Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0235

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

2014 оны 06 сарын 17 өдөр                    Дугаар 235                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэн Т.З-н нэхэмжлэлтэй

                              захиргааны хэргийн тухай                            

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Т.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч Ш.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Т.З-н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Эцэг тогтоох өргөдөл”-ийг үндэслэн хийгдсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа "... Баянгол дүүргийн иргэн С.Б, Ш.Ч нарын дундаас 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Баттөрийг С.Б, Ш.Ч нарын гаргасан “Эцэг тогтоох тухай” өргөдөл, холбогдох материалуудыг үндэслэн тус дүүргийн иргэний бүртгэл мэдээллийн ажилтан бүртгэсэн. Иргэний бүртгэлийн улсын бүртгэгчийн Эцэг тогтоох өргөдлийг үндэслэсэн акт, бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: “...Талийгаач С.Б бид 2-ын хүү Б.Б 2007 оны 09 дүгээр сарын 04-нд төрж, Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэс дээр С.Б бид 2 хамтдаа очиж “Эцэг тогтоох тухай” өргөдөл гарган гарын үсгээ зурж, хүү Б.Бийн төрсний гэрчилгээг авсан. ... Энэ үед бид хоёртой хамт Т.З байгаагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаар шийдвэрээр: “Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.З-н “2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Эцэг тогтоох өргөдөл”- ийг үндэслэн хийгдсэн Захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, түүнийг үндэслэн хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.З давж заалдах гомдолдоо: “Тус шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаар шийдвэрийг гаргахдаа хуулийг буруу хэрэглэсэн тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Үндэслэл нь:

Т.З миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Эцэг тогтоох өргөдлийг үндэслэн хийгдсэн захиргааны акт, бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг нэхэмжлэлийг шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийнх нь гол үндэслэл нь тухайн бүртгэлээс болж миний эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзсэн байх ба эрх зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд хэмээн үзсэн байдаг.

Энэ нь хуулийг буруу хэрэглэсэн асуудал байх ба миний хувьд талийгаач С.Б-н төрүүлсэн эх бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өвлөгч болно. Тийм ч учраас дээрх хууль бус шийдвэрээс болоод миний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа учраас шүүхэд хандсан.

Дээрх бүртгэл нь яагаад хууль бус болохыг нотлох баримт хэрэгт хангалттай байгаа буюу талийгаач хүү маань үргүй талаархи эмнэлгийн магадлагаа, мөн эцэг тогтоох өргөдөлд миний хүү гарын үсэг зураагүй болохыг нотолсон Криминалистикийн шинжилгээний 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4/7284 дүгээр дүгнэлтүүд байдаг. Нэгэнт миний хүүгийн хүсэл зориг байхгүй буюу гарын үсэг өөрөө биечлэн зураагүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газар Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 т заасныг зөрчсөн нь тодорхой болсон.

Энэ асуудал нь миний эрх ашиг сонирхлыг хамгийн ихээр хөндсөн асуудал бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу үр, удам угсаагаа мэдэх эрх надад бий бөгөөд Б.Б нь талийгаач хүүгийн маань төрсөн хүү биш, дээр нь хүүгээр маань овоглосон асуудал хууль бус байгаа нь цаашлаад Иргэний хууль тогтоомжоор олгогдсон Өвлөх харилцаанд чухлаар нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл талийгаач хүүгээр маань өөрийнхөө хүүг овоглочхоод эд хөрөнгийг нь өвлөх эрхтэй хэмээн хүүгээрээ халхавчлан шүүхээр яваад байгаа гуравдагч этгээд гэх Ш.Ч нь шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргах эрхтэй байгаад байдаг, миний бие яагаад болдоггүй юм бэ гэдэгт гайхаж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хууль зөрчсөн бүртгэл хийгээгүй бол өнөөдөр энэ асуудал үүсэхгүй юм. Б.Б нь миний хүүгээр овоглогдсоноор талийгаачийн өмч хөрөнгийг өвлөн авах асуудал яригдах бөгөөд миний хувьд Иргэний хуульд тодорхойлсон бас нэгэн өвлөгч учир миний эрх ашиг сонирхол энд зайлшгүй гарч ирж байна. Харин ч анхан шатны шүүхийн дурьдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар “Улсын бүртгэлийн ерөнхий газрын гаргасан захиргааны хууль бус актын улмаас миний бие талийгаач хүүгийнхээ өмч хөрөнгийг бусдад алдах болоод байгаа тул зөрчигдсөн эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар" шүүхэд хандан өргөдөл гаргасан билээ.

Хууль ёсны өвлөгч болох талийгаачийн эх миний бие энэ талаар нэхэмжлэл гаргахгүй юм бол хэн гаргах эрхтэй юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Хүү маань өөрөө босож ирээд нэхэмжлэл гаргах бололцоогүй нь мэдээжийн байхад эх нь болох намайг хохирсон юм алгаа гээд байгааг миний хувьд хүлээн зөвшөөрөх боломж байхгүй ба шүүх хуулиа буруу хэрэглэж байна. Өвлөх эрхгүй этгээд талийгаачийн өв хөрөнгөөс авах гээд байгааг бас нэгэн өвлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй тул хууль бус бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах эрх Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14-т олгогдсон байна.

Иймээс Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Т.З нь “2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Эцэг тогтоох өргөдөл”-ийг үндэслэн хийгдсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

2007 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр С.Б, Ш.Ч нарын дундаас хүү төрж, өөрсдийн хүүхдийг эцгээр нь овоглуулахаар “Эцэг тогтоох өргөдөл”-ийг 2007 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргаж, Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсээс эцэг Баар овоглон Баттөрийг төрсний бүртгэлийн 2473 дугаарт бүртгэж төрсний гэрчилгээ олгосон байна.

Б-н Б-ийг төрснөөс хойш 4 жил 5 сарын дараа буюу 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр С.Б нь нас барсан бөгөөд нас барахаасаа өмнө энэхүү эцэг тогтоох өргөдөл, төрсний бүртгэлийн талаар маргаагүй, гомдол гаргаагүй, уг захиргааны акт хүчин төгөлдөр байгаа нь нотлогдож байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн талийгаач С.Б өөрийгөө төлөөлж Б.Бийн овгийг хасуулах, улсын бүртгэлийг хууль бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэлийг нэхэмжлэгч Т.Зд олгоогүй, энэ талаарх гэрээслэлийг үлдээгээгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах зохицуулалттай бөгөөд “Эцэг тогтоох тухай өргөдөл”-ийг үндэслэн хийсэн бүртгэлийн улмаас Т.З-н хуулиар олгогдсон эрх, ашиг зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул түүнийг маргаан бүхий захиргааны акт болох улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч ургийн дэвтэртээ Б.Бийн нэрийг оруулах эсэхийг хуульчлаагүй, бичих эсэх нь Т.З-н өөрийн хүслээс хамаарах төдийгүй, өв залгамжлалын талаарх маргаанаа эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн

86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.