Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/249

 

 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч М.Сүхчулуун,

Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-ын О д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерын программ, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 2 дүү, 2 хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х  овогт С-ын О  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.О нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.А ийн эзэмшлийн ... нэртэй дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдан борлуулсан 588.084 төгрөгийн бараа бүтээгдэхүүний төлбөрийг өөрийн Хаан банкан дахь ...  тоот данс руу шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.О нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.А ийн эзэмшлийн ... нэртэй дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдан борлуулсан 588.084 төгрөгийн бараа бүтээгдэхүүний төлбөрийг өөрийн Хаан банкан дахь ...  тоот данс руу шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О ас: “...Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. ...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед гар утасны апплэкэйшний зээл ихтэй байсан учраас зээлээ төлөх гээд авчихсан юм. Буцаж төлөх гээд чадаагүй. Миний энэ үйлдлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

Хохирогч С.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын сүүлээр гадагшаа явахдаа О д итгэл үзүүлж өөрийн дэлгүүртээ ажиллуулахаар үлдээсэн. О ын манай дэлгүүрт ажиллаж байхдаа дутаасан гэж үзэж байгаа бараа материалын тооцоог би гаргаж өгсөн байгаа. Гэхдээ энэнээс өөр хэдэн төгрөгийн бараа байгааг мэдэхгүй байна. Э гэх эмэгтэй надад анх надад хандаж ажилчин чинь над руу ийм баримт явуулаад байна гээд баримтны зураг явуулсан. Би О ыг ажлаас нь халаад уг баримтаа гаргаж цагдаагийн байгууллагад өгсөн. О ас 588.000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,   

 

Гэрч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын эхээр агуулахын эзэн А надад хандаж бараа авсан мөнгөө өгөхгүй юм уу гэж хэлэхээр нь би гайхаад юу билээ гэхэд чи бараа авсан байна гэж хэлсэн. Тэгээд би О  гэдэг худалдагч охин руу залгасан чинь мессенжэр чатаар харилцъя гэхээр нь би түүнд хандаж миний нэр дээр барааны мөнгө дутуу байна гээд байна гэхэд харин тиймээ эгчээ, та хэд хоног аргалаад өгөөч, би таны нэр дээр бараа бичээд авчихсан юм гэж хариу бичсэн. Би үгүй гэж хэлээд уг мессежээр харилцсан байдлаа А д хэлээд, өөрийнхөө ажилтантайгаа учраа олог гээд орхисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ... тоотод буюу ажлын байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-69 дүгээр тал/,

 

Шүүгдэгч С.О ын эзэмшдэг Төрийн банк-ны ... тоот данс, Хаан банк-ны ..., ... тоот дансанд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-ийн 71-81 дүгээр хуудас/ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.О нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 129 дүгээр хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

 

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.О ыгБусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч С.А д 588.084 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч С.О ас дээрх мөнгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирлыг даруй төлж барагдуулна гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.О ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэрэгт авагдсан шүүгдэгч С.О ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 111, 117 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115-116 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай лавлагаа /хх-ийн 109 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 112 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 113, 121 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 114 дүгээр хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 118 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 119 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 120 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар түүний хувийн байдлыг тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай...” саналын хүрээнд шүүгдэгч С.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.   

Шүүгдэгч С.О нь Улаанбаатар хотод төрсөн, байнга оршин суух хаяг нь ... тоотод болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, холбогдох бусад баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.О ыг дээрх хугацаанд “Улаанбаатар хот”-ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.О нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х  овогт Сүхбаатарын О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О д 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О д шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О ас 588.084 /таван зуун наян найман мянга наян дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч С.А д олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.