Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2107

 

Ө.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/02312 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.У,

Хариуцагч И ХХК, О.А нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамбын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ө.У,

Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, өмгөөлөгч Б.Өлзийбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Зайсанд байрлах Голден Вилл хотхоны 101 дүгээр байрны 1 дүгээр орцны заслын ажлыг хийж гүйцэтгэхээр IZ Mone ХХК-ийн гэрээт гүйцэтгэгч н.Ганцэцэгтэй тохиролцсоны дагуу засварын ажлыг 2014 оны 01 дүгээр сарын эхээс 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд бид хийж гүйцэтгэх ажлын үнэ гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг баталгаажуулахаар компанид удаа дараа мэдэгдсэний дагуу уг компанийн төлөөлөл болох О.Түвшинтөгс бидэнтэй уулзаж 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дэвтрийн цаасан дээр шаврын ажлын үнэлгээг 6 500 төгрөг гэж тохиролцон гарын үсэг зурсан.

Ажлын хөлсөө давхар давхраар нь өгнө гэсэн тохиролцоогоо биелүүлэхгүй болохоор ерөнхий захирал О.Атэй нь уулзаж хөлсөө шаардахад 2 хоног хүлээчих гэх зэргээр олон хоног нааш, цааш явуулж, загнаж далайж зодохыг завдсан. Ингээд 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч миний нэр дээр О.А нь баталгаа болгон албан тоот өгсөн. Үүндээ хөрөнгө оруулагч талаас санхүүжилт хийгдэхээр өгнө гэж мэдэгдсэн боловч одоог хүртэл ажлын хөлсөө олгохгүй биднийг хохироосоор байна. 7-р давхарт 600 м.кв, 8-р давхарт 600 м.кв, 5-р давхарт 300 м.кв, бүгд 1 500 м.кв * 6 500=9 750 000 төгрөгийг гаргуулна.

Ж.Ганцэцэгээр зуучлуулж О.Атэй уулзаад ажиллах болсон. О.Аы хэлсэн хүн болох н.Түвшинтөгстэй үнээ тохиролцсон ба бас хэлж өгсөн. Инженер хэмжиж үзээд 1900 м.кв-аас 1 500 м.кв ажлыг хүлээж авсан. Дараа нь төлбөрөө төлөлгүй шалтгаан тоочсоор байгаад өнөөдрийг хүрсэн. Энэ ажлыг Солонгос ажилтнуудаар хийж гүйцэтгүүлсэн. Яагаад төлбөрийг өгөхгүй байгаа вэ гэхээр энэ мөнгийг Ж.Ганцэцэгт өгсөн гэдэг. О.А захиралтай уулзахад өгөөгүй болох нь тогтоогддог. Ийм учраас гүйцэтгэсэн ажлын хөлс 9 750 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Хэдийгээр бичгийн гэрээ байхгүй байгаа боловч Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн байгаа. Хүлээж авсан талаар хариуцагч маргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, өмгөөлөгч Ц.Жавхлантөгс нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “И” ХХК нь Голден Вилл хотхоны 101-р байрны 1-р орцны 20 айлын дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр Ж.Ганцэцэгтэй тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Тус ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 30 000 000 төгрөгийг гүйцэтгэгч Ж.Ганцэцэгт шилжүүлсэн бөгөөд 2 дугаар сард мөн 7 000 000 төгрөг цувуулан шилжүүлсэн юм. Ажлыг эхлүүлснээс хойш 2014 оны 01 дүгээр сард гүйцэтгэгч Ж.Ганцэцэг нь Ө.Уийн бригадыг туслан гүйцэтгэгчээр ажилд оруулж байгаа болохыг нь мэдсэн юм. Иймд Ө.Уийн өмнө ажлын хөлс төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд Ө.У ажлын хөлсөө манай компаниас биш Ж.Ганцэцэгээс нэхэмжлэх нь зүй ёсны хэрэг юм. Мөн нэхэмжлэлд “гүйцэтгэгч Ж.Ганцэцэгтэй тохиролцсоны дагуу засварын ажлыг 2014 оны 01 дүгээр сарын эхээс 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн” гэж бичсэнээр нотлогдож байна.

Ө.У нь дотор заслын ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгчээр Ж.Ганцэцэгтэй тохиролцож 2014 оны 01 дүгээр сараас эхлэн орсон бөгөөд Голден Вилл хотхоны 101 дүгээр байрны 1-р орцны 5 дугаар давхарын “шаврын ажлыг хийж гүйцэтгэлээ ажил хүлээлгэж өгье" гэхэд нь тус компанийн ажилтан О.Түвшинтөгс шаврын ажлын гүйцэтгэлийг шалгаж, нягталсан байдаг. Өөрөөр хэлбэл компани тус барилгын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгүүлж байгаа захиалагч учраас ажлын гүйцэтгэлийн явцад шалгаж, ажлын үр дүнг хүлээж авах бүрэн эрхтэй билээ. Түүнчлэн Ж.Ганцэцэгт шаврын ажлын гүйцэтгэл хангалтгүй хийгдсэн тул ажил хүлээлцэх акт үйлдээгүй, дахин засвар хийх шаардлагатай болохыг Ж.Ганцэцэгт мэдэгдсэн. Түүнчлэн Компанийн тухай хуульд зааснаар компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь О.Түвшинтөгс биш бөгөөд ажлын хөлсийг тохиролцсон гэдэг нь ач холбогдолгүй тул үүнд тайлбар гаргах шаардлагагүй юм.

Түүнчлэн “И” ХХК-ийн барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч нь Ж.Ганцэцэг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэж өгөх ёстой байсан бөгөөд энэ хугацааг 4 cap хэтрүүлж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 03 дугаар сарын эхээр цуцалсан болно. Ж.Ганцэцэг, Ө.У нар ажлаа хугацаандаа гүйцэтгэж дуусаагүй. Ажлаа дуусгалгүй орхиж явсан. 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөр компанитай дахин гэрээ байгуулж ажлыг дуусгуулж хүлээж авсан. Эднийх ажлаа хүлээлгэж өгөлгүй, орхиод явсан. Тийм учраас төлбөр төлөх эрх зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И ХХК-иас 5 850 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ут олгож, нэхэмжлэлээс 3 900 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч О.Ад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 925 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И ХХК-иас 108 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ут олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. И ХХК болон Ж.Ганцэцэг нар харилцан тохиролцож 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба ажил гүйцэтгэх явцдаа Ж.Ганцэцэг нь Ө.Утэй харилцан тохиролцож дээрх гэрээний 1.3-т заасан ажлын зөвхөн өрлөг, шаврын ажлыг Ө.Уээр хийлгэхээр тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл Ж.Ганцэцэг, Ө.У нарын хооронд Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн. И ХХК нь гэрээнд тохиролцсон ёсоор дотор заслын ажлын үнийн дүнгийн 30 хувь болох 30 000 000 төгрөгийг Ж.Ганцэцэгт олгосон ба үүнийг Ж.Ганцэцэг нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

Шүүх нэхэмжпэгчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардах эрх үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. И ХХК нь нэхэмжлэгч Ө.Утэй ажил гүйцэтгэх гэрээ амаар болон бичгээр байгуулаагүй болно. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2 баримтад үндэслэн И ХХК-ийг Ө.Утэй ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэдэг. Гэтэл уг баримтууд нь дээрх үндэслэлийг нотлох ач холбогдолтой баримт биш юм. Учир нь, эхний баримтад “Ө.Утэй 7, 8, 9, 10 давхарын шаврын ажлыг 1 м.кв-ыг 6500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцов, И ХХК-ийг төлөөлж О.Түвшинтөгс би тохиролцлоо. 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тамга, тэмдэгтэй гэрээ хийнэ.” гэж бичээд 2 хүн гарын үсэг зурсан баримт байдаг. Уг баримтыг хийж өгсөн гэх О.Түвшинтөгс нь компанийг төлөөлөн бусадтай хэлцэл хийх эрх бүхий этгээд биш гэдгийг бид тайлбарлаж байсан.

Дараагийн баримтын хувьд 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Зайсан Голден Вилл орон сууцны хотхоны 101 дүгээр байрны 1-р орцны 2, 4, 7, 9, 6 дугаар давхрын шаврын ажлын хөлсийг хөрөнгө оруулагч тал санхүүжилт хийгдсэний дараагаар санхүүжүүлэх болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн И ХХК-ийн албан бичиг байдаг. Энэ баримтад Ө.Уийн нэхэмжлэлийн шаардлагад оруулсан 5, 8 дугаар давхарын тухай огт дурдаагүй бөгөөд агуулгын хувьд цаашид үргэлжлүүлэн хийх ажлын хөлсийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ж.Ганцэцэгт олгох тухай Ө.Ут хийж өгсөн баримт байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь уг баримтын агуулгыг өөрт ашигтайгаар шүүхэд тайлбарлаж, шүүх дүгнэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон дээрх баримтуудад байгаа давхруудын зөрүү, нотлох баримтын эргэлзээтэй байдал, бодит байдалд хэр нийцэж байгаа зэргийг шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй юм.

Ж.Ганцэцэг ажлаа дутуу гүйцэтгээд хаяад явсан учраас бид MDD ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Улмаар ажлын гүйцэтгэлийг 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан тухай 06/14 дугаартай барилга, байгууламж засварын ажлыг ашиглалтад хүлээлцсэн актаар хүлээн авсан. Дээрх гэрээ, акт, төлбөр шилжүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх хариуцагчийг татгалзлаа нотлоогүй, нэхэмжпэлийн шаардлагыг нотлох баримтаар үгүйсгээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу нотлох баримтыг үнэлэлгүй, хэт нэг талыг барьж, хэргийг үндэслэлгүй, хуулийн хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Ө.У нь хариуцагч И ХХК, О.А нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нартай шаврын ажлыг 1 м.кв-ыг 6 500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсоны дагуу 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн 1 500 м.кв ажлын хөлсийг гаргуулна гэснийг хариуцагч И ХХК-иас бүхэлд нь эс зөвшөөрч, бид нэхэмжлэгчтэй ямар ч гэрээ байгуулаагүй тул ажлын хөлсийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч О.Ад холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

            Нэхэмжлэгч Ө.У болон хариуцагч И ХХК-ийн ажилтан, захирал О.Агийн дүү гэх О.Түвшинтөгс нарын хооронд бичгээр тохиролцсон баримт /хх 2/ 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Баталгаа өгөх тухай” захирал О.Агийн гарын үсэг бүхий албан бичиг, /хх 3/ гэрч Н.Үнэнбат, Ж.Ганцэцэг нарын мэдүүлэг /хх 136-144/ зэргээс үзвэл Ө.У нь И ХХК-тай шаврын ажил гүйцэтгэхээр тохиролцож, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, захиалагч ажлыг хүлээн авснаа баталж, хөлс төлөх баталгаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй, шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

            Хариуцагч нь Ө.Утэй ажил гүйцэтгэх гэрээг тусад нь байгуулаагүй гэж маргасан боловч 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр ажлын хөлс төлөх тухай баталгааг эрх бүхий этгээд О.А гаргасан тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт үүссэн үүргийг хүлээн зөвшөөрч бичгээр мэдэгдсэн гэж үзнэ.

            Иймд ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Ө.У нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсөө шаардах эрхтэй юм.

            Талууд 1 м.кв талбайн ажлын хөлсийг 6 500 төгрөгөөр тооцсон талаар маргаагүй, харин нэхэмжлэгч Ө.У нь 101 дүгээр байрны 1 дүгээр орцны 5,7,8 дугаар давхрын нийт 1 500 м.кв талбайд засал буюу шаврын ажил хийсэн гэж 9 750 000 төгрөг шаардсан боловч дээрх 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өгсөн “Баталгаа өгөх тухай” албан бичигт 8 дугаар давхрын ажлын хөлсийг өгөх талаар тусгагдаагүй тул шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг 5, 7 дугаар давхрын буюу нийт 900 м.кв талбайд хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 5 850 000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 3 900 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй, шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Хариуцагч тайлбартаа Ж.Ганцэцэг болон түүний туслан гүйцэтгэгч Ө.У нь ажлын гүйцэтгэлийг чанаргүй хийсэн тул өөр компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж тайлбарлан үүнийг нотлоно гэж “MDD” ХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ, ажлыг хүлээн авсан актыг шүүхэд баримтаар гаргасан боловч уг баримтад Ж.Ганцэцэг, Ө.У нарын хийсэн ажлын доголдлыг гүйцээн дуусгасан тухай агуулгагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримт биш гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч Ө.У нь Ж.Ганцэцэгийн туслан гүйцэтгэгч гэх тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Шүүх хэрэгт авагдсан дээрх бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/02312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч И ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                           С.ЭНХТӨР

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ