Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 00818

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Төрийн банкны Хөвсгөл салбар, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 7-14 тоотод оршин суух, РД76012906 регистрийн дугаартай, Төмөд овогт Ламжавын Рэнчинханд,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 7-14 тоотод оршин суух,  РЛ78041110 регистрийн дугаартай, Зэлмэн овогт Ганболдын Нэргүйбаатар нарт холбогдох

 зээл, зээлийн хүүгийн төлбөр 1,376,936.67 / нэг сая гурван зуун далан зургаан мянга есөн зуун гучин зургаан төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ламжав овогтой Рэнчинханд, Ганболд овогтой Нэргүйбаатар нар нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан Төрийн банкны Хөвсгөл салбараас 5.000.000 / таван сая / төгрөгийн зээлийг жилийн 10.2 хувийн хүүтэй, 17 сарын хугацаатай зээлж авсан.  Манай банк зээлдэгч Л. Рэнчинханд, Г.Нэргүйбаатар нарт санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байтал банкны итгэл найдварыг алдаж үндсэн зээл болон зээлийн хүүний төлбөрийг гэрээ болон өөрийн гаргаж байсан хүсэлтэнд заасан хугацаанд төлж барагдуулахгүйгээр банкийг хохироож байна. Банк зээлдэгч Ламжав овогтой Рэнчинханд, Ганболд овогтой Нэргүйбаатар нарт удаа дараа зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө төлж барагдуулах шаардлага өгч, биечлэн уулзаж, зээлийг төлж барагдуулах тодорхой хугацаа өгч байсан. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар:Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 1.239.698,50 төгрөг, баланс гадуурх хүү 137.240,83 төгрөг, нийт 1.376.936,67 төгрөг байна.

Л.Рэнчинханд, Г.Нэргүйбаатар нар нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж нийт 306 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна. Төрийн банкны зүгээс гэрээгээ цуцалж байгаа тул зээл, зээлийн баланс гадуур хуримтлагдсан хүүгийн төлбөр болох нийт 1,376,936.67 /нэг сая гурван зуун далан зургаан мянга есөн зуун гучин зургаан төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг зээлдэгч Л.Рэнчинханд, Г.Нэргүйбаатар нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Рэнчинханд, Г.Нэргүйбаатар нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мөрөн сумын 10 дугаар багийн иргэн Л.Рэнчинханд, Г.Нэргүйбаатар  бид  Төрийн банкны Хөвсгөл салбараас 2015 оны 07 дугаар сарын 02-нд өрхийн хэрэглээний зориулалтаар 5.000.000 төгрөгийн зээл авсан юм. Тус зээлийг графикийн дагуу төлж байгаад 2016 оны 10 дугаар сараас хойш ар гэрт хүнд нөхцөл байдал тулгарч улмаар зээлээ төлж чадахгүйд хүрсэн юм.

Иймд Төрийн банкны Хөвсгөл салбараас нэхэмжилж буй үндсэн зээл 1.239.698,50 төгрөг, хүү 137.240,83 төгрөг, нийт 1.376.936,67 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Тус зээлийн төлбөрийг 2017 оны 8 дугаар сараас эхлэн 2017 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд төлж дуусган банкийг хохиролгүй болгоно гэжээ.

Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Л.Рэнчинханд, Г.Нэргүйбаатар нар нь 1.379.936,67 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар шүүхэд ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Ламжав овогтой Рэнчинханд, Ганболд овогтой Нэргүйбаатар нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 1.376.936.67 / нэг сая гурван зуун далан зургаан мянга есөн зуун гучин зургаан төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүүгийн төлбөр 1,376,936.67 төгрөгийг хариуцагч Л.Рэнчинханд, Г.Нэргүйбаатар нар нь “...Төрийн банкны Хөвсгөл салбараас нэхэмжилж буй үндсэн зээл 1.239.698,50 төгрөг, хүү 137.240,83 төгрөг, нийт 1.376.936,67 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна ...” гэх төлөхийг зөвшөөрсөн тухай тайлбарыг  шүүхэд ирүүлсэн байна.

       Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 57.780 төгрөгөөс 18.490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 39.290 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Л.Рэнчинханд, Г.Нэргүйбаатар нараас 18.490 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Л.Рэнчинханд, Г.Нэргүйбаатар нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 1,376,936.67 /нэг сая гурван зуун далан зургаан мянга есөн зуун гучин зургаан төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 57.780 төгрөгөөс 18.490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 39.290 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Л.Рэнчинханд, Г.Нэргүйбаатар нараас 18.490 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА