Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Харчин овогт Сүрэнгийн Цэрэнханд даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Шаргачин овогт Бямбаажавын Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******д холбогдох эрүүгийн 2215001150200 дугаартай, 163/2022/0057/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Унгар улсын Будапешт хотод 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Булган аймгийн Хангал сумын Чулуутын ам гэх газарт байрлалтай Өлзийт хангал хязгаарлагдмал хувьцаат компаны байранд түр оршин суудаг, тус компанид тогооч ажилтай, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 1, 22 настай, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, РД: ...

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 5 дугаар сарын 23-ны өдрийн хооронд өөрийн цахим хаягнаас тураах төхөөрөмж зарна гэсэн зар тавьж, Хаан банкны ******* тоот дансаар дамжуулж иргэн П.*******ээс нийт 891.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******гийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215001150200 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр П. нь Chuluunbaatar ******* гэх нэртэй фэйсбүүк хаягаар Ч.*******тэй холбогдон тураах аппарат захиалж,  Ч.******* нь  уг аппаратыг Эрээн хотоос хүнээр дамжуулан захиалж Улаанбаатар хот руу том тэргээр аваад, Улаанбаатар хотоос  унаанд тавьж явуулна гэсний дагуу урьдчилгаа 400.000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 140.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр, 51.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, 100.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, 50.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тус тус өөрийн Хаан банкны ******* дугаарын данснаас Ч.*******гийн Хаан банкны ******* дугаартай дансанд шилжүүлсэн боловч уг тураах аппаратыг захиалж өгөлгүй, түүнийг хуурч 841.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******гийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

  2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.ийн өгсөн: 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр фэйсбүүкээр тураах аппарат захиалахаар болж Chuluunbaatar ******* гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүнтэй холбогдсон. ******* нь 900.000 төгрөгийн үнэтэй тураах аппаратыг Эрээн хотоос хүнээр дамжуулж захиалж болно. Захиалга өгчихөөд Улаанбаатар хот руу том тэргээр явуулаад өгнө. Улаанбаатар хотод ирэхээр нь наашаа унаанд тавиулаад явуулна гэж хэлсэн. Ингэхдээ захиалах хугацаа нь 14-21 хоногийн дотор ирнэ гэсэн ба ******* нь 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ******* дугаарын Хаан банкны данс өгөөд 400.000 төгрөгийг урьдчилгаа болгож явуулчих, би өөрөөсөө 500.000 төгрөг гаргаад захиалъя гэж хэлсэн. Тэр өдрөөс 17 хоногийн дараа юу болсон бэ? ачаа маань хотоос наашаа гарсан уу? гэж *******тэй фэйсбүүк чатаар холбогдож асуухад Эрээн хотоос наашаа унаанд тавигдсан байгаа хил дээр байгаа байх гэхээр нь хүлээгээд 7 хоногийн дараа дахин холбогдоход хоёр дахь шалгалт хийгдэж байна мөнгө явуулах боломж байна уу? ачааны мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 5 дугаар сарын 05-ны өдөр 140.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш би *******тэй чатаар холбогдож байгаад *******, дугаарын утасны дугаарыг авч утсаар холбогдож бараа чинь наашаа унаанд тавигдсан байна гэхээр нь 5 дугаар сарын 13-ны өдөр 51.000 төгрөг, 5 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэгээд 5 дугаар сарын 20-ны өдөр ******* над руу залгаж барааг чинь Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү унаанд тавиад явуулсан байгаа, тэр унаа нь Дарханд ирээд эвдрээд саатсан байна, хоёулаа тооцоогоо дуусгах уу? гэхээр нь би 50.000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш *******тэй утсаар холбогдож асуухад би өөрөө Дархан руу явж бараагаа авах гэж байна гэж хэлсэн. Тэрнээс хойш *******, дугаарын утсаа авахаа больж, явуулсан мессежинд хариу өгөхгүй, чатаар холбогдоход мөн хариу өгөхгүй байсан. ...Би өөрийн алдсан 900.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх /хавтаст хэргийн 16-23 дугаар тал/, ... Ч.******* 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр миний Хаан банкны ******* дугаарын дансанд 900.000 төгрөг шилжүүлж өгч намайг хохиролгүй болгосон, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

3. Гэрч Ц.Нармандахын өгсөн: Би 2021 оны 4 дүгээр сарын үеэр *******тэй хамт амьдардаг байсан. Тухайн үед тэр талаар мэдээгүй. Харин 7 сарын эхээр гэх хүн миний юнителийн дугаарын утас руу залгаад ******* гэх хүнийг мэдэх үү, ийм асуудал болчихоод байна гэхэд нь болсон зүйлийн талаар мэдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-27 дугаар тал/,

          4. П.*******ийн төлбөр хийсэн тухай Хаан банкны ******* дугаарын дансны 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын депозит  дансны дэлгэрэнгүй хуулга болон Ч.*******тэй түүний ******* гэх фэйсбүүк чатаар холбогдож байсан талаарх баримтууд /хавтаст хэргийн 7-10, 47-63 дугаар тал/

          5. Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2021 оны 3 дугаар сард байх яг өдрийн санахгүй байна. гэх хүн миний Chuluunbaatar ******* гэх цахим хаяг руу массажны аппарат захиалмаар байна гэж чат бичихээр нь би болно гэж хариу өгсөн. 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр надтай холбогдоод нөгөө аппаратаа захиалмаар байна, урьдчилгаа явуулъя гэж чат бичихээр нь би за гэж хариу өгсөн. 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ээс миний хаан банкны ******* дугаартай дансанд 400.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 140.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 51.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 150.000 төгрөг шилжүүлж нийт 841.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн үед т массажны аппаратыг чинь захиалсан байгаа гэж худал хэлсэн. Хамгийн анх ээс дансаар шилжүүлэн авсан 400.00 төгрөгийг юманд зарцуулаад үрж дуусгасан болохоор мөнгөтэй болохоороо аппаратыг нь захиалаад өгнө гэж бодож байгаад захиалж чадаагүй. Би 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ийн ******* дугаартай Хаан банкны данс руу 900.000 төгрөг шилжүүлж хохирлыг барагдуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч П., гэрч Ц.Нармандах нарын өгсөн мэдүүлэг, хохирогч П.*******ийн Хаан банкны ******* дугаарын дансны 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх депозит  дансны дэлгэрэнгүй хуулга болон түүний ******* гэх фэйсбүүк чатаар холбогдож байсан талаарх баримтууд, шүүгдэгч Ч.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар дээрх үйл баримт нь шүүгдэгч Ч.*******гийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн Chuluunbaatar ******* гэх нэртэй фэйсбүүк хаягаар тураах аппарат захиалах гэсэн П.тэй холбогдож, түүний хүсэл зоригийн дагуу уг аппаратыг Эрээн хотоос хүнээр дамжуулан захиалж Улаанбаатар хот руу том тэргээр аваад, Улаанбаатар хотоос  унаанд тавиулж явуулна, Эрээн хотоос ачигдаж хил дээр байгаа, гаалийн шалгалт хийгдэж байна, бараа чинь наашаа унаанд тавигдсан байна гэх мэтээр П.ийг хуурч мэхлэн урьдчилгаа 400.000 төгрөгийг 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр, 140.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр, 51.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, 100.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, 50.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр, 150.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр тус тус өөрийн Хаан банкны ******* дугаарын дансанд шилжүүлэн авсан үйлдлээс үүдэн гарсан, үүнд шүүгдэгч Ч.*******  гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.*******гийн тураах аппарат захиалж өгнө гэж  бусдыг хуурч үргэлжилсэн үйлдлээр мөнгө шилжүүлэн авсан үйлдэл нь шунахайн сэдэлтэй, гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хохирол учруулсан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ч.*******гийн гэм буруутай үйлдэл, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоог хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.*******г хуурч, мэхлэх замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.т 900.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогчийн “Ч.******* 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр миний Хаан банкны ******* дугаарын дансанд 900.000 төгрөг шилжүүлж өгч намайг хохиролгүй болгосон тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх /хавтаст хэргийн 23 дугаар тал/ мэдүүлгээр шүүгдэгч Ч.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.*******г хуурч, мэхлэх замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

       Шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөнг”  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй байна.

      Хавтаст хэргийн 42-46 дугаар талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.******* нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хорооны Согоотын 10-141 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Булган аймгийн Хангал суманд үйл ажиллагаа явуулж буй Өлзийт хангал хязгаарлагдмал хувьцаат компанид тогоочоор ажиллаж, тус компанийн байранд ганц биеэр амьдарч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.*******гийн гэм буруутайд тоцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталсан Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний хувьд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 4 дүгээр сард үйлдэгдсэн, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байна. 

Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэг жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч мэхлэн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч Ч.*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.*******д зан үйлээ засах, оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ч.*******д сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу нэг жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД