Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 179

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн  даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х нарыг оролцуулан “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖС-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.

            Нэхэмжлэгч: “Т” ХХК /РД:51729../

            Хариуцагч: БОАЖС

            Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2,5 га газрын эзэмших эрхийг сунгуулахыг даалгах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 51729.. дугаартай “Т” ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд аялал жуулчлалын бизнес эрхлэх зорилгоор 2011 онд Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газар буюу Жаргалантын аманд 2.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар эрх бүхий байгууллагаас гэрчилгээ авсан.

Тухайн газар дээр зочид буудал барихаар төлөвлөж 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 493/2013 тоот барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1754/2013 тоот техникийн нөхцөлийг “УЦТС” ХК-иас, 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 1036 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулж барилгын ажлыг эхлүүлсэн.

Барилгын ажил зохих журмын дагуу хэвийн явагдаж байсан ба 2017 онд манай компанийн газар ашиглах гэрээний хугацаа дууссан бөгөөд газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулахаар эрх бүхий байгууллагад хандан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүсэлт гаргасан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 013\3179 дугаартай албан бичгээр “....Ерөнхий үнэлгээний дүнгээр уг төсөлд шинээр батлагдсан аргачлалын дагуу байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэж үзэв...”, “...2018 оны 03 дугаар улиралд багтаан тус яаманд ирүүлэхийг үүгээр мэдэгдье....” гэсэн хариуг ирүүлсэн.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахад татгалзах зүйлгүй болохоо 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 893 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэдэгдсэн бөгөөд бидний зүгээс гэрчилгээ сунгагдахыг хүлээн барилгын ажлаа хэвийн үргэлжлүүлсээр байсан.

2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай компанийн ажилтан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах гэрчилгээг сунгасан эсэх талаар тодруулахаар очиход Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай мэдээллийг бидэнд өгснөөр манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээ дуусгавар болсон гэдгийг мэдсэн.

БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон үндэслэлээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.8-д заасныг үндэслэсэн нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд зохих журмын дагуу тухайн газрыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу газар ашиглах хугацаа дуусгавар болох хүртэл ашиглаж байсан болох нь эрх бүхий байгууллагуудаас авсан зөвшөөрөл болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгахад татгалзах зүйлгүй болохоо 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 893 тоот албан бичиг зэргээс тодорхой харагдана.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “...бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах...”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно...” гэж тус тус заасныг газар ашиглагч манай компанид мэдэгдэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаал нь хууль зөрчсөн үйлдэл болжээ.

Манай компани нь тухайн газарт аялал жуулчлалын чиглэлээр аялал жуучлалын цогцолбор бааз барьж байгуулахаар төлөвлөн барилгын ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэж байхад эрх бүхий байгууллагаас илт үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь тухайн төслийг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болох нөхцөл байдал үүсгэж газраа зориулалтын дагуу, зохих ёсоор ашиглах боломжгүй болгож бидний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөд байна.

Шүүхээс дээрх маргаан бүхий сайдын тушаалыг хүчингүй болгосноор манай компанийн газар ашиглах талаар зөрчигдсөн эрхийг сэргээснээр бид хуулийн газар чөлөөтэй зориулалтын дагуу ашиглаж аялал жуулчлалын бааз барих ажил жигдэрч компанийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ. Иймд БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалыг хүчингүй болгож, “Т” ХХК-ийн онд Хан-Уул дүүрэг Богдхан уулын Дархан цаазат газар буюу Жаргалантын аманд 2.5 га газар эзэмших эрхийг сунгахыг даалгаж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гарсныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

“Т” ХХК-ийн 2.5 га газрыг Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох Жаргалантын аманд БОАЖС-ын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 тушаалаар эрх олгосон.

БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар саналыг үндэслэн газар ашиглах тушаал гарч, гэрчилгээгээ авсан боловч 2 жил болон түүнээс дээш газраа ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй тул газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Захиргааны акт гарахын өмнө мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “mne.mn” сайтын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн мэдээ мэдээллийн тендер мэдээллийн хэсгийн жагсаалтын 22 дугаарт нийтэд мэдээлсэн бөгөөд тушаал гарсны дараа мэдэгдэхийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгосон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-иас “БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2,5 га газрын эзэмших эрхийг сунгуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь аль ч үе шатанд нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах бүрэн эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд эцсийн байдлаар маргаан бүхий А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбарын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Маргаан бүхий БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил болон түүнээс дээш газраа ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан даалгавар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 2, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар саналыг тус тус үндэслэн иргэд, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрхийг нь цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэсэн заалтыг тус тус үндэслэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Т” ХХК нь Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг болох Жаргалантын аманд БОАЖС-ын 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/293 тушаалаар 2,5 га газрыг аялал жуучлалын зориулалтаар ашиглахаар 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2011/92 тоот гэрчилгээг авч, 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаагаар байгуулсан байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах үүрэгтэй.

Нэхэмжлэгч “Т” ХХК-иас 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1/002 тоот албан бичгээр “... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан газар ашиглах эрхийн хугацаа дуусч байгаа тул зохих журмын дагуу сунгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байх боловч гарын үсэг зурсан Я.Э нь тухайн үед уг компанийг төлөөлөх бүрэн эрхгүй байжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “...2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 893 тоот албан бичгээр газар эзэмших гэрчилгээг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн хариуг өгсөн. Тус албан бичгийн дагуу бид 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хандсан” гэж тайлбарлах бөгөөд “... тухайн үед төсөл зогссон байсан болохоор тодорхой хугацаанд ажиллаагүй, албан бичиг ирсэн болохоор газрын гэрчилгээ сунгагдана гэж бодож байсан” гэх үндэслэлээр газар эзэмших эрхээ сунгуулж, гэрээгээ байгуулахаар 8 сарын дараа эрх бүхий байгууллагад албан ёсоор хандаж байгаа нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй. Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “... 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө тус яаманд хандаж байгаагүй гэсэнтэй маргахгүй” гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Учир нь зөвхөн хүчин төгөлдөр, гэрээ, гэрчилгээний үндсэн дээр тухайн газрыг ашиглах эрх үүсч үргэлжлэх бөгөөд нэгэнт газар ашиглах хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагуудад гаргаагүй, уг газрыг ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгагдаагүй гэх үйл баримтыг нэхэмжлэгчээс үгүйсгэж маргаагүй, энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

Харин нэгэнт дуусгавар болсон уг хугацаанаас хойш буюу хариуцагчаас 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дахин дуусгавар болгож байгаа нь ойлгомжгүй хэдий ч хариуцагчаас “Сунгах хүсэлт өгсөнтэй холбоотой асуудалтай аж, ахуй нэгж байгууллагуудад газар ашиглах хүсэлт гаргасны дагуу хуулийн үндэслэлээ тусгайлан заасан” гэх тайлбарыг буруутгаж уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд зааснаар нэхэмжлэгч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолын дагуу нэгж бүрийг 396 төгрөг, 1 жилд 9900000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр үүрэг хүлээсэн боловч газрын төлбөрийг 2013 оноос хойш төлөөгүй болох нь Хан-Уул дүүргийн Улаанбаатар хотын банкан дахь 2603007906 тоот дансанд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 9900000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2475000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2475000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2475000 төгрөгийг тус төлсөн тухай Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16/3997 тоот албан бичгээр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар санал, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...2011 болон 2012 оны газрын төлбөр бүтэн төлөгдсөн байгаа” гэх тайлбар зэргээр нотлогддог.

Хэдийгээр нэхэмжлэгчээс “...Санхүүгийн боломжгүй байсан, 2011, 2012 оны төлбөрийг төлсөн байгаа, газрын төлбөрийг хугацаа дууссаны дараа нөхөөд төлөх боломжтой байдаг байсан. 2015 оноос төлбөр нэмэгдсэн гэсэн зүйл яригдаж байсан, газрын төлбөр үндэслэлгүйгээр нэмэгдсэнтэй холбоотойгоор тэр хавийн компаниуд мөнгөө төлөөгүй“ гэж тайлбарлах боловч 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд газрын төлбөрийг хэдий хэмжээгээр, хэзээ төлөхийг тодорхой тусгасан бөгөөд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор газрын төлбөрийн нэгжийн үнийг 396 төгрөг байхаар заасан байх тул түүнийг үндэслэн хүчин төгөлдөр гэрээний хугацаанд газрын төлбөрийг тэр хэмжээгээр төлөх бүрэн боломжтой байжээ.

Мөн “... Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолтой холбоотойгоор газрын төлбөрийг асуудал маргаантай байсан” гэх тухайд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10510 дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “...Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэснээс үзэхэд уг маргаан нь 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр газар ашиглах эрх нь дуусгавар болж буй нэхэмжлэгч “Т” ХХК-д хамааралтай гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгчийн “2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тушаалыг гаргахдаа “Т” ХХК-д мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл манай компанийн газар эзэмших эрхийг сунгах эсэх асуудлыг шийдээгүй байж байгаад хүчингүй болгосон тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”  гэж заасныг тус тус зөрчсөн” гэх тайлбарын тухайд. Маргаан бүхий А/121 дүгээр тушаалыг гаргахаас өмнө буюу 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “mne.mn” сайтад хавсралтад дурдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцлах талаар мэдэгдсэн бөгөөд уг жагсаалтын 22 дугаарт “Т” ХХК-ийн нэр орсон байна.

Мөн БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон талаарх мэдэгдлийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602 тоот албан бичгээр хариуцагч байгууллагад бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 50-204 тоот хаягаар, шуудангаар хүргүүлсэн боловч “хаягт ийм байгууллага байхгүй, нүүсэн” гэх шалтгаанаар буцаж ирсэн, энэ талаар нэхэмжлэгчээс “...бид явуулсан хаягт үйл ажиллагаа явуулдаггүй. Хамгийн сүүлийн байдлаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах оффист өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа.” гэх тайлбарыг шүүхэд гаргасан, ийнхүү хаяг өөрчлөгдсөн талаараа  Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэдэгдэж, бүртгэлд өөрчлөлт оруулаагүй, энэ үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй.

Үүнээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно.”, 43.6-д “Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно.” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь   хаягийн өөрчлөлтөө мэдэгдээгүйгээс үүссэн үр дагаврыг хариуцагч захиргааны байгууллага хүлээхгүй бөгөөд энэ тохиолдолд хариуцагчаас боломжит аргаар мэдэгдсэн гэж үзнэ.

Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602 тоот албан бичгийг нэхэмжлэгч гардан авч танилцаагүй болох нь “Монгол шуудан” ХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08/235 тоот албан бичгээр тогтоогдсон тул хариуцагчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид зааснаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох бөгөөд газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд “Хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй гэдэг дээр барилга бариагүй ч үйл ажиллагаа тасралтгүй явуулж байсан /хашаатай, суурь цутгасан/. Манай зураг төслийг үзвэл нийт дөрвөн удаа өөрчлөгдсөн. Энэ болгон өөрчлөгдөхдөө зах зээлийн судалгаан дээр үндэслэж байсан мөн дандаа зургийн компаниудаар өөрчлөгдөж байсан гэдэг нь манай ажил явагдаж байсан гэж харж байна. Газрын төлбөр дээр төлбөрийн маргаан шийдэгдсэний дараа төлнө, огт төлөхгүй гэсэн зүйл байхгүй. Мөнгийг нь төлөхгүй байгаа газар дээр ажил хийхгүй байсан” гэж тайлбарлаж, 2013 оны Зочид буудал үйлчилгээний цогцолборын зориулалттай барилгын эскиз зураг, 2013 оны Ажлын зураг, 2015 оны Зочид буудал, үйлчилгээний цогцолборын барилгын ажлын төсөв, 2018 оны Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тодотгол тайлан зэрэг бусад нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг баримтуудаар болон шүүхээс хийсэн газрын үзлэгээр бодит байдалд маргаан бүхий газар дээр зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгосон, уг газрыг зориулалтын дагуу ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй.

Дээрх байдлаар нэхэмжлэгч “Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн газрын төлбөрийг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, газар ашиглах гэрчилгээний хугацааг дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар гэрээг сунгах санал гаргах болон холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгааны талаар төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй /талууд энэ үйл баримтын талаар маргаагүй/  тул хариуцагч өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн маргаан бүхий А/121 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст хандан гаргасан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “...байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тодотгол тайлан хийлгэн газар ашиглах гэрчилгээгээ сунгуулах хүсэлтэй байна. Иймд бидний ажилд дэмжлэг үзүүлэн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст шилжүүлж, тус яамны /ерөнхий шинжээчийн гарын үсэгтэй/ 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0 13/3179 тоот албан бичгээр нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж 2018 оны 3 дугаар улиралд багтаан тус яаманд ирүүлэхийг мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг сунгасан эсхүл сунгахаар мэдэгдсэн гэж үзэхээргүй бөгөөд энэхүү албан бичиг нь цаг хугацааны хувьд хариуцагчийн А/121 дүгээр тушаал гарсны дараа гарсан байна.

Дээрхээс дүгнэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар маргаан бүхий БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2,5 га газрын эзэмших эрхийг сунгуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болон хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул 2,5 га газрын ашиглах эрхийг сунгахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн БОАЖС-д холбогдуулан гаргасан “БОАЖС-ын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2,5 га газрын эзэмших эрхийг сунгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН