| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/0263/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/297 |
| Огноо | 2022-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Э.Булганчимэг,
Шүүгдэгч Р.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Р ийн Н т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... их сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцдаг гэх, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Р ийн Н /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Н тай “надад таалагдаж байсан залуугийн гар утасны дугаарыг авч өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж, нүүрийг нь маажсаны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, баруун хацар, хамар, эрүү, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, баруун тохой, шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Н мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч Р.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
Хохирогч У.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, баруун хацар, хамар, эрүү, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, баруун тохой, шуунд цус хуралт гэмтлийг Р.Н гэх хүн миний хамар руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, нүүрийг хоёр гараараа 5 минут орчим самардаж учруулсан. Мөн би түүний хувцаснаас барилцаж байх үед Р.Н миний дээрээс дарахад би арагшаа халтираад унасан. Дараа нь газраас босоход миний баруун гарын шуу хөхөрж гэмтсэн байсан.
2022 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 02 цаг 30 минутад ... гэх нэртэй шөнийн клубт би найз Р.Н тай хамт орсон ба Р.Н надаас танихгүй залуугийн дугаарыг аваад өгөөч гэж гуйхад нь би дургүйцсэн. Дараа нь бид хоёр уг баарнаас гараад ...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М-Ойл шатахуун түгээх станцаас хойш ертөнцийн зүгээр баруун талд гэр хорооллын нийтийн байранд орсон. ...08 цаг 40 минутын үед нийтийн байрнаас гарсан ба гараад нэг их удаагүй явж байхдаа Р.Н шөнийн клубт байсан танихгүй залуугийн дугаарыг авч өгөөгүйн улмаас “чи миний найз байсан бол надад гар утасны дугаарыг нь аваад өгчих байсан шүү дээ” гэж хэлэхээр нь би “хүний өмнөөс танихгүй хүний дугаарыг авч өгнө гэж юу байх вэ дээ” гэж хэлсэн. Тэгээд би хоёр хоорондоо маргалдаж, улмаар миний биед Р.Н гэмтэл учруулсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардалд 130.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч С.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед охин Н над руу залгаад “манай найз Р.Н намайг зодоод байна” гэж хэлэхээр нь би “гэр рүүгээ такси бариад ир” гэж хэлсэн. ...Намайг очиход таксин дотор Н , Н нар сууж байсан ба Н ыг харсан чинь нүүр нь битүү улаан цоохор болоод цустай холилдсон, баруун гарын сарвууг нь самардаж, зүүн гар нь хөх няц болсон байсан. Н ын биед Н гэх охин гэмтэл учруулсан. Н Н ыг бааранд танихгүй залуугийн утасны дугаарыг авч өгөөгүй гэсэн шалтгаанаар маргаан үүсгэсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1905 дугаартай “...У.Н ын биед тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, баруун хацар, хамар, эрүү, хүзүү, сарвуунд зулгаралт, баруун тохой, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Хохирогч У.Н-аас гаргаж өгсөн 3 ширхэг гэрэл зураг болон хохирлын баримт /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Р.Н ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 32 дугаар хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Р.Н ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Р.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Н тай “надад таалагдаж байсан залуугийн гар утасны дугаарыг авч өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж, нүүрийг нь маажсаны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, баруун хацар, хамар, эрүү, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, баруун тохой, шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Р.Н ын: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
Хохирогч У.Н ын: “...Тархи доргилт, дух, зүүн нүдний зовхи, баруун хацар, хамар, эрүү, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, баруун тохой, шуунд цус хуралт гэмтлийг Р.Н гэх хүн миний хамар руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөж, нүүрийг хоёр гараараа 5 минут орчим самардаж учруулсан. Мөн би түүний хувцаснаас барилцаж байх үед Р.Н миний дээрээс дарахад би арагшаа халтираад унасан. Дараа нь газраас босоход миний баруун гарын шуу хөхөрж гэмтсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч С.Т гийн: “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө 08 цагийн үед охин Н над руу залгаад “манай найз Р.Н намайг зодоод байна” гэж хэлэхээр нь би ...очиход ...Н ыг харсан чинь нүүр нь битүү улаан цоохор болоод цустай холилдсон, баруун гарын сарвууг нь самардаж, зүүн гар нь хөх няц болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1905 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Хохирогч У.Н-аас гаргаж өгсөн 3 ширхэг гэрэл зураг болон хохирлын баримт /хх-ийн 8-11 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Р.Н нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 55 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Р.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч У.Н нь хэрэгт 120.000 төгрөгийн хохирлын баримт /хх-8/-ыг ирүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Р.Н нь хохирогчид 520.000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-54/ байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Р.Н ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Р.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Р.Н нь өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр шүүхэд хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Р ийн Н-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н-т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.