Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0245

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 885 дугаар шийдвэртэй, Б.Д-н нэхэмжлэлтэй, Хууль зүйн сайд болон Монголын Хуульчдын холбоонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1997 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 242 тоот тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан бөгөөд одоог хүртэл өмгөөлөл хийж байна. 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 213 тоот Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар 2 жилийн хугацаагаар зөвшөөрөл хассан гэдэг тушаал хавсралт материал 10 ширхгийг 2013 оны 05 дугаар сарын 23-ны 7/1914 тоотын хамт аваад хэлмэгдүүлсэн. Үүнийгээ нуугаад 13 жил материал өгөөгүй хохироож өмгөөлөгчийн үнэмлэх өгсөөр байсныг мэдсэн, мөн удаа дараа гомдол, хүсэлтийн хариу өгөхгүй 2003, 2007 оны сонгон шалгаруулалтад оролцуулаагүй зэргийн учрыг мэдсэн холбогдох материалуудыг хавсарган өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан М-н 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 126 тоот тушаалаар 2001 оноос өмнө өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан 500-аад өмгөөлөгчийн хуульчийн шинэ гэрчилгээг сонгон шалгаруулалтад оруулалгүй өгсөнтэй адил би шинэчилсэн гэрчилгээг авсан байх үндэслэлтэй гэдэг нь тодорхой юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарах үеэс эхлэн эрчимтэй хөөцөлдөж бэлтгэл ажлыг хангаж байсан архивын эрхлэгч О, У, Б, З нартай уулзан удаа дараа ам, бичгээр хүсэлт гомдол өгч байсан ч хариу өгөлгүй байсаар 2013 он хүргэсэн. 2013 оны 05 дугаар сарын 15-нд Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б нарт хүсэлт гаргаснаар тодорхойлолт авч яаманд өгсөн. 2014 оны 01 дүгээр сарын 28-нд Монголын өмгөөлөгчдийн холбоогоор уламжлан Монголын Хуульчдын холбоонд тодорхойлолтын хамт өргөдөл хүргүүлсэн. Үүнээс хойш 7 хоног тутамд утсаар асууж лавласаар 2015 оны 09 дүгээр сарын 15-нд Монголын холбооны 1/651 тоот хариуг аваад танайд хандсан юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 90 хоногт хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хугацаанд буюу 2013 оны 05 дугаар сарын 15-нд, 1 сарын дотор хүсэлт, гомдол гаргасан тул Монголын Хуульчдын холбоо нь миний хүсэлтийг шалган тогтоож бүртгэж авах үндэслэл байдаг гэж үздэг. Эдгээр үндэслэлүүд байгаа тул миний буруутай үйл ажиллагаа байхгүй болохоор хөөн хэлэлцэх хугацаа шаардлагатай бол хүндэтгэсэн шалтгаанд тооцон, хохирч байгаа эрхийг сэргээж, Монголын Хуульчдын холбоонд бүртгүүлэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хуульчийн эрх зүйн байдлыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1-т тус тус заасны дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлийг 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол Улсын Хууль зүйн яамнаас эрхлэн явуулсан бөгөөд Б.Д нь уг хуульд заасан хугацаанд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй байна. Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан “хуульч” нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ гаргах шаардлагатай байсан. Гэтэл Б.Д нь Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль /2003/, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль /2007/-д заасан журмын дагуу хуульчийн сонгон шалгаруулалтад оролцож, хуульчийн гэрчилгээ авч байгаагүй байна. Тэрээр нэхэмжлэлдээ ийнхүү сонгон шалгаруулалтад оролцоогүй, хуульчийн гэрчилгээ аваагүй шалтгаанаа тухайн үеийн Хууль зүйн яам, Монголын өмгөөлөгчдийн холбооны буруутай үйл ажиллагаатай холбогдуулан тайлбарласан байх боловч энэ талаарх үндэслэл бүхий нотлох баримт гаргаагүй байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-т “...хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох...” чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан боловч нэхэмжлэгч нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиудын хүрээнд хуульчийн гэрчилгээ авч, улмаар хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлээр Б.Д-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Б, хариуцагч Хууль зүйн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д нь нэхэмжлэлдээ 2003, 2007 онд сонгон шалгаруулалтад оролцуулаагүй гэж дурджээ. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан “хуульч” нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх бөгөөд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаанд хуульчийн гэрчилгээ нь хүчинтэй байна” гэж заасны дагуу тус яам 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 90 хоногийн хугацаанд Хуульчийн гэрчилгээ эзэмшигчийг үндэслэн Хуульчдын нэгдсэн бүртгэл бүртгэх ажлыг зохион байгуулсан. Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2013 оны А/16 дугаар тушаалаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн бүртгэл явуулах бэлтгэл ажлын хүрээнд хуульчийн сонгон шалгаруулалттай холбогдох баримт, тайлан болон гэрчилгээ авсан нийт хуульчдын бүрдүүлсэн баримт бичиг, шалгалтын материал, гэрчилгээ олгосон тухай баримт бичгийг шалган Хуульчдын нэгдсэн бүртгэл гарган ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг тухайн үед тус яамны архив дахь холбогдох баримт материалыг шүүн Хуульчдын мэдээллийн санг бүрдүүлсэн. Үүний дараа Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн хуульчийн баримт бичгийг хуульчийн мэдээллийн сан дахь мэдээлэлтэй тулгаж, тухайн хуульчийн баримт бичиг нь хуульчийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй таарч байгаа тохиолдолд Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн. Иймд хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ аваагүй бол хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэн хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээс хойш 90 хоногийн дотор өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх бөгөөд өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх хүртэлх хугацаанд түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчинтэй байна”, мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ” гэж заасан. Дээрх хуулийн дагуу Улсын дээд шүүх нь хуульчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээх өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэх үүрэгтэй, харин бүртгүүлэхийг хүсэгч нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Б.Д нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тул өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 885 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасныг баримтлан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 213 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, 2.1.2-т заасныг тус тус баримтлан “Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй байгаа Монголын хуульчдын холбооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Би 1997 оны 09 дүгээр сарын 19-ний Хууль зүйн сайдын 242 дугаар тушаалаар өмгөөлөгч болж одоо хүртэл ажлаа хийсээр байна.

            Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарснаас хойш хуульчийн гэрчилгээ авах талаар хууль зүйн яамаар хөөцөлдсөөр уг гэрчилгээг авч чадаагүй хохирсоор явна. Энэ хугацаанд тус яаманд удаа дараа хүсэлт гомдол гаргасны үр дүнд 2001 оны 213 дугаар тушаал, түүнтэй холбоотой сахилгын зөвлөлийн материалууд зэргийг олсноороо, 213 дугаар тушаал нь хүчинтэй бус шийдвэр байна гэдгийг мэдсэн. Энэ тушаал нь миний амьдралд нөлөөлөөгүй мөн өмгөөллийн үнэмлэх өгсөөр энэ тушаалыг нуусаар өдий хүрсэн боловч нэгэнт үүний уршиг нь одоо хүртэл үргэлжилсээр тус яамны сайд ажилтан нар нь Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд Д.О-н 2007 оны 06 дугаар сарын 11-ний 2002 оноос өмгөөлөгчөөр ажиллаж байсан 328 хүнд шалгалтгүйгээр гэрчилгээ олгосныг нуусаар өдий хүрсэн байна.

            Энэ хугацаанд сонгон шалгаруулалтууд явсан боловч намайг оролц гэж хэн ч шаардаагүй юм.

            Хууль зүй, дотоод хэргийн яамны буруутай үйлдэл тодорхой байгаа тул Хууль зүйн яаманд, үе тэнгийн 328 хүнтэй адилтган гэрчилгээг нөхөн олгохоор даалгах шийдвэр гаргаж өгнө үү.

            Хууль зүйн яамны үйл ажиллагаа нь Монголын Хуульчдын холбоонд шилжиж ирсэн болохоор тус холбоонд даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн шаардлагатай нэхэмжлэл, тайлбар, хүсэлт өгсөн юм. Гэтэл доорх хууль бус шийдвэр гаргажээ. Тогтоох хэсгийн 1-д ЗХХШТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ.

            Тус хуулийн 34 дүгээр зүйл нь нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах гэсэн нэхэмжлэлийг анх хүлээж авахтай холбоотой заалт юм. Гэтэл нэхэмжлэл аваад хэрэг үүсгээд хурлаа хийхэд энэ заалт хамаарахгүй байтал шүүх илтээр хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

            Тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д захиргааны акт нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон бөгөөд Үндсэн хуулийн цэцийн харьяаллын маргаан бол нэхэмжлэл авахаас татгалзах заалт юм.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь миний өмгөөллийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авах эрх, хүсэлт гомдлын дагуу хариу авах эрх зэрэг эрхүүдийг хааж боогдуулсан тул үүнийг сэргээж өгнө үү гэж нэхэмжилсэн байтал 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасныг баримталсан нь мөн л хуулийг санаатайгаар ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1, 2.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэжээ.

Энэ хуулийн заалтууд нь миний 2012 оноос хойш хөөцөлдсөөр өдий хүрсэн баримтууд дээр үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яамны буруутай үйлдлийг тогтоосноор зөрчигдсөн эрхийг сэргээхэд ач холбогдолтой. Гэтэл шүүх хуулийн заалтыг хийсвэрээр хэрэглэсэнд гомдолтой байна.

Мөн Б.Д, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо гурвын хооронд эрх зүйн харилцаа байна гэдгийг тогтоох үүргээ урвуулан ашиг сонирхлын зөрчилтэйгөө илэрхийлсэн шийдвэр тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Зөвлөлдөх тасалгаанд орсны дараа 213 тоот шийдвэрийн талаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай тогтоолд заалт оруулав гэж хэлж байснаа бичмэл тогтоолдоо энэ талаар нэг ч үг, өгүүлбэр  заалт оруулаагүйд гомдолтой байна.

Хурлын тэмдэглэлийг үзэхэд мөн л ийм үг, өгүүлбэр байхгүй байгаа нь хурлын тэмдэглэл, аман шийдвэрээ дур мэдэн өөрчилж байгаагийн тодорхой жишээ тул үүнийг засаж залруулан шийдвэрт тусгана уу.

Шийдвэрийн дүгнэлтийн хэсэгт хурлын тэмдэглэлд тусгагдсан 2001 оноос хойш хөөцөлдсөн, төрийн нарийн бичгийн дарга нар хариу өгөөгүй, яам, Монголын Хуульчдын холбооны ажилтнууд архивч байхгүй болно. Яаманд иргэдийн төлөөлөгч байгаагүй болохоор би мэдэхгүй, хэрэгт байсан сахилгын хурлын тэмдэглэлийг нэхэхэд яаманд байхгүй байна гэх мэтээр хариулж байснаас иш татан хохирогчдод ашигтай нэг ч өгүүлбэр бичээгүй байгаа нь илт нэг талыг баримталсан эрх зөрчигдсөн этгээдийн талаар санаатайгаар хайхрамжгүй хандаж шинэ хуулийг буруу хэрэглэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх хурал хийгээгүй нэхэмжлэл, тайлбар мэтийг хуулан бичсэн шийдвэр тул хүчингүй болгоно уу. Шүүхэд бичсэн нэхэмжлэл, 2015 оны 12 дугаар сарын 05-ны тайлбар зэрэгт ач холбогдол өгч хандана уу. Энэ талаар үүнд нуршиж бичсэнгүй.

Иргэн хүн захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдлээс болж илт хохирсоор байтал шүүх цаашид хэн ч маргахгүй ганцхан иргэний эрхийг сэргээх боломжтой гэдэгт итгэсээр байна.” гэжээ. гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Д 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хууль зүйн сайдад хандан хуульчийн гэрчилгээ олгоогүйд гомдол[1] гаргасан нь Хууль зүйн яамны өргөдөл гомдлын бүртгэлийн картаар тогтоогдож байх бөгөөд Хууль зүйн яамнаас “... таны хувьд дээрх хуульд заасан хуульчийн гэрчилгээний эх хувь байхгүй, тухайн үеийн хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн тогтоолоор хуульчийн гэрчилгээ авч байгаагүй тул нөхөн олгох боломжгүй” гэж хариу[2] өгсөн байна.

            Тэрээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 90 хоногт хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хугацаанд Монголын Өмгөөлөгчдийн холбоонд өргөдөл гаргасныг Өмгөөлөгчдийн холбооноос 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дүгээр албан бичгээр[3] Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн байх ба Монголын Хуульчдын холбооны 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1/651 дүгээр албан бичгээр[4] Б.Д-г холбооны гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлгүй талаарх хариуг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид гардуулсан байна.

Дээрх хариуг хүлээн аваад “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 213 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, өмгөөлөх эрхийг сэргээж, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.[5]

Анхан шатны шүүх “... хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан өмгөөлөгчдөд Өмгөөлөгчдийн холбооны Сахилгын хорооны дүгнэлтийн дагуу хуульчийн гэрчилгээ олгож байсан байх ба нэхэмжлэгч нь энэ хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ аваагүй, хуульчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй, ... нэхэмжлэгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар хассан” гэж дүгнэж хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй байгаа Монголын хуульчдын холбооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах байдлаар үндэслэлгүй байна.  

Хууль зүйн сайдын 1997 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 242 дугаар тушаалаар[6] Б-н Д-д өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон байх ба мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 213 дугаар тушаалын[7] 1 дэх заалтаар Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Б.Д-н өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2001 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаагаар хасжээ.

            Улмаар өмгөөлөгч Б.Д-н өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хассан хугацаа дуусгавар болсны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох талаар “Сод” хууль зүйн товчооны захирал С.С-н хүсэлт[8] болон өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан 400 гаруй өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нэгдсэн журмаар олгох шаардлагын үүднээс судалгаа авахаар Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.П-д албан бичиг явуулсан байх ба уг судалгааг үндэслэн 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” 126 дугаар тушаалаар[9] Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Өмгөөллийн тухай хуулийг тус тус мөрдөхөөс өмнө өмгөөлөгчөөр ажиллаж байсан нэр бүхий 328 хүнд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна.

            Дээрх тушаалын хавсралтад нэр дурдсан өмгөөлөгч нарын дунд нэхэмжлэгч Б.Д-н нэр ороогүй, тодруулбал 2003 онд Б.Д-н өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар хассан хугацаа дуусгавар болсон байхад дээрх тушаалын дагуу өмгөөлөгч нарт нэгдсэн журмаар тусгай зөвшөөрөл олгохдоо түүнд олгохгүй орхигдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.     

            Нэхэмжлэгч ийнхүү холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандсан, улмаар тухайн үеийн асуудлыг шийдвэрлээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Д-д хуульчийн гэрчилгээ олгоогүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа талаар дурдсан байхад шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийг хуульд заасан журмын дагуу хуульчийн гэрчилгээ аваагүй гэж үзэж нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

            Өөрөөр хэлбэл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Өмгөөллийн тухай хуулийг тус тус мөрдөхөөс өмнө өмгөөлөгчөөр ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Д-д Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” 126 дугаар тушаалаар[10] өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдохоор байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба судалгаанд нэр ороогүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас үл хамаарсан, харин ч тухайн үед өмгөөлөгчдийн холбооноос ирүүлсэн судалгаанд нэхэмжлэгч Б.Д-н нэрийг үндэслэлгүйгээр орхигдуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэхээр байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар холбогдох баримтаар үгүйсгээгүй байна.

Харин “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох тухай” 213 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх зөв дүгнэлт хийж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.

            Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг 2001 оны 10 дугаар сард мэдсэн гэж шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан ба[11] тэрээр эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэнээс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр акттай холбоотой гомдол гаргаагүй, шүүхэд хандаж байгаагүй нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.      

Иймд, шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 885 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхгүй байгаа Монголын хуульчдын холбооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

[1] Хэргийн 87 дахь тал

[2] Хэргийн 90 дэх тал

[3] Хэргийн 75 дахь тал

[4] Хэргийн 76 дахь тал

[5] Хэргийн 15 дахь тал

3 Хэргийн 101 дэх тал

[7] Хэргийн 102 дахь тал

[8] Хэргийн 103 дахь тал

[9] Хэргийн 83 дахь тал

[10] Хэргийн 83 дахь тал

[11] Хэргийн 79 дэх тал