Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 00815

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг, Бугант, чулуут гудамж 2-30 тоотод оршин суух Ач хариад овогт Балдангийн Нямжав / РУ65062306/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нямжав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 онд Шинэ-идэр суманд төрсөн. 1984 оны 1 сарын 01-ний өдрөөс эхлэн Жаргалын зам нэгдэлд хоньчин төлчинөөр 1991 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажилласан. Би одоо гэр бүлээрээ Сэлэнгэ аймгийн Ерөө , 3-р баг Бугант гэх газар нүүж очоод 10 гаруй жил амьдарч байгаа. Одоо би 52 настай бөгөөд олон хүүхэд гээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажиллаж байх үеийн тушаал шийдвэр олдохгүй, хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичигдсэн, тамга тэмдэг дутуу байгаа улмаас ажиллаж байсан байдал минь тогтоогдохгүй хохироод байна.

Иймд Б.Нямжав миний Шинэ-Идэр сумын “Жаргалын зам” нэгдэлд 1984 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 12-р сарын 31-ний өдрийнг дуустал хоньчин төлчнөөр ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн шүүх хуралдаанд: Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Б.Нямжав нь гэр бүлээрээ Сэлэнгэ аймагт оршин суудаг бөгөөд нааш цааш явах боломжгүй учраас намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байгаа юм. 1983 онд сургуулиа төгсөөд малчин болж илгээлт авсан боловч тэр талаархи баримт байхгүй байгаа юм. 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажиллаж байсан

 

байдлыг нь тогтоож өгнө үү  Хол газар нүүдэл суудал хийснээс фото зураг, баярын бичиг зэрэг нь хаягдсан юм байна лээ гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын-Зам” нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталхи хугацаанд хоньчин, төлчнөөр ажиллаж байсан  болох нь түүний нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Балдангийн Нямжавт 1985 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын-Зам” нэгдлээс нээж олгосон 1986-1990 оны ажилласан хоног, авсан хөлсний бичилттэй нотариатаар гэрчлүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар 1 хуудас,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын-Зам” нэгдэлд ажиллаж байсан Б.Нямжавын цалингийн лавлагааг  Шинэ-Идэр сумын засаг даргын тамгын газраас   2017 оны 07 дугаар сарын 25-ний өдөр түүвэрлэн ирүүлсэн баримт 1 хуудас, 1984-1991 онд авч байсан цалингийн 70 дугаар дансны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 4 хуудас,

Гэрч Н.Хуягбаатарын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн... Б.Нямжав нь 1983 онд 10 дугаар анги төгсөөд эвлэлийн илгээлтээр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын-Зам” нэгдэлд туслах малчнаар анх элсэн орсон. Тэгээд тэр намраа миний найз Намжилын Баярсайхантай гэр бүл болсон бөгөөд би энэ хоёрыг айл болгож байсан юм. Тэр цагаас хойш нэгдэлдээ малчин саальчнаар нэгдэл тартал буюу 1991 оныг дуустал ажилласан... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Наранчулууны 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн ... Б.Нямжав нь  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын-Зам нэгдэлд 1983-1991 оныг дуустал малчнаар ажилласан. Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1976 оноос нэгдэл тартал буюу 1991 оныг дуустал бригадын тоо бүртгэгч, агент, нэгдлийн нярваар тасралтгүй ажилласан... гэх мэдүүлэг,нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,нэхэмжлэгчийн Б.Мягмарсүрэнд олгосон итгэмжлэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын “Жаргалын-Зам” нэгдэлд малчнаар ажилласан гэсэн нь баримтаар нотлогдохгүй байх тул тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх,

 

Нэхэмжлэгч Б.Нямжаваас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ач хариад овогт Балдангийн Нямжав / РУ65062306/-г Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын-Зам нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 01 ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал хоньчин төлчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хоньчин төлчнөөр ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Нямжаваас  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА