Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 171

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал, нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.З, Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нарыг оролцуулан Г.Э-ийн нэхэмжлэлтэй, ЦЕГт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: Г.Э /РД: ТБ881211../

            Хариуцагч: ЦЕГ 

Нэхэмжлэлийн шаардлага: “2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЦЕГД-ын “Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” Б/910 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, Цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,833,995 нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Г овогтой Э миний бие Цагдаагийн байгууллагад нийт 13 жил өргөсөн тангараг, хариуцсан ажил үүрэгтээ үнэнч шударгаар ажиллаж ирсэн ба 2013 оноос Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан боловч иргэн Ц.П 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, уг хурал дээр “Цагдаагийн албан хаагч бүртгэлгүй хэрэг тулгаж байгаа” гэх бодит бус, гүжирдлэгийн шинжтэй мэдээлэл цацсаны улмаас ЦЕГД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалаар намайг болон хамтран ажилладаг Г.Быг ажлаас халсан.    Уг тушаалд “... цагдаагийн ахмад Г-ын Э нь иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлүүлэх хэрэг маргаанд оролцсон, өөрийн хамаарал бүхий этгээдийн мөнгийг төлүүлэх зорилгоор хамтран ажилладаг алба хаагчийг гуйн, нөлөөлөл үзүүлж Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 37.1.7. 37.1.18 дахь заалт, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.3, 2.3.6 дахь хэсгийг тус тус зөрчсөн тул... гэж үзэж ажлаас халсан.

Миний төрсөн эцэг С-ийн Г-ын төрсөн дүү С-ийн Д нь Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд одоогоос 2 жилийн өмнө Ц.П гэгчид залилуулсан, тухайн залилсан хүн маань олдохгүй өнөөдрийг хүрсэн. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хамт ажилладаг мөрдөн шалгах нууц ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Ст хандан учир байдлаа хэлж, ийм хүн зугтаад олдохгүй байна. “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд бариад өгөөч гэсэн. Гэтэл тухайн өдрийн орой 19 цагийн үед над руу утсаар ярихдаа нөгөө хүнийг чинь хоёр цагдаа бариад ажил руу очиж байна. Би ажил дээр байхгүй байна, хүнээ аваарай гэсэн. Би ч гэсэн тухайн үед ажил дээр байхгүй байсан тул хамт ажилладаг мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Б руу утсаар ярьж “манай авга ахыг нэг хүн залилаад 3, 4 жил зугтаж байна. Шүүхээс эрэн сурвалжилсан. "Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт нэгдсэн арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа цагдаа нарт зарласан байсан, барьчихсан ажил руу авчирч байна гэнэ. Та ажил дээрээ байвал хүлээж аваад уулзаад өгөөч гэсэн. 20-иод минутын дараа хошууч Г.Б над руу яриад “энэ асуудал нь Дархан-Уул аймагт болсон юм байна, харьяаллын бус учир одоо энэ хүнийг явууллаа” гэхэд ахтайгаа нэг уулзуулчихъя гэсэн. Ингээд маргааш өглөө 9 цагт Ц.П ирсэн. Мөн С.Д ахын оронд н.С ах ирж тэр хоёр уулзсан. Би хажууд нь байгаагүй, өрөөнөөс гараад явсан. Тэд нарын хоорондоо юу ярьсныг сайн мэдээгүй, сүүлд сонсоход мөнгө өгч авах бичиг хийж өгсөн гэж байсан.

Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ц.П хэвлэлийн
бага хурал хийж, хошууч Г.Быг 5 настай хүүхэд, 70 настай ээжийг минь барьцаалж мөнгө нэхсэн, дарамталсан, эрүүдэн шүүсэн гэх зэргээр ор үндэсгүй, гүжирдлэгийн шинжтэй мэдээ, мэдээллийг нийтэд цацсан. Энэхүү мэдээллийн дагуу ЦЕГ-ын дотоод хяналт шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулсан. Албаны шалгалтыг 30 хоногийн хугацаанд явуулах байсан боловч 7 хоногт явуулж, дутуу шалгаж бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй хирнээ намайг ажлаас халсанд маш их гомдолтой байна. Миний хувьд Ц.П гэх хүнтэй нэг ч үг яриагүй, уулзаагүй. Мөн хошууч Г.Б-аас ингээд, тэгээд өг гэж тодорхой зүйлийг хүсээгүй, тушаалд дурдагдсанчлан өөрийн хамаарал бүхий этгээдийн мөнгийг төлүүлэх зорилгоор хамтран ажилладаг алба хаагчийг гуйн, нөлөөлөл үзүүлсэн зүйл байхгүй. Тэр хүнтэй уулзаад өгөөч, яах вэ гэж зөвлөгөө авах гэж л асуусан.

Дээрх нөхцөл байдлыг зөвхөн Ц.П-ийн ярианаас үндэслэн дүгнэлт
хийж, хэт нэг талыг барьж, тушаал гаргахдаа хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн учир хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус тушаал гаргасан гэж үзэхээр байна.         Тухайлбал, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно.” гэж заасны дагуу тухайн албаны шалгалт явуулсан материал, албаны шалгалтын дүнг надад танилцуулаагүй миний тайлбар болон саналыг харгалзалгүй албанаас халах тушаалыг гаргасан нь хууль бус байхаас гадна, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан Захиргааны актыг бичгээр гаргах шаардлагыг огт хангаагүй гэж үзэж байгаагаа дурдмаар байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1 дэх
хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд
тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан
төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг
ногдуулна” гэж заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж
байдал, хэр хэмжээ, давтан үйлдсэн зэргийг харгалзан үзэж сахилгын шийтгэлийг хуульд заасны дагуу шат дараалалтайгаар ногдуулахаар заасан байхад намайг албанаас халах тушаал гаргасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэхээр
байна.

Албаны шалгалтын үеэр тухайн үеийн мэдүүлэг, тайлбар өгсөн хүмүүсийн
хэн нь үнэн, хэн нь худал ярьсныг нягтлан шалгаагүйгээр мөн нотлох шалгах ямар
ч ажиллагаа хийгээгүй, албан хаагчдын болон Ц.П-ийн хувийн байдал,
ямар шалтгаанаар хэвлэлийн бага хурал хийсэн эсэх, миний зүгээс үнэхээр албан
тушаал, байгууллагын нэрийг барьж бусдыг эрхшээлдээ оруулсан, дарамталсан
зүйл байгаа эсэхийг сайтар нягтлан шалгаж тогтоогоогүй хирнээ олон нийтийн
мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээ, сенсацийг түргэн шуурхай намжаах
зорилгоор намайг ажлаас халсан гэж үзэж байгаагаа илэрхийлмээр байна.

Иймд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЦЕГ-ын
Б/910 дугаартай “Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” тушаалыг
хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн
томилуулж, Цагдаагийн ахмад цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны
цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн
даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийг минь хүлээн авч хуульд заасан үндэслэл журмын дагуу
шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч Г.Э-ийн ЦЕГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах,
олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба бөгөөд албан хаагчийн эрх зүйн байдлыг
Цагдаагийн албаны тухай хуулиар тогтоосон.

Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүрэг дэх
цагдаагийн газарт мэдээлэл, судалгааны ахлах мэргэжилтнээр томилогдон ажилласан.

Иргэн Ц.П-оос 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Цагдаагийн
ерөнхий газарт хандан “Миний бие Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр Хушаат суманд хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр хотод хүмүүстэй уулзалттай явж байхад энгийн хувцастай 3 цагдаагийн алба хаагч баривчлан машинд суулгаж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт авчирсан.

Эдгээр алба хаагчид нь тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч,
цагдаагийн хошууч Г.Б-т намайг хүлээлгэж өгөөд явсан бөгөөд Г.Б
нь “чи залилангийн гэмт хэрэгтэн, оргодол этгээд, ... С.Д гэдэг хүний машиныг ББСБ-д барьцаанд тавиад мөнгийг нь идээд зугтсан юм байна” гэхээр нь би “энэ асуудал маргаантай байгаа, тайлбар өгье” гэхэд дуугүй бай, гээд тайлбар хэлүүлэлгүй шалан дээр сөхрүүлж суулгаад “С.Д-д 6 сая төгрөгийн хохирол
учруулсан нь үнэн, үүнийг сарын дотор төлөхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээхэд бэлэн” гэсэн утгатай бичиг хийлгүүлж, гарын үсэг зуруулаад явуулсан. Үүнээс хойш иймэрхүү байдлаар намайг өдөр болгон дуудаж, ямар ч өргөдөл гомдол танилцуулахгүй, байцаалт, мэдүүлэг авахгүй хана харуулан зогсоож, өмнөө сөгдүүлж суулган дарамталсан... энэхүү хэргийг шалгаж өгнө үү.” гэх агуулга бүхий өргөдөл гаргасан.

Дээрх гомдлын дагуу холбогдох алба хаагчид албаны шалгалт явуулахад нэхэмжлэгч Г.Э нь иргэд хооронд иргэний шүүхээр хянан шийдвэрлүүлэх харьяалал бүхий иргэний маргаанд албан тушаалын байдлаа ашиглан оролцож, эрүү, цагдаагийн газарт ирүүлэх хууль бус үүрэг чиглэлийг цагдаагийн алба хаагчдад өгч, өөрийн хамаарал бүхий авга ах С.Д-д мөнгө төлүүлэх шаардлага тавиулахаар хамтран ажилладаг алба хаагч, чиглэлийн ахлах мөрдөгч Г.Б-ыг гуйж, нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдсон.

Гомдол гаргагч Ц.П нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт хүргэгдэх үедээ иргэний шүүхээс болон гэмт хэргийн холбогдлоор эрэн сурвалжлагдаагүй байсан бөгөөд Г.Э-ийн авга ах С.Д-гоос “Ц.П-ид залилуулсан” гэх асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаагүй, шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргаагүй байсан нь албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон.

Нэхэмжлэгч Г.Э-ийн дээрх үйлдэл нь Төрийн албаны тухай
хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг
дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7-д “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм
хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахих, төрийн албаны нэр хүндийг
эрхэмлэн дээдлэх”, ЦЕГД-ын 2017 оны А/129 дүгээр
тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.3.3-д “Бусад байгууллага, хамтран ажиллаж байгаа алба хаагчийн албаны ажилд
хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй, бусдад
зуучлахгүй байх, харьяаллын бус хэрэг маргаанд оролцохгүй байх”, 2.3.6-д “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй
байх, албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий
болгох, үгсэн тохирох, далайлган сүрдүүлэх...” гэж заасан хэм хэмжээг тус тус зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн дээрх үйлдэлд ЦЕГД-ын 2019 оны
11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/910 дугаар тушаалаар Цагдаагийн албаны тухай
хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т зааснаар албанаас халж, цагдаагийн цолыг
хураасан.

Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, цагдаагийн
алба хаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллаж, хүний эрх, эрх чөлөөг
хүндэтгэж, байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл
гаргахгүй байх үүрэгтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106
дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэгч Г.Э-ийн нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Э “ЦЕГД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” Б/910 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, Цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,833,995 төгрөгийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 

Нэхэмжлэгчээс “... албаны шалгалтыг дутуу шалгаж бодит байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй,  ... миний хувьд Ц.П гэх хүнтэй нэг ч үг яриагүй, уулзаагүй, мөн хошууч Г.Б-аас ингээд, тэгээд өг гэж тодорхой зүйлийг хүсээгүй, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээ, сенсацийг түргэн шуурхай намжаах зорилгоор намайг ажлаас халсан...” гэх тайлбарыг хийж маргаан бүхий “Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” Б/910 дугаартай тушаалыг гаргахдаа урьдчилан мэдэгдээгүй, тухайн албаны шалгалт явуулсан материал, албаны шалгалтын дүнг надад танилцуулаагүй, сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, хэр хэмжээ, давтан үйлдсэн зэргийг харгалзан үзэж сахилгын шийтгэлийг хуульд зааснаар шат дараалалтайгаар ногдуулаагүй, халах тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар иргэн Ц.Поос 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЦЕГ-т гаргасан гомдлын дагуу ЦЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад Г.Э нь Дархан-Уул аймагт болсон иргэд хоорондын маргаанд албан тушаалын байдлаа ашиглан оролцож, цагдаагийн газарт ирүүлэх үүрэг чиглэлийг цагдаагийн алба хаагчдад өгч, өөрийн хамаарал бүхий авга ах С.Д-д мөнгө төлүүлэх шаардлага тавиулахаар хамтран ажилладаг албан хаагч болох чиглэлийн ахлах мөрдөгч Г.Б-ыг гуйж, нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдсон байна.

Г.Э нэхэмжлэлдээ “...Миний төрсөн эцэг С-ийн Г-ын төрсөн дүү С-ийн Д нь Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд одоогоос 2 жилийн өмнө Ц.П гэгчид залилуулсан. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хамт ажилладаг мөрдөн шалгах нууц ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.С-т хандан учир байдлаа хэлж, ... “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд бариад өгөөч гэсэн, ... хамт ажилладаг мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Б руу утсаар ярьж “... та ажил дээрээ байвал хүлээж аваад уулзаад өгөөч гэсэн. 20-иод минутын дараа хошууч Г.Б над руу яриад “энэ асуудал нь Дархан-Уул аймагт болсон юм байна, харьяаллын бус учир одоо энэ хүнийг явууллаа” гэхэд ахтайгаа нэг уулзуулчихъя гэсэн. Ингээд маргааш өглөө 9 цагт Ц.П ирсэн. Мөн С.Д ахын оронд н.С ах ирж тэр хоёр уулзсан. Би хажууд нь байгаагүй, өрөөнөөс гараад явсан. Тэд нарын хоорондоо юу ярьсныг сайн мэдээгүй, сүүлд сонсоход мөнгө өгч авах бичиг хийж өгсөн гэж байсан...” гэсэн нь нэхэмжлэгч болсон үйл баримттай маргаагүй гэж дүгнэхээр байна.

Харин шүүх хуралдааны мэтгэлцээний явцад нэхэмжлэгчээс “...эрүү, иргэний хэрэгт эрэн сурвалжлагдаагүй иргэнийг саатуулсан гэдэг нь үндэслэлгүй, тухайн үед  АСАП санд нэвтрэхэд П-ийн мэдээлэл бүртгэгдсэн байсан, мөн Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 776 дугаартай захирамжаар Пийг эрэн сурвалжилж байсан, ... “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан хүнийг олж өгсөн...” гэх тайлбарыг хийсэн тухайд.

Нэхэмжлэгчээс тухайн үед  АСАП санд Ц.П-ийн мэдээлэл байсан,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс албаны  шалгалт явуулах үед АСАП санд Ц.П-ийн мэдээлэл байгаагүй гэх зөрүүтэй тайлбарыг хийх боловч тухайн иргэний мэдээлэл АСАП санд хэзээ байсан, хэзээ устсан нь төдийлөн ач холбогдолгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.

Гомдол гаргагч Ц.П нь Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт хүргэгдэх үед Г.Э-ийн авга ах С.Д-гоос Ц.П-ид залилуулсан гэх асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргаагүй, шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргаагүй байсан нь албаны шалгалтын хүрээнд тогтоогдсон бөгөөд Эргүүл хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч О.А,  цагдаагийн дэд ахлагч Х.Э, Ж.М нарын илтгэх хуудаст  “...880303.. утаснаас Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас ахмад Э байна гэж шүүхээс даалгасан нэг хүн байгаа тэрийг бариад аваад ир, мэдээллийг нь фейсбуукруу чинь явуулъя, наад хүн чинь брокли зардаг хүн байгаа чи ногоо авъя гэж хэлээд дуудаад бариад ир гэсэн...” хэмээснийг дурдах нь зүйтэй. Харин  Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 776 дугаартай захирамжаар хүсэлт гаргагч У.О-ийн хүсэлтээр Ц.П-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасан байх боловч энэ нь нэхэмжлэгч Г.Э-ийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.А-ийн баталсан “Илрүүлэлт-Оргодол Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулах ажлын удирдамжид зааснаар тухайн арга хэмжээ нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн эзэнгүй гэмт хэрэг, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй гэмт хэргийг илрүүлэх, гарсан гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлэх, илрүүлэлтийн түвшин, дуудлага мэдээлэл, зөрчлийн шийдвэрлэлтийг ахиулах, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг сайжруулах, хэрэг зөрчлийн гаралтыг багасгах зорилготойгоор 2019 оны 10 дугаар сарын 16-23-ны хооронд зохион байгуулагдсан байна. 

Нэхэмжлэгч мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтний алба хашиж байсны хувьд Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт ирсэн өргөдөл гомдол, мэдээллийг бүртгэх, шийдвэрлэхэд хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлдэг байсан байна. Гэтэл бодит байдалд тухайн газарт ямар нэгэн өргөдөл гомдол албан ёсоор ирээгүй байхад гомдлыг амаар авсан гэж тайлбарлан өөрийн хамаарал бүхий этгээдээс мөнгө зээлсэн хүнийг эргүүлийн цагдаа нарт барьж ирэх чиглэлийг өгч, нэг өрөөнд хамт ажилладаг мөрдөн шалгах ажиллагаа хариуцсан чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Б-ыг уулзуулж, тэрээр харьяаллын бус маргаан байна, Ц.П-ийг явуулъя гэж хэлсээр байхад маргааш ахтайгаа уулзуулъя гэснээр  өөрийн ажил үүрэгт хамаарахгүй асуудалд хөндлөнгөөс оролцож, иргэний маргааны оролцогчоос мөнгө гаргуулахаар нөлөөлжээ гэж үзэхээр байна.

ЦЕГД-ын 2017 оны А/129 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.3.3-д “бусад байгууллага, хамтран ажиллаж байгаа алба хаагчийн албаны ажилд хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй, бусдад зуучлахгүй байх, харьяаллын бус хэрэг маргаанд оролцохгүй байх”, 2.3.6-т “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, далайлган сүрдүүлэх...” хэм хэмжээг тус тус зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн дээрх үйлдэлд хариуцагчаас 2019 оны өдрийн Б/910 дугаар тушаалыг гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “Хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана.”, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.1.1-д “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах”, 21.1.2-т “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах”, 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасныг тус тус үндэслэсэн нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнх нь хүрээнд байх бөгөөд холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.                                                  

Энэхүү тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Г.Э-ийг  Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг заасан 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.8-д “Өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, Цагдаагийн албаны тухай хуулийн Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.3-д “Бусад байгууллага, хамтран ажиллаж байгаа албан хаагчийн албаны ажилд хүндэтгэлтэй хандаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхгүй, бусдад зуучлахгүй байх, харьяаллын бус хэрэг маргаанд оролцохгүй байх”, 2.3.6-д “Албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, далайлган сүрдүүлэх, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална”, 82.1.1-д “Өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас халж, цагдаагийн ахмад цолыг хураасан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Цагдаагийн албаны тухай хуульд ноцтой зөрчилд ямар зөрчлийг хамааруулах талаар тусгагдаагүй, Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд сахилгын шийтгэл хүлээж байсан, 2 ба түүнээс дээш удаа сахилгын шийтгэл хүлээх явцдаа дахин зөрчил гаргасан гэж заасан бөгөөд Г.Э сахилгын зөрчилтэй байсан дахин зөрчил гаргаагүй...” гэх тайлбарын тухайд. Цагдаагийн албаны тухай хуулийн дээр дурдсан холбогдох заалтыг Б/910 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлээ болгосон ба Г.Э цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг зөрчин хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар бүрэн тогтоогдож байх тул нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулж, цагдаагийн ахмад цолыг хураах тухай захиргааны акт гаргасныг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Төрийн албаны тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан нь сахилгын шийтгэлийг заавал шат дараалалтайгаар ногдуулна гэсэн зохицуулалт биш юм. Мөн Г.Э нь Цагдаагийн ахмад цолтой, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан төрийн тусгай албан хаагчийн хувьд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан эрхийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хуулиар тогтоосон.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа явуулаагүй гэх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч сонсох ажиллагааны тэмдэглэлд уншиж танилцсан гэж 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 12:40 цагт гарын үсэг зурсан нь тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаанд тэрээр “...намайг дуудаад цагдаагийн албанаас халах шийдвэр гарч магадгүй гээд сонсох ажиллагааг хийсэн, ... би гарын үсэг зураад, санал хүсэлтээ өгсөн, гэхдээ албан шалгалтаа танилцуулж гарын үсэг зуруулаагүй...” гэх тайлбарыг хийсэн.  Гэвч шүүгчийн “...албаны шалгалт явагдаад тайлбар авч байгааг мэдээгүй юм уу? ” гэх асуултад нэхэмжлэгчээс “...иргэн Ц.П хэвлэл мэдээллийн бага хурал хийсэнтэй холбогдуулж надаас тайлбар, мэдүүлэг авсан..., Г.Быг эрүүдэн шүүсэн үү, намайг энэ хүнд нөлөөлсөн үү гэдэг дээр үгүй гэж мэдүүлэг өгсөн” гэж хариулсан ба хэрэгт авагдсан Г.Э-ээс авсан тайлбар тэмдэглэлд[1] нэхэмжлэгч уншиж танилцан тайлбар өгсөн гэж гарын үсгээ зурсан,  ЦЕГ-ын Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа М.А-ын илтгэх хуудаст[2] “...Г.Э-ийн 880303.. дугаартай утас руу залгахад “... за мэдлээ, өнөөдөр завгүй байна, маргааш очиж танилцана...” гэсэн боловч ирээгүй...” гэснийг дурдах нь зүйтэй байна.    

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн маргаан бүхий 2019 оны өдрийн Б/910 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, холбогдох хууль тогтоомжид нийцэж байх тул уг тушаалын Г.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно” гэж зохицуулсан бөгөөд хариуцагчийн Б/910 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй тул нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, Цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.7, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 зүйлийн 82.1, 82.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Э-ийн “ЦЕГД-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Албанаас халж, цагдаагийн цолыг хураах тухай” Б/910 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, Цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5,833,995 төгрөгийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН

 


[1] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 65 дугаар хуудас