Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/233

 

   

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Хохирогч Б.Э ,

Шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Ж.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныД танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б ийн Н д холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б  овогт Б ийн Н  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н  нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны урд замд Toyota Prius-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замаас гарч Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжэний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодох... болон 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Hyundai Elantra маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Б.Э ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б.Н  нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны урд замд Toyota Prius-30 маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замаас гарч ...Hyundai Elantra маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, ...жолоодож явсан Б.Э ы эрүүл мэндэд /...хүзүүний 6-р нугалмын арын нумны зөрүүгүй хугарал, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух баруун өвдөгт зулгаралт.../ бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хэргийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13 дугаар хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Э ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Миний хохирол, эмчилгээний зардлыг хурдан барагдуулж өгнө үү. Тухайн машиныг манай аав надад бэлэглэсэн тул машинд учирсан хохирлыг би нэхэмжлэх ёстой. Өнөөдрийг хүртэл хохиролд мөнгө аваагүй байгаа....” гэх мэдүүлэг,

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 5 буудлын авто угаалгын газарт очих зорилгоор Х.Элентра маркийн ...  улсын дугаартай автомашиныг жолоодон Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны баруун урд байрлах авто угаалгад очсон. ...гэнэт миний урдаас цагаан өнгийн Т.Приус 30 маркийн автомашин хашлага даваад, мод дайраад чигээрээ орж ирээд машины зүүн урд тал руу мөргөөд эргэлдээд зогссон. ...ослын дараа миний толгойноос цус гараад байсан. ...гэмтэл дээр очоод зураг авхуулахад хүзүүний нэг яс хугарсан гэж байсан. ...автомашины гэмтэл, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны байрны урд байх ...  авто угаалгын газарт ажиллаж байх үед гэнэт үүдэнд тас хийх чимээ гарсан. ...гараад хартал 2 автомашинн мөргөлдөөд манай угаалгын газрыг мөргөсөн байсан. Би Т.Приус маркийн машин дээр очиход жолооч нь таталт өгчихсөн байсан. Х.Сонатагийн жолоочийн толгойноос нь цус гарчихсан байсан. ...Би энэ авто угаалгын газрыг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 8 сарын хугацаатай түрээслэн ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд гарсан бүх эвдрэл гэмтэл бусад зүйлийг би бүрэн хариуцах тул хаалганы эвдрэлийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

            Иргэний нэхэмжлэгч Д.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Н той түрээсийн гэрээ хийж түрээслэж байгаа. ...түрээсийн хугацаанд Н угаалгын газрын эвдрэл хохирлыг нэхэмжилж бүх зүйлийг төлөөлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

Аж ахуй нэгжийн батламж, Түрээсийн гэрээний хуулбар /45-46 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч Ц.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Хохирол хор уршиг барагдуулах талаар Иргэний хуулийн заалтыг ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр осол гарсан талаар мэдэхгүй. Манай найз М ын найз Н манай гэрт ирээд машинаа өгөөч 5 буудал ороод манай эгчийг аваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд өгөөд явуулсан. Гэтэл осол гарсан талаар М  надад хэлсэн. Би унаж татдаг өвчтэй гэдгийг нь мэдээгүй. Машинд маш их эвдрэл гарсан. Үнэлгээ хийлгэж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т.Приус маркийн ... улсын дугаартай автомашин нь манай байгууллагаас Ц  нь гэрээ хийж зээл авсан машин. ...одоо үлдэгдэл 6.800.000 төгрөг байгаа. Уг машин нь манай байгууллагын машин биш, тэр хүний өөрийнх нь машин. ...зээлсэн мөнгөө төлсөн тохиолдолд өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...хуулийн заалтыг ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Р.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ослын талаар мэдэх зүйл байхгүй. 2021 оны 4 дүгээр сард 15.000.000 төгрөгөөр худалдан авсан. ...өөрийн хүү Э д бэлэглэсэн. Автомашин одоо Э ы өмч болсон. Хохирол, машины зардлыг ...Э  нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Н  гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...уг ослын улмаас ...ны эзэмшлийн 3 ширхэг улиас мод хугарч дахин ургахгүй болсон. Манай байгууллага захирагчийн ажлын албатай гэрээ байгуулж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. ...энэ моднуудыг 2019 оны хавар тарьсан жирийн ургалттай байсан. Нийт 3 модны үнэлгээ 485,700 төгрөг, хяналт арчилгааны зардал  1 жилийн 300.000 төгрөг бөгөөд 2 жил ургуулсан мод учир нийт 1.800.000 төгрөг болно. Буруутай этгээдээс 3.257.100 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,

 

Гэрч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр найз Н тай уулзаад байтал тэр машиныг чинь бариад 7 буудал ороод эгчийг, хоёр хүүхэдтэй нь аваад ирье гэхээр нь би хэрэггүй гэсэн боловч таксины мөнгөөрөө чамд бензин хийж өгнө гэхээр нь зөвшөөрөөд найз Ц аас машиныг нь авч явах талаар хэлэхэд зөвшөөрсөн. ...Чингэлтэйгээс Баянзүрх дүүрэг орохоор ...машиныг нь Н  жолоодон, жолоочийн ард эгч нь суугаад 2 хүүхдээ хажуудаа суулгаад хөдөлсөн. ...би хажууд нь суугаад явсан. ...тэгээд 13 дугаар хорооны баруун замд явж байх үед гэнэт эгч нь надад Н г таталт өгчихлөө, машинаа унтраа гэхээр нь машиныг унтраах гэсэн боловч чадаагүй. ...хааз дээрээ тэр чигээрээ гишгээд замаас гарч, хашлага давж машинтай мөргөлдсөн. ...надад гэмтэж бэртсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ харих гээд такси барих гэтэл Н  утсаар яриад ойрхон явж байна, очоод авъя гэхээр нь хүлээж байтал Т.Приус маркийн автомашин унаад ирсэн. ...жолоочийн ард суугаад хоёр хүүхдээ хажуудаа суулгаад хөдөлсөн. ...Тэгээд 13 дугаар хорооны баруун замд явж байх үед гэнэт манай дүү чив чимээгүй болчихсон бөгөөд орилохоор нь хүүе миний дүү араагаа салгаарай гэж хэлсэн. Тэр үед би татаж байна гэж бодсон. Гэтэл хааз дээрээ тэр чигээрээ гишгээд замаас гарч хашлага давж машинтай мөргөлдсөн. Ер нь сардаа 10 удаа татаад байдаг болсон. Би ...хүүхдүүд бэртэж гэмтсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10912 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Э ы биед хүзүүний 6-р нугалмын арын нумны зөрүүгүй хугарал, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун өвдөгт зулгаралт тогтоогдлоо. ...дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...хүзүүний 6-р нугалмын арын нумын зөрүүгүй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэдийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ХӨНГӨН зэрэгт хамаарна, дух баруун өвдөгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 95-96 дугаар хуудас/,

 

Мастер Үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: “......  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн 10.392.200 төгрөг” гэх тайлан хавсралт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 106-121 дүгээр хуудас/,

 

Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээний “...Сендвичэн гаражийн хаалга хохирлын үнэлгээ 1.51057 төгрөг...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /125-130 дугааар хуудас/,

 

Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний “...Toyota Prius 30 маркийн ... услын дугаартай автомашин хохирлын үнэлгээ 5.976.000 төгрөг...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 133-139 дүгээр хуудас/, 

 

Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 313 дугаартай: “ 1. Т.Приус маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Б.Н  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, болон “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн нь ослын үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. 2. Х.Елентра маркийн ...  дугаартай автомашины жолооч Б.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7-ийн з/ Тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн хашлага давах тусгаарлах зурвас аюулгүйн арал таримал зүлгээр явах, замын хаалт хашилт, тууз чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам талбай ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх” гэсэн заалтыг зөрчсөн нь зөрчлийн шинжтэй гэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 140 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Н  мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө босоод байтал эгч залгаад Чигэлтэйгээс харина гэхээр нь би очоод авъя гэж бодоод М д хоёулаа яваад 7 буудал ороод эгчийг 2 хүүхэдтэй нь аваад ирье,  бензин хийж өгнө гэж хэлээд гуйхад зөвшөөрсөн.  Ц ын автомашиныг унаад ...М хажууд суугаад явсан. ...Тэгээд 13 дугаар хорооны баруун замд явж байхад гэнэт таталт өгөөд ухаан алдсан. Сэрэхэд машин мөргөсөн байсан. ...Миний унаж явсан машин ямар нэгэн осолд нөлөөлөх гэмтэлгүй байсан. Автомашины хохирлыг  бүрэн төлнө...” гэж /хх-ийн 178-179 дүгээр хуудас/ мэдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв бичигдсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирлыг барагдуулна...” хэмээн мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н  нь “монгол хэл мэднэ, уншиж чадахгүй, гарын үсэг зурж чадна” гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Б.Н-д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж, мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Х.Даваахүүг, хэргийн материал танилцуулахдаа өмгөөлөгч Ч.Алдарыг, шүүхийн шатанд өмгөөлөгч Ж.Батхуягийг өөрөө сонгон /татгалзахгүйгээр/ тус тус оролцуулсан нь түүний өмгөөлүүлэх эрхийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Б.Н  нь шүүх хуралдаанд яллах дүгнэлтэд дурдсан биеийн байцалтын мэдээлэл бүрэн, зөв бичигдсэн талаар мэдүүлсэн ба хавтаст хэрэгт жолоодох эрхийн лавлагаа /170 дугааар хуудас/ авагдсан, шүүгдэгчийн өмгөөлөгч энэ талаар мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10912 дугаар дүгнэлт (хх-ийн 95-96 дугаар хуудас)-ээр хохирогч Б.Э ы биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарч байгаа,

Мөн мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 313 дугаартай магадлагаанд “...автомашины жолооч Б.Н  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/ Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, болон “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн...” талаар тус тус дурдсан байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

Харин шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогч Б.Э ы эрүүл мэндэд учирсан гэмтлийн хөнгөн зэрэг нь гэмт хэрэгт тооцогдохгүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн диспозицийг “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Н гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.         

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Б.Н  нь өөрийн эрүүл мэндийн хувьд “таталт өгдөг талаар” мэдсээр байж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас энэ гэмт хэрэг гарсан гэж шүүх дүгнэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Н г “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг:

Хохирогч Б.Э нь эмчилгээний зардалд нотлох баримтаар /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ 936.200 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н гаас 936200 төгрөг гаргуулж Б.Э д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт: “...тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй...” гэж заажээ.

Иргэний хариуцагч Ц.Ц  нь өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрч Б.Н д шилжүүлж өгсөн болох нь хэрэгт авагдсан:

Гэрч Б.М ын: “...найз Н  ...машиныг чинь бариад 7 буудал ороод эгчийг, хоёр хүүхэдтэй нь аваад ирье, ...таксины мөнгөөрөө чамд бензин хийж өгнө гэхээр нь зөвшөөрөөд найз Ц аас машиныг нь авч явах талаар хэлэхэд зөвшөөрсөн...” /хх-ийн 85 дугаар хуудас/ гэх,

Иргэний  нэхэмжлэгч, хариуцагч Ц.Ц ын: “...Манай найз М ын найз Н  манай гэрт ирээд машинаа өгөөч, 5 буудал ороод манай эгчийг аваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд өгөөд явуулсан....” гэх,

Шүүгдэгч Б.Н гийн: “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөө босоод байж байтал эгч залгаад Чигэлтэйгээс харина гэхээр нь би очоод авъя гэж бодоод М д хоёулаа яваад 7 буудал ороод эгчийг 2 хүүхэдтэй нь аваад ирье. Найзад нь машиныг чинь бариад ...7 буудал ороод ирье ...гэж гуйхад зөвшөөрсөн учир ..бензин хийж өгнө гэж хэлээд Ц ын автомашиныг унаад хөдөлсөн. М  хажууд суугаад явсан...” /хх-ийн 179 дүгээр хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд иргэний хариуцагч Ц.Ц  нь шүүгдэгч Б.Н гийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байх тул иргэний хариуцагч Ц.Ц аас 1.510.575 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Н т, 10.392.200 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э д тус тус олгох нь зүйтэй байна.

Харин иргэний хариуцагч Ц.Ц  нь дээрх гэм хорын хохирлыг барагдуулснаас өөрт учирсан болон өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэх 5.976.000 төгрөгийн хохирлоо тус тус гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Н гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Уг гэмт хэргийн улмаас Улаанбаатар хотын “...”-д 3.275.100 төгрөгийн хохирол учирсан ба ... 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06/2911 дугаартай албан бичгээр “...” ТББ-ын ажилтныг итгэмжлэгчээр томилсон байна. 

...“...” ТББайгууллагын хооронд ногоон байгууламж арчлах, хяналт тавих талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан талаар дурдсан байх хэдий ч уг гэрээ хэрэгт авагдаагүй, нөхөн сэргээлтийн ажлын акт албажаагүй, гарын үсэг зурагдаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул уг иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд иргэний нэхэмжлэгч ...нь “Ногоон байгууламжид учирсан 3.275.100 төгрөгийн” хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:  

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой. ...Тархины урд хэсэг нь байхгүй. Өөрөө бас ажил хийх зорилготой тул энэ байдлыг харгалзан үзнэ үү. Хохирол төлөх зорилготой байгаа. Прокурорын торгох санал гаргаж байгааг дэмжиж санал нэг байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял биелүүлэх боломжүй татаж унахыг үгүйсгэхгүй, татаж унаад бугуйвчаа гэмтээх эрсдэлтэйг анхаарч үзнэ үү...” гэх санал тус тус гаргав.

 

Шүүгдэгч Б.Н  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Н гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 152 дахь тал), жолоочийн үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 170 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 149 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэм хор арилаагүй нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “...Торгох ял... оногдуулах санал гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа бөгөөд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөн нөгөөтэйгүүр уг гэмт хэрэг нь шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой буюу “таталт өгч унадаг өвчний” нөхцөл байдлаас болж болгоомжгүйгээр үйлдэгдсэн ба цаашид дахин давтагдах, илүү их хор уршиг бий болгох эрсдэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх...” эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасах “эрх хасах” нэмэгдэл ял оноож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д оногдуулсан “эрх хасах” ялыг ял оногдуулсан буюу энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Б ийн Н г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н гаас 936.200 /есөн зуун гучин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг, иргэний хариуцагч Ц.Ц-аас 10.392.200 /арван сая гурван зуун ерэн хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Э-д, иргэний хариуцагч Ц.Ц-аас 1.510.575 /нэг сая таван зуун арван мянга таван зуун далан тав/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Н-т тус тус олгосугай.

7. Иргэний нэхэмжлэгч ...нь “Ногоон байгууламжид учирсан 3.275.100 /гурван сая хоёр зуун далан таван мянга нэг зуу/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Ц.Ц аас, иргэний хариуцагч Ц.Ц  нь гэм хорын хохирлыг барагдуулснаас өөрт учирсан болон өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэх 5.976.000 /таван сая есөн зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирлоо гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Н гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

8. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.