Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0090

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 04 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0090

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Гомдол гаргагч: К У иргэн Ж З

Хариуцагч: Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ж.М

Гомдлын шаардлага: “Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ж.Мын 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 0123732 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, торгуульд төлсөн болон хураасан мөнгийг буцаан гаргуулах” гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, гомдол гаргагч К У иргэн Ж З, өмгөөлөгч П.Б, хариуцагч Ж.М, гэрч Г.Ө, орчуулагч Д.Х нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

К У иргэн Ж З шүүхэд ирүүлсэн гомдолдоо:

“2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Буянт-Ухаа дахь хилийн шалган
нэвтрүүлэх боомтоор БНХАУ Улс руу зорчихоор үүргэвч, жижиг чемоданаа
рентгенээр шалгуулаад гарахад гаалийн ажилтан “Танд гаальд мэдүүлэх зүйл
байгаа юу” гэж асуухад нь би “Надад бэлэн мөнгө байгаа” гэж хэлсэн. Тэгээд нэг
өрөөнд оруулаад 2 ширхэг мэдүүлгийн маягт өгөөд, тээшээ шалгуул гэхэд нь
үүргэвчээ түрүүлж онгойлгож мөнгөө ширээн дээр гаргаж тавьсан. Гэтэл тэр
гаалийн ажилтан миний паспорт, оршин суух үнэмлэхийг аваад явсан. Би гаалийн
мэдүүлгийг аваад үлдсэн ба гаалийн байцаагчаас 2 цүнхэнд байгаа мөнгөө тус
тусад нь мэдүүлэх үү гэдгийг асуух шаардлагатай байсан тул уг ажилтныг
хүлээгээд байж байсан.

Гаалийн ажилтан эргэж ирэхэд нь чемоданаа онгойлгож үлдсэн мөнгөө
гаргаж ширээн дээр тавихад мөнгөө бүтэн мэдүүлээгүй тул хэрэг үүсгэж шалгана
гэсэн. Надад байсан мөнгө бол миний цалин, өөрийн данснаас авч, дүүдээ орон
сууц авахад нь туслах зорилгоор өгөх гэж авч явснаа хэлж, шалгалтын явцад
үүнийгээ нотолсон.

Ингээд уг асуудлыг шалгаад 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гаалийн улсын байцаагч Ж.М 0123732 дугаартай шийтгэлийн хуудсыг танилцуулж
Зөрчлийн тухай хуулийн 11.29 дугаар зүйлийн 22 дахь хэсгийн 22.3-д зааснаар
12,567,995.1 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 210,892 юань, 976 америк
долларыг хураасан.

Энэхүү шийдвэрт миний бие гомдолтой, гаалийн улсын байцаагч гаалийн
хяналт шалгалт, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа Гаалийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчиж миний хууль ёсны эрхийг зөрчиж, хохирол учруулсан тул энэ нэхэмжлэлийг гаргаж байна.

Шийтгэлийг эс зөвшөөрч байгаа хуулийн үндэслэл.

Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.4, 228 дугаар зүйл,
Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан
“Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д
тус тус зааснаар улаан, ногоон гарцыг сонгоогүй, гаалийн улсын байцаагчид
гаальд мэдүүлэх шаардлагатай эд зүйл байгаа гэдгийг өөрөө хэлсэн нь Гаалийн
тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.3 дахь хэсэгт заасан журмын дагуу мэдүүлсэн гэж үзнэ. Гэтэл тухайн үед Гаалийн ажилтантай бүрэн ойлголцоогүйн улмаас энэ асуудал үүссэн ба үүнийг мөнгөө бүрэн мэдүүлээгүй гэж захиргааны шийтгэл ногдуулж, хууль ёсоор хөдөлмөрлөж авсан цалинг маань хураасан асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тодруулвал, гаалийн ажилтан надад гаалийн мэдүүлгийн 2 ширхэг хуудсыг өгчхөөд миний бичиг баримтыг аваад явсан. Би 2 хуудас өгсөн болохоор 2 цүнхэнд байгаа мөнгөө тус тусад нь мэдүүлэх юм байна гэж ойлгоод нэг мэдүүлгийн хуудсыг бөглөж дуусаагүй байхад ирээд “Шалгалт хийнэ” гэсэн ба надад мэдүүлгийн бүрэн бичих бололцоог олгоогүй. Нөгөөтэйгүүр миний бичиг баримтыг аваад явсан болохоор мэдүүлэгт бичих зарим хувийн мэдээллийг бичээгүй байсан.

Гаалийн ажилтны өгсөн мэдүүлгийн хуудсанд 100,000 юанийг мэдүүлсэн
байсан ба зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоолд “...110,892 юань, 976 АНУ-ын
долларыг гаальд мэдүүлээгүй” гэж зөрчлийн хэрэг нээсэн. Гэтэл надад байсан
мөнгийг бүгдийг нь хурааж, энэ мөнгөний 15 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр
торгож байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулвал Зөрчил шалган шийдвэрлэх
тухай хуулийн 7.1-т зүйлд заасан шийтгэл ногдуулах нөхцөл байдлыг бүрэн
тогтоогоогүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112-р
зүйлийн 112.4.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6-р зүйлийн 2 дахь
хэсэгт заасны дагуу Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч
Ж.Мын 2019 оны 12-р сарын 8-ны өдрийн 0123732 дугаартай
шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, торгуульд төлсөн болон хураасан мөнгийг
буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргав.” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

К У иргэн 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Буянт ухаа шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ 210,892,976 америк долларыг гаальд мэдүүлээгүй гэж зөрчлийн хэрэг хянан шалгаж 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаалийн улсын байцаагч Ж.М 0123732 дугаартай шийтгэлийн хуудсыг танилцуулж түүний авч явсан 210,892,976 долларыг хурааж улсын орлого болгож 12,567,995 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан. Энэ шийтгэлийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Гомдлын үндэслэлийн тухайд гаалийн улсын байцаагч зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Үүн дээр шалгаж тодруулж зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Гаальд нууна далдалсан буюу мэдүүлэхээс зайлсхийсэн үйлдлийг гаргаагүй. Гаалийн хилээр ороход гаалийн улсын байцаагч ирээд танд гаальд мэдүүлэх бараа байгаа юу? гэдэг асуултыг тавьж нэхэмжлэгч болохоор надад гаальд мэдүүлэх бараа байгаа гэдгийг хэлээд үүний дагуу зорчигчийн гаалийн байгууллагын хуудас өгсөн байдаг.

Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар зорчигч хэрэглээний барааг амаар мэдүүлж болно гэдэг журмын дагуу явагдсан гэж үзэх үндэслэлтэй. Гаалийн хяналт шалгалт явуулахдаа зөрчсөн асуудлын тухайд Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан журам гэж байгаа. 2017 оны А/223 дугаар тушаалд зорчигчийн гаалийн мэдүүлгийг бичиж гаалийн улсын байцаагчид өгсөн үеэс зорчигчийн хэрэглээний эд зүйл хилээр нэвтрүүлэх бараа гаалийн хяналт шалгалт хийж эхэлнэ гэдэг журам байгаа. Журманд гаалийн мэдүүлгийг хөтөлж бүрдүүлэлт хийх талаар тодорхой заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгчийг деклараци буюу зорчигчийн гаалийн мэдүүлгийг бүрэн бөглөж дуусаагүй байхад хяналт шалгалтыг явуулж улмаар тэр доороо зөрчлийн хэрэг нээх талаар байцаагчийн дуудаж энэ ажиллагааг явуулсан байдаг. Гаалийн мэдүүлгийг бүрэн бөглөж дуусах үйл ажиллагааг яагаад явуулаагүй вэ? гэдэг зүйл байна. Рентгенээр орсны дараа мэдүүлэх бараа байгаа юу? гэж тухайн өрөөнд оруулсан. Ингэхдээ хоёр хувь деклараци өгөөд нэхэмжлэгчийн хувийн бичиг баримтыг аваад явсан. Нэхэмжлэгч энэ үед мөнгийг хоёр цүнхэнд хийсэн байсан. Эхний гаалийн декларацид 100,000 гэж бичээд гарын үсэг зураагүй өөрөөр хэлбэл гаалийн улсын байцаагчийг хүлээгээд байж байсан. Хүрч ирээд үргэлжлүүлээд хяналт шалгалт хийгээд явсан байдаг. Зорчигч гаалийн мэдүүлэгээр гарын үсэг зураад бүрэн мэдүүлсэн тохиолдолд мэдүүлсэн гэж үзэх ёстой. Бүрэн мэдүүлэх бололцоо олгоогүй шууд зөрчлийн хэрэг нээгээд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж үндэслэлгүй хууль бус шийдвэр гарсан.

Бид худал мэдүүлсэн болоод нуун далдалсан зүйл байхгүй. Дутуу мэдүүлсэн байхад зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан үндэслэл гаалийн хяналт шалгалттай холбоотой байсан. Энэ хүн гаальд бүрэн мэдүүлэг бичиж дуусаагүй байхад үргэлжлүүлээд хяналт шалгалтын үйл ажил явуулсан асуудал байгаа. Нэхэмжлэгч гаалийн мэдүүлэгт гарын үсэг зураагүй байсан. Г.Ө гэдэг хүн орж ирээд дараа нь н.Б******* гэдэг байцаагчийг дагуулж орж ирээд өөр өрөөнд шилжүүлж оруулаад за одоо энэ дээр гарын үсэг зур гэж хэлээд зуруулсан. Тухайн болсон асуудлаа нэхэмжлэгч өөрөө тайлбарлах байх. Ингээд энэ үйл ажиллагаа явсан байдаг. Тодруулах асуудал байсан учраас би гарын үсэг зураагүй зөвхөн мөнгөн дүн бичээд гаалийн улсын байцаагчийг хүлээж байсан гэж нэхэмжлэгч хэлдэг.” гэв.

Хариуцагч Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ж.М шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны
хэрэг бүртгэгч гаалийн улсын байцаагч Ж.М би, К У иргэн
Ж З нь 2019 оны 11 сарын 24 ны өдөр улсын хилээр гарахдаа их хэмжээний валют болох 210892 юань, 976 ам.долларыг гаалийн байгууллагад
худал мэдүүлсэн, мэдүүлэхээс зайлсхийж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан
зөрчил гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх
тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан тэмдэглэл үйлдэн Монгол улсын зөрчил
шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
удирдлага болгон 1903000184 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгахад
холбогдогч К У иргэн Ж З нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлд зорчихоор Чингис Хаан олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн зорчигчийн явах талын хэсгээр улсын хилээр нэвтрэхэд нь Хяналт шалгалтын албаны гаалийн улсын байцаагч Г.Ө 2 ширхэг гар тээшийг рентген аппаратаар шалгахад их хэмжээний бэлэн мөнгө байж болох дүрс харагдсан тул зорчигчийн гаалийн мэдүүлэг өгч их хэмжээний гадаад валютыг гаалийн байгууллагад мэдүүлэх боломж олгож мэдүүлүүлсэн байна. Зорчигчийн мэдүүлсний дагуу зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дэх хэсгийг удирдлага болгон нягтлан шалгах зорилгоор зорчигчийн 2 ширхэг гар тээшийг өөрөөр нь онгойлгуулан биет үзлэг шалгалт хийсэн байна. Үзлэг шалгалтаар 100000 юань гэж гаалийн байгууллагад мэдүүлснийг нь шалгахад 210892 юань, 976 ам.доллар байсан нь хяналт шалгалтаар тогтоогдож , валютыг худал мэдүүлж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан болох нь 190300184 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан

Эрх бүхий албан тушаалтан гаалийн улсын байцаагч Г.Өийн
хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл , эс
үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Гаалийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, Зөрчилд холбогдогч Ж Зийн зөрчлийн хэрэгт бичгээр гаргаж өгсөн тайлбар ба тайлбарыг орчуулсан орчуулгын хамт, БУГГ-ын ЭУА-ны гаалийн улсын байцаагч Ж.Б******* зөрчлийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг, бичгээр гаргаж өгсөн тайлбар, БУГГ-ын ГХША-ны гаалийн улсын байцаагч Г.Ө зөрчлийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг, бичгээр гаргаж өгсөн тайлбар, Зөрчилд холбогдогч К У иргэн Ж Зийн зөрчлийн хэрэгт холбогдогчоор өгсөн мэдүүлэг, Зөрчилд холбогдох бараа болох АНУ-ын доллар, БНХАУ-ын юан, Зөрчилд холбогчдын гаалийн хяналт шалгалтаар орох үеийн хяналтын камерын бичлэг зэрэг бусад холбогдох материалаар нотлогдож байгаа тул гаргасан зөрчилд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.29 дугаар зүйлийн 22 дахь хэсгийн 22.3-т зааснаар 0123732 дугаарын шийтгэлийн хуудсаар “зөрчилд холбогдох бараа болох валютыг хурааж, хураагдсан валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Нууж далдалсан зүйл байхгүй гэж хэлж байна. Нууж далдалсан байдлаар зөрчлийн хэрэг нээгээгүй. Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.22.3 дахь зүйл буюу худал мэдүүлсэн гэдгээр авсан. А/223 дугаар журмыг амаар биш заавал бичгээр бичих ёстой. Нэхэмжлэлийн шаардлагад амаар мэдүүлсэн гэж яриад байна. Нэхэмжлэлийн шаардлагад бололцоо олгоогүй гэж байсан. СД бичлэг тодорхой харагдах байх. Гаалийн хяналт шалгалт орохоос өмнө гаалийн мэдүүлгийг бөглөсөн байх ёстой. Орсны дараа гаалийн улсын байцаагч гаальд мэдүүлэх бололцоогоор бүрэн хангасан талаар холбогдогчоор авсан мэдүүлгээр тодорхой харагдах байх.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Буянт-Ухаа дахь гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0123732 дугаар шийтгэлийн хуудсаар К У иргэн Ж Зг  Зөрчлийн тухай хуулийн 11.29 “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих”, 11.29 дүгээр зүйлийн 22.3 “худал мэдүүлсэн…” зөрчил гаргасан гэж үзэн 12.567.995,1 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагчаас “... мэдүүлэг бөглөж дуусаагүй байхад нуусан, дутуу мэдүүлсэн, буруу мэдүүлсэн гэж үзсэн,... нислэгээс хоцорч 10 хоногийн дараа хилээр гарах үед гаалийн байцаагч торгуулиа төлөхгүй бол хилээр гаргахгүй гэсэн тул  12.567.995 төгрөгийн торгуулийг төлж, хилээр гарсан, ... 2 гар тээшинд авч явсан өөрийн цалинг үндэслэлгүй хураалгасанд гомдолтой байна.” гэжээ.

Хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч нь К У иргэн Ж Зий 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсээр гарахад гаалийн улсын байцаагч гар тээшин дэх валютыг дутуу мэдүүлж, мэдүүлэхээс зайлсхийж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээжээ.

 Гомдол гаргагч Ж З Буянт-Ухаа дахь Нисэх буудлын аюулгүй байдлын хяналтын бүсээр нэвтрэхдээ 1 гар тээшинд  100.000 юань, нөгөө гар тээш буюу чемоданд 110.892 юань, 976 ам.доллар авч явсныг гаалийн хяналтын өрөөнд ажиллаж байсан гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч рентген төхөөрөмжөөр харж, Ж Зийг гаалийн хяналтын өрөөнд ирүүлж, гаальд мэдүүлэх зүйл байгаа эсэхийг лавлаж, Ж З бэлэн мөнгө байгаа гэж хэлснээр гаалийн байцаагч 2 ширхэг гаалийн мэдүүлгийг өгсөн, мэдүүлж дуусаагүй байхад гаалийн хяналт шалгалт хийж, үүний дараа мэдүүлэгт гарын үсгийг зуруулсан болох нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч Г.Өийн мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэлээр нотлогдож байна.

Гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлж, хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэлд “... гаалийн байгууллагад мэдүүлэх бараа байгаа эсэхийг асуухад мөнгө байгаа гэсэн тул 2 хувь гаалийн мэдүүлэг өгч, мэдүүлэх боломжийг олгон бичиг баримтыг хувилахаар авч яваад 10 минут орчмын дараа ирэхэд зөвхөн 1 хувийг 100.000 юань гэж бөглөсөн байх ба нөгөө хувийг огт бөглөөгүй байв.” гэж тэмдэглэгджээ.

Түүнчлэн хариуцагчаас шүүхэд ирүүлсэн видео бичлэгт гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч зорчигчийг өрөөндөө оруулж гар цүнхийг нь шалгасны дараа бичиг баримтыг авч гарсан, 10-аад минутын дараа эрсдлийн байцаагчийн хамт ирж зорчигчийн эд зүйлийг шалгаж байгаа дүрс, түүнчлэн гаалийн улсын байцаагч Ж.Б*******ын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн гэрчийн мэдүүлэгт “... явагчийн гар тээш шалгах хэсэгт гаалийн улсын байцаагч Г.Ө их хэмжээний бэлэн мөнгөтэй зорчигч байна гэж дуудсан...”, гэрч Г.Өийн “...ээлжийн ахлагч гаалийн улсын байцаагчид “... их хэмжээний бэлэн мөнгөтэй зорчигч байна гэж мэдэгдсэн”  гэх мэдүүлгээс гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч анхнаасаа зорчигчид гаалийн мэдүүлгээр бараагаа мэдүүлэх боломж олгохоосоо илүү зорчигчийн гаалийн мэдүүлгийг бүрэн бичиж, гаальд мэдүүлээгүй байхад нь гаалийн хяналт шалгалтыг явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүнчлэн гомдол гаргагч Ж Зий 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “... миний мөнгө 2 тусдаа байсан болохоор 2 мэдүүлэг бөглөх ёстой юм байх гэж ойлгоод байцаагчаас тодруулахаар хүлээж байсан” гэж, шүүх хуралдаанд “мэдүүлгийг бөглөх талаар байцаагчаас асуух, зарим мэдээлэл бөглөхөд паспорт бичиг баримт хэрэгтэй байсан, мөн гаалийн мэдүүгийн доот хэсэгт “хэрэв тодруулах зүйл байвал гаалийн байцаагчаас асууна уу” гэсэн анхааруулаг байсан тул байцаагчийг хүлээж байсан”, “... би мэдүүлгийг бөглөж дуусаагүй, гарын үсэг зураагүй байсан. Миний бичиг баримтыг хурааж авч явсан эмэгтэй байцаагч 10 минутын дараа ирэхдээ өөр эрэгтэй байцаагчтай ирээд надад юм асуух боломж ч олгоогүй.”, “...Байцаагч нар “та ядаж 100.000 юанаа мэдүүлсэн мэдүүлэгт гарын үсэг зурвал танд энэ мөнгийг чинь үлдээнэ, зурахгүй бол бүгдийг хураана” гэсэн тул би эцсийн мөчид гарын үсгээ зурсан” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцсон гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч зөвшөөрсөн зэргээс үзэхэд гомдол гаргагчийн мэдүүлэг бөглөхөд туслалцаа зөвлөгөө өгөөгүй, шууд зөрчлийн шинжтэй гэж үзэн хяналт шалгалт явуулсан.

Эдгээр үйлдэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3-т “Холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах, албадахыг хориглоно.”, 4.15 дугаар зүйлийн 5.”Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж заасныг зөрчсөн.

Гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч Г.Өийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаан “мэдүүлгийг бөглөж дууссан уу, гэж асуухад дууссан гэж хариулсан учраас үлдсэн мөнгийг рентген төхөөрөмжөөр шалгасан”, “...эргэж ирэхэд мэдүүлгээ бөглөж дуусаагүй байсан” гэх мэдүүлгүүд зөрүүтэй бөгөөд гомдол гаргагч “... нуух ямар ч санаа зорилго байгаагүй, ... байцаагч эхний гар цүнхэнд байгаа мөнгийг нээлгэж үзээд 2 мэдүүлэг өгөөд, миний бичиг баримтыг авч явсан, чемонданд байгааг тусад нь мэдүүлэх юм байх гэж ойлгоод эхний цүнхэнд байсан 100.000 юаныг 1 мэдүүлэгт бичээд, дуусгаагүй, гарын үсэг зураагүй байхад эмэгтэй байцаагч өөр байцаагчийн хамт ирэхдээ бөглөж дууссан уу гэж асуугаагүй, шалгаж тодруулах зүйл байна”,  “Эмэгтэй байцаагч хэнтэй ч ярьж болохгүй гэсэн тул би зөвхөн тэдний хоорондоо ярихыг харж 4-5 цаг болсон. Өөр өрөөнд орсон хойноо мэдүүлгийг 2 хувь адилхан бөглөх ёстойг тайлбарлаж өгсөн” гэж, мөн гомдол гаргагчийн бөглөсөн гэх мэдүүлэгт 100.000 гэсэн тоо бичигдсэн боловч ямар төрлийн валют болохыг бичээгүй байгаагаас үзэхэд мэдүүлгийг бөглөж дуусаагүй байсан гэх тайлбар үндэслэлтэй.

Хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ”Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:  1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; 1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;-ийг тогтоох үүрэгтэй” бөгөөд холбогдогчийн гаргасан үйлдэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон эсэхийг тогтоох, гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгч түүнтэй холбогдох мэдээллийн үнэн зөвийг шалгалгүйгээр зөвхөн мэдээлэл өгсөн гаалийн хяналт шалгалтын улсын байцаагчийн мэдээлэл, гаргасан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн 2019 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлд “... зөрчлийн талаар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08 цаг 00 минутад хүлээн авч ... тэмдэглэл үйлдэв. Гомдол гаргагч нь гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол ... хариуцлага хүлээлгэхийг сануулав.” гэсэн нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, агуулгын хувьд ойлгомжгүй байна.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэлд “... юань 110892, ам.доллар 976, гаалийн байгууллагад мэдүүлсэн 100.000 юань нийт 210892 юань, 976 ам.долларыг түр хугацаагаар хадгалах”-аар тэмдэглэглэгдсэн.

Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд “... улсын хилээр гарахдаа их хэмжээний гадаад валют болох 110892 юань, 976 ам.долларыг гаалийн мэдүүлэгт дутуу мэдүүлж, мэдүүлэхээс зайлсхийн улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчилд ... Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.3-т зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул гаалийн байгууллагад худал мэдүүлж, нэвтрүүлэхийг завдсан зөрчилд холбогдох 210.892 юань, 976 ам.долларыг хурааж, хураагдсан валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.” гэжээ.

Үүнээс үзэхэд хариуцагч 100.000 юаныг мэдүүлсэн гэж үзсэн атлаа уг мэдүүлсэн 100.000 юаныг зөрчлийн нийт үнийн дүнд оруулан 210.892 юань, 976 ам.долларыг хурааж улсын орлого болгож, уг үнийг дүнгийн 15 хувь буюу 12.567.995 төгрөгөөр торгосон нь ойлгомжгүй.

Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.”Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ.”, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ.”, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1.Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж заасан бөгөөд гомдол гаргагч Ж******* бэлэн мөнгийг мэдүүлэхгүй буюу нуусан санаа зорилго агуулаагүй болох нь түүний гаалийн хяналт шалгалтын улсын байцаагчид “мэдүүлэх мөнгө байгаа” гэж хэлснээр тогтоогдож байна. 

Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2. ”Мэдүүлэгч барааг гаалийн хяналтын бүс, эсхүл гаалийн түр агуулахад байх хугацаанд гаалийн байгууллагад мэдүүлнэ.”, Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар тушаалаар батлагдсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 6.6-д “...Гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч зорчигчийн мэдүүлсэн бэлэн мөнгийг шалгаж, гаалийн мэдүүлгийн 4 дэх хүснэгтэд хувийн тэмдэг дарж баталгаажуулан...” гэснээс үзэхэд зорчигчийг мэдүүлгээ бөглөж дууссаны дараа бэлэн мөнгийг мэдүүлэгтэй тулгаж шалгахаар зохицуулжээ.

Гэвч гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж Зы “мэдүүлэх мөнгө байгаа” гэснээр мэдүүлгийн хуудас өгсөн боловч мэдүүлгийн хуудсыг бөглөж дуусаагүй байхад бэлэн мөнгөтэй тулган шалгаж нуусан, дутуу мэдүүлсэн зөрчил гаргасан гэж урьдчилан дүгнэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Мөн Гаалийн тухай хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.”Гаалийн байгууллага нь зорчигчийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн хяналтын улаан, ногоон гарцыг хэрэглэж болно.” гэж заасан боловч хариуцагчаас шүүх хуралдаанд “Манайх нисэх буудлын зохион байгуулалтаас шалтгаалж нисэхийн аюулгүй байдлын шалгалттай манай шалгалт цуг явдаг. Нэг рентген төхөөрөмжөөр хоёр байгууллага шалгаж байгаа. Улаан ногоон гарц зөвхөн ирэх тал дээр үйлчилж байгаа. Явагчийн талд улаан ногоон гарц гэж байхгүй.” гэсэн тайлбар гаргасан, түүнчлэн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18.“гаалийн хяналтын бүс” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналт дор ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх, гаалийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тусгайлан тогтоосон байр, агуулах, талбайг;” ойлгохоор, Иргэний нисэхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.”Нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, агаарын хөлгийн багийн гишүүд, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор агаарын хөлгийн багийн гишүүн, зорчигчийн бие болон тээшинд агаарын тээвэрлэгч буюу эрх бүхий байгууллага иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу үзлэг хийнэ.” гэж заасан чиг үүрэг бүхий байгууллагуудын хяналтын бүс 1 доор байрлаж байгаагаас гаалийн хяналт шалгалтын бүсийг ялгаж ойлгоогүй байсан гэх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлтэй.

Ийм нөхцөл байдалд гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч Гаалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.”Гаалийн байгууллага нь гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгч болох...”-оор заасны дагуу зорчигчид мэдүүлэг бөглөх талаар зөвлөгөө өгөх үүрэгтэй, түүнчлэн зорчигч гаалийн хяналтын бүсэд буюу нисэхийн аюулгүй байдлын хяналтын бүсэд орж ирсний дараа мэдүүлэг гаргах боломжтой учраас зөрчил илрүүлсэн гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч хяналтын “бүсэд орж ирэхээсээ өмнө бөглөх ёстой” гэж гомдол гаргагчийг буруутгахаасаа өмнө мэдүүлгийг үнэн зөв бичих талаар зөвлөгөө мэдээлэл өгөх нь зүйд нийцэхээр байна.

 Мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.”Гаалийн байгууллага, албан тушаалтан гаалийн мэдүүлгийг хүлээн авсан даруйд дараахь байдлаар шалгана: 63.1.2.гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв, бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх;” гэж зааснаар мэдүүлгийг бүрэн зөв гүйцэт бөглөсний дараа мэдүүлэгтэй тулгаж хяналт шалгалт хийхээр заажээ.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд гомдол гаргагч Ж Зий гаргасан үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 11.29 дугаар зүйлд 22.3-т заасан зөрчлийн шинжийг агуулаагүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.”Дараахь тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй: 1.1.зөрчлийн шинжгүй;” гэж зааснаар Буянт-Ухаа дахь гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн К У иргэн Ж*******д  Зөрчлийн тухай хуулийн 11.29 “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих”, 11.29 дүгээр зүйлийн 22.3-т “худал мэдүүлсэн…” зөрчил гаргасан гэж үзэн 12.567.995,1 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0123732 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсаар хураасан валют, торгуулийн мөнгийг гомдол гаргагчид буцаан олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 3.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3, 6.6 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1, Гаалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 55 дугаар зүйлийн 55.1, 58 дугаар зүйлийн 58.2, 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагч К У иргэн Ж З гомдлыг бүхэлд нь хангаж, Буянт-Ухаа дахь гаалийн газрын зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагчийн  2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0123732 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсаар ногдуулсан хураасан 210.892 юань, 976 ам.доллар, торгуулийн 12.567.995 төгрөгийг гомдол гаргагчид буцаан олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АДЪЯАСҮРЭН