| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0159/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/189 |
| Огноо | 2022-02-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Э.Булганчимэг,
Хохирогч Ж.М,
Шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч Э.Болорчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт З ийн А д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт З ийн А /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.А нь үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “...” ХХК-ийн байрны гадна Ж.Мд “Бельги улсын иргэнд галт зэвсгийн эзэмшигчийг сольж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2.200.000 төгрөгийг бэлнээр;
-Мөн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Хятад улсын иргэний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 3.000.000 төгрөгийг ... дугаартай дансаар шилжүүлэн авч, нийт 5.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч З.А нь үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “...” ХХК-ийн байрны гадна Ж.Мд “Бельги улсын иргэнд галт зэвсгийн эзэмшигчийг сольж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2.200.000 төгрөгийг бэлнээр;
-Мөн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Хятад улсын иргэний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 3.000.000 төгрөгийг ... дугаартай дансаар шилжүүлэн авч, нийт 5.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Аийн өгсөн: “...Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. ...Хохирлыг 2022 оны 3 дугаар сардаа багтаагаад өгнө...” гэв.
Шүүгдэгч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би галт зэвсгийн нэр шилжүүлж өгнө гэж 2.200.000 төгрөгийг авсан. Үүнийг хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Үүний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө гэж 3.000.000 төгрөг авсан. Гадаад улсын иргэн дээр үл хөдлөх өмчилж болохгүй гэдгийг мэдээд М нь цагдаад гомдол гаргасны дараа буцаагаад өгсөн. ...бэлнээр авсан 2.200.000 төгрөгийг өгөх ёстой байгаа. Энэ мөнгийг ойрын хугацаанд өгнө. ...Би Б, Б нартай утсаар холбогдсон. Ж.Мгаас авсан мөнгийг эдгээр хүмүүст өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Мгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би үлдэгдэл хохирлын мөнгөө авмаар байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Ж.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сард ...өөрийн найз Атой уулзаад сууж байхдаа Америк компани нэг ажилтны нэр дээр байдаг компани эзэмшлийн галт зэвсгийг ...нэр дээр болгож авмаар байна гэж ярьж байтал А нь “надад танил байгаа, солиод өгч болох байх” гэж хэлсэн. ...А нь ...2.200.000 төгрөг шаардлагатай юм байна гэж хэлж байсан. Би 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2.200.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “...” ХХК-ийн байрны гадаа А д өгсөн. ...А нь “чамайг хөдөөнөөс ирэх үед гэрчилгээ нь гарчих байх” гэж хэлсэн. ...2021 оны 02 дугаар сард надтай ажил хэргийн холбоотой нэг хятад үйлчлүүлэгч маань өөрийнхөө эзэмшлийн грашийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгуулмаар байна гэж надад хандсан. ...би А руу залгаж ...энэ талаар асуусан чинь болно, үл хөдлөх эд хөрөнгийн газрын дарга нь Б гэдэг хүн байдаг, ...3.000.000 төгрөг болох юм байна гэхээр нь би 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр А-н өгсөн ... дугаарын данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...ажил огт бүтсэн зүйл байхгүй. А бүтэхгүй зүйлийг анхнаасаа зохиож ярьж намайг залилсан. ...хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26 дугаар хуудас/,
Гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сард Атой уулзаж бууны гэрчилгээ шилжүүлж өгөх талаар яриагүй. Мөнгө авсан зүйл байхгүй. Хамгийн сүүлд 2017 онд ...үлдсэн мөнгө нэхэж утсаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №50/695 дугаартай Хаан банкнаас ирүүлсэн албан бичиг /хх-ийн 70-78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.Мгаас 2 удаагийн үйлдлээр нийт 5.200.000 төгрөгийг авч залилсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр ...хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэх шинжийг хангаж байна.
Залилах гэмт хэргийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан зүйлчлэх ба хохирлын зарим хэсэг нөхөн төлөгдсөн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм. Уг гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол нь 5.200.000 төгрөг ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээ /гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөг/-ний хохирлоос их байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.
Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгчийн шунахайн сэдэл, ажил хөдөлмөр эрхлэхгүй, орлогогүй байгаа нөхцөл байдал болон амар хялбар аргаар мөнгөтэй болох зорилго залилах гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж шүүх үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч З.Аийг “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн авч үйлсэнд гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч З.А нь хоёр удаагийн үйлдлээр нийт 5.200.000 төгрөгийг хохирогч Ж.Мгаас авсан байна. Харин 3.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч буцаан өгсөн, хохирогч авсан болох нь тэдгээрийн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч З.А-оос 2.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.М-д олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч З.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “..Ямар нэгэн хэрэг дээр зөрчилдөж байгаа зүйл байхгүй. Иймд хуулийн хүрээнд бүрэн дүүрэн шийдвэр гаргаж өгнө үү. Миний үйлчлүүлэгчид Өршөөлийн хуулийг хэрэглэх байх. Миний үйлчлүүлэгч баттай хохирлыг төлнө...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч З.А-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зорчих эрх хязгаарлах” ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-ийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ...оногдуулсан ял дээр нэмж ...албадлагын арга хэмжээг хэрэглэж болно...” гэж,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх ...оршино...” гэж тус тус заасан.
Хохирогч Ж.М нь уг гэмт хэргийн улмаас 2.200.000 төгрөгөөр хохирч, 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш авч чадаагүй, шүүгдэгч хохирлыг төлж барагдуулаагүй байх тул эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.А-д хохирол болох 2.200.000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол ...шүүх ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...хэргийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү...” гэх дүгнэлтийг гаргаж шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон ба Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих...” талаар заасан. Уг заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хамаарч байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс “хорих” ял оногдуулсан тохиолдолд шүүгдэгчид Өршөөлийн хуулийн уг заалтыг хэрэглэх үндэслэл бүрдэх юм. Иймд өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт З ийн А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгч З.А-д хохирол болох 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-ийг шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А-оос 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.М-д олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.