Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/77

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Шүүгдэгч Ц.С, Ц.Э, тэдгээрийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С, Ц.Э нарт холбогдох эрүүгийн 2034003020471 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 05-ны Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 6, аав, ээж, дүү эхнэрийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 0-38-В тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт Ц С

2.Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 07-ны Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ажуйн их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 0-10 тоотод оршин суух хаягтай, урьд нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан овогт Ц Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э, Ц.С нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1 уут “каннибис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутгаас хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг тухайн өдрөө Төв аймгийн Баянчандмань сумын нутагт цагдаагийн байгууллагад саатуулагдах хүртлээ А.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Б.Ганболдын нэр дээр бүртгэлтэй 6325 УНЛ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн тээврийн хэрэгсэлд Ц.Сгийн цүнхэнд хадгалж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Ц.С “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Ц.Э “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Ц.Э, Ц.С нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 1 уут “каннибис” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутгаас хууль бусаар түүж бэлтгэсэн, уг бодисыг тухайн өдрөө Төв аймгийн Баянчандмань сумын нутагт цагдаагийн байгууллагад саатуулагдах хүртлээ А.Мөнх-Эрдэнийн эзэмшлийн Б.Ганболдын нэр дээр бүртгэлтэй 6325 УНЛ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн тээврийн хэрэгсэлд Ц.Сгийн цүнхэнд хадгалсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2134003020471 дугаартай хэрэгт авагдсан

 

Хүний биеэс биологийн дээж авч “Multi drug screen cup”  тестээр шалгасан: “...Ц.Сгийн “Multi drug screen cup” тестны хариу 9 багана тус бүрд тод улаан өнгийн 2 зураас гарч байх бөгөөд уг хоёр зураас нь “negative” буюу сөрөг гарч байв. Харин ТНС гэсэн багана нь нэг нь тод улаан нэг нь бүдэг улаан хоёр зураас гарч ирж байх бөгөөд “Positiv” буюу эерэг байж магадгүй тул дахин шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-21 хуудас/,

-Цүнхэнд үзлэг хийсэн: “...Ц.Сгийн цүнхэнд үзлэгийг хийв. Уг цүнх нь хар саарал өнгийн оранжин өнгөтэй цахилгаантай үүргэвч байх бөгөөд үүргэвчний урд талын цахилгааныг онгойлгож үзэхэд хоосон байх бөгөөд арын цахилгааныг онгойлгож үзэхэд скочоор битүү скочидсон хажуу хэсгээрээ зүсэж онгойлгосон ургамал мэт зүйл байх бөгөөд хажуу талд нь цагаан өнгийн гялгар ууттай улаан өнгийн эмэгтэй дээл, номон ногоон өнгийн хос тавчик, хэлхээтэй түлхүүр гар утасны чихэвч зэрэг байлаа.Дээрх зүйлсийн зургийг нь даран бэхжүүлж скочоор ороосон ургамлыг шинжилгээнд хүргүүлэхээр тогтож бусад зүйлсийг нь Ц.Сд хүлээлгэн өгч үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16 хуудас/,

-Хэргийг илрүүлсэн гэх цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас,

-Эд мөрийн баримтаар 1 ширхэг скочоор битүү ороосон ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг тооцсон мөрдөгчийн тогтоол,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч А.Батбаярын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 4185 дугаартай:  “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “С 2021.09.07, О.Энхтөр 2021.09.07, Ц.Э 2021.09.07” гэж хаягласан /3ш/ шээсний дээж тус бүрээс тетрагидроканабинол /ТНС/ илэрсэн...Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...”  гэх дүгнэлт  /хх-ийн 79-80 хуудас/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч А.Батбаярын 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан 4184 тоот: “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “Төв ЦГ Сгийн цүнхнээс гарч ирсэн ургамал” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 86-88 хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч А.Мөнх-Эрдэний: “...6325 УНЛ улсын дугаартай...тээврийн хэрэгслийг Мандахгэрэл, Түвдэндорж нартай нийлж байгаад ажил руугаа ирж очих зорилгоор Б.Ганболд гэдэг хүнээс ахудалдан авч байсан бөгөөд би өөрийнхөө нэр дээр итгэмжлэх хийлгэж авсан байгаа...Хэрэв миний машиныг улсын орлого болговол гэм буруутай этгээдээс тээврийн хэрэгслээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

Түүний гэрчээр өгсөн: “...Надтай цуг ажилладаг Мандахгэрэл, Түвдэндорж бид нар дундаа ээлжнээс буусан нь унаж байх зорилгоор дундаасаа мөнгө гаргаж 6325 УНЛ улсын дугаартай Верна аксент маркийн тээврийн хэрэгслийг Ганболд гэх хүнээс 2021 оны 08 дугаар сарын эхээр худалдаж авч байсан...Мандахгэрэл нь ээлжнээс буугаад гэр лүүгээ явах гээд тухайн тээврийн хэрэгслийг авч явж байсан. Бид нар дундаа тухайн тээврийн хэрэгслийг авсан болохоор Мандахгэрэл тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явах эрхтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,

 

-Гэрч Н.Мандахгэрэлийн: “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ээлжийн амралтаа аваад Хэнтий аймаг руу гэр лүүгээ явахаар хамт ажилладаг операторуудын мөнгөө нийлүүлж авсан 6325 УНЛ улсын дугаартай цагаан өнгийн Верна аксентийг Улаанбаатар хот Зүс буудлын гаднаас авч ирүүлэх болсон чинь надтай хамт ажилладаг туслах Энхтөр манай найз байгаа машин барьдаг юм тэрүүгээр авч ирүүлчих үү тэгвэл хамт эрт явах юм шиг байна гэхээр нь зөвшөөрөөд тухайн хүн лүү өөрийн 5598063451 гэсэн данснаас мобайл банкаар 20,000 төгрөг нэг хүн лүү шилжүүлүүлсэн тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагийн орчим байсан байх манай туслах Энхтөрийн найз гээд хоёр залуу миний машиныг бариад ирсэн тэгэхээр нь машиндаа ороод явах гэтэл нэг залуу нь ус халсан шүү гэхээр нь машиндаа ус нэмж хийчихээд шууд би өөрөө машинаа бариад хөдөлсөн явсаар байгаад Урьхан зоогийн газарт ирээд дэлгүүр орж тамхи бохь авчихаад хөдлөөд Бамбарууш зоогийн газарт ирж ундаа ус хамт явсан хүүхдүүд авчихаад гарч ирээд хөдлөөд явж байгаад Баянчандманий хойд талд машины ус халаад зогсоод ус нэмчихээд хөдлөөд дахин явж байгаад тормосны шингэн байхгүй болохоор нь үзэхэд хойд талын трүпээр гоожиж байхаар нь замын Приус 20 маркийн машин таарахаар нь түлхүүр авч тухайн трүпийг чангалчихаад Баянчандмань ороод Шунхлай колонк ороод тормосны шингэн бензин аваад хөдлөөд урагшаа Баянчандмань өнгөрөөд явж байхад цагдаа зогсоогоод шалгахад нэг хүүхдийнх нь цүнхнээс боодолтой скочоор ороочихсон зүйл гарч ирсэн бөгөөд тэрийг нь задлаад үзэхэд өвч гараад ирсэн. Тэгээд л цагдаад баригдсан...Ганболд гэдэг хүнээс 2,400,000 төгрөгөөр худалдан авч байсан нэр дээрээ шилжүүлж чадагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

-Гэрч Б.Энхтөрийн: “...Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг Бро гоулд ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Топ ган дриллинг ХК-д өрмийн туслах ажилтай бөгөөд ээлж бууж байсан бөгөөд манай ажлын ах буюу Мандахгэрэл Хэнтий аймаг руу явах хэрэгтэй байна ахынх нь машин хотод байгаа гэхээр нь би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны орой найз Э луу чатаар залгаад Улаанбаатар хотоос машин аваад Зүч гээд буудал дээрээс аваад маргааш өглөө эрт яваад ирээч гэсэн чинь зөвшөөрөөд манай найз оройдоо очиж аваад өглөө нь 08 цагийн орчим гарсан гэсэн тэгээд С ажлаасаа бууж таараад хань татаад хамт аваад гарсан гэсэн тэгээд 06-ны өдрийн 12 цагийн орчим ирчихлээ гээд над руу утсаар залгаад би Мандахгэрэл ахтай хамт гараад ирэхэд Э болон С нар ирчихсэн байсан би ирэх замд нь хоёр удаа утсаар ярихад замдаа саатаагүй гэж байсан ийш тийшээ явсныг нь бол би мэдээгүй. Тэгээд Мандахгэрэл ах машинаа бариад шууд Улаанбаатар хот руу явж байхад Баянчандмань сум өнгөрөөгөөд цагдаа зогсоосон юмаа. Тэгээд бичиг баримт үзээд машин дотор үзлэг хийсэн чинь Сгийн цүнхнээс гягар уутанд скочоор ороосон зүйл гараад ирсэн тэр нь өвс байсан юмаа...Би хэрэглээгүй мэдээгүй байсан...харин найз нөхдөөрөө уулзахдаа сонирхоод ярилцаж л байсан зарж үрдэг талаар ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,

-Гэрч Ж.Батмөнхийн: “...Баянчандмань сумын Замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байсан а/а Э.Жаргалсайхан үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагаан өнгийн аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийг зогсоож шалгахад мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал гарч ирсэн. Түүний дагуу би тэдгээр хүмүүсийг хүлээн авч Төв аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн...Тээврийн хэрэгслийг саатуулж журамлан ургамал байсан цүнх, хүмүүсийг авч явсан...Баянчандмань сумын журмын хашаанд машиныг үлдээсэн...Зураг дарж аваагүй...манай зохицуулагч цүнх хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 160-161 хуудас/,

-Яллагдагч Ц.Эы сэжигтнээр өгсөн: “...Тухайн өдрийн урд орой нь Энхтөр гээд манай найз над руу залгаад 120 дээрээс очоод хүнээс машины түлхүүр аваад машин аваад намайг ирээд авчих ууу гэхээр нь зөвшөөрөөд тэгээд би тэр оройдоо очиж машиныг нь аваад гэртээ ирсэн. Тэр оройдоо би С луу залгаад Энхтөр ирээд авчих гэж байна хамтлаа явчихаад ирэх үү гэж асуусан чинь зөвшөөрсөн тэгээд маргааш өглөө нь би Сг ажил дээрээс нь буюу таван шараас очиж аваад хөдөлсөн тухайн үед Улаанбаатар хотод бензин байхгүй байсан тул Төв аймгийн Жаргалант сумаас бензин хийхээр болоод явсан явахдаа би машин бариад явж байгаад замдаа С машин бариад Төв аймгийн Жаргалант сум руу эргэсэн тэгээд бие засах зорилгоор зогсоод буусан чинь замын хажууд нэг өвс байсан тэрийг би хараад өмнө нь зураг бичлэг зэргийг нь үзэж байсан хар тамхи гээд ургамалтай төстэй ургамал байхаар нь энэ нөгөө ургамал мөн үү гэж ярилцаж байгаад өмнө нь дуу клип дээрээс харсан ургамалтай төстэй байсан.Тэгээд Сд үзүүлсэн чинь мөн юм шиг байна тэгэхдээ сайн мэдэхгүй байна гэж хэлсэн тэгээд бид хоёр энэ ургамлаас жоохон аваад явчих уу гэж ярилцаж байгаад би түүж авсан юмаа. Тэр үед С шээж байсан тэгээд машин дотор суугаад явсан замдаа нөгөө ургамал муухай үнэртээд байхаар нь машин дотор байсан скочоор гадуур нь скочдоод хийсэн. Мөн түүчихээд хөдлөөд явахдаа ороогоод татаж үзсэн юмаа.Тэгээд Энхтөрийг аваад буцаж явж байгаад цагдаад баригдсан...Бид хоёр ярилцаж байгаад л түүсэн...Түүхэд би түүсэн харин С шээж байсан...Мөн бишийг нь бол мэдээгүй өмнө нь дуу клип дээрээс харсан ургамалтай төстэй байхаар нь түүсэн юмаа. Тэрнээс биш би хар тамхины ургамал гэдгийг нь бол мэдээгүй шинжээчийн дүгнэлтээр мөн гэж гарсан учраас уг ургамлыг мөн гэж мэдсэн...Мөн өмнө нь бичлэг болон бусад зүйлээс харж байхад иймэрхүү төрлийн ургамал байдаг гэдгийг нь харсан байсан болохоор л түүсэн юмаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-111 хуудас/,

Түүний яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд тогтоолтой уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байна...Миний хувьд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр намайг Улаанбаатар хотод гэртээ байж байхад манай найз Энхтөр утсаар залгаад ирээд авчих боломж байна уу? Маргааш өглөө ажлаасаа буух юмаа. Боломжтой бол манай ахын машин хотод байгаа очоод тэрийг аваад унаад ирээчээ гэхээр нь зөвшөөрөөд шууд тэр өдөртөө 120-ын Зүч гэдэг нэртэй буудлын доороос цагаан өнгийн аксент маркийн машиныг аваад гэртээ авч ирсэн юмаа тэгээд би С луу утсаар залгаад Энхтөр ирээд авчих гэсэн хамт явчихаад ирэх үү гэсэн чинь зөвшөөрсөн юмаа. Тэгээд маргааш өглөө уулзахаар болоод маргааш өглөө нь би уг машиныг бариад Сг 5-н шарын буудал дээрээс очиж аваад шууд 22-ын товчоогоороо явсан. Энхтөр бензин хийгээрэй гээд 20,000 төгрөг шилжүүлсэн байсан тул бензин замдаа хийхээр болоод явж байхад зам дагуу бензин тасарчихсан гээд колонкууд бензин өгөхгүй байсан тэгж явж байгаад Төв аймгийн Жаргалант сум орж бензин авахаар болоод Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн замаас Төв аймгийн Жаргалант сум руу салаад 200 орчим метр яваад бие засах зорилгоор зогссон тэгээд машинаасаа буугаад бие засаад зогсож байтал дуу клипин дээр гараад байсан ургамал шиг ургамал харагдахаар нь Сд хэлсэн чинь төстэй юм байна гэхээр нь би утаснаасаа зургийг нь хайгаад үзсэн чинь төстэй харагдахаар нь сонирхоод гялгар уутанд жоохон түүж аваад хөдөлсөн тэгээд замдаа цаасанд ороогоод татах гэж үзсэн чинь болохгүй байхаар нь хаячихаад нөгөө өвс машин дотор муухай үнэртээд байхаар нь скочоор битүү ороогоод Сгийн цүнхэнд хийчихсэн юмаа тэгээд Энхтөрийн Зүүн хараагийн Бро гоулдоос очиж аваад эргээд явж байгаад Төв аймгийн Баянчандмань суман дээр цагдаад баригдсан...Бид хоёр хоорондоо ярилцаад энэ өмнө нь дуу клип дээр гараад байдаг татдаг өвс мөн үү гэж ярилцаж байгаад ямар ч байсан мөн эсэхийг нь мэдэхгүй тул жоохныг түүж үзэхээр болоод нэг хэсгийг би өөрөө зулгааж аваад машин дотор байсан гялгар уутанд хийсэн юмаа...Тэгээд хөдлөөд явж байхдаа жоохныг татаж үзэхээр шийдээд машин дотроос нэг цаас олоод тэрэндээ жоохныг ороогоод асаагаад хувааж сорсон тэгэхэд нөгөө ургамал нойтон болохоор олигтой асахгүй байхаар нь за за наадах чинь болохгүй юм шиг байна наадахаа хая хая гээд хаясан......” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 хуудас/,

-Яллагдагч Ц.Сгийн сэжигтнээр өгсөн: “...Манай найз Э утсаар залгаад хамт Төв аймгийн Баянчандмань сум орчихоод ирэх үү? Ханиндаа явчихаад ирэх үү гэхээр нь би зөвшөөрөөд маргааш өглөө нь 09 цагийн орчим Улаанбаатар хот Таван шар дээрээс ирж аваад хамт явсан бөгөөд Э машин барьж яваад Баянчандманий наад хавьд жолоогоо солиод би машин бариад нэг колонк дээр бензин авах гэж зогсоод мөн бие засах гэж зогссон юмаа. Тэгэхээр нь би мэдэхгүй байна гэж хэлсэн чинь Э утаснаасаа зураг гаргаж ирээд надад харуулсан чинь төстэй байсан учир төстэй байна гэж хэлсэн юмаа. Тэгээд тэр ургамлаас Э түүгээд авсан бөгөөд би өөрөө машин дотор байсан юмаа. Тэгээд Э түүчихээд машин дотор орж ирсэн тэгээд цаашаа явж байсан бөгөөд Эыг миний цүнхэнд хийснийг хүртэл анзаараагүй тэгээд явж байхдаа замдаа сонирхоод тухайн өвснөөс тамхи шиг татахаар шийдээд ороогоод нэг нэг сорж үзсэн чинь ямар нэгэн зүйл болоогүй бөгөөд цааш бид хоёр яваад Энхтөрийг аваад эргэж явж байхдаа цагдаад баригдсан юмаа...Тухайн өвсийг төстэй байна гэж хэлсэн чинь Э шууд түүж эхэлсэн юмаа...Миний хувьд түүхэд нь оролцоогүй машиндаа сууж байсан юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 хуудас/,

Түүний яллагдагчаар өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна...манай найз Э Энхтөрийг авчихаад ирэх үү гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр замдаа явж байгаад Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн асфальтан замаас бензин авах зорилгоор Төв аймгийн Жаргалант сум руу дөнгөж салаад 200 орчим метр газар яваад машинаа зогсоогоод бие засах болоод түрүүлээд Э бууж шээж байсан би араас нь очоод шээх гэтэл Э нэг ургамал руу заагаад энэ нөгөө дуу клип дээр гараад байдаг татдаг ургамал мөн үү гэж асуухаар нь тэр ургамлыг нь харахад ногоон өнгөтэй жижиг жижиг салаатай ургамал байсан тэгээд утсан дээрээ Э хайлт хийгээд нэг зураг гаргаж ирсэн тэр зурган дээрх ургамалтай нөгөө ургамал төстэй байсан тэгээд бид хоёр мөн эсэхийг нь мэдэхгүй байсан тэгээд би мөн юм шиг байна гэж хэлээд машиндаа суучихсан тэгтэл Э машины урд хайрцаг дотроос гялгар уут аваад эргээд явсан тэгэхээр нь би түүх гэж байгаа эсэхийг мэдээгүй тэгтэл жоохныг түүгээд оруулаад ирсэн тэгээд л шууд хөдөлсөн замдаа нөгөө ургамлаас муухай үнэр үнэртээд байхаар нь үнэрийг нь яаж арилгах вэ гээд машин дотор юм хайж байтал скоч гараад ирэхээр нь битүү скочоор ороочихвол үнэр байхгүй болж магадгүй гээд Э скочоор скочдоод гялгар уутанд хийчихсэн чинь үнэр нь багассан тэгээд бид хоёр сонирхоод тухайн ургамлаас бага зэргийг аваад татаж үзсэн чинь тамхи шиг л байсан тэгээд л бид хоёр Энхтөрийг аваад эргээд явж байгаад цагдаад баригдсан...Анх удаа л түүж үзсэн...Одоо бол дуу клипээр байнга о уг ургамлыг гаргадаг юмаа тэрийг үзэж байгаад мөн байж магадгүй гэж бодоод л түүж үзсэн юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 хуудас/,

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн: “...Ц.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байгаагүй...одоогоор сэтгэцийн өвчин үгүй...мансуурах дон үгүй...өөрийн хийж байгаа үйлдлийг ойлгох ухамсарлах чадвартай...хэрэг хариуцах болон үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 95-96 хуудас/,

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн: “...Ц.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байгаагүй...одоогоор сэтгэцийн өвчин үгүй...мансуурах дон үгүй...мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамаарал үгүй...өөрийн хийж байгаа үйлдлийг ойлгох ухамсарлах чадвартай...хэрэг хариуцах болон үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 103-104 хуудас/,

Гэмт хэргийг илрүүлсэн цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 26 хуудас/,

-Монгол улсын олон улсын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенци  /хх-ийн 177-189 хуудас/,

Яллагдагч Ц.Эы мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны: “...Ц.Э нь мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис түүсэн газраа зааж өгч чадна гэсний дагуу Ц.Этай Төв аймгийн Жаргалант суманд уулзан хаана байгаа талаар нь асуухад Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн асфальтан замаас Жаргалант сум руу салдаг уулзвар дээр гэсний дагуу уг газарт очиход уулзвараас салаад зүүн тийш 200 орчим метр газар яваад замын хойд талыг заагаад уг газраас түүсэн гэснийг заалгуулан гэрэл зураг авч үзэхэд төв аймаг Жаргалант сум Тал булаг 3 дугаар баг Жаргалантын салдаг гэх газар байсныг тэмдэглэн авч ажиллагааг дуусгаж танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүйг тэмдэглэлд тусган ажиллагааг дуусгав...” гэх тэмдэглэл, ажиллагааны явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 149-150 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ц.Э, Ц.С нар нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч нарын буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч Ц.С, Ц.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Ц.С нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 3 курсад суралцдаг, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Морин 0-38в тоотод ам бүл 6 оршин суудаг, одоо 22 настай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар

Шүүгдэгч Ц.Э нь Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 курсад суралцдаг, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Морин 0-10 тоотод ам бүл 4 оршин суудаг, одоо 22 настай, урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаартай захирамжаар 1 жилийн хугацаа тэнссэнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн талаар хэрэгт ял шийтгэгсэн хуудас, баримт сэлт хэрэгт авагджээ.

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих  ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Эд 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Сд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.С, Ц.Э нар нь Улаанбаатар хот Хан-Уул дүүрэгт оршин нутаг дэвсгэрт оршин суудаг байх тул шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Гэмт хэргийн улмаас бусдад хор уршиг учраагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2134003020471 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг скочоор битүү ороосон ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 63-25 УНЛ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1440000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.С, Ц.Э нараас тус бүр 720000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт Ц С, О овогт Ц Э нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ховогт Ц С-ыг 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

О овогт Ц Э-ыг 2/хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Ц С, О овогт Ц Э нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явах, хоорондоо уулзалдахыг хориглож, хязгаарлалтын хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц С, Ц Э нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц С, Ц Э нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

6.Хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.С, Ц.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг скочоор битүү ороосон ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийг устгахыг Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 63-25 УНЛ улсын дугаартай Аксент маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 1440000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.С, Ц.Э нараас тус бүр 720000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С, Ц.Э нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

 

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.С, Ц.Э нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ