавьж ажилладаг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заасны дагуу "Эй Ди энд Би" ХХК, "Эм Би Эс" ХХК, "Зайсан максим" ХХК, "Ханбэлчир" ХХК, "Сипоко" ХХК, "Эс девелопмент" ХХК-иуд, иргэн Л.Ганбаяртай дулааны эрчим хүч хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбосон нь хууль зөрчөөгүй.

Манай компани нь Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлд "Эрчим хүчний хангамж, хэрэглээг түдгэлзүүлэх" тухай заасан заалтыг зөрчөөгүй тул дээрх компани, иргэнтэй байгуулсан дулааны эрчим хүчээр хангах гэрээгээ цуцлах, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хөндөх, зөрчих эрх бидэнд байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

ЦТП барих нь өвлийн улиралтай улс орнуудад зардал ихтэй, мөнгө шаардсан ажил. Харин барууны улс орнуудад улсаасаа хөрөнгө авч барьчихаад буцаагаад улсдаа өгдөг хуультай. Харин энэ тохиолдлын хувьд хотоос төсөв мөнгө гарах боломжгүйн улмаас иргэд өөрсдөө ЦТП барьсан, үүнээс үүдэлтэй маргаан үүссэн болж харагддаг. ЦТП-г "М" ХХК барьсан болох нь тэдний санхүүгийн баримтаас харагддаг. Манай улсын хувьд ЦТП барихдаа европын улс орнуудын жишгийг судлаасай гэж хүсэж байна. Бие даасан шаардлагын хувьд тусгайлан хэлэх зүйл байхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Жинхэнэ уянга ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн баруун хойд хэсэгт баригдсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжийг барихад манай компани тодорхой хөрөнгө оруулсны үндсэн дээр өөрийн барьсан барилгыг дулаанаар хангаж байгаа. Гэтэл О.Огийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Манай компани 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр М ХХК-тай 10/021 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Зайсангийн аманд байрлах тус компанийн дулааны Ф315 диаметртэй шугамнаас салаалан татах эрхийг авч, өөрийн барьж буй барилгад шаардагдах 10 Гкал/ц дулааны эх үүсвэрээр хангагдах, манай зүгээс 70 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцож талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, манай компани дулааны үндсэн шугамаас өөрийн хөрөнгөөр салбар шугамыг барьж ашиглаж байгаа болно.

Нэхэмжлэгч шаардлагадаа дурдаад байгаа дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад манай компани хөрөнгө оруулсан болох нь энэ гэрээгээр нотлогдож байгаа. Түүнчлэн уг дулаан дамжуулах төвийн барилгын 1 дүгээр давхар нь М ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн барилга байсан бөгөөд бид энэхүү барилгад өөрийн хөрөнгөөр дулааны ялтсан бойлер суурилуулсан дулаанаар хангахад ашиглаж байна. Дулааны төв шугамаас дулаан салбарлан авах 07/2009 тоот техникийн нөхцөлийг "М" ХХК, "Жи Ди энд Би" ХХК, "Эм Си Эм" ХХК, "Зайсан максим" ХХК, "Ханбэлчир" ХХК-иудад болон иргэн Л.Ганбаяр нар нийлж Эрчим хүчний газраас 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдөр авсан байна. Уг техникийн нөхцөлийн дагуу 7 Гкал/ц бүхий дулааны хэрэглээг зөвшөөрсөн, үүнээс хариуцагч болон гуравдагч этгээд компаниуд салбарлан авсан байна. Гэтэл О.О нь 2010 онд авсан 35/2010 тоот Гкал/ц дулааны хэрэглээ зөвшөөрсөн техникийн нөхцөлийг үндэслэн дулаан авахаар зүтгэж байгаа нь үндэслэлгүй юм.

Маргаж буй дулааны шугам, дулааны төвийг 07/2009 тоот техникийн нөхцөлийн үндсэн дээр барьж байгуулсан болохыг "У" ТӨХК 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 687 тоотоор хариуцагч компанид мэдэгдсэн байна. Иймд Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад манай компани хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д манай компанийн өөрийн хөрөнгөөр суурилуулсан дулааны ялтсан бойлерийг ашиглах, хамгаалах эрхэд саад учруулж буй О.Огийн үйлдлийг таслан зогсоож, уг хөрөнгийг эзэмших ашиглах өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.4, 105.5 дахь хэсэгт заасныг баримтлан "А" ХХК-ийн "М" ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан Швед улсад үйлдвэрлэгдсэн Systherm фирмийн 11630 kW ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийн насос, ЦТП-с Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч "А" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 8 830 163,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "М" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн 8 830 163,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "А" ХХК-д олгож,

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.4, 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт заасныг баримтлан "М" ХХК болон О.О нарын хооронд байгуулсан 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс түүний зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг "У" ТӨХК-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ХААИС-ийн урд байрлах, 1 дүгээр магистрал, дулааны төвийн шугамаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан толгойн зүүн талд байрлах ЦТП хүрэх /буцах/ шугамын 50 хувийг нэхэмжлэгч О.О эзэмших эрхтэйг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын үр ашгийг 50 хувиар хүртэх эрхтэйг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Од холбогдох, хариуцагч "М" ХХК-ийн 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.5, 4.12-т заасан заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2008 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг цуцлах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Од холбогдох Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д манай компани өөрийн хөрөнгөөр дулааны ялтсан бойлер худалдан авч суурилуулан ашиглаж байхад уг дулаан дамжуулах төвийг хамтран эзэмшдэг болсон гэх О.О нь харуул хамгаалалт тавьж дулааны төв рүү оруулж гаргахгүй, өөрийн өмч хөрөнгөө ашиглаж, хамгаалах эрхэд саад учруулсан үйлдлийг таслан зогсоож, цаашид манай компани өөрийн өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах тухай "Жинхэнэ уянга" ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Огээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 533 352 төгрөг, "Жинхэнэ уянга" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "М" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулж буцаан олгож, хариуцагч "М" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Од олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч  О.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн зарим заалтыг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг хангалттай хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 793 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 523 дугаар тогтоолоор М ХХК нь 01 тоот гэрээний 4.3, 4.7 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоож, уг заалтуудыг биелүүлэхийг үүрэг болгосон.

Мөн Улсын Дээд шүүхийн  674 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дахь аялал жуулчлалын цогцолборын Дулаан дамжуулах төв болон түүнд суурилагдсан тоног төхөөрөмжийг М ХХК 50 хувь, О.О 50 хувийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, 01 тоот гэрээний дагуу О.О Дулаан дамжуулах төвийн барилгад нэвтрэх, түүнийг ашиглахад саад болохгүй байхыг үүрэг болгосон. Эдгээр хүчин төгөлдөр шийдвэрүүд нь У ТӨХК-д холбогдох шаардлагыг хангах үндэслэл болж байна.

У ТӨХК нь дээр дурдсан гэрээг бусдын болон О.Огийн эрхийг зөрчилгүйгээр байгуулсан гэдгээ нотолж чадаагүй. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч М ХХК хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл шүүхэд уг нэхэмжлэл хангагдвал нэхэмжлэгч О.Огийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэдгийг хэлсээр байхад анхаарч үзсэнгүй. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг товч дүгнэвэл хариуцагч М ХХК-тай 2008 онд байгуулсан 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн учир гэрээнд заасны дагуу ЦТП-ийн барилгын 50 хувийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байдаг. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.О гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн нь нотлогддоггүй, талуудын хооронд байгуулагдсан 01 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч нь ЦТП барих техникийн нөхцөл, газрын зөвшөөрөл зэргийг бэлэн байлгах үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй байдаг.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаас ХААИС-ийн урд байрлах 1 дүгээр магистрал, дулааны төвийн шугамаас Хан-Уул дүүрийн 11-р хороо, Зайсан толгойн зүүн талд байрлах ЦТП хүрэх /буцах/ шугамын 50 хувийг нэхэмжлэгч О.О эзэмших эрхтэйг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн М ХХК нь нэхэмжлэгч О.Огийн гаргасан үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхээр талуудын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.5, 4.12 дахь заалт нь Үндсэн хууль, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчсөн байна хэмээн үзэж хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний дээрх заалтууд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан мэдүүлэх эрх, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан хуульд заасан эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг тус тус зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна…” хэмээн дүгнэсэн боловч М ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар өмнө шүүхэд хандаж байсан, түүнийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа мэтээр огт үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь М ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. 

            Нэхэмжлэгч О.О нь “М” ХХК болон О.О нарын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс түүний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдүүдтэй холбож, дулаанаар хангах гэрээ байгуулснаа цуцлахыг “У” ТӨХК-д даалгах, “М” ХХК-д холбогдуулан дулааны төвийн шугамаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг О.О эзэмших эрхтэйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба “М” ХХК нь 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн  хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээний 4.5, 4.12 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээг цуцлах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч “А” ХХК нь мөн “М” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан Швед улсад үйлдвэрлэгдсэн “Systherm” фирмийн 11630 кW ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах насос, ЦТП-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар нэгтгэн шийдвэрлэжээ.

            Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон “Жинхэнэ уянга” ХХК нь Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, өөрийн хөрөнгөөр дулааны ялтсан бойлер суурилуулсан дулаан дамжуулах төв буюу ЦТП-д оруулахгүй, хөрөнгөө ашиглаж, хамгаалах эрхэд саад болж байгаа О.Огийн үйлдлийг таслан зогсоож, цаашид саад учруулахгүй байхыг түүнд даалгах бие даасан шаардлагыг гаргасан байна.

            Нэхэмжлэгч О.О, “А” ХХК, гуравдагч этгээд “Жинхэнэ уянга” ХХК-ийн нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагад дурдагдсан дулааны төвийн шугамаас дулаан дамжуулах төв ЦТП хүртэлх дулаан дамжуулах шугам нь Хөдөө аж ахуйн их сургуулиас Хөх тэнгэр хотхон хүртэлх Зайсан толгойн зүүн талаар тойрсон дулааны шугам болох талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч нь “А” ХХК-ийн тус дулаан дамжуулах шугам, түүнд тавьсан тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч О.О дээрх маргаан бүхий гэрээний дагуу уг шугамын 50 хувийн өмчлөгч гэж маргажээ.

            Түүнчлэн хариуцагч “М” ХХК нь дээрх дулаан дамжуулах шугамыг барихтай холбоотой  хөрөнгө оруулалтын гэрээг “Жи Ди Энд Би” ХХК, “Эм Си Эм” ХХК, “Зайсан максим” ХХК, “Хан бэлчир” ХХК зэрэг бусад гуравдагч этгээдүүдтэй хийж, шугамыг эрх бүхий этгээдээс өгсөн техникийн зөвшөөрлийн дагуу өргөтгөсөн, үүнтэй холбоотойгоор “У” ТӨХК нь дулааны эрчим хүчээр хангах гэрээг дурдсан хэрэглэгчидтэй байгуулсан гэж тайлбарласан.

            Шүүх маргаан бүхий дулааны шугамаас дулааны эрчим хүчээр хангагдаж буй аж ахуйн нэгж байгууллагын талаар “У” ТӨХК-иас тодруулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Хан бэлчир, Фуюшин/Ганбаяр/, “Эх газрын эрдэнэс”, Америк сургууль, “Инэл”, “Койнвол” “Далай омбо”, “Гантулга бор” “Рома инвестмент”, “Бөхбат”, “Софт трейд” “М-Си-Эс Проперти” “Эс девелопмент”, “Номин констракшн” “Зайсан максим” “Сипоко” “Жинхэнэ уянга” ХХК-иудыг /17 аж ахуйн нэгж/ гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэж, шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэнээр итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар нь шүүхэд тайлбар, нотлох баримтыг гаргаагүй байна.

            Хэргийн дээрх нөхцөл байдлаас үзвэл маргаж буй дулааны төвийн шугамаас дулаан дамжуулах төв ЦТП, түүнээс татсан Хөдөө аж ахуйн их сургуулиас Хөх тэнгэр хотхон хүртэлх Зайсан толгойн зүүн талаар тойрсон дулаан дамжуулах хэдэн метрийн урттай шугамыг барьж суурилуулахад ямар компани хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхойгүй, уг шугамын ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор зохигчдын хооронд байгуулагдсан 2008 оны 01 тоот гэрээ бодитой хэрэгжсэн, хүчин төгөлдөр гэрээ эсэх буюу  нэхэмжлэгч О.О, “А” ХХК,  гуравдагч этгээд “Жинхэнэ уянга” ХХК-ийн нэхэмжлэлийн болон бие даасан шаардлагад дурдсан өмчлөх эрхтэй холбоотой маргааны үйл баримт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий шугамын хэмжээ, байршил, хэний ямар хэмжээний хөрөнгө оруулалтаар тус шугамыг хийж гүйцэтгэсэн үйл баримт тодорхой байх шаардлагатай.

Шүүх нэхэмжлэгч О.Огийн дулааны төвийн шугамаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг түүнийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хангасан атлаа “А” ХХК-ийн дулааны шугам, түүнд суурилуулсан тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “М” ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэг шугамыг 2 этгээд өмчлөх агуулгатай буюу шийдвэрийн тогтоох хэсгийн заалтууд хоорондоо зөрчилтэй болжээ.

Дээрх байдлаар нэхэмжлэгч нарын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй холбоотой маргааны үйл баримт тогтоогдоогүй, улмаар дулаанаар хангах гэрээг цуцлахыг “У” ТӨХК-д даалгах нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01731 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Огээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагч М ХХК-иас төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ЭНХТӨР

                                    ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ