Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00827

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын 1 дүгээр багт оршин суух, Дүүрэгч овогт Янсанжавын Эрдэнэ / РД61120411 /-ийн хүсэлттэй,

           Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Я.Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Я.Эрдэнэ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Янсанжав овогтой Эрдэнэ миний бие Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн -Ундрал нэгдлийн Нүхт бригадад 1977 оны 7 дугаар сарын 01-нээс туслах малчнаар 1980 оны 5 дугаар сарын 31-нийг хүртэл ажиллаж байгаад 1980 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаад Төв аймгийн Лүн суманд 1980 оны 6 дугаар сарын 15-наас 1983 оны 6 дугаар сарын 16-ний хүртэл 3-н жил цэргийн алба хаагаад  Галт суманд ирж Галт сумын Нүхт бригадад 1983 оны 9 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хоньчиноор  ажилласан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд Хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу бичигдсэн, тамга тэмдэг дарагдаагүй зэргээс болоод нэгдэлд ажилласан жил тогтоогдохгүй байгаа юм.

         Иймд намайг 1977 оны 7 дугаар сарын 01-нээс 1985 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1983 оны 9 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

        Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Я.Эрдэнэ нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1977 оны 7 дугаар сарын 01ний өдрөөс 1980 оны                     5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны                12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчиноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

          Тухайлбал: Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын тамгын газрын дарга И.Ганбаатарын “Галт сумын иргэн РД61120411 регистрийн дугаартай Я.ЭНрдэнэ нь тус сумын Идэрийн Ундрал нэгдлийн Нүхт бригадын малчнаар 1977 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сар, 1983 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан тухай 70 лдугаар дансны ХН№1-ын 37, 56 дугаар хуудаснаас лавлагаа гаргав” гэх албан бичиг,

          Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1977-1980, 1983-1989 онуудад малчнаар ажилласан жил, авсан цалин хөлс бүхий 70 дугаар дансны хуулбар, түүвэрлэсэн хүснэгтийн хамт 8 хуудас/ Галт сумын засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан/

         Хөвсгөл аймгийн Галт сумаас 1984 оны 6 дугаар сарын 17-ний өдөр Янсан овогтой Эрдэнэд нээж олгосон 1983 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд  ажилласан хоног авсан цалин хөлч бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас,

        Янсан овогтой Эрдэний 1980 оны 6 дугаар сарын 25-ний өдрөөс 1983 оны 6 дугаар  сарын 16-нийг хүртэл  144 дугаар ангид цэргийн алба хаасан талаархи “цэргийн батлах” үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас,

         Гэрч Л.Гарамжавын 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн...Я.Эрдэнэ сургуульд сурч байгаад 5 дугаар ангиасаа  гарсан бөгөөд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 16 насандаа   буюу 1977 онд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад туслах малчнаар анх ажилд орж байсан. Тэгээд нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 1980-1983 онд цэргийн албанд явсан бөгөөд 1983 оны зун цэргээс халагдаж ирээд намар нь тус нэгдлийнхээ 1 дүгээр бригадад малчнаар үргэлжлүүлэн нэгдэл тартал буюу 1992 оныг дуустал ажилласан юм. Би 1970-1992 онуудад Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад тасралтгүй малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10/405 дугаартай “…Галт сумын Идрийн-Ундрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна ....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дүүрэгч овогт Янсанжавын Эрдэнэ / РРД61120411/-г Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1977 оны 7 дугаар сарын 01ний өдрөөс 1980 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХТУЯА