Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 163/2022/0063/Э |
Дугаар | 2022/ШЦТ/62 |
Огноо | 2022-03-18 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.*******д холбогдох эрүүгийн 2215000260049 дугаартай, 163/2022/0063/Э индекстэй хэргийг 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Улаанбаатар хотод 1985 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, ... тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, охины хамт амьдардаг, 37 настай, эрэгтэй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2010 он 5 дугаар сарын 04-ний өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, РД: ...
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах нийтийн байрны 02 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000260049 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Г.*******г бусадтай хардан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний биед халдан зүүн гарын долоовор хурууны хоёр дугаар үений мултрал, холбоосын суналт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ы өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.*******гийн өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд охиныхоо хамт гэртээ байж байтал ******* хамт ажилладаг Алтанхуяг гэх ахын хамт халамцуу орж ирээд хоол идчихээд 0.5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи гаргаж ирээд ууж дуусгаад Алтанхуяг, ******* нар дэлгүүр хаахаас өмнө гарч дахин 0.5 литр, 0.33 литрийн хэмжээтэй Хараа нэртэй 2 шил архитай орж ирээд мөн архиа хоёулаа хувааж ууж байхдаа хоорондоо маргалдаж эхэлсэн. Ингэхдээ намайг Алтанхуягтай унтаж хэвтсэн, явалддаг гэх мэтээр хэрүүл өдөж эхлэхээр нь би юу гэж ээж шигээ ахмад настай хүнтэй явалдах вэ? надад тийм хүмүүжил байхгүй гэхэд ******* янхан, гичий, банзал гэх мэтээр цээртэй үгээр доромжилж эхэлсэн. Тэгэхэд хажуу талын айлын Отгоо эгч манай өрөөнд орж ирээд хөгшин настай хүн байна та нар архи дарсаа болиоч гэхэд Алтанхуяг явлаа гэж хэлээд шөнө 23 цагийн орчимд *******, ******* нар гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би Алтанхуягийнд очиж хонох гэж байгаа юм байна гээд өрөөнийхөө хаалгыг түгжээд, гэрлээ унтраагаад охиноо унтуулах гээд хэвтэж байтал хаалга тогшоод ******* би байна, хаалгаа онгойлго гэхээр нь би хөгшин настай хүмүүс байна, хүүхэд айлгаад байна чи явж Алтанхуягийндаа хоно гээд хаалгаа тайлж өгөөгүй юм. Тэгтэл цоожтой хаалгыг хүчтэй татаж эвдэж орж ирээд чи яагаад хаалгаа онгойлгохгүй байгаа юм, чи дуртай юм бол өөрөө Хуягаагийндаа хоно гээд ороод ирэхэд охин айгаад уйлахаар нь би орноосоо босоод гэрлээ асаатал над руу агсраад намайг зодох гэж дайраад миний хоёр гарьг бариад татаж чангаагаад байхаар нь буцаагаад түлхэх үед гар хүчтэй өвдөхөөр нь хартал зүүн гарын долоовор хуруу хойш болчихсон, хугарчихсан юм шиг янгинаад байсан. Тэгэхээр нь би гар хугалчихлаа гэж уйлаад ээж рүү гээ залгаж болсон асуудлыг хэлсэн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-19 дүгээр тал/,
3. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн 22 дугаартай: Г.*******гийн биед зүүн гарын долоовор хурууны хоёр дугаар үений мултрал, холбоосын суналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.*******ы гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган суманд нийтийн байр түрээслэж амьдарч байхдаа хамт барилгын ажил хийж байсан Алтанхуягтай архи уусан. ...Тухайн үед би *******гаас мөнгө авах гэхэд гартаа атгачихаад өгөхгүй байсан. Тэгэхээр нь би гараас нь мөнгийг авах гээд татсан чинь ******* гар гэмтээчихлээ гээд орилоод байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.*******гийн өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.*******ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримт нь шүүгдэгч Ц.*******ы 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Г.*******г бусадтай хардаж бие, эрх чөлөөнд нь халдсан санаатай үйлдлээс үүдэн гарсан, үүнд Ц.******* гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.*******ы гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Г.******* нь шүүгдэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хэрэг үйл баримт болсон тухайн өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас маргаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна.
Шүүгдэгч Ц.*******ы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Ц.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.*******ы гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.*******ы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Хавтаст хэргийн 65-79 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь ам бүл 3, эхнэр, охины хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны 64-912 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.*******ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурор хангаж, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 4/12 дугаартай тогтоолоор яллагдагчид холбогдсон хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.*******ы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД