Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0125/Э |
Дугаар | 2022/ШЦТ/145 |
Огноо | 2022-02-15 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Я.Мөнхзаяа,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б ийн М д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Б ийн М /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь ...задгай тоот гэртээ байхдаа хохирогч Ц.Б ын эзэмшлийн “Голомт” банкны ... дугаарын данснаас нэр, нууц кодыг нь олж мэдэн 2020 оны 9 дүгээр сарын 19-нөөс 2020 оны 9 дүгээр сарын 26-ны хооронд 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 1.810.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкин дахь ... дугаарын данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М гаас: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай ээж нэг хүнээс 80.000 төгрөгөөр гар утас худалдаж авлаа гээд нэг утас авч ирсэн ба үзэхэд “Samsung S9” гэх гар утас байсан. Мөн ард нь Голомт банкны нэвтрэх нэр, нууц үгийг цаасан дээр бичээд хийсэн байхаар нь уг утаснаас кодыг нь тайлсны дараа орж үзэхэд дансанд нь ойролцоогоор 15.000.000 орчим төгрөг байхаар нь буцаад гарсан. Түүнээс хойш 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн гар утаснаас уг нэвтрэх нэр, нууц үгээр ороход болж байсан тул өөрийн данс руу 1.000.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг, хэд хоногийн дараа 300.000 төгрөг шилжүүлж авсан. Гэтэл дараа нь дахиж орж болохоо больчихсон. ...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 17-ны орой ...автобусанд суух гэсэн чинь миний түрийвч, гар утас байхгүй болчихсон байсан. ...2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр алдагдсан гар утсандаа байсан сим картаа сэргээлгэсэн чинь миний Голомт банкны ... тоот данснаас 2020 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө 1.000.000 төгрөг, мөн удалгүй тэр шөнөдөө 500.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөг алдагдсан гэсэн мессеж ирсэн байсан. Эдгээр мөнгө М гэж Хаан банкны данстай хүн авсан байсан.
Надад гомдол санал байхгүй, миний хэргийг хааж шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/,
Гэрч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын гадаа худалдаа хийдэг хүмүүсийн орчимд явж байхад нэг согтуу 35-40 насны эрэгтэй хүн ирээд “гар утас авах уу, энэ үнэтэй утас, 250.000 төгрөгөөр авах уу” гэхээр нь би “авахгүй” гэтэл араас дагаад байхаар нь “80.000 төгрөг байна, зарах юм уу” гэтэл “ав ав” гэсэн тул бэлэн 80.000 төгрөг өгөөд Самсунг Эс-9 загварын хар өнгийн гар утас авсан.
Намайг авах үед надад гар утас зарсан хүн кодыг нь гаргасан, зүгээр ажиллуулж байсан болохоор би буцааж цоожилж үзээгүй. Хэний утас юм гэж асуухад миний утас, архи уугаад мөнгө хэрэгтэй болчихлоо гээд байхаар нь авсан. ...гэрт очоод үзэхэд кодтой байсан болохоор би хүнд хууртагдчихаж гэж бодож байсан боловч гаргаж болдог гэхээр нь засварчин дээр очиж кодыг нь гаргуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 48-50 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Б ын “Голомт банк”-ны ... тоот дансны хуулга /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Иргэн М.Б аас “Samsung S-9” загварын гар утсыг хураан авч хохирогч Ц.Б од хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.М гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 74 дүгээр хуудас/, түүний “Хаан банк”-ны дансны хуулга /хх-ийн 75-77 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.М нь ...задгай тоот гэртээ байхдаа хохирогч Ц.Б ын эзэмшлийн “Голомт” банкны ... дугаарын данснаас нэр, нууц кодыг нь олж мэдэн 2020 оны 9 дүгээр сарын 19-нөөс 2020 оны 9 дүгээр сарын 26-ны хооронд 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 1.810.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкин дахь ... дугаарын данс руу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч хулгайлсан болох нь:
Шүүгдэгч Б.М гийн: “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай ээж ...гар утас худалдаж авлаа гээд авч ирсэн ба үзэхэд “Samsung S9” гэх гар утас байсан. Мөн ард нь Голомт банкны нэвтрэх нэр, нууц үгийг цаасан дээр бичээд хийсэн байхаар нь ....2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн гар утаснаас уг нэвтрэх нэр, нууц үгээр ороход болж байсан тул өөрийн данс руу 1.000.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг, хэд хоногийн дараа 300.000 төгрөг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Б ын: “...миний Голомт банкны ... тоот данснаас 2020 оны 9 дүгээр сарын 19-ний шөнө 1.000.000 төгрөг, мөн удалгүй тэр шөнөдөө 500.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөг, нийт 1.800.000 төгрөг алдагдсан гэсэн мессеж ирсэн байсан. Эдгээр мөнгө М гэж Хаан банкны данстай хүн авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/,
Гэрч М.Б ийн: “...2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ...нэг согтуу хүн ирээд “гар утас авах уу” ...гэхээр нь би “авахгүй” гэтэл араас дагаад байхаар нь “80.000 төгрөг байна, зарах юм уу” гэтэл “ав ав” гэсэн тул бэлэн 80.000 төгрөг өгөөд Самсунг Эс-9 загварын хар өнгийн гар утас авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45, 48-50 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Б ын “Голомт банк”-ны ... тоот дансны хуулга, хохирлын мөнгө хүлээн авсан тухайн түүний бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 31, 80 дугаар хуудас/,
Иргэн М.Б аас “Samsung S-9” загварын гар утсыг хураан авч хохирогч Ц.Б-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 57 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.М г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.М нь хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.М-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналын хүрээнд шүүгдэгч Б.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Б ийн М г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.