Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/329

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,  

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Г ийн Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хаан бууз-2 зоогийн газарт угаагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Г ийн Г  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр
“Форексийн арилжаанд мөнгийг нь оруулж өсгөж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Ө.Н ыг хуурч, 20.000.000 төгрөгийг бусдаар дамжуулан банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г ээс: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.

 

Шүүгдэгч Г.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Г  бид хоёр хорооллын дэлгүүр дээр байсан ба Н  Г ийн дансаар 20.000.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Г дундаас нь байрны түрээсийн мөнгө өгөх хэрэгтэй байна гэж хэлээд 600.000 төгрөгийг дансандаа авч үлдээд, миний ... дугаартай данс руу 19.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Би Н тай өөрийнх нь өгсөн 20.000.000 төгрөгийг нь 2021 оны 10 дугаар сарын 01-нээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд фориксийн арилжаанд оруулж өсгөж өгнө гэж тохиролцсон. ...Би Н аас авсан мөнгөнөөсөө 6.500.000 төгрөгөөр Amway бараа авахаар Г  рүү шилжүүлсэн. Хэд хоногийн дараа Г  над руу холбогдоод чиний Amway оноо дутаад байна гэхээр нь 400.000 төгрөгөөр, 115.000 төгрөгөөр Amway бараа худалдаж авахаар Г ийн данс руу шилжүүлж, нийт 7.015.000 төгрөгийн бараа авсан. Би Н ы мөнгийг дутуу өгөөд яахав, өсгөж өгье гэж бодоод Хятад улсаас эм захиалахаар 3.000.000 төгрөгийг, эмнэлгийн нэг удаагийн бээлий худалдаж авахаар 1.250.000 төгрөгийг тус тус үрсэн. Тэгээд үлдсэн мөнгийг нь үрээд дуусгасан. Би энэ хэрэгт Н аас 20.000.000 төгрөгийг залилж авсан гэм буруугаа хүлээж байна. Ажил хийж хохирлоо барагдуулна. Мөн худалдаж авсан Amway бараагаа хохиролдоо тооцуулж өгөхийг хүсэж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,

 

Хохирогч Ө.Н ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г  нь 2021 оны 7 дугаар сараас эхлэн 2021 оны 9 дүгээр сарыг хүртэлх хугацаанд надтай хамт ажиллахдаа би фориксын арилжаагаар их мөнгө олдог, манай ээжийн бие өвдөхөд фориксын арилжаанд ороод 700 гаруй сая төгрөг олоод ээжийгээ Турк улсад эмчлүүлж байсан, надад мөнгө өгөөд надаар арилжаа хийлгүүлвэл их ашиг олох боломжтой гэж намайг ятгаж байсан. 2021 оны 8 дугаар сард манай клубт ажилладаг Г  надад  “Г  фориксын арилжаа хийдэг нь үнэн юм байна, би нэг залуутай арилжаа хийж байхыг нь харсан, мөнгөө өгөөд арилжаанд оруулаад өсгөвөл зүгээр юм байна гэж хэлсэн. Ингээд би Г ийг олон жил гадаад улсад амьдардаг, фориксын арилжаанд орж мөнгө олдог нь үнэн гэдэгт нь маш их итгээд 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эцэг, эхдээ хадгалуулсан байсан 20.000.000 төгрөгийг Г  рүү Г ийн ... дугаартай дансаар нь дамжуулж шилжүүлсэн. ...Г  надад танаас авсан 20.000.000 төгрөг буюу 7000 долларыг 1 сарын хугацаанд хоёр дахин өсгөж өгнө гэж хэлээд авсан. ...Би мөнгөө олж авахаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Г ийн ээж Алтанцэцэгтэй ятсаар ярихад Г ийн надад ярьсан гадаад улсад сурсан, фориксын арилжаа хийдэг, гэрийн хаяг гээд надад хэлсэн бүхэн нь худлаа болохыг мэдсэн. Иймд Г  миний 20.000.000 төгрөгийг залилж авсан нь тодорхой байна. ...Г ийн Г ээс зээлж авсан байсан 600.000 төгрөгийг Г ээс авсан. Мөн Г ээс хохирлын мөнгө гэж 650.000 төгрөг авсан. Үлдэгдэл 18.750.000 төгрөгийг Г ээс нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

Гэрч Б.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Г тэй анх уулзахад өөрийгөө гадаад улсад сурдаг, Монголд ирээд удаагүй байгаа, англи хэлний хичээл хоёр хүүхдэд заадаг, нэг хүүхдэд нь 2.000.000 төгрөгөөр англи хэл заадаг, биткойнтой, фориксын арилжаа хийдэг гэж танилцуулж байсан. Г бидэнтэй уулзахаараа фориксын арилжаанд ороод мөнгө өсгөж өгч чадна гэж ярьдаг байсан болохоор Н  ах 20.000.000 төгрөгөө Г ээр өсгүүлэхээр болсон. Би Г ээс 200.000 төгрөг зээлээд буцааж өгсөн. Би Г т сүлжээний бараа ав гэж шаардсан асуудал байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

Гэрч А.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Н  ах Г ийн ярьсан фориксын арилжаанд мөнгө өсгөдөг гэсэн үгэнд итгээд ...миний данс руу Г т өгөөрэй гээд 20.000.000 төгрөг шилжүүлсэн. Би Г ээс гуйж байгаад 600.000 төгрөгийг нь зээлээд Г.Г ийн данс руу 19.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг зээлсэн мөнгөө буцаагаад Н  ахад буцааж өгсөн. Тухайн үед би Г.Г т чи яаж форикс хийдэг юм бэ, би харъя гэхэд Г.Г  энэ бол миний хувийн нууц, миний төлөвлөгөө гэж хэлээд надад огт харуулаагүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/,

Хаан банк-нд эзэмшдэг хохирогч Ө.Н ы ... тоот, шүүгдэгч Г.Г ийн ... тоот дансны хуулга /хх-ийн 43, 56-68 дугаар хуудас/, шүүгдэгчийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

            -Хохирол төлсөн баримт /хх-ийн 85 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Г.Г ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Г  нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Форексийн арилжаанд мөнгийг нь оруулж өсгөж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Ө.Н ыг хуурч, 20.000.000 төгрөгийг бусдаар дамжуулан банкны дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нар нь прокурорын дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Г ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр
“Форексийн арилжаанд мөнгийг нь оруулж өсгөж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Ө.Н ыг хуурч, 20.000.000 төгрөгийг бусдаар дамжуулан банкны дансаар шилжүүлэн авч залилсан
болох нь:

Шүүгдэгч Г.Г ийн: ...2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ...Н  Г ийн дансаар 20.000.000 төгрөгийг над руу шилжүүлсэн. ...Би Н тай өөрийнх нь өгсөн 20.000.000 төгрөгийг нь ...фориксийн арилжаанд оруулж өсгөж өгнө гэж тохиролцсон. ...Би энэ хэрэгт Н аас 20.000.000 төгрөгийг залилж авсан гэм буруугаа хүлээж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Н ы: “...би Г ийг олон жил гадаад улсад амьдардаг, фориксын арилжаанд орж мөнгө олдог нь үнэн гэдэгт нь маш их итгээд 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр эцэг, эхдээ хадгалуулсан байсан 20.000.000 төгрөгийг Г  рүү Г ийн ... дугаартай дансаар нь дамжуулж шилжүүлсэн. ...Г  надад танаас авсан 20.000.000 төгрөг буюу 7000 долларыг 1 сарын хугацаанд хоёр дахин өсгөж өгнө гэж хэлээд авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

Гэрч Б.Г ийн: ...Г  бидэнтэй уулзахаараа фориксын арилжаанд ороод мөнгө өсгөж өгч чадна гэж ярьдаг байсан болохоор Н  ах 20.000.000 төгрөгөө Г ээр өсгүүлэхээр болсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

Гэрч А.Г ийн: ...Н  ах Г ийн ярьсан фориксын арилжаанд мөнгө өсгөдөг гэсэн үгэнд итгээд ...миний данс руу Г т өгөөрэй гээд 20.000.000 төгрөг шилжүүлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/,

Хаан банк-нд эзэмшдэг хохирогч Ө.Н ы ... тоот, шүүгдэгч Г.Г ийн ... тоот дансны хуулга /хх-ийн 43, 56-68 дугаар хуудас/, шүүгдэгчийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 69-70 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г  нь хохирогч Ө.Н ы 20.000.000 төгрөгийг форексийн арилжаанд мөнгийг нь оруулж өсгөж өгнө гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Г ийг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус хэргийн улмаас хохирогч Ө.Н д 20.000.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Г.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 1.900.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 6.100.000 төгрөгийг, нийт 8.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэх 12.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Г ээс гаргуулж хохирогч Ө.Н д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г  нь хохирогч Ө.Н тай 12.000.000 төгрөгийн хохирлыг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 1.000.000 төгрөгийг төлөх талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Шүүгдэгч нь хохирол төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Г ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэсэн;

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбатаас ...Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргах байх. Хохирогч гэрээгээр тогтоосон хугацаанд мөнгөө хийвэл гомдолгүй гэж дамжуулсан. Ял шийтгэл дээр саналгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх саналтай байна. Гэрээний талаар шүүхийн тогтоолд тусгаж өгнө үү... гэсэн;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаагаас “...Г.Г  нь гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаа. Иймд түүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...Хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа....” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Г т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүхээс шүүгдэгч Г.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.   

Шүүгдэгч Г.Г нь Улаанбаатар хотод төрсөн, байнга оршин суух хаяг нь ... тоотод /хх-81/ болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, холбогдох бусад баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Г ийг дээрх хугацаанд “Улаанбаатар хот”-ын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ноос 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хохирол барагдуулах талаар харилцан тохиролцсон байна. Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г т “...гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Шовогт Г ийн Г ийг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Г т “...гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах...” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугааар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г т оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэлэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус шүүгдэгчид  анхааруулсугай.

5. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г ээс 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Н д олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.