Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 00821

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

          Нэхэмжлэгч :  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 47-16 тоотод оршин суух Мянгад овогт Батжаргалын Ууганцэцэг /РК92090301/-ын хүсэлттэй,

         Талийгаач нөхөр Г.Анхзолбоотой хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.Ууганцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ууганцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:  болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Чонос овогт Гомбын Анхзолбоотой 2013 онд танилцаж, том хүү Тэмүүлэнг 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төрсөн бөгөөд тухайн үед хүүгээ эцгээр нь овоглуулсан. Мөн 2016 оны 6 дугаар сарын 28-ны  өдөр хүү Жавхлантөгс тус тус төрсөн билээ. Бид тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй хамтын амьдралтай байсан бөгөөд нөхөр Г.Анхзолбоо нь Улаанбаатар хотод оршин суудаг мөн хөдөө орон нутагт  ажилладаг байсан бөгөөд  2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажиллаар явж байгаад усанд живж нас барсан юм.

 Иймд Ууганцэцэг намайг Г.Анхзолбоотой 2014 оны 11 сараас эхлэн хамтран амьдарч байсан болон хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ууганцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би хоёр бага насны хүүхэдтэй бөгөөд тэр хоёртой тэтгэмжийн асуудлыг хөөцөлдөх гэсэн юм. Миний нөхөр Г.Анхзолбоо нь Улаанбаатар хотын хаягтай боловч бид хоёр Улаанбаатар хотод байр хөлслөн хамт амьдарч байгаад Мөрөнд ирж Мөрөн сумын 10 дугаар багийн 47-16 тоотод хамт амьдарч байсан. Нөхөр маань өөр орон нутагт улирлын чанартай ажлаар их явдаг байсан юм гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ууганцэцэг нь талийгаач нөхөр Г.Анхзолбоотой хамтын амьдралтай байсныг тогтоолгосноор насанд хүрээгүй хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба хамтын амьдралтай байсан болох нь:

Тухайлбал; Г.Анхзолбоогийн нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээний хуулбар, №0000190278 дугаартай Чонос овогт Гомбо Анхзолбоо 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нас барсныг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсны бүртгэлийн 158-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх нас барсны гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

Нэхэмжлэгч Б.Ууганцэцэгийн нөхөр  Г.Анхзолбоотой 2014 оны 12 дугаар сарын 28-ний өдөр анхны хүүхдээ төрүүлэх гэж байх үедээ авахуулсан гэрэл зураг,

           Нөхөр Г.Анхзолбоо болон анхны хүү Тэмүүлэн нарын хамт 2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр авахуулсан гэрэл зураг,

Мөн  хадам ээж Батцэцэг, хүү Тэмүүлэн, хүү Жавхлантөгс, аав Батжаргал нарын хамт авахуулсан гэрэл зураг,

Хадам ээж, хадам ээжийнхээ төрсөн дүү  нар, мөн нөхөр Г.Анхзолбоогийн төрсөн дүү Ариунзаяа болон  хүүхдүүдийн хамт Дорнод аймагт авахуулсан гэрэл зураг,

Бүртгэлийн дугаар 6701000517 дугаартай  Мянгад овогт Ууганцэцэгийн Жавхлантөгс 2016 оны 6 дугаар сарын 28-ний өдөр төрснийг гэрчилсэн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

Бүртгэлийн дугаар 6734000021 дугаартай Чонос овогт Анхзолбоогийн Тэмүүлэн 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрснийг гэрчилсэн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,

Гэрч Б.Ариунцэцэгийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Б.Ууганцэцэг нь манай бэр бөгөөд талийгаач болсон төрсөн ах Г.Анхзолбоогийн эхнэр юм. Манай ах эгч хоёр 2014 оноос хойш хамт амьдарсан бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 32 дугаар тойрогт байр түрээслэн амьдардаг байсан бөгөөд гэрт нь хааяа очдог байсан. Мөн би 2015 онд ах эгч хоёртойгоо сар шахуу хамт амьдарч байгаад бэр эгч Б.Ууганцэцэг нь төрөх болоод цагаан сараар ах, эгч хоёр маань Хөвсгөл рүү би Дорнод аймаг руу салж явцгаасан. Тэр үеэс хойш буюу 2015 оны 2 дугаар сараас эхлэн ах эгч хоёр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт өнөөдрийг хүртэл амьдарч байна. Манай ах Г.Анхзолбоо нь эгч Б.Ууганцэцэгтэй 2014 оноос хойш хамт амьдарч эхлэх үеэс хойш тэдний дундаас 2015 онд том хүү Тэмүүлэн, 2016 онд бага хүү Жавхлантөгс нар төрсөн. Одоо хүүхдүүд нь бэр эгчийн хамт амьдарч байгаа. Том хүүгээ Хөвсгөл аймагт хамт байхдаа төрүүлсэн учраас ааваар нь овоглосон. Харин бага хүүгээ төрөхөд нь тагийгаач ах маань Сэлэнгэ аймгийн Могойн гол гэх газар ажил хийхээр явсан байсан. Тэгээд бэр эгч явснаас нь хойш 6-р сард

бага хүүгээ төрүүлсэн.  Жавхлантөгсийгөө төрүүлээд гэрчилгээ авах шаардлагатай байсан ба аав нь өөрөө байгаагүй учир бэр эгч маань өөрөөрөө овоглосон  гэж ярьдаг. Бага хүүг нь аав Г.Анхзолбоогоор нь овоглуулах хүсэлтэй байна. Бид байнга эд нартайгаа холбоотой байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Батжаргалын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “...Манай хүргэн охин хоёр  2014 оноос хойш хамт амьдарч эхэлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2015 оны 2 дугаар сараас хойш Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 47-16 тоотод миний хүү Далайхүүгийн хашаанд одоог хүртэл тасралтгүй амьдарч байгаа. Хүргэн Анхзолбоогийнх хоёр хүүхэдтэй. Том хүү нь Тэмүүлэн бага хүү нь Жавхлантөгс гэдэг одоо ээжтэйгээ амьдарч байгаа. Хүргэн Г.Анхзолбоо охин Б.Ууганцэцэг нарыг яагаад гэрлэлтээ батлуулаагүйг мэдэхгүй байна. Хүргэний шилжүүлгийн асуудал болохгүй байснаас гэрлэлтээ батлуулаагүй байх гэж бодож байна. Том хүүг аав Г.Анхзолбоогоор, бага хүүгээ ээж Ууганцэцэгээр нь овоглосон. Үүнийг би мэдэж байна. Бага хүүгээ төрөхөд хүргэн маань байхгүй өөр газар ажил хийж байсан юм. Төрсний гэрчилгээг нь яаралтай авах хэрэг гараад ээжээр нь овоглоод авчихсан юм.  Манай хүргэн Г.Анхзолбоо нь Сэлэнгэ аймагт ажил хийж байхдаа гэнэт усанд амиа алдсан гэхээр нь охин маань хоёр хүүхдээ аваад надтай хамт Сэлэнгэ аймгийн Ерөө суманд очоод, Дорнод аймгаас эгч нь ирээд шарилыг нь аваад Дорнод аймагт аваачиж оршуулгын ажлыг нь хийгээд нутагтаа ирээд байж байна ...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Мянгад овогт Батжаргалын Ууганцэцэг /РК92090301/-г нас барсан Чонос овогт Гомбын Анхзолбоо /ЖЯ93111432/-той амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Ууганцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА