Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/153

 

                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Б.Амармөрөн,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б ын Г д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ... хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух, урьд:

-Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 203 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын 1961 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б ангид зааснаар нутгаас зайлуулах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ял, 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 155 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд багтаан бүгд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Октябрийн районы ардын шүүхийн 1991 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 269 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Б овогт Б ын Г  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Д Б.Г нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн үүрээр ...тоотод М.Н ийг эхнэр уруу татаж архи уулаа гэх шалтгаанаар түлхэж газарт унагаан түүний биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан битүү хугарал, духны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г ас: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй... гэв.

 

Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Тэр өдөр эхнэртэйгээ байж байхад гаднаас Н  согтуу орж ирээд эхнэртэй жаахан муудалцах гээд ширээн дээр байсан аягатай цуйван, гарахдаа саван халаасандаа хийхээр нь би гэрээсээ түлхэж гаргасан. Хашааны хаалгаар гартлаа над руу салаавч өгөөд яваад байсан. Би гэрт зодоогүй, гэрээсээ зүгээр түлхээд гаргасан. ...намайг түлхэж гаргаж байхад байшингийн үүдний амбаарт бөгсөөрөө унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С ийн гэрт ороход С ийн нөхөр Г нь бид хоёрыг архи уусан байна гэж уурлаад хоолны том шаазан аяга шидсэн. Тэгээд намайг эхнэрийг нь уруу татаж архи уулаа гээд миний үснээс зулгааж гэрээсээ гаргаад газар унагаасан ба дээрээс дэвсээд нуруу, ууц руу өшиглөсөн. Дараа нь миний толгой руу цохисон. Гэртээ байж байхад миний бие өвдөөд явж чадахгүй байсан болохоор 103-т дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Ц.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ...Н, түүний хамтран амьдрагч Г бид гурав архи уусан ба ууж дуусаж байхад Н  Нийслэл пивоны савыг Г руу шидсэн. Г ыг босоод ирэхээр нь би хэрэггүй гэж хэлээд голд нь орсон. Тэгэх хооронд Н  яваад өгсөн. ...Н  над руу залгаад ГССҮТ-д хүргэгдсэн байна гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ...10 цагийн үед сэрэхэд ээж ирээгүй байсан ба ааваас ээж хаачсан юм бэ гэж асуухад түргэнээр явсан гэж хэлэхээр нь яагаад явсан талаар асуухад С гийн Г  нь зодсон, тэгээд явсан гэж хэлсэн. Тэгээд би С  эгчийн гэр рүү ороход С  эгч, Г  ах хоёр хамт байхаар нь яагаад ээжийг зодсон юм бэ гэж асуухад Г ах би зодоогүй, танай ээж чинь өөрөө унасан, орж ирж архи уучхаад гарахгүй байхаар нь би гаргасан гэж хэлсэн. ...ээж хэлэхдээ нуруу өвдөөд байна гэсэн. Ээжийн өмдний арын шилбэ, бөгсний хэсэг, цамцны ар тал, ханцуй хэсэг, үс нь шороо болсон байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №6074 дугаартай “...М.Н ийн биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан битүү хугарал, духны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломсжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд учирснаас хойш үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Н ийн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 100-109 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар /хх-ийн 76-87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Г нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн үүрээр ...тоотод М.Н ийг эхнэр уруу татаж архи уулаа гэх шалтгаанаар түлхэж газарт унагаан түүний биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан битүү хугарал, духны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Г нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Г ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн үүрээр ...тоотод М.Н ийг эхнэр уруу татаж архи уулаа гэх шалтгаанаар түлхэж газарт унагаан түүний биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан битүү хугарал, духны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.Г ын: ...Тэр өдөр эхнэртэйгээ байж байхад гаднаас Н  согтуу орж ирээд эхнэртэй жаахан муудалцах гээд ширээн дээр байсан аягатай цуйван хийсэн. Мөн гарахдаа саван халаасандаа хийхээр нь би гэрээсээ түлхэж гаргасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хохирогч М.Н ийн: “...С ийн гэрт ороход С ийн нөхөр Г  нь бид хоёрыг архи уусан байна гэж уурлаад хоолны том шаазан аяга шидсэн. Тэгээд намайг эхнэрийг нь уруу татаж архи уулаа гээд миний үснээс зулгааж гэрээсээ гаргаад газар унагаасан ба дээрээс дэвсээд нуруу, ууц руу өшиглөсөн. Дараа нь миний толгой руу цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Ц.С ийн: ...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ...Н , түүний хамтран амьдрагч Г  бид гурав архи уусан ба ууж дуусаж байхад Н  Нийслэл пивоны савыг Г  руу шидсэн. Г ыг босоод ирэхээр нь би хэрэггүй гэж хэлээд голд нь орсон. ...Н  над руу залгаад ГССҮТ-д хүргэгдсэн байна гэж хэлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Н  ын: ...10 цагийн үед сэрэхэд ээж ирээгүй байсан ба ааваас ээж хаачсан юм бэ гэж асуухад түргэнээр явсан, ...С гийн Г  нь зодсон гэж хэлсэн. ...ээж хэлэхдээ нуруу өвдөөд байна гэсэн. Ээжийн өмдний арын шилбэ, бөгсний хэсэг, цамцны ар тал, ханцуй хэсэг, үс нь шороо болсон байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №6074 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

Хохирогч М.Н ийн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 100-109 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Г ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч М.Н  нь хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г ыг шүүхээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн;

Шүүгдэгч Б.Г-с “...Торгох ялыг өөрчилж зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү...” гэх хүсэлт, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

Шүүгдэгч Б.Г ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хор уршиг, түүний хувийн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэх нь түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх тул түүний гаргасан зөрчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэх саналыг хүлээж авах боломжгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Б ын Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Н  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.