Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 00834

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: 1957 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн Урт булаг хэмээх газарт оршин суух, Боржигон овогт Дэмбээгийн Лхагважав /РБ57101811/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Лхагважав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Д.Лхагважав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1976 оны 03  дугаар сарын 01-нээс 1976 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл туслах малчнаар ажиллаж байгаад түүнээс хойш 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд цэргийн албаа хаагаад нутагтаа ирээд 1979 оны 11 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар багт малчнаар ажилласан юм.  Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажилд томилж,чөлөөлсөн тушаал олдохгүй, байхгүй байгаа юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1976 оны 03  дугаар сарын 01-нээс 1976 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл туслах малчнаар, 1979 оны 11 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Арбулаг сумын Мандал нэгдлийн 6 дугаар багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд оны болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Д.Лхагважав  нь  ажиллаж   байсан   байдлаа    сэргээн    тогтоолгосноор  

 

өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1976 оны 03  дугаар сарын 01-нээс 1976 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл туслах малчнаар, 1979 оны 11 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс 1976 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр олгосон 329915 тоот цэргийн батлах

Батлан хамгаалах яамны сайдын 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн н/143 тоот тушаалаар хугацаа дууссан тул бэлтгэлээр халсан тухай 137 дугаар ангийн даргын цэргийн албанаас халсан тухай үнэмлэхийн хуулбар,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын малчин Д.Лхагважавын 1976-1990 онуудад ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн  гаргасан Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн цалингийн түүвэр,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/233 дугаартай лавлагаа,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн захиргаанаас Д.Лхагважавт 1981 оны 12 сарын 10-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10/417 дугаартай “....Тус аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал  Д. Лхагважавт байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Дэмбээгийн Лхагважав /РБ57101811/-г Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1976 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах малчнаар, малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Лхагважавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА