Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0237 |
Огноо | 2014-06-17 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2014/0237
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ
2014 оны 06 сарын 17 өдөр Дугаар 237 Улаанбаатар хот
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү, Б.О, хариуцагч Э.Н, Д.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 157 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.А, Э.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "М" ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Манай “М" ХХК нь 2011 оны 6 дугаар сараас эхлэн улс хоорондын ачаа тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд 2011 оны 6 дугаар сараас "Э" ХХК-тай, 2011 оны 10 дугаар сараас 2012 оны 3 дугаар улирлыг дуустал Хонг Конг улсын "И" компанитай байгуулсан гэрээний дагуу Өмнөговь аймгийн Цагаан хад гаалийн баталгаат талбайгаас БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэрлэж байсан юм. Уг тээвэрлэлтийн өртөг өндөр, техникийн засвар, түлш болон бусад зардал их байсан тул энэ хугацаанд компани ашиг багатай ажилласан юм. Манай компани 146 ширхэг хүнд даацын автомашиныг БНХАУ-ын "Б" компаниас худалдан авсан бөгөөд уг автомашинуудын тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тус автомашинуудад байнгын засвар хийх, сэлбэг солих зайлшгүй шаардлагатай байдаг юм.
Тус автомашинуудыг БНХАУ-аас импортоор оруулж, Монгол Улсад засвар үйлчилгээ хийх боломж бүрдээгүй байдаг тул бид автомашинуудаа БНХАУ-д засвар хийлгэдэг. Гэтэл 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын гаалийн улсын байцаагч 24/13 тоот акт гаргасан бөгөөд манай компани тус актыг эс зөвшөөрч гомдол гаргасан юм. 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тус гомдлыг Гаалийн ерөнхий газрын төрийн захиргаа, удирдлагын газрын дарга О.Д 04/1558 дугаар албан бичгээр бидэнд хандаж 24/13 тоот актыг хүчингүй болгох үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн байна. Иймд 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Гаалийн улсын байцаагчийн 24/13 тоот татварыг нөхөн төлүүлэх тухай акт гаргасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... Гаалийн ерөнхий газрын даргын баталсан 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 135 тоот удирдамжаар "М" ХХК-ийн 2011-2012 оны эхний 9 сард гаалийн хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.А, Э.Н нар бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн.
Дээрх онуудад өөрийн хөрөнгө оруулагч компани болох БНХАУ-ын "Цтрейд" компанитай байгуулсан гэрээний дагуу нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэн явуулахдаа тухайн тээврийн хэрэгсэлд хилийн чанадад гарсан өөрчлөлт, эвдрэл гэмтэл, түүнтэй холбогдож гарсан сэлбэг болон ажил, үйлчилгээний өртөг 3 391 422 928,84 /гурван тэрбум гурван зуун ерэн нэгэн сая дөрвөн зуун хорин хоёр мянга , есөн зуун хорин найм/ төгрөгийг гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн зардал хэсэгт суулган татвар ногдох орлогоос хасч тайлагнасан байна. Дээрх сэлбэг, угсрах, засварлахтай холбогдон гарсан зардлыг гадаад харилцагчтай байгуулсан нүүрс тээвэрлэлтийн тээврийн гэрээний хөлсөөс хасалт хийн, тооцоо нийлсэн акт үйлддэг байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг нягтлан бодогч Н.Мт танилцуулахад "Хятад улсад сар шинийн баяр тохиосонтой холбоотойгоор удирдах ажилтнууд нилээдгүй хугацаагаар амрахаар явсан" тул шалгалтыг хойшлуулах хүсэлтээ манай газарт 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13/7 тоот албан бичгээр хүргүүлсэн учир хүсэлтийг хүлээн авсан. 2013 оны 3 дугаар сараас эхлэн утсаар холбогдоход ирээгүй байна, ирсэн боловч хөдөө ажлаар явсан гэх, мэтээр аргацаасаар шалгалтын үр дүнтэй танилцахгүй, шалгалтын явцыг удаашруулж байсан тул 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 06/840 тоот албан шаардлага, мөн Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 24/13 тоот гаалийн улсын байцаагчийн актаар ногдуулсан 683 371 719,35 /зургаан зуун наян гурван сая гурван зуун далан нэгэн мянга долоон зуун арван ес,35/ төгрөгийн нөхөн төлбөр, торгуулийг тус компанийн эрх бүхий ажилтнууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, байгууллагын тамга даран баталгаажуулсан боловч улсын төсөвт төвлөрүүлэх ёстой төлбөрийг хугацаанд нь барагдуулахгүй байсанд Гаалийн тухай хуулийн 294.1 дэх заалтын дагуу актын дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн хүү ногдуулан алданги тооцож байгаа болохыг анхааруулсан 06/1773 албан бичгийг 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн. Илэрсэн зөрчилд нөхөн төлбөр, торгууль ногдуулах үндэслэл:
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.5, 3.1.9,3.1.12, 55 дугаар зүйлийн 55.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 249.2.1, 293 дугаар зүйлийн 293.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчийн 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 24/13 тоот актаар тогтоосон нийт 683.371719,35 төгрөгийн төлбөрөөс засвар үйлчилгээний дүнд ногдуулсан 70.986.580.82 төгрөгийн гаалийн татвар, 149.071.819.71 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 66.017.520.15 төгрөгийн торгууль нийт 286.075.920.63 төгрөгийг төлбөрийн хэмжээгээр багасгаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 157 тоот шүүхийн шийдвэрт тооцооны алдаа гаргаж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
1. Актын хавсралт 2011 оноос 2012 оны запас сэлбэг, засвар үйлчилгээний 3.391.422.924.84 төгрөгийн зөрчилд нийт 683.387.719.35 төгрөгийг "М" ХХК-иар нөхөн төлүүлэх акт гаргажээ. Үүний дагуу Гаалийн улсын байцаагч Д.А,
Э.Н нар 24/13 тоот актын хавсралт үйлдэж, үүнээс 2011-2012 оны засвар үйлчилгээний төлбөрт 1.971.691.309 төгрөг, харин запас сэлбэгийн үнийн төлбөрт 1.419.731.616 төгрөгийг төлсөн гэж баталгаажуулсан байна. Харин шүүх шийдвэрлэхдээ запас сэлбэгийн үнийн дүнгээс биш харин засвар үйлчилгээний үнийн дүнгээс тооцож актын хэмжээг 286.075.920.63 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэн нь актын үнийн дүнгийн тооцооллыг буруу хийж /засвар үйлчилгээний үнээс/ манай байгууллагын эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд, тооцооны алдааг залруулах гомдол гаргаж байна.
2. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт 66.017.520.15 төгрөгийн торгуулийг хасч тооцсон бөгөөд торгууль ногдуулахдаа ямар үнийн дүнгээс, ямар хуулийн дагуу ногдуулсан тухай шүүхийн шийдвэрт тусгаагүй байгаа тул уг торгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
Анхан шатны шүүх шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад зөв дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэжээ.
“М” ХХК-ийг БНХАУ-ын иргэн Ли Хай Чин 2.517.900 ам долларын дүрмийн сантайгаар ганц гишүүнтэйгээр 2009 оны 6-р сарын 11-нд үүсгэн байгуулж, мөн оны 6-р сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. Дээрх компани нь 146 хүнд даацын автомашинаар БНХАУ-ын Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ийнхүү тээвэрлэлт хийх явцдаа автомашиндаа хийх сэлбэг хэрэгсэл болон завсар үйлчилгээ зэргээ БНХАУ-д хийлгэдэг байна.
Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баталсан 135/12 дугаар удирдамжаар Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.А, Э.Н нар “М” ХХК-ийн 2011 он, 2012 оны эхний 3 дугаар улиралд “импортолсон бараа”-ны мэдээллийг холбогдох санхүүгийн баримтад тулгуурлан шалгалт хийжээ.
Дээрх шалгалтаар “М” ХХК-ийг “импортолсон бараа”-гаа гаальд “дутуу мэдүүлсэн” гэж дүгнээд илэрсэн 3.391.422.924,84 төгрөгийн зөрчилд гаалийн улсын байцаагчид 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 24/13 дугаар актаар 169.571.146,24 төгрөгийн гаалийн татвар, 356.099.407,10 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 157.701.166 төгрөгийн торгууль, нийт 683.371.719,35 төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ.
Нэхэмжлэгч тал “..гаалийн байцаагч нар манайх гаалийн байгууллагад бараа /сэлбэг, засвар, үйл ажиллагаа/-ны талаар “мэдүүлээгүй” байхад “дутуу мэдүүлсэн” гэж үндэслэл нь тодорхойгүй байхад акт тавьсан, мөн хууль хэрэглээний тухайд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д зааснаар акт тавигдах ёсгүй байхад акт тавьсан, хүнд даацын автомашинуудыг засварласан эд ангиудыг “импортолсон бараа” хэмээн гаалийн татвар ногдуулахаар акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Монгол Улсад бүртгэлтэй “М” нь БНХАУ-ын “Баяннуур Цюлин соал трейд” компанитай 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан нүүрс тээвэрлэх гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах үедээ тус улсад гаалийн хилээр нэвтрэн орсон хүнд даацын автомашинуудад 2011, 2012 оны 3 дугаар улирлын байдлаар тухайн улсаас худалдан авсан дугуй, сэлбэг хэрэгслийн зардал, засвар үйлчилгээ хийлгэсэн зардлыг санхүүгийн данс, бүртгэлдээ тухай бүр баталгаажуулан тусгажээ.
Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс... зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг ойлгохоор, 3.1.2-д зааснаар “монголын бараа” гэж ... Монгол улсын нутаг дэвсгэр дээр чөлөөт эргэлтэд байгаа гадаадын барааг хамруулахаар хуульчилсан байна.
Гэтэл тус компани хилийн чанадад худалдан авсан автомашин дугуй, сэлбэг хэрэгсэл, бусад эд ангиуд, үүнтэй холбогдон гарсан засвар үйлчилгээний зардлыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-д заасны дагуу “..гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэх”, 57 дугаар зүйлийн 57.2.3-д заасан “..гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтыг хуульд заасан хэлбэрээр бүрдүүлж гаалийн байгууллагад хүргүүлэх” үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч манайх гаалийн татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчлийг “болгоомжгүй үйлдээгүй”, барааг худал мэдүүлсэн, гаалийн бичиг баримтыг солих, засварлах зэргээр татвар төлөхөөс зайлсхийгээгүй байхад Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-д заасныг үндэслэн хууль бус акт тавьсан, мөн актдаа гаалийн үнийг “дутуу мэдүүлсэн” гэсэн боловч хариу тайлбартаа барааг “огт мэдүүлээгүй" гэж зөрүүтэй мэдүүлж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
Гаалийн тухай хуулийн “Гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх” гэсэн 293 дугаар зүйлийн 293.1-д Гаалийн үнэ, барааны тоо хэмжээ, гаалийн бүрдүүлэлтийн горим, барааны нэр төрөл, марк, зориулалт, ангилал, гарал үүслийг худал мэдүүлэх ...” гэж заасан бөгөөд энэхүү “худал мэдүүлэх” нь обьектив талын хувьд огт мэдүүлэхгүй байх, эсхүл дутуу мэдүүлэх зэрэг хэлбэрээр илэрч болно. “М” ХХК манайх гаальд “огт мэдүүлээгүй” байхад “дутуу мэдүүлсэн” гэж акт тогтоосон хэмээн маргаж байх боловч дээрх тайлбар нь маргаан бүхий актыг хүчингүй болгох өөрчлөх үр дагаварт хүргэхгүй байна. Түүнчлэн дээрх “худал мэдүүлэх” зөрчил нь субьектив талын хувьд “санаатай” болон “болгоомжгүй” байж болох бөгөөд хүлээлгэх хариуцлагын хувьд харилцан адилгүй байна. Гаалийн улсын байцаагч нар “М” ХХК-ийг дээрх зөрчлийг “болгоомжгүй”-гээр гаргасан гэж дүгнэж, Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэсэн нь хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн гомдол гаргагч тус компани 2011-2012 оны 3 дугаар улирлын байдлаар засвар үйлчилгээний төлбөрт 1.971.691.309 төгрөг, сэлбэг хэрэгслийн үнэнд 1.419.691.309 төгрөг төлсөн, үүнийг улсын байцаагч нар тавьсан актынхаа хавсралтанд баталгаажуулсан байхад шүүх засвар үйлчилгээний төлбөрт 1.419.731.616 төгрөг, сэлбэг хэрэгслийн үнэнд 1.971.691.309 төгрөг төлсөн гэж “сольж” дүгнэж тооцооны алдаа гаргасан гэж маргаж байна. Гэвч нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд тухайн үндэслэлээ /тооцооллоо/ гаргаагүй, бидний зүгээс улсын байцаагч нарын актад тусгагдсан төлбөр тооцооллын талаар маргахгүй гэж тайлбарласан бөгөөд зөвхөн байцаагчийн гаргасан актын хавсралтыг үндэслэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас дүгнэхэд гаалийн улсын байцаагч нарын акт нь хууль зүйн үндэслэлтэй гарсан байх бөгөөд харин тухайн актын хавсралтад дурдагдсан 2 тооны байр солигдож бичигдэж техникийн чанартай алдаа гарсан нь уг актыг хүчингүй болгох, “М” ХХК-ийг татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх зэрэг үр дагаварт хүргэхгүй бөгөөд анхан шатны шүүх дээрх байдалд зөв дүгнэлт хийж, татвар ногдуулах үнийн дүнг зөв тодорхойлж, актын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулж, төлбөрийг багасгаж шийдвэрлэсэн байна.
Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нарын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 24/13 тоот актаар тогтоосон нийт 683.371.719,35 төгрөгийн төлбөрөөс шүүх Монгол Улсын нутаг дэвсгэрт биш хилийн чанадад хийгдсэн засвар үйлчилгээний дүнд ногдуулсан 70.986.580,82 төгрөгийн гаалийн татвар, 149.071.819,71 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 66.017.520,15 төгрөгийн торгуулийг багасгаж шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн заалтад нийцсэн байх тул “66.017.520,15 төгрөгийн торгуулийг ногдуулахдаа ямар үнийн дүнгээс, ямар хуулийн дагуу ногдуулсан талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн гомдол үндэслэлгүй болно. Түүнчлэн энэхүү торгуулийг шүүх ногдуулж байгаа бус харин хасч, төлбөрийн хэмжээг багасгаж байгааг дурьдах нь зүйтэй.
Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, түүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэг, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.