Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 00828

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

           Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 26-12 тоотод оршин суух, Монгол овогт Ёндонгийн Отгонбаяр / ТД73030223 / регистрийн дугаартай.

           Үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ё.Отгонбаяр нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ё.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ”Миний бие Ёндонгийн Отгонбаяр нь 2003 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн Тунгалагаас хуучнаар Галын байранд нэг өрөө байр худалдаж авсан бөгөөд одоо тэндээ амьдарч байгаа болно. Гэтэл одоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах болтол үл хөдлөх эд хөрөнгийн  өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай боллоо.

            Иймд уг газрыг гэрчилгээ бүхий үл хөдлөх  эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.  

            Нэхэмжлэгч Ё.Отгонбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуучнаар уг байр нь гал командын ажилчдын байр байсан юм гэсэн. Одоо тэгээд тэнд нэг ч тэнд ажиллаж байсан хүмүүсээс амьдардаггүй бөгөөд тэр үеийн хүмүүс нь зарж бариад өөр хүмүүс амьдардаг болсон юм байна лээ. Энэ барилга нь 60-н жилийн өмнө шахуу баригдсан барилга газарт орох гээд байгаа учир тэнд амьдардаг хүмүүс өөрсдийн өмчлөлдөө авах шаардлага бий болж байгаа юм байна лээ. Миний тухайд би Тунгалаг гэж хүнээс худалдаж авсан тэр хүн надад ямар нэгэн бичиг өгөөгүй. Тийм учраас би эд хөрөнгийн улсын бүртгүүлэх шаардлагатай болсон юм. Гэтэл шүүхэд хандах шаардлагатай гэсэн. Би уг байрыг 2003 онд авснаас хойш 14 жил амьдарч байна. Миний өмч болохыг тогтоож өгнө үү гэв.

           Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ё.Отгонбаяр нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  7 дугаар багийн 26-12 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгосноор эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээ авах зэрэг эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгох ба Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол төр аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна” гэсэн тул Ёндонгийн Отгонбаяр нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 26-12 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохоо тогтоолгохыг шаардах эрхтэй байна.

         Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Ё.Отгонбаяр нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 26 дугаар гудамжны 12 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох, тухайн хөрөнгийг  өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй болох нь:

         Тухайлбал: Монгол Улс гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000571056 дугаартай “Монгол овогт Ёндонгийн Отгонбаярд Хөвсгөл нутаг дэвсгэрт  засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн А/149 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 6712009597 дугаар бүхий 23м2 газрыг 15 жилийн хугацаатай 7-р баг 26-12 тоот газрын байршлын хаягтай гэр бүлийн хэрэгцээнд зориулалтаар эзэмшүүлэхээр олгов газрын албаны дарга / сумын газрын даамал/ Н.Бямбадорж” гэх гэрчилгээ,  газар эзэмших гэрээний   нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

         Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Нэргүйгийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 36/168 дугаартай  иргэн Ё.Отгонбаярт  хандан өгсөн  “Мөрөн сумын 7-26-12 тоот буюу хуучнаар Гал командын ажилчдын байр нь Онцгой байдлын газарт өмчлөл, эзэмшлийн ямар нэг хамааралгүй болно “ гэх албан бичиг,

         Хөвсгөл газарчин ХХК-ны инженер Ж.Эрдэнэчимэгийн үйлдсэн иргэн Ёндон овогтой Отгонбаярын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг,

         Мөн өмчлөгчөөр тогтоолгох эд хөрөнгийн биет байдлын фото зураг,

         Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн засаг дарга Бадамцэцэгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн  Ёндон овогтой Отгонбаяр нь тус багийн 26 дугаар гудамжны 12 тоотод ам бүл-6 хүүхдүүдын хамт оршин суудаг, Ё.Отгонбаяр нь 2003 оноос одоог хүртэл оршин сууж байгаа гэх тодорхойлолт,

         Улсын бүртгэгч Ц.Баярхүүгийн 2017 оны 7 дугаар сарын 28 ны өдрийн №128 дугаартай “ Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд С.Отгонбаяр/ ТД73030223/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг,

          Гэрч Т.Ганболдын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “ ... Би Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаад 2004 онд Хөвсгөл аймагт шилжиж  ирээд  найз  Мөнхбаярын  байр  буюу  одоогийн  Гэрэлтэй цонх, хуучнаар гал командын байрыг түрээслэн 2008 оныг хүртэл 4 жил амьдарсан юм. Намайг тус байранд амьдардаг байхад энэ Ё.Отгонбаяр эгч маань 5 хүүхдийнхээ хамт тус байрны арагшаа харсан талын 2 дахь хаалганд, би 3 дахь хаалганд хөршүүд болон амьдардаг байсан. Ё.Отгонбаяр нь тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл тус байрандаа амьдарч байгаа юм... “ гэх,

          Гэрч Ж.Тунгалагийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өгсөн:” ... Миний зарсан байрны одоогийн нэр нь гэрэлтэй цонх буюу хуучнаар Гал командын байр гэж нэрлэдэг байсан бөгөөд анх манай ээж Валя нь амьдарч байсан юм. Ээж маань яг хэзээ, хэн гэдэг хүнээс анх авсныг нь бисайн мэдэхгүй байна. Манайх 2000 онд тус байранд амьдарч байгаад 2003 онд энэ Ё.Отгонбаяр гэдэг хүнд зарсан юм. Тус байр нь ээжээс манайд шилжиж ирэхэд ямар нэгэн бичиг баримт дагалдаж ирээгүй. Би ч гэсэн Ё.Отгонбаярт зарахдаа ямар нэгэн дагалдах бичиг баримт өгөөгүй...” гэх мэдүүлэг нэхэмжлэгчийн өөрийн хүсэлт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг үндэслэн  Ёндон овогтой Отгонбаяр нь Хөвсгөл аймгийн Мөрөн  сумын 7-р багийн 26-12 тоотод байрлалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 Ё.Отгонбаярт холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн дарга Ж.Жаргалсайханы 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10/410 дугаартай “Тус аймгийн гал түймэртэй тэмцэх хэлтсийн ажилчдын байрыг хувьчилсантай холбоотой баримт бичиг манай архивт байхгүй тул  холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх албан бичгээр нотлогдож байна.

            Нэхэмжлэгч Ё.Отгонбаяр нь улсын тэмдэгтийн хураамжинд төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар  нэхэмжлэгч Монгол овогт Ёндонгийн Отгонбаяр                         / ТД73030223 / нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын  7 дугаар багийн 26-12 тоот дахь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ё.Отгонбаяр нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлсэн болохыг дурдсугай.  

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар  шийдвэр  танилцуулан  сонсгож,  7  хоног  өнгөрснөөс  хойш  14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА