Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч И.Мөнхцэцэг

Шүүгдэгч Ө.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор И.Мөнхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Ө ын Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х  овогт Ө ын Б  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ... тоотод хохирогч Л.Н тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдан сандлаар цохиж, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн бугалга, тохой, шуу, баруун тохой, бүсэлхий, хонгонд шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,  

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ахмад настан Л.Н ыг

- ...тоотод 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зодсон,

- ... байранд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодсон,

- ... байранд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчим хэрүүл маргаан хийж, биед нь халдаж зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

  • Шүүхээс тогтоосон үйл баримт:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасны дагуу шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан санал, дүгнэлт болон мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд;

Шүүгдэгч Ө.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ...тоотод хохирогч Л.Н тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний биед халдан сандлаар цохиж, зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн бугалга, тохой, шуу, баруун тохой, бүсэлхий, хонгонд шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий “эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан”,

Мөн Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ахмад настан Л.Н ыг:

- ...тоотод 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчим тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

  • Нотлох баримтын талаар:

 

Улсын яллагчийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Л.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсгөн: “...2021 оны 10 дугаар сарын 28-ны орой ...Б тэй хамт гэртээ Хараа нэртэй архи ...хэрэглэсэн. ...согтоод Б тэй маргаан үүсгэж, ...уурыг нь хүргэсэн чинь ...намайг ногоон сандлаар нуруу хэсэг рүү нэг удаа цохисон. ...сандал хугарсан. ...болсон асуудлын талаар дэлгэрэнгүй санахгүй байна. ...зүүн хөмсөг хэсэгт хавдаж шалбарсан, үүнийг Б гараараа цохиж учруулсан. ...энэ хэрэгтэй нийлээд 3 удаа Цагдаагийн байгууллагад шалгуулж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ө.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...Н  нь согтохоороо цагдаад дуудлага өгдөг учраас олон удаа шалгуулж байгаа. Н ын биед халдсан нь үнэн. ...өөрийн гэм буруугаа ойлгож байна. ...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Бид хоёр одоо хамт амьдарч байгаа. Архи уухгүй, маргалдахгүй, дахин ийм асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10643 дугаартай: “ ...Л.Н ын биед зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн бугалга, тохой, шуу, баруун тохой, бүсэлхий, хонгонд шарх, зулгаралт, цус хуралт, баруун гуя, өвдөгт хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун ташаа, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 976 дугаартай шийтгэвэр /хх-ийн 70-72 дугаар хуудас/,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1673 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 67-68 дугаар хуудас/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн Ө.Б  нь “...гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай...” шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10643 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/-ээр хохирогч Л.Н ын биед “зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн бугалга, тохой, шуу баруун тохой, бүсэлхий, хонгонд шарх, зулгаралт, цус хуралт, баруун гуя, өвдөгт хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун ташаа, цээжинд цус хуралт гэмтэл...” тогтоогдсон ба үүнийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ө.Б ийн хохирогч Л.Н ын биед дээрх гэмтлийг учруулсан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, хор уршиг үүсэхийг мэдэж байсан бөгөөд зориуд хүргэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хувьд:

Шүүгдэгч Ө.Б  нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ахмад настан Л.Н ыг ...тоотод 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, мөн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчим хэрүүл маргаан хийж, биед нь халдаж тус тус зодсон нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн байнга гэх шинжийг хангаж байна.

Хууль хэрэглээний хувьд “байнга” гэх шинж нь тоон илэрхийллийн хувьд 3 болон түүнээс дээш үйлдэгдсэн байхыг ойлгоно.  Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 10 дугаар сарын 28-ны өдөр, 11 дүгээр сарын 03-ны өдөр тус тус хохирогч Л.Н ыг зодсон үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн тайлбар хэсэгт: “...Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа ...хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно...” гэж заажээ.

Хохирогч Л.Н  болон шүүгдэгч Ө.Б  нар нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” болох нь тэдгээрийн тайлбар мэдүүлэг бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...ахмад настан...” хүний эсрэг үйлдсэн бол гэж хуульчилсан бөгөөд ахмад настан гэдгийг “Ахмад настны тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад “...55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн...” хамаарна гэж заажээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Ө.Б , хохирогч Л.Н  нар нь гэртээ хамт архидан согтуурсан, нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг үл хүндэтгэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Н нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ө.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  • Хохирол, хор уршиг:

Хохирогч Л.Н  нь хохиролтой холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ө.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  • Талуудын санал, дүгнэлт:

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус  тус оноож, ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар тогтоох саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналтай байна....” гэв.

 

Шүүгдэгч Ө.Б шүүх хуралдаанд: “...гэм буруугийн талаар болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл. Эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.  

 

  • Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзсэн нөхцөл байдал:

 

Шүүгдэгч Ө.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин уг хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ...удаа үйлдсэн...” гэх үндэслэл тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Өөрөөр хэлбэл: Шүүгдэгч Ө.Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “...хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг...” болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч Ө.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, Зөрчлийн шинжтэй өргөдөл гомдлын бүртгэл /хх-ийн 44-46 дугаар хуудас/ зэрэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ө.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Ө.Б  нь Улаанбаатар хотод төрсөн, байнга оршин суух хаяг нь .... тоотод болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, холбогдох бусад баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ө.Б ийг дээрх хугацаанд “Улаанбаатар хот”-ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ө.Б ийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа ...өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүрэг хүлээлгэх,

Мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “...согтууруулах ундаа ...хэрэглэхийг хориглох...” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.Б  нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Б  нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ө ын Б ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,

“Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настан хүний эсрэг” гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хот-ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, уг ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Б д мэдэгдсүгэй. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Л.Н  нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.