| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2017/1905/И |
| Дугаар | 1621 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 1621
| 2017 оны 05 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2017/01621 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: .......... тоотод оршин суух, Н.А. /РД: ./ нэхэмжлэлтэй
Хариуцагч: .......... тоотод оршин суух, Б.Бд /РД: ............./ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А,
Хариуцагч Б.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Өнөржаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Алтансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.А миний бие Б.Бд 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай буюу 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зээлүүлсэн.
Өнгөрсөн хугацаанд Н.Бгаас зээлийн төлбөрт 5.524.000 төгрөг авсан бөгөөд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй. Н.Бгаас үндсэн зээл 3.000.000 төгрөг, 2016 оны 11, 12 сар, 2017 оны 1, 2, 3 сар, нийт 5 сарын хүү 1.500.000 төгрөг, 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.А бидний хооронд 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 3.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн зээлийн гэрээ байгуулагдсан. Би сар бүр 300.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сар хүртэл төлж нийт 5.524.000 төгрөг нэхэмжлэгч Н.Ад төлсөн.
2015 оны 5-12 дугаар сарыг дуустал сар бүр 300.000 төгрөг, 2016 оны 1-10 дугаар сарыг дуустал сар бүр 300.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард мөн 124.000 төгрөг, нийт 5.524.000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлдээ надаас авч байсан зээл, хүүгээ огт бичээгүй, авсан зээлээ огт төлөөгүй мэтээр бичсэн нь ойлгомжгүй. Зээлийн гэрээний ард би мөнгө төлнө гэж бичсэн байгаа нь энэ хүний дарамтаас болсон. Ажил дээр ирчихээд янз бүрээр дарамтлаад байсан тул би арга буюу бичсэн.
2016 оны 11, 12 сар, 2017 оны 1, 2, 3 сар, нийт 5 сарын хүү 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Миний бие нэхэмжлэгчээс 3.000.000 төгрөг зээлж аваад 4.800.000 төгрөг болгох үүрэг хүлээсэн, түүний дарамтаас болоод 5.524.000 төгрөг төлсөн бөгөөд дахин 4.500.000 төгрөг төлөх гэж байгаа нь хууль бус. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Н.А нь Б.Бтай харилцан тохиролцож, түүнд 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 3.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн нь зээлийн гэрээ, зохигчийн тайлбар, мөнгө төлсөн баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Н.Аээс 3.000.000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй ба 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 4, 15 дугаар тал/
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Н.Ад 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 5.524.000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байгаа болно.
/ХХ-ийн 16-23 дугаар тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дүгээр зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.
Талууд 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан, дахин уг гэрээний хугацааг сунгаагүй байх тул гэрээгээр тохирсон 6 сарын хүү 1.800.000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч Б.Б нь зээлдүүлэгч Н.Ад төлөх ёстой ба зээлийн гэрээний хугацааг сунгаагүй тул хугацаа дууссанаас хойш хариуцагч Б.Б нь хүү төлөхгүй.
Хэргийн 15 дугаар тал дахь зээлийн гэрээний ар хэсэгт хариуцагч Б.Б нь зээлийн төлбөр төлөхтэй холбоотой тайлбар бичсэнийг гэрээний хугацаа сунгасан гэж үзэхгүй болно.
Хариуцагч Б.Бгийн гүйцэтгэх ёстой үүрэг 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээ ёсоор:
-Үндсэн зээл-3.000.000 төгрөг,
-Хүү-300.000 төгрөг /6 сар/,
-Нийт гүйцэтгэх үүрэг 3.000.000 төгрөг+1.800.000 төгрөг=4.800.000 төгрөг.
Хариуцагч Б.Б нь дээрхи гэрээ ёсоор 4.800.000 төгрөг төлөхөөр байх боловч тэрээр нэхэмжлэгч Н.Ад 5.524.000 төгрөг төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон ба хариуцагч Б.Б нь гэрээний үүргийг биелүүлсэн байна.
Иймд хариуцагч Б.Бд холбогдох 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Бгийн нотлох баримтаар ирүүлсэн нэхэмжлэгч Н.Атэй зээлийн гэрээний талаар яриилцсан гэх бичлэгийг хуульд заасан арга хэрэгслээр олж авч, бэхжүүлсэн гэж үзэх боломжгүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Бд холбогдох 4.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Аийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН