Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0164/Э |
Дугаар | 2022/ШЦТ/194 |
Огноо | 2022-02-25 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
Улсын яллагч С.Болорзул,
Хохирогч П.С ,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т ийн Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч болон түүний эцгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо .... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Т ийн Б /РД:..../.
Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.С ын гээгдүүлсэн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone se” загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б гаас: “Би 5 дугаар сард олсон гэж мэдүүлэгтээ дурдсан. 9 дүгээр сард олсон гэж хэлээгүй. Энэ хэдэн нөхдүүд караокед ууж яваад гар утсаа алга болгосон. Олсон хүнийг нь олоогүй. Тэгээд тоосгоны үйлдвэрт явж байгаад гар утсыг нь олсон, би буруутай болсон. 9 дүгээр сард би Баянхошуунд байсан, Тоосгоны үйлдвэрт байгаагүй. ...уг утсыг олж аваад өөрийн хүүд өгсөн нь миний буруу. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Т.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгдөг гэдгийг ёстой мэдэхгүй. Би ямар ч байсан хулгай хийгээгүй, тэр караокед нь орж үзээгүй. Намайг гар утас олоход хажууд танихгүй 3-4 хүн байсан. Цагаан өнгөтэй гар утас байсан. Би өөрийн хүү Х т гар утас оллоо гээд өгсөн. Манай хүү өөр хүнд зарчихсан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хохирогч П.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 9 дүгээр 15-нд хуурай эгчийнхээ паб, караокед очиж архи ууцгаасан. Утасны цэнэг дуусахаар нь хадгалуулахаар өгсөн. Маргааш нь манай нөхөр ирээд утсаа хайсан боловч олоогүй. Ажил явдал гарсан болохоор бид хоёр явсан. Манай таньдаг эгч яриад миний гар утсыг байхгүй байна гэж хэлсэн. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Хохирлын үнэлгээгээр тогтоосон 800.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн эцэс дээр байдаг “...” нэртэй караокед ...хүмүүстэй архи уусан. Тэгээд би согтоод байхаар нь И эгчид “та миний гар утсыг хадгалчих” гээд өгсөн. Тэгээд тэндээ хоноод маргааш өдөр нь манай нөхөр намайг ирж авсан. Тэр үед И эгч “хаана тавьснаа санахгүй байна, хайгаад олоод өгье” гэхээр нь ажил явдал гараад нөхөр бид хоёр яараад явсан. Дараа нь И эгч “чи буцаагаад авчихсан юм байна” гээд байгаа юм. Миний санаж байгаагаар би буцааж аваагүй. ...Гар утсаа олоод авчихвал гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 26 дугаар хуудас/,
Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...П.С ын гар утас руу залгахад нэг согтуу эрэгтэй хүн аваад “би энэ гар утсыг олсон юм” гэхээр нь би “200.000 төгрөг өгье, Дамбадаржаад хүрээд ир” гэхэд цаанаас нь худлаа, худлаа гээд салгаад гар утас нь дахиж холбогдоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Ц.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...гэртээ байхад ...манай ээж Б нэг орой ирээд “ээж нь гар утас оллоо” гээд Iphone загварын гар утас надад өгсөн. Би уг гар утасны эзэн нь залгаагүй, ашиглаж болохгүй болохоор нь таньдаг ах Г-Ү д 40.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч М.Г-Ү ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...дүү Х тай уулзахад “ахаа нэг ийм утас байна” гээд Iphone загварын гар утас үзүүлсэн. Миний Iphone-8 загварын гар утасны дэлгэц хагархай байсан бөгөөд бариад харьцуулаад үзтэл таарах юм шиг санагдахаар нь ...би Х т 40.000 төгрөг өгөөд уг гар утсыг авсан. Хэд хоногийн дараа гар утас засварын газар очоод дэлгэц солиулъя гээд хоёр гар утсаа үзүүлтэл таарахгүй гэж хэлэхээр нь ...таньдаг дүү Э т зараад өгөөч гэхэд Э зараад надад 200.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч М.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ...таньдаг ах Э д Э ийн Iphone загварын гар утсыг 210.000 төгрөгөөр зарахад зуучилсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч Ж.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ...таньдаг дүү Х ээс ...Iphone загварын гар утсыг 210.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч М.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ утсыг ...гэх фэйсбүүк хаягтай хүнтэй фэйсбүүк чатаар холбогдож байгаад Самсунг Эс-10 маркийн гар утсаар сольсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Гэрч Г.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад Iphone загварын гар утас байсан. Би уг утсыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүкийн зараар ... гэх хаягтай хүнтэй холбогдоод өөрийн Самсунг Эс-10 загварын гар утсаар сольж авсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би нэг эмэгтэйтэй бас фэйсбүүкээр холбогдоод Самсунг А-51 маркийн гар утас дээр зөрүү өгөөд Iphone маркийн цагаан өнгийн гар утсаараа сольсон. Надад уг худалдаж авсан хүний фэйсбүүк болон харилцсан чат нь байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч Б.У ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ Iphone загварын гар утсыг маргааш нь Iphone-8 Plus маркийн гар утсаар сольсон. Би зарсан хүмүүсээ огт олохгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн “...Iphone se” загварын гар утасны үнийг 800.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Т.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Т.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.С ын гээгдүүлсэн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone se” загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгч Т.Б нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Б гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.С ын гээгдүүлсэн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Iphone se” загварын гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Т.Б гийн: “...Намайг гар утас олоход хажууд танихгүй 3-4 хүн байсан. Цагаан өнгөтэй гар утас байсан. Би өөрийн хүү Х т гар утас оллоо гээд өгсөн. Манай хүү өөр хүнд зарчихсан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хохирогч П.С ын: “...Би ...хүмүүстэй архи уусан. Тэгээд би согтоод байхаар нь И эгчид “та миний гар утсыг хадгалчих” гээд өгсөн. ...Дараа нь И эгч “чи буцаагаад авчихсан юм байна” гээд байгаа юм. Миний санаж байгаагаар би буцааж аваагүй. ...Гар утсаа олоод авчихвал гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 26 дугаар хуудас/,
Гэрч Б.Б ийн: “...П.С ын гар утас руу залгахад нэг согтуу эрэгтэй хүн аваад “би энэ гар утсыг олсон юм” гэхээр нь би “200.000 төгрөг өгье, Дамбадаржаад хүрээд ир” гэхэд цаанаас нь худлаа, худлаа гээд салгаад гар утас нь дахиж холбогдоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Ц.Х ын“...гэртээ байхад ...манай ээж Б нэг орой ирээд “ээж нь гар утас оллоо” гээд Iphone загварын гар утас надад өгсөн. Би уг гар утасны эзэн нь залгаагүй, ашиглаж болохгүй болохоор нь таньдаг ах Г-Ү д 40.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч М.Г-Ү ийн: “...дүү Х тай уулзахад “ахаа нэг ийм утас байна” гээд Iphone загварын гар утас үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч М.Э гийн: “...Би ...таньдаг ах Э д Э ийн Iphone загварын гар утсыг 210.000 төгрөгөөр зарахад зуучилсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч Ж.Э ийн: “...Би ...таньдаг дүү Х ээс ...Iphone загварын гар утсыг 210.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Гэрч М.С ийн: “...Би энэ утсыг ...гэх фэйсбүүк хаягтай хүнтэй фэйсбүүк чатаар холбогдож байгаад Самсунг Эс-10 маркийн гар утсаар сольсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Гэрч Г.Т ийн: “...Надад Iphone загварын гар утас байсан. Би уг утсыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүкийн зараар ... гэх хаягтай хүнтэй холбогдоод өөрийн Самсунг Эс-10 загварын гар утсаар сольж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч Б.У ийн: “...Би энэ Iphone загварын гар утсыг маргааш нь Iphone-8 Plus маркийн гар утсаар сольсон. Би зарсан хүмүүсээ огт олохгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-65 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...уг гар утсыг 5 сард олсон гэж мэдүүлсэн...” гэж мэдүүлж мэтгэлцсэн ба энэ нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар няцаагдаж байна.
Үүнд: Юнител ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05-01/6790 дугаартай “...ммэй дугаартай утсанд 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд ашигласан байна...” гэх албан бичиг,
Гэрч Г-Ү ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн танил дүү Х тай ... тоотод уулзахад ...надад ахаа нэг ийм утас байна гэж “I phono с” загварын гар утас үзүүлсэн. ...Х т 40.000 төгрөг өгөөд гар утсыг нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар/ зэрэг болно.
Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Б г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч П.С ын гар утсыг “Дамно” ХХК нь 800.000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгч П.Б гаас 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.С д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Б г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Т.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.Б нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Т.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Т.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т ийн Б г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б гаас 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.С д олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.