Шүүх | Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 163/2022/0058/Э |
Дугаар | 2022/ШЦТ/66 |
Огноо | 2022-03-21 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Харчин овогт Сүрэнгийн Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Шаргачин овогт *******жавын Энхзул,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******ид холбогдох эрүүгийн 2115002680019 дугаартай, 163/2022/0058/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1988 оны 6 дугаар сарын 20-ны төрсөн, ... тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 34 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: ....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Хар гуя Бөхөнгийн ар гэх газарт ойгоос зөвшөөрөлгүйгээр 29 ширхэг буюу 2.4701 м3 шинэс төрлийн мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115002680019 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эрх бүхий байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Хар гуя Бөхөнгийн ар гэх газарт ойгоос зөвшөөрөлгүйгээр 29 ширхэг буюу 2.4701 м3 шинэс төрлийн мод бэлтгэж, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* ОРХ улсын дугаартай Бонго Жи-2 загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэж байгаль экологид 416.594 төгрөгийг шууд хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр найзынхаа тээврийн хэрэгслийг гуйгаад түлээнд явсан. Тухайн үед ямар ч түлэх түлшгүй болсон байсан. Тэгээд Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Бөхөнгийн ар гэх газраас мод бэлтгэсэн гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон газар нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Хар гуя Бөхөнгийн Ар гэх газар бөгөөд Сэлэнгэ сумын төвөөс зүүн урд зүгт 40 км зайтай ойн сан бүхий газар байв. Э.*******ийн тайрч унагасан гэх модны хожуулыг заалгаж 2 гэж дугаарлан хэмжиж үзэхэд өргөн нь 43 см, өндөр 24 см байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлж дараагийн хожуулыг хэмжиж үзэхэд өндөр нь 84 см, өргөн нь 80 см байв. Уг хожуулын хажууд 8 м 50 см урттай, 50 см өргөнтэй тайрч бэлтгэсэн модны үлдэгдэл байв. Үзлэгийг цааш үргэлжпүүлж дараагийн хожуулыг хэмжиж үзэхэд өндөр 59 см, өргөн 39 см байв гэх гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 06-07 дугаар тал/,
Модонд үзлэг хийсэн 1.24-1.49 метрийн урттай, 9-50 метрийн диаметртэй 29 ширхэг шинэс төрлийн мод байгааг жагсааж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 09-11 дүгээр тал/,
Ойд бэлтгэсэн 29 ширхэг шинэс төрлийн мод, мод бэлтгэхэд ашигласан ******* ОРХ улсын дугаартай Бонго загварын тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 12-14, 18-20 дугаар тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь 1997 онд үйлдвэрлэгдэж 2012 оны 11 дүгээр сард Монгол Улсын хилээр орж ирсэн бага оврын ачааны цагаан өнгийн ******* СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/,
Хөрөөнд үзлэг хийж, хураан авсан: Уг хөрөө нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн хар өнгөтэй, зүүн талдаа улаан өнгийн маниултай, баруун талдаа таггүй ямар нэг бичиглэлгүй, хэвийн ажиллагаатай хөрөө байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 21-25 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч Д.*******ийн өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Э.******* нь Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Хар гуяны Бөхөнгийн Ар гэдэг газраас хууль бусаар мод бэлтгэсэн байсан. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
Иргэний нэхэмжпэгч Б.*******гийн өгсөн: Болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байгаа ч манай Сэлэнгэ сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Д.******* нь ажлаасаа гарсан учир би тус хэрэгт оролцохоор болсон. Байгаль экологид учирсан хохирлоо төлвөл надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.*******ы өгсөн: 2021 оны 10 дугаар сард Э.******* нь миний Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг түлээнд яваад ирье гэж гуйхад нь би өгөөд явуулсан. Тэгээд 11 дүгээр сард хөрөө хэрэг болоод *******оос хөрөөгөө асуухад зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаад цагдаад баригдаж хөрөөг маань хураалгасан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр тал/
Иргэний нэхэмжлэгч Т.*******гийн өгсөн: Би ******* ОРХ улсын дугаартай Бонго загварын тээврийн хэрэгслийг 2021 оны 10 дугаар сард Орхон аймгийн Булаг багт хувиараа автомашин засдаг хүнээс худалдаж авсан. Нэрийг нь мэдэхгүй, одоо танихгүй. Би хөдөө унах учраас нэр шилжүүлээгүй. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* ирээд гэртээ түлээний мод бэлдчихээд өгье гэж гуйгаад байхаар нь машинаа өгч явуулсан. Тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тээврийн хэрэгслээ нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,
Гэрч Б.ын өгсөн: 2021 оны 10 сарын 23-ны өдөр Орхон аймагт гэртээ байж байхад хуурай ах болох Э.******* надруу утсаар залгаад Сэлэнгэ сумын Хар гуя гэх газраас түлээ ачилцаад өгөөч гэж хэлэхээр нь *******ийн хамт явсан. Сэлэнгэ сумын Хар гуя гэх газарт очоод хөрөөдөж бэлдсэн модноос 30 орчим ширхэгийг ачаад Орхон аймаг руу явж байхад хиймэл нуурын ард цагдаа зогсоож шалгаад Орхон аймгийн Танил захын хажуу талын журмын хашаа руу авч явсан. Би мод бэлтгэх зөвшөөрөлтэй байх гэж бодсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар тал/,
Ашид Билгүүн хязгаарлагдмал хувьцаат компаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1000945 дугаартай: ******* ОРХ улсын дугаартай Бонго Жи-2 загварын тээврийн хэрэгсэл нь 1996 онд үйлдвэрлэгдсэн, 2007 онд Монгол Улсад орж ирсэн байна. Зах зээлийн дундаж үнэ 3.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов гэх /хавтаст хэргийн 67-70 дугаар тал/, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-821/2442 дугаартай: Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн хар өнгийн хуучин цахилгаан хөрөө 80.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 70-72 дугаар тал/,
Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай: Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Хар гуя Бөхөнгийн Ар гэдэг газар 524 дугаар хэсэглэлийн 7,11,13,16 дугаар ялгаралд Нүд мод хузгаарлагдмал хувьцаат компаний 2021 оны мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдсэн. Хэсэглэл №475, ялгарал №13 дээр мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдээгүй болно. ...Мод бэлтгэсэн гэх Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Хар гуя Бөхөнгийн Ар гэдэг газар нь ойн бүсчлэлийн хувьд хамгаалалтын бүс буюу нэгдүгээр мужид хамаарна. Тухайн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн /шинэс/ хуурай мод, /түлээ/ 1.24-1.49 метртэй 29 ширхэг мод болно. Тухайн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 416.594 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 84 дүгээр тал/,
Байгаль орчины хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн: Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 416.594 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 1.249.782 төгрөг болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 91 дүгээр тал/,
Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: 2021 оны 10 дугаар сард гэртээ түлэх түлээгүй болчихоод найз *******гээс ******* ОРХ улсын дугаартай Бонго Жи-2 загварын тээврийн хэрэгслийг нь гуйгаад мөн ах *******аас цахилгаан хөрөөг нь гуйгаад Булган аймгийн Сэлэнгэ сум руу ганцаараа түлээний модонд явсан. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн нутаг Хар гуя Бөхөнгийн ар гэх газраас уулнаас ургаа буюу босоо 3 ширхэг мод унагааж бэлтгээд маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуурай дүү ын хамт мод бэлтгэсэн газраа очиж бэлтгэсэн модоо ачиж Орхон аймаг руу тээвэрлэж яваад цагдаа нартай таарахад мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэж явна гээд саатуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таниулж судласнаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.*******, Б.*******, Д.*******, Т.*******, гэрч Б.ын нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт, хэрэг учралын газарт болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Э.******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Хар гуя Бөхөнгийн ар гэх газрын ойд 29 ширхэг буюу 2.4701 м3 шинэс төрлийн модыг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* ОРХ улсын дугаартай Бонго Жи-2 загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг руу тээвэрлэж Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Э.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсхүл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Э.******* нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр улсын ойн сан бүхий газарт халдаж ургаа модыг тайрч бэлтгэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Э.*******ийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр өөр аймаг руу тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчины эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Э.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 416.594 төгрөгийн шууд хохирол /хавтаст хэргийн 84-85 дугаар тал/ учирсан нь Булган аймгийн Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 1.249.782 төгрөгийн /хавтаст хэргийн 88 дугаар тал/ хохирол, нөхөн төлбөрийг тооцсон байна.
Уг хохирол, нөхөн төлбөр төлөгдөөгүй, шүүгдэгч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.*******оос байгаль экологид учирсан 1.249.782 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.*******ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Хавтаст хэргийн 91-95 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.******* нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Рашаант багийн 40-16 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.*******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******* ОРХ улсын дугаартай Бонго Жи-2 загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр иргэн Д.Одонбаярын өмчлөл, эзэмшилд байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Т.*******гийн мэдүүлгээр /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/ түүний өмчлөл, эзэмшилд шилжсэн болох нь тогтоогдож байна.
Иймд хэрэгт мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* ОРХ улсын дугаартай Бонго Жи-2 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигчид нь үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон 52 ширхэг 2.2684 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг түүний өмчлөгч Д.*******д шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.*******оос байгаль экологид учруулсан хохирол 1.249.782 /нэг сая хоёр зуун дөчин есөн мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэслийг өмчлөгч эзэмшигч Т.*******ид үлдээж, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөгийг болон гэмт хэрэг үйлдэж олсон 29 ширхэг буюу 2.4701 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод зэргийг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн хар өнгөтэй, зүүн талдаа улаан өнгийн маниултай, баруун талдаа таггүй ямар нэг бичиглэлгүй, хэвийн ажиллагаатай цахилгаан хөрөөг түүний өмчлөгч Д.*******д шилжүүлсүгэй.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Э.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД