Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч М.Чинбат,

Хохирогч Б.Дуламсүрэн,

Шүүгдэгч Д.Ганбаатар, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД-0747/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дэмидийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 2016260020036 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 21 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЧО60040772 регистрийн дугаартай,  Боржигон овогт Дэмидийн Ганбаатар. 

 

Шүүгдэгч Д.Ганбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны 19 цагийн үед өөрийн гэрт согтуугаар эхнэр Б.Дуламсүрэнгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганбаатар мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд мэдүүлэг өгнө. Өдий насалчихаад ийм зүйл хийсэндээ өөртөө уур хүрч байна. Тухайн үед 100 грамм архи уусан байсан. Тэр өдөр жаахан хардаад уурын мунхагаар ийм байдал үүсгэсэн. Миний буруутай үйл ажиллагаанаас болсон. Урьд ийм байдал гаргаж байгаагүй. Анх удаа ийм зүйл хийчихлээ. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Дуламсүрэн мэдүүлэхдээ:

Би 2015 оны 3 дугаар сард мөрдөн байцаалт өгсөн. Анх мэдүүлэг өгөхдөө нөхрийхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, бид хоёр 35 жил хамт амьдарсан. Тэр өдөр гэнэт л цохьчих шиг болсон. Тэгээд нүүр хавдсан. Надаас уучлалт гуйсан. Би гэмтлийн эмнэлэгт 5 хоног хэвтсэн. Хувийн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Мөн эрүүгээ янзлуулсан.  Биеийн байдал гайгүй байгаа. Надад гомдол санал байхгүй. Ганбаатар урьд нь ийм үйлдэл гаргаж байгаагүй. Архи хааяа л уудаг гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Ганбаатарын өгсөн:

“... Би 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр найзтайгаа жоохон юм уучихаад, гэртээ орой 18 цаг өнгөрч байхад ирээд, 0.33 граммын архи авч, талыг нь уучихаад хэвтээд өгсөн. Манай эхнэл Дуламсүрэн гаднаас орж ирээд, намайг муу архичин минь гээд байхаар нь хуц нохой уль гээд бид хоёр хэрүүл хийж маргалдаад, би Батзориг гэдэг анагаах ухааны дээд сургууль төгссөн хүнтэй хардаад, эхнэрийгээ зодсон. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай эхнэр Тайвань улс руу курст суучихаад ирэхэд нь ийм зүйлээс болж хэрүүл болоод, за хоёулаа больё гээд бид хоёр хэрүүлээ таслаад, ахиж ийм зүйл болсон байна. Ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/  

           

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Дуламсүрэнгийн өгсөн:

“... 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Ганбаатар маргалдаж муудалцаад, намайг эрүү рүү цохисон чинь миний нүүр хавдсан. Би нөхөртэйгээ 30-аад жил амьдарсан хугацаанд ийм зүйл болж байгаагүй. Энэ өдөр яагаад ийм зүйл болоод, ингэснийг мэдэхгүй байна. Намайг хардсан юм байлгүй дээ. Надад гомдол санал байхгүй. Гэнэт тэр орой манай нөхөр Батзориг гэх нэр хэлээд
байсан. Тэрийг би сайн мэдээгүй. Сүүлд нь манай ангийн Батзоригийг ярьсан байна лээ. Би нөхөр Ганбаатарт ямар ч гомдол санал байхгүй. Миний бие одоо зүгээр болсон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52, 96 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Цэгмидийн өгсөн:

“... 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн орчимд манай охин Дуламсүрэнг түүний нөхөр Ганбаатар нь зодож ... биед нь гэмтэл учруулсан байна лээ. ... Тэгээд Дуламсүрэн нь гэмтлийн эмнэлэгт 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 21-ний өдөр хүртэл, Мөнгөн гүүр эмнэлэгт 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл хэвтэж эмчлүүлсэн ...” гэх /хавтаст хэргийн 55-р хуудас/

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17818 дугаартай:

            1. Б.Дуламсүрэнгийн биед эрүүний баруун булангийн хугарал, тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, баруун, зүүн нүдний зовхи, баруун зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй

  5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 57-р хуудас/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 452 дугаартай:

            1. Б.Дуламсүрэнгийн бие зүүн 7-8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи зүүн 7-8-р хавирганы хугарал гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болно гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 92-р хуудас/,

 

     - Хохирогч Б.Дуламсүрэнгийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 34-41 дүгээр хуудас хуудас/

     - Хохирогч Б.Дуламсүрэнгийн Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 43-50 дугаар хуудас хуудас/

     - Хохирогч Б.Дуламсүрэнгийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байх үеийн уушигны бичлэг /хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас хуудас/

               -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Д.Ганбаатар нь согтуурсан үедээ, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн үед өөрийн гэр болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 16 дугаар байрны 21 тоотод эхнэр Б.Дуламсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, бие махбодид нь “эрүүний баруун булангийн хугарал, тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, баруун, зүүн нүдний зовхи, баруун зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 7-8-р хавирганы хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

            шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн шүүгдэгч Д.Ганбаатарын ... Өдий насалчихаад ийм зүйл хийсэндээ өөртөө уур хүрч байна. Тухайн үед 100 грамм архи уусан байсан. Тэр өдөр жаахан хардаад уурын мунхагаар ийм байдал үүсгэсэн. Би Батзориг гэдэг анагаах ухааны дээд сургууль төгссөн хүнтэй хардаад, эхнэрийгээ зодсон. Миний буруутай үйл ажиллагаанаас болсон. Ийм зүйл хийсэндээ маш их харамсаж байна гэх,

            хохирогч Б.Дуламсүрэнгийн ... 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Ганбаатар маргалдаж муудалцаад, намайг эрүү рүү цохисон чинь миний нүүр хавдсан ... Би нөхөртэйгээ 30-аад жил амьдарсан хугацаанд ийм зүйл болж байгаагүй. Тэр өдөр яагаад ийм зүйл болоод, ингэснийг мэдэхгүй байна. Надаас уучлалт гуйсан. Би гэмтлийн эмнэлэгт 5 хоног хэвтсэн. Хувийн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Мөн эрүүгээ янзлуулсан.  Биеийн байдал гайгүй байгаа. Надад гомдол санал байхгүй....” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17818 дугаар, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 452 дугаар дүгнэлтүүд, хохирогч Б.Дуламсүрэнгийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, уушигны бичлэг, Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ганбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Д.Ганбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Дуламсүрэн нь шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх учир шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ганбаатарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, ял хөнгөрүүлэх  болон түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Ганбаатарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.               

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Дэмидийн Ганбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаатарыг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганбаатард оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ганбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоож, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Ганбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ганбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ