Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/190

 

 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Шагдар,

Хохирогч Г.Б,

Шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө  овогт Б ы А д холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Булган аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .... коллежид суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... оршин суух хаягийн бүртгэлтэй, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ө  овогт Б ы А  /РД:../.

 

Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан худаг гэх газарт Г.Б тай архи ууж агсам тавьлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А аас: 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ангийхантайгаа уулзсан. Намайг очиход Б халамцуу байсан. Бид хоол идээд байж байхад Б над дээр орж  ирээд агсам тавиад байсан. Тэгээд бид хоёр зодолдсон. ...өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

 

Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай ангийн хүүхдүүд ...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Цагаан худаг гэх газрын орчим байшин түрээсэлсэн байна гээд ...биднийг дуудсан. Би байгаа газар нь ангийнхаа 6 хүүхдийн хамт 20 цагийн үед очиход ...түрүүлж очсон хүүхдүүд архи, пиво уугаад эхэлчихсэн байсан. Тэгтэл Б нь Т-тэй муудалцаад гадаа гарч байж байгаад орж ирснээ над руу агсам тавиад түүнээс болж бид хоёр муудалцаад зодолдсон юм. ...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Б ын шүүх хуралдаанд өгсөн: ...Би хамрын таславчийн хагалгаанд орох гэж байгаа. ...Би энэ хүнээс мөнгө авмааргүй байна. Хуульд заасны дагуу зохих шийтгэлийг оноож өгнө үү... гэв.

-Түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Бэлх явах замд байдаг Цагаан худаг нэртэй газарт байшин түрээслээд манай ангийн хүүхдүүд бөөндөө очсон. Тэгээд би архи уугаад тасраад орон дээр хэвтэж байтал манай ангийн А  гэх хүүхэд миний дээрээс нүүр, хамар руу хэд хэдэн удаа цохисон, би хариу үйлдэл үзүүлж чадаагүй, босч чадахгүй байсан. Маргааш өглөө нь ...харахад миний нүүр, хамар хавдчихсан байхаар нь ангийнхаа хүүхдүүдээс асуухад ямар ч байсан чамайг цохиод байсан гээд хэн цохисныг хэлэхгүй байсан. Тэгээд би А ыг намайг зодсоныг мэдэж байсан болохоор А д чи намайг зодсон гэж хэлээд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлж, ...А д хэлэхэд надад 200.000 төгрөг өгье, тэгээд салъя гэж хэлэхээр нь би үгүй, ...хагалгаанд ороход хоёр сая орчим төгрөг, бусад зардалд нэг сая орчим төгрөг болно гэж хэлэхэд А  надад тийм байхгүй, тэглээ ч би чамайг зодоогүй гэсэн болохоор нь цагдаагийн байгууллаганд хандаж байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

-дахин өгсөн: ...Намайг 1 давхрын орон дээр хэвтэж байхад А  дээрээс цохисон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай ангийн дарга Т ОХУ руу сургуульд суралцахаар явах болсон тул ...байшин түрээслээд гаргах үйл ажиллагаа явуулсан. ...Б унтахгүй, орилж хашхираад байсан. Тэгж байтал Б А ыг ёс бус үгээр дуудаад, түрүүлж цохиход А  зөрүүлж цохисон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2021 оны 11 дүгээр сард ангийн дарга Тг гаргаж өгөхөөр болоод ангиараа салхинд гарахаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинг түрээсэлсэн. ...байшин руу ороход Б архи уучихсан, биднийг ямар удаан ирдэг юм бэ гээд хэлж байсан. Хоол идчээд байж байхад Т- бидэнд архи хийж өгсөн. Тэгтэл Б тэнд байсан хүмүүс рүү агсраад уурлаад яваад байсан. Тэгээд Б Т- руу уурлаад тэр хоёр зодолдохоор болоод байшингаас гарах гэж явж байхад байшингийн үүдэнд гэнэт зодоон болох шиг чимээ гарсан. Очоод харахад Б нь Т-гийн дээр нь гарчихсан нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэр хоёрыг салгаад байшингаас Бямбасүрэн, Б, Т- нарыг аваад гарсан. ...А ыг 2 давхар руу гарах гэж байхад Б уурлаад муу гичий минь би чамайг ална гээд А ын нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Тэгтэл А  зөрүүлээд Бын нүүр рүү 1-2 удаа цохисон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №11223 дугаартай “...Г.Б ын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шуу, цээж, зүүн шуунд цус хуралт, баруун өвдөг, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

Шинжээч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Хамрын ясны хугарал, хамрын нуруу, зөөлөн эдийн няцрал, зулгаралт нь бүгд нийлээд хөнгөн гэмтэлд хамаарна. Бусад гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамарт учирсан гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсэж болно... гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

 

Хохирогч Г.Б аас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 60, 62 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/, ... сургуулийн тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ...  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.А  нь согтуугаар 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан худаг гэх газарт Г.Б тай архи ууж агсам тавьлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.А нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан худаг гэх газарт Г.Б тай архи ууж агсам тавьлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Б.А ын: ...Б Т-тэй муудалцаад гадаа гарч байж байгаад орж ирснээ над руу агсам тавиад түүнээс болж бид хоёр муудалцаад зодолдсон юм. ...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б ын: “...тасраад орон дээр хэвтэж байтал манай ангийн А  гэх хүүхэд миний дээрээс нүүр, хамар руу хэд хэдэн удаа цохисон, би хариу үйлдэл үзүүлж чадаагүй, босч чадахгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч Т.Б ийн: ...Б А ыг ёс бус үгээр дуудаад, түрүүлж цохиход А  зөрүүлж цохисон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч Т.Бын: ...А ыг 2 давхар руу гарах гэж байхад Б уурлаад муу гичий минь би чамайг ална гээд А ын нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Тэгтэл А  зөрүүлээд Бын нүүр рүү 1-2 удаа цохисон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №11223 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Шинжээч Т.Чимэд-Очирын: ...Хамрын ясны хугарал, хамрын нуруу, зөөлөн эдийн няцрал, зулгаралт нь бүгд нийлээд хөнгөн гэмтэлд хамаарна. ...Хамарт учирсан гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсэж болно... гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Тус гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдал болон хохирогч Г.Б ын зүй бус үйлдэл нөлөөөлжээ.  

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Г.Б нь хохиролтой холбоотойгоор 500.810 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх боловч шүүх хуралдаанд шүүгдэгчээс хохирлын уг мөнгийг авахгүй... талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Б.А ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогч нь “...хагалгаанд орох...” болсон талаар мэдүүлж байх  тул цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.А аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.А ыг шүүхээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн;

Шүүгдэгч Б.А аас “...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан ..хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүхээс шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, оюутан, мэргэжилгүй, хохирол төлөөгүй байгаа  нь түүнд торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэх шударга ёсны зарчмд нийцэхгүй байна гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанд хохирогч Г.Б  нь шүүгдэгчид хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хорих ялын санкцгүй тул түүний хүсэлт хууль зүйн үндэслэлгүй, хүлээн авах боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.А  нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө  овогт Б ы А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А ыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б  нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.