Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 00822

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багт оршин суух, Тогоруутан овогт Гомбожавын Нямгэрэл / РБ63041401/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Г.Нямгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Нямгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Нямгэрэл миний бие 1979 оны 4 дүгээр сарын 14-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 2-р бригадад малчнаар ажилд орсон юм. Түүнээс хойш 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан бөгөөд одоо тэтгэвэрээ тогтоолгох болсон чинь тухайн үеийн ажилд томилж , чөлөөлсөн тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг дарагдаагүй зэргээс миний тухайн бригадад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа учир тус шүүхэд хүсэлт гарган ажиллаж байсан байдлыг тогтоолгож шийдвэрлүүлэх гэж байна.

Иймд миний 1979 оны 4 дүгээр сарын 14-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Нямгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1-р ангиас сургуулиас гарсан түүнээс хойш аав ээжийн хамт мал маллаж байсан. 1979 он бүр түүнээс ч өмнө нэгдэлд ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн нас 16 наснаас эхэлж байсан учраас би 1979 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр насанд хүрснээсээ ажиллаж байсан байдлаа тооцуулах хүсэлтэй байгаа юм гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1979 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал:  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн дарга Риймаалайн 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Гомбожавын Нямгэрэлд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг дарга Л.Батцогтын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1/227 дугаартай “Тус сумын 2-р багт ажиллаж байсан Гомбожав овогтой Нямгэрэлийн ажилласан жил, авсан цалин хөлсний түүврийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэж лавлагааг олгов, хавсралт 15 хуудас” гэх албан бичиг эх хувиар,

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2-р багт ажиллаж байсан Гомбожав овогтой Нямгэрэлийн ажилласан жил, авсан цалин хөлсний тодорхойлолт гэх Г.Нямгэрэлийн                 1978-1990 онуудад ажиллахдаа авч байсан цалин хөлсний түүврийг хүснэгтээр гарган  эх хувиар , 70 дугаар дансны хуулбарыг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газар хуулбар үнэн тэмдэг дарагдсан нийт 15 хуудас баримт,

         Нэхэмжлэгч Г.Нямгэрэлийн ажиллаж байх хугацаандаа Арбулаг сумын МАХН-ын , АДХГЗ, Үйлдвэрчний эвлэл, ХЗЭ-ийн хороо, Мандал нэгдлийн Ерөнхий хороо, Намын хэсэг, Бригадын зөвлөлөөс тус тус шагнуулж байсан  баярын бичиг 3 ширхэг, Г.Нямгэрэлийн 1990 онд аварга болж байсан “Аварга -1990 он” гэсэн тууз зүүсэн зураг,

         Гэрч Ё.Цэнджавын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ” ...Намайг 1979 онд цэрэгт явахад Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 2 дугаар бригадад эцэг Гомбожав, эгч Оюунцэцэг нарын хамтаар мал малладаг байсан. 1982 онд цэргээс халагдаж Арбулаг сумын Мандал нэгдлийн мал эмнэлэгийн тасагт малын санитарчаар анх ажилд ороход  Г.Нямгэрэл нь мөн л 2 дугаар бригадад Чүлтэмсүрэнгийн Батмөнхтэй гэр бүл болчихсон тусдаа бог мал маллаж байсан тэгээд нэгдэл тартал нэгдэлдээ малчнаар ажилласан ...” гэх мэдүүлэг,

        Гэрч Ч.Цэрэнпүрэвийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өгсөн ”... Намайг 1983 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд зоотехникчээр ажиллахаар очиход Г.Нямгэрэл нь тус нэгдлийн 2 дугаар бригадад нөхрийн хамт нэг  настай  мал малладаг байсан. Тэр үеэс хойш нэгдэл тартал ажилласан ... гэх мэдүүлэг нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Харин нэхэмжлэгч Д.Удвалд өөр холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй болох нь: Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10/404 дугаартай “Тус аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Г.Нямгэрэлд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна” гэсэн албан бичигээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Г.Нямгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тогоруутан овогт Гомбожавын Нямгэрэл / РБ63041401/-г Арбулаг сумын Мандал нэгдэлд 1979 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж   байсан байдлыг  тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Нямгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаагтоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА