| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00551/и |
| Дугаар | 00779 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 00779
Зохигчдын эвлэрийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газар,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багт оршин суух, РВ73030615 регистрийн дугаартай, Тайжин овогт Намжий Мөнхсайхан холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 11.268.702 /арван нэгэн сая хоёр зуун жаран найман мянга долоон зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Мөнхсайхан нь Монгол улсын Засгийн газрын 134 дугаар тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлээс төмс хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сар, 10 дугаар сар, 2017 оны 3 дугаар сард хийх 7.777.202 төгрөг өнөөг хүртэл хийгдээгүй хугацаа хэтэрсэн байна. Иймд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний 2.2 дахь заалтыг зөрчсөн тул гэрээний 2.4 дэх заалтын дагуу урьдчилан хугацаанаас өмнө гэрээг цуцалж үндсэн зээл 11.191.952 төгрөг, зээлийн хүү 76.750 төгрөг, алданги 00 төгрөг, нийт 11.268.702 төгрөгийг хариуцагч Намжийн Мөнхсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Мөнхсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь сум хөгжүүлэх сангаас 2014 оны 10 дугаар сарын 16-нд 20.000.000 төгрөгийн зээлийг авсан болно. Зооринд хийсэн ногоогоо хөлдөөж алдагдалд орж, эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадахгүй байна. 2018 оны 7 дугаар сарын 20-ны дотор доорхи байдлаар 4 хувааж төлнө. Үүнд: 2017 оны 10 дугаар сарын 16-нд 2.317.200 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 16-нд 2.317.200 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 16-нд 2.317.200 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 16-нд 2.317.200 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын 1 дүгээр багийн иргэн Н.Мөнхсайханаас тус байгууллага нь сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл болох 11.268.702 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 2.000.000 төгрөгөөр багасгаж 9.268.800 төгрөгийг төлүүлэхээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг даргын Тамгын газар нь хариуцагч Н.Мөнхсайханд холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, алдангийн төлбөр нийт 11.268.702 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амаржаргал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 11.268.702 төгрөгнөөс 9.268.800 төгрөг авна, нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж байна гэснийг хариуцагч Н.Мөнхбат зөвшөөрч, зохигч 9.268.800 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Төсвийн байгууллагын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 163.251 төгрөгийн тал хувь 81.626 төгрөгийг хариуцагч Н.Мөнхсайханаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Мөнхсайханд холбогдох 11.268.702 / арван нэгэн сая хоёр зуун жаран найман мянга долоон зуун хоёр / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, харин хариуцагч Н.Мөнхсайханаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар зохигчид эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж болох 163.251 / нэг зуун жаран гурван мянга хоёр зуун тавин нэг / төгрөгийн тал хувь 81.626 / наян нэгэн мянга зургаан зуун хорин зургаа / төгрөгийг хариуцагч Н.Мөнхсайханаас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА