Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/336

 

 

  

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Г ын А д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, .... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ц  овогт Г ын А  /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... караокед хохирогч Б.Х тай нийтийн караокед зөвшөөрөлгүй орж суусны улмаас хоорондоо маргалдан түүнийг чулуугаар цохиж, зүүн сарвууны 4-р хурууны нугалагч шөрмөсний гэмтэл, сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн 7, 8-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

Шүүгдэгч Г.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би Х  ын биед гэмтэл учруулаагүй. Х намайг зодож байгаад өөртөө гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын ... караокены хамгаалагчаар ажиллаж байх үед гаднаас нүүр нь цус болчихсон, том биетэй, согтуу хүн орох гэхээр нь би оруулаагүй. ...Тэр залуу хоёр пиво уугаад гаръя гээд байхаар нь би тэр залууг сугадаж яваад ... нэртэй караокег зааж өгсөн. Тэгээд ...хаалттай караоке зааж өглөө гээд агсам тавьсан. Би караокед ороод цай уучхаад буцаад заал руу ороход нөгөө залуу 20 дугаар ширээн дээр нэг үйлчлүүлэгчийн өмнө очоод суучихсан байхаар нь би тэр залууг дагуулж караокеноос гаргаад 3 дугаар сургууль руу явах замын уулзвар дээр тэр залуу миний зүүн нүд хэсэгт гараараа цохисон. Би цохиулаад ухаан алдаад сэргэсэн чинь зүүн гар, зүүн хавирга хэсэгт чулуугаар цохихоор нь би зугтаагаад караоке руу орсон. Тухайн үед миний зүүн нүд улайсан, зүүн гар шалбарсан, зүүн хавирга огцом хөдлөхөд өвдөж байсан. Би А ийг зодож цохиогүй. Надад гомдол санал байхгүй, рентген зураг авхуулсан 30.000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч Х.Л ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би тухайн өдөр караокед ажлаа хийгээд байж байтал 20 дугаар ширээн дээр сууж байсан хүн дээр танихгүй нөхөр гаднаас орж ирээд суучихсан, нөгөө залуу нь манай зөөгч Мандахыг дуудаад энэ хүн холдуулаач гээд байсан. ...Манай аав гарч ирээд П тэй хамт тэр залууг дагуулаад гарч явсан. П  дөнгөж хаалга руу тэр залууг дөхүүлж өгөөд буцаад ороод ирсэн. Тэгээд 15-20 орчим минутын дараа аав Х  гаднаас сонин царайлчихсан ороод ирэхээр нь би яасан гэж асуухад надад нэг их юм яриагүй. ...Маргааш өглөө нь манай аавын гар нь хавдаад идээлчихсэн байсан. Сүүлд үзүүлэхэд хавирга нь бас хугарчихсан байсан юм билээ. ... гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

Гэрч Ц.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, ... караокед ...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилласан ба орой болж байхад манай 2 дугаар ширээн дээр ганцаараа сууж байсан үйлчлүүлэгч залуу намайг дуудахаар нь яваад очсон чинь өөдөөс нь харсан сандал дээр духнаас нь цус урсаад шанаа хэсэгтээ очоод хатчихсан, нэлээн согтуу, 50 орчим настай эрэгтэй хүн байсан. Тэр үйлчлүүлэгч би ганцаараа баймаар байна, энэ хүнийг босгоод өгөөч гэхээр нь би бармен Л   дээр очиж хэлээд цаашаа ажлаа хийгээд явсан. Нэг харсан чинь тэр залуу гарчихсан байсан. ...Хэд хоногийн дараа Х гуай гараа боочихсон байхаар нь асуухад чинь тэр өдөр согтуу залууг гаргаж байгаад цохиулаад гараа гэмтээсэн чинь идээлчихлээ гэж надад хэлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2796 дугаартай “...Б.Х ын биед зүүн сарвууны 4-р хурууны нугалагч шөрмөсний гэмтэл, сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн 7, 8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн сарвууны 4 нугалагч шөрмөсний гэмтэл, сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн 7, 8-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь мохоо, ирмэгтэй зүйлийн цохих механизмаар үүсгэгдэнэ. Шөрмөсний гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна. Тогтоогдсон гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

Шинжээч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ....Х  ын зүүн сарвууны 4-р хурууны нугалагч шөрмөсний гэмтэл, сарвуунд шарх гэмтэл нь нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мөн зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл нь нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Б.Х ын биед учирсан зүүн сарвууны 4-р хурууны нугалагч шөрмөсний гэмтэл, зөөлөн эдийн няцрал, 7, 8-р хавирганы хугарал гэмтэл нь цохих, цохигдох хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. ... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Г.А ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.А нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... караокед хохирогч Б.Х тай нийтийн караокед зөвшөөрөлгүй орж суусны улмаас хоорондоо маргалдан түүнийг чулуугаар цохиж, зүүн сарвууны 4-р хурууны нугалагч шөрмөсний гэмтэл, сарвуунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн 7, 8-р хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.Х ын: “...би тэр залууг дагуулж караокеноос гаргаад 3 дугаар сургууль руу явах замын уулзвар дээр тэр залуу миний зүүн нүд хэсэгт гараараа цохисон. Би цохиулаад ухаан алдаад сэргэсэн чинь зүүн гар, зүүн хавирга хэсэгт чулуугаар цохихоор нь би зугтаагаад караоке руу орсон. Тухайн үед миний зүүн нүд улайсан, зүүн гар шалбарсан, зүүн хавирга огцом хөдлөхөд өвдөж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч Х.Л ийн: ...15-20 орчим минутын дараа аав Х гаднаас сонин царайлчихсан ороод ирэхээр нь би яасан гэж асуухад надад нэг их юм яриагүй. ...Маргааш өглөө нь манай аавын гар нь хавдаад идээлчихсэн байсан. Сүүлд үзүүлэхэд хавирга нь бас хугарчихсан байсан юм билээ. ... гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

Гэрч Ц.Н ын: ...Хэд хоногийн дараа Х гуай гараа боочихсон байхаар нь асуухад чинь тэр өдөр согтуу залууг гаргаж байгаад цохиулаад гараа гэмтээсэн чинь идээлчихлээ гэж надад хэлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2796 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Шинжээч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.А нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 71 дүгээр хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.А ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Г.А нь хохирогч Б.Х ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.А ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Г.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.  

            Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Х  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.А нь өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр шүүхэд хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц  овогт Г ын А ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Х  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.