| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0210/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/243 |
| Огноо | 2022-03-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч И.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт И гийн Г д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сансарт байрлах автомашин угаалгын газар ажилладаг, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/585 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн;
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ДШМ/598 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг 2 дахин багасгаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/585 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 723 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 4 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Б овогт И гийн Г /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч И.Г нь ... тоотод 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ю.Б д “ахаа утсаа өгөөч, би аавтайгаа ярих гэсэн юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, “Самсунг Вайт-2” загварын гар утсыг залилан авч, 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Г ас: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч И.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байгаад хажуу айлын хүний гар утсыг “аавтайгаа ярьчихаад өгье” гэж худлаа хэлж гуйж авч яваад Тэди төвийн орчимд зогсдог хүмүүст 40.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би тэндээс олсон мөнгөөрөө юм авч идээд орцоор хоноглож явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хохирогч Ю.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ буюу ...тоотод байж байхад 17 тоотын залуу манай хаалгыг тогшоод “ахаа утсаараа яриулаач, аавтай ярих гэсэн юм, ...жаахан удаан ярих юм байна” гэхээр нь “оруулж ирээд өгөөрэй” гэсэн юм. Тэгээд алга болчихоор нь өрөөнд нь очсон чинь цоожлоод гараад явсан байсан бөгөөд аавыг нь орой ирэхээр нь “танай хүүхэд утас аваад явчихлаа” гэсэн чинь “өө чи яах гэж өгсөн юм” гэж хэлсэн ба 4 хоногийн дараа гэртээ ирэхээр нь утсаа асуусан чинь зарсан гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн “...Samsung wide 2 маркийн гар утасны үнийг 120.000 төгрөгөөр тогтоосон...” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч И.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн шийдвэрүүд /хх-ийн 32-48 дугаар хуудас/, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч И.Г нь ... тоотод 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ю.Б д “ахаа утсаа өгөөч, би аавтайгаа ярих гэсэн юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, “Самсунг Вайт-2” загварын гар утсыг залилан авч, 120.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч И.Г нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч И.Г ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч И.Г нь ... тоотод 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ю.Б д “ахаа утсаа өгөөч, би аавтайгаа ярих гэсэн юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, “Самсунг Вайт-2” загварын гар утсыг залилан авч, 120.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч И.Г ын: “...Би ...хажуу айлын хүний гар утсыг “аавтайгаа ярьчихаад өгье” гэж худлаа хэлж гуйж авч яваад Тэди төвийн орчимд зогсдог хүмүүст 40.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хохирогч Ю.Б-н: “...17 тоотын залуу манай хаалгыг тогшоод “ахаа утсаараа яриулаач, аавтай ярих гэсэн юм, ...жаахан удаан ярих юм байна” гэхээр нь “оруулж ирээд өгөөрэй” гэсэн юм. Тэгээд алга болчихоор нь өрөөнд нь очсон чинь цоожлоод гараад явсан байсан бөгөөд ...4 хоногийн дараа гэртээ ирэхээр нь утсаа асуусан чинь зарсан гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн “...Samsung wide 2 маркийн гар утасны үнийг 120.000 төгрөгөөр тогтоосон...” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч И.Г нь хохирогч Ю.Б-н “Samsung wide 2” загварын гар утсыг “аавтайгаа ярьчихаад өгье” гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч И.Г-ыг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Ю.Б нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд “...И.Г-с хохирлын мөнгө авсан...” талаарх хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч И.Г нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч И.Г ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч И.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэсэн;
Шүүгдэгч И.Г нь “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх хүсэлт, дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч И.Г д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч И.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, удаа дараа бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдож байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч И.Г д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №97 дугаартай тогтоолоор оногдуулсан ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 598 дугаартай магадлалаар өөрчлөлт оруулж, биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосон байна.
Шүүгдэгч И.Г нь уг ялыг биечлэн эдэлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр суллагдсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч И.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт И гийн Г-г “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г д оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.