| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00769/и |
| Дугаар | 00840 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 00840
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1962 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багт оршин суух, Баяжих овогт Тогтохын Эрдэнэ-Очир /РС62071818/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Т.Эрдэнэ-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Эрдэнэ-Очир нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Т.Эрдэнэ-Очир нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 3 дугаар багт малчнаар 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан юм. Түүнээс хойш Барилгийн цэргийн 166 дугаар ангид 1980 оны 06 дугаар сарын 25 өдрөөс 1983 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн албаа хаагаад нутагтаа ирээд мөн өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Цэцэрлэг сумын Энх-Амгалан нэгдлийн 3 дугаар багт малчнаар ажилласан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажилд томилж,чөлөөлсөн тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн архивийн лавлагаа байхгүй байгаа юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амгалан нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ,1983 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны
тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ,1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадын малчнаар 1978-1992 онуудад ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн цалингийн түүвэр,
МУ-ын батлан хамгаалахын төв архивын даргын 2013 оны 7 дугаар сарын 17-ны 14185 дугаартай “...Т.Эрдэнэ-Очир нь Хөвсгөл аймгаас 1980.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан ...1983.08.15-ны өдөр халагдсан...” гэх архивын лавлагаа,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Д.Дашпэлжээгийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “ ... Т.Эрдэнэ-Очирыг манай сумынхан Доной гэж авгайлж дууддаг бөгөөд түүнийг Т.Эрдэнэ-Очир гэдэг нэрээр нь дууддаг хүн ховор байх. Т.Эрдэнэ-Очир нь миний дээд талын ангийн хүүхэд бөгөөд бид бүгд л хүүхэд байхаасаа Доной гэж дууддаг байсан ... “гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин Т.Эрдэнэ-Очирын Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд малчнаар 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-нийг хүртэл, 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь баримтаар нотлогдохгүй байх тул тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10/425 дугаартай “....Тус аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын Б буюу боловсон хүчинтэй холбогдох тушаал манай архивт байхгүй тул Т.Эрдэнэ-Очирт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
135.2.6-д зааснаар Баяжих овогт Тогтохын Эрдэнэ-Очир /РС62071818/-г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ,1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1978 оны 8 дугаар сарын 01-нийг хүртэл, 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА