Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/352

 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Э.Билгүүн,

Шүүгдэгч С.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С ийн Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт байдаг гэх, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-УБТЗ-ын тусгай шүүхийн 1988 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт 3 дахь хэсэгт зааснаар уг нутгаас зайлуулах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил  1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн; Б овогт С ийн Б  /РД:..../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б  нь 2022 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цагт ... тоот буюу өөрийн гэртээ согтуурсан үедээ Б.М г надтай унтсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь дээд, доод уруулд няцарсан шарх, завж, уруул, эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун бугалга, тохой, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б оос: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

 

Шүүгдэгч С.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...М ийн нүүрэнд учирсан гэмтлүүдийг би учруулсан. Харин баруун бугалга, тохой, баруун гуянд цус хуралт гэмтлүүдийг би учруулаагүй. М  өөрөө надад 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр цагдаад бороохойдуулсан гэж хэлсэн. Намайг эхэлж цохихоор нь миний уур хүрээд би буцаагаад М  цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цагт ... тоот болох Б ын гэрт очиход 0.75 литрийн Хараа архи байсан бөгөөд уг архийг хувааж уугаад байж байтал надтай унтсангүй гээд Б  эрүү рүү гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

-дахин өгсөн: ...Би Б  гэх хүнтэй өмнө нь нэг удаа бэлгийн харьцаанд орж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 05 цагийн үед ... тоот болох С.Б ын гэрт очсон. ...Тэгээд надтай бэлгийн харьцаанд орох гээд дайрч миний өмдийг тайлаад дотоожийг хайчилсан. Намайг бэлгийн харьцаанд орохгүй гэхэд миний баруун эрүү орчим хэсэгт гараараа 4-5 удаа цохисон, доош тонгойгоод сууж байхад миний зүүн хөл рүү өшиглөсөн. Би хохиролд 1.200.000 төгрөг авсан. Надад гомдол санал байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 22, 24 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2455 дугаартай “...Б.М гийн биед дээд, доод уруулд няцарсан шарх, завж, уруу, эрүүнд цус хуралт, баруун бугалга, тохой, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч С.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн шийдвэрийн хуулбар /хх-ийн 55-59 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Б ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Б  нь 2022 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 04 цагт ... тоот буюу өөрийн гэртээ согтуурсан үедээ Б.М г надтай унтсангүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь дээд, доод уруулд няцарсан шарх, завж, уруул, эрүүнд цус хуралт, зулгаралт, баруун бугалга, тохой, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч С.Б ын: ...М ийн нүүрэнд учирсан гэмтлүүдийг би учруулсан. ...Намайг эхэлж цохихоор нь миний уур хүрээд би буцаагаад М  цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

Хохирогч Б.М гийн: “...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 05 цагийн үед ... тоот болох С.Б ын гэрт очсон. ...Тэгээд надтай бэлгийн харьцаанд орох гээд дайрч миний өмдийг тайлаад дотоожийг хайчилсан. Намайг бэлгийн харьцаанд орохгүй гэхэд миний баруун эрүү орчим хэсэгт гараараа 4-5 удаа цохисон, доош тонгойгоод сууж байхад миний зүүн хөл рүү өшиглөсөн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 22, 24 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2455 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-14 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.Б  нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 66 дугаар хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй ба шүүгдэгч С.Б  нь хохирогчид нийт 1.000.000 төгрөг өгсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Б ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай...” саналын хүрээнд шүүгдэгч С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.   

Шүүгдэгч С.Б  нь Улаанбаатар хотод төрсөн, байнга оршин суух хаяг нь ... тоотод болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, холбогдох бусад баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б ыг дээрх хугацаанд “Улаанбаатар хот”-ын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Б  нь өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр шүүхэд хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт С ийн Б ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д шүүхээс оногдуулсан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.